| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0102/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/104 |
| Огноо | 2020-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л_О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн 2025000000106 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багийн 32-08 тоотод дагавар хүү болох Ч.Мтай маргалдан хутга шидэж зүүн гарыг нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ч.М “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 3-6-р хуудас/
2. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 9-10-р хуудас/,
3. Хохирогч Ч.М-ын “Би 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр айлд байж байгаад гэртээ орж ирээд хэвтэж байтал манай хойд эцэг Б.Э согтуу орж ирчихээд чи надад цагаан сараар архи өг гээд байсан. Энэ үед ээж ажлаасаа орж ирсэн ба Б.Э ах над руу тавагтай боорцог шидчихээр нь би босч ирээд Б.Э ахын зүүн талын шанаа руу нь өшиглөчихсөн. Улмаар би Б.Э ахыг битгий гэрт хэрүүл хийгээд бай гараад ир гэж хэлчихээд гадаа гараад зогсож байтал Б.Э ах араас байшингийн хаалга онгойлгож байгаад над руу хутга шидсэн. Тэгэхээр нь би нүүрээ зүүн гараараа хаасан чинь уг хутга нь миний нүүрээ хаасан гарыг оносон. Тэгэхээр нь хутгыг нь сугалж аваад хажуу талынхаа байшингийн үүд рүү шидсэн. Тухайн үед Б.Э ах байшин луу орохоор нь араас нь орсон чинь өмнөөс хадаасны лоом бариад гараад ирэхээр нь үүдний амбаараа хаачихсан чинь дотроос нь лоомоор цохиод хаалга эвдсэн. Би хаалга дарж зогсож байгаад цагдаад дуудлага өгсөн ба ээж ч гэсэн мөн дуудлага өгсөн байсан. Цагдаагаас над руу залгаад танайхыг олохгүй байна гэхээр нь би гудамжны үзүүрт зогсож байгаад цагдаа дагуулж ирсэн. Цагдаа нар ирээд манайд үзлэг хийж байхдаа миний хаясан хутгыг нь олоогүй юм. Харин би маргааш өдөр гэртээ очиж үзээд Б.Э ахын над руу шидсэн хутгыг олж мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Б.Э гэрийн хаалга янзалсан, надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13-р хуудас/,
4. Гэрч Г.Үгийн “Би Цагаанчулуут багийн ? тоот айлын байшинг нөхөр хүүхдийн хамт түрээсэлж амьдардаг. 2020 оны 03 сарын 01-ний өдөр ажлаа тараад 18 цаг өнгөрөөгөөд гэртээ орж иртэл манай нөхөр Б.Э согтуу ширээн дээр нэг шил архи тавьчихсан сууж байсан. Харин манай хүү Ч.М унтаж байсан. Гэтэл Б.Э Ч.Маа чи надад цагаан сараар архи авч өгсөнгүй гээд байсан чинь Ч.М та юу гээд байгаа юм гээд босоод ирсэн. Тэгээд Ч.Б.Э чи аавдаа ганц шил архи авч өгч чадахгүй гээд Ч.М луу тавагтай боорцог аваад шидсэн. Ч.М босч ирээд Б.Эын зүүн талын шанаа руу нь өшиглөсөн. Тэгээд тэр 2 хоорондоо гэрт ноцолдоод зодолдоод байсан. Би дундуур нь ороод салгах гэтэл надад хүчрэгдэхгүй байхаар нь цагдаад дуудлага өгөх гээд утсаар залгаад зогсож байтал Ч.М гараад гүйхээр нь Б.Э гал тогооны шүүгээнээс хутга аваад араас гарсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/,
5. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 247 дугаартай “Ч.Мын биед зүүн сарвуунд шарх үүсчээ. Уг гэмтэл нь үзүүр иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь 2020.03.01-ны өдөр үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/ болон яллагдагчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут ? тоотод Ч.М-тай маргалдаж хутга шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрч Үнэнцэцэгийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол устгах, дүрс бичлэгийн сидий нэг ширхэгийг хэрэгт хавсаргах саналтай байна. Шүүгдэгч авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг гаргаж байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ч.Мын “би Б.Э ахыг битгий гэрт хэрүүл хийгээд бай гараад ир гэж хэлчихээд гадаа гараад зогсож байтал Б.Э ах араас байшингийн хаалга онгойлгож байгаад над руу хутга шидсэн. Тэгэхээр нь би нүүрээ зүүн гараараа хаасан чинь уг хутга нь миний нүүрээ хаасан гарыг оносон. Тэгэхээр нь хутгыг нь сугалж аваад хажуу талынхаа байшингийн үүд рүү шидсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Ү-гийн “Ч.Б.Э чи аавдаа ганц шил архи авч өгч чадахгүй гээд Ч.М луу тавагтай боорцог аваад шидсэн. Ч.М босч ирээд Б.Эын зүүн талын шанаа руу нь өшиглөсөн. Тэгээд тэр 2 хоорондоо гэрт ноцолдоод зодолдоод байсан. Би дундуур нь ороод салгах гэтэл надад хүчрэгдэхгүй байхаар нь цагдаад дуудлага өгөх гээд утсаар залгаад зогсож байтал Ч.М гараад гүйхээр нь Б.Э гал тогооны шүүгээнээс хутга аваад араас гарсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 247 дугаартай дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багийн ? тоотод дагавар хүү болох Ч.Мтай маргалдан хутга шидэж зүүн гарыг нь онож шарх үүсгэн хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас Ч.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС