Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1964 оны 03 сарын 08-нд төрсөн, 52 настай, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 12 хороо, Жанжин 24-р гудамжны 530 тоотод оршин суух, Боржигон овогт Жагдалын Отгонцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 27-ны өдөр 139/2017/00058/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Отгонцэцэг, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ж.Отгонцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1980 оны 03 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Сангийн далай бригадад малчин саальчинаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримтуудыг үрсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг, цалингийн тооцооны баримт зэргийг үндэслэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Сангийн далай бригадад 1980 оны 03 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Ж.Отгонцэцэг нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

            Ж.Отгонцэцэг нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 01-нээс 1981 оны 10 сарын 31-н хүртэл, 1984 оны 01 сарын 01-нээс 1985 оны 04 сарын 31-н хүртэл, 1986 оны 01 сарын 01-нээс 1986 оны 12 сарын 31-н хүртэл, 1988 оны 01 сарын 01-нээс 1988 оны 12 сарын 31-н хүртэл, 1991 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-н хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь:  

           Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 08/44 тоот албан бичиг,

           Дундговь аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 14 дугаартай архивын лавлагаа,

           Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 30, 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 31 дугаартай албан бичиг,

           Ж.Отгонцэцэгийн 1981 оны 01-10 сар, 1984 оны 01-12 сар, 1985 оны 01-04 сар, 1986 оны 01-12 сар, 1988 оны 01-12 сар, 1991 онд авч байсан цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,

           Гэрч  С.Нэргүйгийн “...Ж.Отгонцэцэг нь 1980 оноос 1992 оныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Сангийн далай бригадад малчин байсан. Би тухайн үед нэгдэлд үйлчлэгч, цэвэрлэгчээр ажиллаж байсан учраас сайн мэднэ. Бид нэг нэгдэлд, нэг бригадад хамт ажиллаж байсан учраас энэ хүний хаана, ямар ажил хийж байсныг мэднэ. 1992 онд нэгдэл тарж хоршоо болж байсан юм” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Пүрэвдоржийн “...Би 1980 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Сангийн далай бригадад жолоочоор очиж ажиллахад Ж.Отгонцэцэг нь тус нэгдэлд малчинаар ажиллаж байсан. Би 1980 оны 10 сарын 13-нд нэгдэлд орж байсан ба намайг ороход Ж.Отгонцэцэг нь ажиллаж байсан. 1980 оноос хойш 1992 оныг дуустал тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Би жолоочоор нэгдэлд ажиллаж байсан тул Ж.Отгонцэцэгийнхийг нүүлгэж, хадлан хүргэн зэрэг ажлуудыг хийдэг байсан учраас сайн мэднэ” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Пүрэвсүрэнгийн “...Би 1980 онд аймгийн Дундговь аймгийн  Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн хэсгийн ахлагчаар ажиллаж байхад 1980 оны 06 сард Ж.Отгонцэцэг нь тус нэгдэлд малчнаар орж байсан. 1980 оны 06 сараас эхлэн нэгдэл тарах хүртэл тасралтгүй малчнаар ажилласан хүн байгаа юм. Ж.Отгонцэцэг нь ээж Жагдалын хамтаар мал дээр байсан юм. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Харин Ж.Отгонцэцэгийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1980 оны 03 сарын 01-нээс 1980 оны 12 сарын 31-н хүртэл, 1982 оны 01 сарын 01-нээс 1983 оны 12 сарын 31-н хүртэл, 1985 оны 05 сарын 01-нээс 1985 оны 12 сарын 31-н хүртэл, 1987 оны 01 сарын 01-нээс 1987 оны 12 сарын 31-н хүртэл, 1989 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-н хүртэл, 1992 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээс өөр давхар нотлох баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд хүсэлт гаргагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлээс уг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Жагдалын Отгонцэцэг /ЗП64030809/-ийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 01-нээс 1981 оны 10 сарын 31-н хүртэл, 1984 оны 01 сарын 01-нээс 1985 оны 04 сарын 31-н хүртэл, 1986 оны 01 сарын 01-нээс 1986 оны 12 сарын 31-н хүртэл, 1988 оны 01 сарын 01-нээс 1988 оны 12 сарын 31-н хүртэл, 1991 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-н хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс Ж.Отгонцэцэгийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1980 оны 03 сарын 01-нээс 1980 оны 12 сарын 31-н хүртэл, 1982 оны 01 сарын 01-нээс 1983 оны 12 сарын 31-н хүртэл, 1985 оны 05 сарын 01-нээс 1985 оны 12 сарын 31-н хүртэл, 1987 оны 01 сарын 01-нээс 1987 оны 12 сарын 31-н хүртэл, 1989 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-н хүртэл, 1992 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Отгонцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ