Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Мандалговь хотод 1957 оны 01 сарын 27-нд төрсөн, 60 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, мужаан мэргэжилтэй, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт мужаан ажилтай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, Найрамдлын өндөрлөг 16 тоотод оршин суух, Гэнэн овогт Цэгмидийн Чулуунбаатарын хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 01-ны өдөр 139/2017/00071/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Чулуунбаатар, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ц.Чулуунбаатар шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1988 оны 09 сарын 16-наас 1994 оны 02 сарын 20-ныг хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын 2-р цэцэрлэгт манаачаар орж ажилласан. Тухайн үеийн ажлаас гарсан тушаал байхгүй учир 1988 оноос 1994 он хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын 2-р цэцэрлэгт манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн миний 1979 онд олгосон хөдөлмөрийн дэвтэрт овог Будын Чулуунбаатар гэж ташаа бичигдсэн болно. Намайг сайн таних хүмүүсийн мэдүүлэг болон бусад баримтыг үндэслэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Цэгмидийн Чулуунбаатар мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Ц.Чулуунбаатар нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

 

            Ц.Чулуунбаатар нь Дундговь аймгийн Усны аж ахуйн удирдах газраас 1979 оны 01 сарын 01-нд Будын Чулуунбаатарт олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь:

            Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн №00/000037 дугаартай 1 дүгээр маягтийн лавлагаа-А,

            Дундговь аймгийн Усны аж ахуйн удирдах газраас 1979 оны 01 сарын 01-ний олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Ц.Чулуунбаатарын №182856 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Ц.Чулуунбаатарын №097112 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 02/23 дугаартай архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 02/60 дугаартай архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Ц.Чулуунбаатарын 1989 онд авч байсан цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,

           Гэрч М.Цэцэгээгийн “...Чулуунбаатарын аавыг Буд гэдэг, ээжийг нь Цэгмид гэдэг юм. Тухайн үед манай цэцэрлэгт ажиллаж байхад Будын Чулуунбаатар гэдэг байсан. Хүмүүс Будын Чулуунбаатар гэдэг овог нэрээр нь илүү мэднэ. Ямар учраас иргэний үнэмлэхэн дээрээ ээжээрээ овоглосныг бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Бадамцэцэгийн “...Чулуунбаатарын аавыг Буд гэдэг, ээжийг нь Цэгмид гэдэг юм. Тухайн үед манай цэцэрлэгт ажиллаж байхдаа Б.Чулуунбаатар гэдэг байсан. Ямар учраас иргэний үнэмлэхэн дээрээ ээжээрээ овоглосныг бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг, 

Гэрч Д.Алтан-Алимын “...Чулуунбаатарын аавыг Буд гэдэг, ээжийг нь Цэгмид гэдэг юм. Буд гэж овоглодог байх. Сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

            Ц.Чулуунбаатар нь Дундговь аймгийн Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт 1988 оны 09 сарын 16-наас 1988 оны 09 сарын 30-н хүртэл аж ахуйн ажилтнаар, 1988 оны 10 сарын 01-нээс 1994 оны 02 сарын 20-ныг хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан болох нь:

            Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 08/57 тоот албан бичиг,   

           Дундговь аймгийн Усны аж ахуйн удирдах газраас 1979 оны 01 сарын 01-ний олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Ц.Чулуунбаатарын 1988 оны 01 сар, 1989 оны 01 сар, 1990 оны 01 сар, 1991 оны 1-12 сар, 1992 оны 01, 02, 04 саруудад авч байсан цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,  

           Гэрч М.Цэцэгээгийн “...Би 1981 онд анх ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Ц.Чулуунбаатар 1988 оны намар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р цэцэрлэгт манаачаар орж ирж ажиллаж байсан. 1994 оны 2 сар хүртэл тасралтгүй ажиллаж байгаад ажлаас гарсан. Хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Бадамцэцэгийн “...Би 1984 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р цэцэрлэгт асрагчаар орж ажилласан. Ц.Чулуунбаатар 1988 оны намар манай цэцэрлэгт манаачаар орж ажиллаж байсан. 1994 он хүртэл ажилласан. 1994 оны яг хэдэн сард ажлаас гарсныг нь санахгүй байна. Ажилдаа сайн, гарын дүйтэй хүн байсан. Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р цэцэрлэгт 1984-2004 он хүртэл  асрагч, багш, хөгжмийн багш зэрэг ажлуудыг хийж байсан. Хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ...” гэх мэдүүлэг, 

Гэрч Д.Алтан-Алимын “...Ц.Чулуунбаатар 1988 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р цэцэрлэгт манаачаар орж ажилласан. Би 1991 онд цэцэрлэгээс гарсан юм. Намайг гарахад ажиллаад үлдсэн. Ц.Чулуунбаатар 1994 он хүртэл 2-р цэцэрлэгт ажилласан. Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р цэцэрлэгт 1987-1991 он хүртэл асрагч багшаар ажилласан. Хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Дундговь аймгийн Усны аж ахуйн удирдах газраас 1979 оны 01 сарын 01-нд Будын Чулуунбаатарт олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Гэнэн овогт Цэгмидийн Чулуунбаатар /РД:ЗЮ57012773/ мөн болохыг тогтоосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гэнэн овогт Цэгмидийн Чулуунбаатарын Дундговь аймгийн Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт 1988 оны 09 сарын 16-наас 1988 оны 09 сарын 30-н хүртэл аж ахуйн ажилтнаар, 1988 оны 10 сарын 01-нээс 1994 оны 02 сарын 20-ныг хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Чулуунбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ