Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1958 онд төрсөн, эрэгтэй, 59 настай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, Аривжихын 9-14 тоотод оршин суух Харчин овогт Балын Гантогтохын нас тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 02 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 13-ны өдөр 139/2017/00082/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1962 оны 02 сарын 22-нд төрсөн, эмэгтэй, 55 настай, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, Аривжихын 9-14 тоотод оршин суух Харчин овогт Цэндийн Тогтохбаяр

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогтохбаяр, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Б.Гантогтох шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1956 оны 07 сарын 27-нд Дундговь аймгийн төвд төрсөн. Одоо 61 нас хүрч байна. Эхээс төрсний дараа Гантогтох нэртэй байсан. Сүүлд бие хүндээр өвдсөн учир аав, ээж маань Ёндон болгосон. Миний иргэний үнэмлэхэн дээр Бал овогтой Гантогтох 1958 оны 07 сарын 27-нд төрсөн гэж бичигдсэн байдаг. Иймд тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байна. 1960 оны хүн амын нэгдсэн тоо бүртгэлд Бал овогтой Ёндон 4 настай эрэгтэй гэж бүртгэгдсэн нь намайг 1956 онд төрсөн гэдгийг нотолж байна. Иймд миний насыг 1956 онд төрсөн, 61 настай болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогтохбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Гантогтох нь 1956 онд Дундговь аймгийн төвд төрсөн юм. Гэтэл иргэний үнэмлэхэн дээр нь 1958 оны 07 сарын 27-нд төрсөн гэж бичигдсэн байдаг. Иймд Б.Гантогтохыг 1956 онд төрсөн, 61 настай болохыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Б.Гантогтох нь нас тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Б.Гантогтох нь 1956 онд төрсөн, 61 настай болох нь:  

           Дундговь аймгийн архивын тасгийн 2017 оны 01 сарын 13-ны өдрийн 18 тоот тодорхойлолтод “Тус архивын сан хөмрөгт байгаа аймгийн 1960 оны хүн амын нэгдсэн тоо бүртгэлд Сайнцагаан сумын 2-р багийн хүн амын бүртгэлийн 227-ийн 728-рт Балын Ёндон 04 настай эрэгтэй, 6 ам бүлээр бүртгэгдсэнийг тодорхойлов /ХН№1364, хуудас 400-рт/ гэжээ,

           Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандах” нэгдлийн 2-р бригадын 1960 оны 09 сарын 01-ний хүн амын данс, уг дансны 400-р хуудасны хуулбар,

           Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 сарын 18-ны өдрийн 3/52 дугаартай тодорхойлолт,

           Б.Гантогтохын Дундговь аймгийн материал техник хангамжийн удирдах газраас 1975 оны 07 сарын 25-ны өдөр олгосон Ёндон, Гантогтох гэсэн нэртэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,  

           Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 2/102 дугаартай тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, 

           Гэрч Г.Оюуны “...Б.Гантогтох бид хүүхэд байхаасаа тоглож өссөн юм. Би 1956 онд төрсөн юм. Б.Гантогтох надаас 6, 7 сараар дүү байгаа юм. 1956 оны 07, 08 сард гарсан байх. 1956 оны яг хэдэн сарын хэдэнд төрсөн талаар мэдэхгүй байна. Ер нь надаас сайн л бол 1 жилийн зөрүүтэй гэж бодож байна. Намайг 4 настай байхад Б.Гантогтох 3 настай байсан шиг санагдаж байна. Нэрний хувьд ер нь бол Б.Гантогтох гэдэг нэртэй байгаа юм. Багадаа өвдөөд Ёндон гэж нэрээр сольсон юм байна лээ. Их эрх хүүхэд байсан. Одоо хүмүүс Ёндон гэж дууддаг” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Дуламсүрэнгийн “...Б.Гантогтох 1956 онд төрсөн. 1956 оны 07 сард Дундговь аймгийн Луус сумын хуруувч гэдэг газар Б.Гантогтохыг аав, ээж нь авч ирж байсан юм. 1956 оны 07 сард төрсөн гэдгийг сайн мэдэж байна. Харин яг хэдний өдөр төрсөн гэдгийг мэдэхгүй байна. Б.Гантогтохын эцгийг Цэвэгийн Бал гэдэг юм. Б.Гантогтох багадаа Улаанбурхан өвчин тусч байсан юм. Эцэг Бал нь лам хүн байсан болохоор Гантогтохын нэрийг Ёндон гэж өөрчилж байсан. Манайхан маш олон жил айл саахалт явж байсан. Ээж, аавтай нь найзууд байсан учраас төрсөн он, сар, нэрийг нь сайн мэднэ” гэх мэдүүлэг, 

Гэрч Н.Цэндийн “...Б.Гантогтох 1956 оны 07 сард төрсөн. Б.Гантогтох манай хүүхэдтэй их ойрхон төрсөн юм. Бид нэг нутаг усанд амьдардаг байсан учраас төрсөн он, сарыг нь мэдэж байна. Харин хэдний өдөр төрсөн талаар мэдэхгүй байна. Б.Гантогтохын аавыг Бал гэдэг юм. Бал гуай лам хүн байсан юм. Б.Гантогтох багадаа өвдөөд аав нь нэрийг нь Ёндон гэж өөрчилж байсан юм. Б.Гантогтох нь эхээс 4-үүлээ. Ёндон гэсэн нэртэй хүүхэд байхгүй. Б.Гантогтохыг л Ёндон гэж дууддаг байсан юм. Би Б.Гантогтохыг Ёндон гэж дууддаг байсан. Хүмүүс аль аль нэрээр нь л дууддаг байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг баримтлан Харчин овогт Балын Гантогтох /РД: ЗЮ58072714/-ыг 1956 онд төрсөн, 61 настай болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Гантогтохын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ