Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Баянжаргалан суманд 1957 онд төрсөн, эрэгтэй, 59 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1-р багт оршин суух Их догшин овогт Рэнцэндагвын Жаргалын нас тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 02 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 13-ны өдөр 139/2017/00083/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Р.Жаргал, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Р.Жаргал шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Баянжаргалан суманд 1957 оны 01 сарын 09-нд төрсөн, энэ жил 60 нас хүрч байна. Гэтэл миний иргэний үнэмлэхэн дээр төрсөн он, сар, өдрийг 1958 оны 07 сарын 11-нд төрсөн гэж бичигдсэний улмаас өндөр насны тэтгэвэрт гарах боломжгүй болоод байна. Иргэний бүртгэлийн байгууллагад хандахад Р.Жаргалын төрөлтийн мэдээлэл агуулсан нотлох баримтгүй түүнийг нөхөн бүрдүүлэх боломжгүй, тухайн үед буруу бүртгэгдсэн алдааг одоо засах боломжгүй гэсэн хариуг өгсөн тул надад шүүхэд хандахаас өөр боломж үлдсэнгүй. Иймд миний нэхэмжлэлийг түргэн шуурхай шийдвэрлэж өндөр насны тэтгэвэртээ гарах, эрүүл мэндийн хувьд гэрт өвчтэй байдаг зэрэг шалтгааныг харгалзан түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Миний дүү Рэнцэндагвын Пүрэвсан нь /РД:ЗВ59060311/ 1959 оны 06 сарын 03-нд мөн Баянжаргалан суманд төрсөн байдаг. Иймээс миний насыг зөвөөр буюу 1957 оны 01 сарын 09-нд төрсөн, 60 настай болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Р.Жаргал нь нас тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

           Р.Жаргал нь 1957 онд төрсөн, 60 настай болох нь:  

           Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн төв архивын 00/000153 дугаартай “Төрөлт бүртгэлгүй тухай лавлагаа”,

           Дундговь аймгийн архивын тасгийн 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 16 тоот тодорхойлолтод “Тус архивын сан хөмрөгт байгаа аймгийн 1960 оны хүн амын нэгдсэн тоо бүртгэлд Баянжаргалан сумын 1-р багийн хүн амын бүртгэлийн 9-ийн 27-рт Ренчиндагвын Жаргал 03 настай эрэгтэй гэж 4 ам бүлээр бүртгэгдсэнийг тодорхойлов /ХН№1365, хуудас 02-рт/ гэжээ,

           Гэрч Б.Цэрэндуламын “...Р.Жаргал 1957 оны 01 сарын эхээр төрсөн. Яг хэдний өдөр төрсөн талаар сайн мэдэхгүй. Р.Жаргалын аавыг Рэнцэндагва, ээжийг нь Дамбын Төмөртогтох, эмээг нь Долоо, өвөөг нь Дамба гэдэг байсан юм. 1957 онд би 2-р ангийн сурагч байсан. Р.Жаргал 1956 оны шинэ жилээс өмнө ямар ч байсан төрөөгүй байсан юм. Тухайн үед сургуулийн амралт 01 сард болдог байсан юм. Амралтаар хүүхдүүдийг хөдөө явуулдаггүй байсан. Тэгээд 01 сард Рэнцэндагва гуайнд хүүхэд юм болохоор боов, чихэр горьдоод очиж байхад Р.Жаргал гарсан байсан юм. Манайхан олон жил айл саахалт явсан учраас төрсөн, он, сарыг нь мэдэж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Р.Бордоржийн “...Р.Жаргал 1957 оны 01 сард төрсөн. Яг хэдний өдөр төрсөн талаар сайн мэдэхгүй. 1957 оны цагаан сараар буюу 1957 оны 03 сард би аавыгаа дагаад Рэнцэндагва гуайнд ирэхэд Р.Жаргал өлгийтэй хүүхэд байсан. 01 сард төрсөн гэж ярьцгааж байсан. Тухайн үед би 5-р ангийн сурагч байсан. Р.Жаргалын ээжийг Төмөртогтох гэдэг байсан юм. Манай сум жижиг учраас сумынхаа хүмүүсийг сайн мэднэ. Тийм учраас Р.Жаргалын төрсөн, он, сарыг мэднэ” гэх мэдүүлэг, 

Гэрч Ж.Равжаагийн “...Р.Жаргал 1957 оны 01 сарын 10-ны дотор төрсөн. Яг хэдний өдөр төрсөн талаар сайн мэдэхгүй байна. Р.Жаргалын аавыг Рэнцэндагва, ээжийг нь Төмөртогтох гэдэг байсан юм. Би 1957 онд 3-р ангид сурч байсан. 1957 оны 01 сарын эхээр сургуулийн амралтаар Рэнцэндагва гуайнх шинэ хүүхэд төрсөн гээд хүүхдээ угаахад сумын хүүхдүүд очиж будаа идэж байсан юм. Ер нь манайхан айл аймаг байсан учраас Р.Жаргалын төрсөн он, сарыг мэднэ. Нэг нутаг, нэг хонхорын хүмүүс учраас бие биеээ сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 2/103 дугаартай “Тус байгууллагын архивт Рэнцэндагва овогтой Жаргалын төрөлтийн мэдээлэл агуулсан нотлох баримтгүй, түүнийг нөхөн бүрдүүлэх боломжгүй бөгөөд залруулах хууль журмын заалт байхгүй байна. Тухайн үед энэ хүний бүртгэлийн мэдээллийг тус сумын АДХГЗ-ны албан хаагч бүртгэл хийхдээ аман мэдээлэлд тулгуурлан багцаалдаж бүртгэснээс энэхүү алдаа үүсчээ” гэсэн албан бичиг тус шүүхэд ирүүлсэн ба Р.Жаргалын 1 сарын 09-нд төрсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, энэ талаар хэрэгт гэрчийн мэдүүлгээс өөр нотлох баримт авагдаагүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Иймд шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг баримтлан Их догшин овогт Рэнцэндагвын Жаргал /РД: ЗВ58071115/-ыг 1957 онд төрсөн, 60 настай болохыг тогтоож, нэхэмжлэлээс Р.Жаргалын 01 сарын 09-нд төрсөн болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Р.Жаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ