Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/95

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х

Улсын яллагч Б.О-Э

Шүүгдэгч Т.П нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.П-д холбогдох эрүүгийн 2025001210109 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Т.П нь 2020 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт байрлах Богд гол баарны гадаа иргэн Б.Б-тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.П мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, бүх зүйл үнэн зөв байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Б  “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Бын ...“Би 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Г гэх найзтайгаа 19 цагийн үед уулзаад Чандмань төвийн Намуун караоке орж 1 шил архи хүний 2 шил пиво уусан. Ингээд 22 цагийн үед тэндээсээ гарч Богд гол нэртэй бааранд орсон ба тухайн үед суух ширээ олдохгүй манай ажлын 3 залуу байхаар нь ширээнд нь шахаад суусан. Гэтэл бас 2 эмэгтэй ширээ олдохгүй байна гээд бид нартай нэг ширээнд суусан ба Г бид 2 нэг шил архи авч цуг суусан. 2 эмэгтэйд ганц нэг хундага хийж өгсөн. Тэгээд бүжиглэж байтал үл таних залуу манай ширээн дээр ирээд хамт уусан. 2 эмэгтэйтэй юм ярих гээд байхаар нь би тэр залууг чи ямар ядаргаатай юм бэ яваач гэсэн. Гэтэл тэр залуу надтай маргалдах гээд байсан чинь хамт сууж байсан дүү нар боль гээд тэр залууг явуулсан. Удалгүй манай 3 дүү гараад явсан ба баар хаах болоод Г бид 2 гарсан чинь нөгөө манай ширээн дээр ирж суух гээд байсан залуу үүдэнд зогсож байгаад чи юу гээд байсан бэ гэж хэлээд намайг шууд цохисон. Тухайн үед би нүүрээрээ газар унасан ба босоод ирсэн чинь нөгөө залууг 2-3 найз нь салгаад цагаан өнгийн машинд суулгасан. Гэтэл миний хөмсөг сэтэрч нүүр халцарсан байсан. Би цохиулаад унахдаа цементэн дээр унаад нүүрээ халцалж хөмсөг сэтэрсэн байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8-р хуудас/,

 

2. Гэрч Н.А-гийн ...“Би 2020 оны 02 дугаар сарын 07-ны орой найз Т.Пгийн найзынд очиж 4-үүлээ 3 шил архи уучихаад Т.П бид 2 Богд гол нэртэй бааранд орсон. Бааранд бид 2 гурван шил пиво авч уугаад бүжиглэж байтал Т.П баарны гол хэсэгт бүжиглэж байсан эмэгтэйтэй хамт бүжиглэсэн чинь цуг явж байсан залуу нь Т.Птай маргалдаад байхаар нь би дундуур нь орж салгаад Т.Пг аваад гарсан. Би эргэж 00 орж бие засчихаад гараад ирсэн чинь бааран дотор Т.Птай маргалдаад байсан залуу найзтайгаа Т.Пг боочихсон зогсож байсан. Тэгэхээр нь би Т.Пгийн хоолойг боочихсон байсан залууг салгаад маргалдаад байж байтал машин барьж байсан манай дүү Баасандорж намайг салгаад бид нар явцгаасан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/,

 

3. Гэрч Г.Б-жийн ...“Би Т.П, Арслай ах нарын хамт Орхон аймагт барилгын хаалга хийхээр 10-аад хоногийн өмнө ирсэн. 2020 оны 02 дугаар сарын 07-ны орой Т.П ахын найзынд 4-үүлээ архи ууж байгаад надаар машин бариулаад Богд гол нэртэй баар луу орсон. Би тухайн үед эргээд байрлаж байсан газар луугаа явсан. 23 цаг өнгөрөөгөөд ирээд аваарай гээд тэр 2 намайг явуулсан. Ингээд би баар хаах үеэр ирээд баарны гадаа машинтай зогсож байтал баарнаас бөөн хүмүүс маргалдаад гараад ирсэн. Гэтэл дунд нь Арслай Т.П ах 2 байхаар нь би эхлээд Т.П ахыг авч машиндаа суулгачихаад эргээд Арслай ахыг авчихаад хөдлөх гэсэн чинь хүмүүс машины урдуур орчихоод явуулахгүй байхаар нь би ухраад Маргадын заалны хажууд байж байгаад эргээд Богд гол баарны хажуугаар зөөлөн гараад явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/,

 

4. Гэрч У.Г-рын ...“Би 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр найз Б.Бтай 19 цагийн үед уулзаад Чандмань төвийн караокед 2-уулаа 1 шил архи, хүний 2-3 пиво уучихаад 21 цаг өнгөрөөгөөд караокенаас гарч Богд гол нэртэй бааранд орж нэг шил архи аваад Б.Бын таньдаг 3 дүүтэй нь хамт нэг ширээнд суусан. Ингээд архи уугаад бүжиглэж байгаад 23 цаг өнгөрөөд баар хаах үеэр Б.Б бид 2 баарнаас гараад ирсэн. Б.Быг өндөр залуу гарч ирээд шууд цохисон. Гэтэл Б.Б шат руу уначих шиг болсон. Би Б.Быг цохисон залууг салгаад бариад авсан чинь тэр залуутай хамт явсан залуу бид 2-ийг салгаад аваад явсан. Ингээд Б.Быг харсан чинь нүүрнээс нь цус гарчихсан байсан ба Б.Б цагаан өнгийн приус машинд намайг цохисон залуу суучихсан гэхээр нь би уг машиныг урдуур нь ороод зогссон чинь миний хажуугаар гараад явчихсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/,

 

5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дүгээр сарын 12-ны өдрийн 192 дугаартай ...“Б.Бын биед духанд зүүн хөмсөгний дээр шарх, зүүн нүдний зовхи, зүүн гарын сарвуунд цус хуралт, дух зүүн хацарт зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Духанд зүүн хөмсөгний дээр шарх, зүүн нүдний зовхи, зүүн гарын сарвуунд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 16-р хуудас/,

 

6. Яллагдагч Т.П-гийн ...“2 сарын 07-ны өдөр А, А нартай 17 цагийн үед уулзаад А-гийнд 4-үүлээ 3 шил архи уусан. Ингээд А-тай хамт Баасандорж гэх дүүгээ дуудаад Богд гол баарны гадаа хүрүүлсэн. Бид 2 бааранд орж хүний 2 пиво уусан. Бааран дотор бүжиглэж байтал намайг 2 эмэгтэй ширээндээ урьсан ба тухайн ширээн дээр нь сууж байсан залуу намайг хөөгөөд байсан. Би тэгэхээр нь уг залуутай маргалдсан чинь баарны хамгаалагч нар бид 2-ийг салгасан. Ингээд баар хаах үеэр гарч ирээд бие засах гэж байтал нөгөө надтай маргалдсан залуу үүдэнд зогсож байсан ба надтай хэрүүл хийгээд улмаар Б.Б гэх залуутай маргалдаад барьцалдаад би Б.Быг цохисон. Гэтэл Б.Б гэх залуу цаашаа унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.О-Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.П нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн “Богд гол” баарны гадаа иргэн Б.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд зэргээр тогтоогдож, шүүгдэгч Т.П гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, яллагдагч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Т.Пд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх саналтай, гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч Б.Б нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Бын “Манай 3 дүү баарнаас гараад явсан. Г бид 2 гарсан чинь нөгөө манай ширээн дээр ирж суух гээд байсан залуу үүдэнд зогсож байгаад чи юу гээд байсан бэ гэж хэлээд намайг шууд цохисон” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Б-жийн “би баар хаах үеэр ирээд баарны гадаа машинтай зогсож байтал баарнаас бөөн хүмүүс маргалдаад гараад ирсэн. Гэтэл дунд нь А Т.П ах 2 байхаар нь би эхлээд Т.П ахыг авч машиндаа суулгачихаад эргээд А ахыг авчихаад хөдлөх гэсэн чинь хүмүүс машины урдуур орчихоод явуулахгүй байхаар нь би ухраад Маргадын заалны хажууд байж байгаад эргээд Богд гол баарны хажуугаар зөөлөн гараад явсан” гэсэн мэдүүлэг, гэрч У.Г-ын “Би Б.Быг цохисон залууг салгаад бариад авсан чинь тэр залуутай хамт явсан залуу бид 2-ийг салгаад аваад явсан. Ингээд Б.Быг харсан чинь нүүрнээс нь цус гарчихсан байсан Б.Б цагаан өнгийн приусэнд намайг цохисон залуу суучихсан гэхээр нь би уг машиныг урдуур нь ороод зогссон чинь миний хажуугаар гараад явчихсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дүгээр сарын 12-ны өдрийн 192 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.П нь 2020 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт байрлах Богд гол баарны гадаа иргэн Б.Быг зодож, духанд зүүн хөмсөгний дээр шарх, зүүн нүдний зовхи, зүүн гарын сарвуунд цус хуралт, дух зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Т.Пгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Пг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС