Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 07

 

 

 

 

Х.Гэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2017/00094 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 07-02 тоотод оршин суух Тарвагатай овогт Хандын Гэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 05-25 тоотод оршин суух Хантайшир овогт Батмөнхийн Амгаланбаярт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Гэрэл түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч

Б.Амгаланбаяр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: 565000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Б.Амгаланбаяр 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр миний машиныг зогсож байхад нь мөргөж олон гэмтэл учруулаад 9,000,000 төгрөг төлөөд миний машиныг авахаар тохиролцсон боловч 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ирж машинд засвар хийх зардал 1,565,000 төгрөгийг төлөхөөр гэрээ хийсэн. Тэгээд 1,565,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг өгсөн үлдэгдэл 565,000 төгрөгийг өгөөгүй учир хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар:Би тээврийн хэрэгсэл жолоодож яваад 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Талын хашааны дөрвөн зам дээр Х.Гэрэлийн машиныг мөргөсөн нь үнэн. Тухайн үед би 5-10 км цагийн хурдтай явсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд Цагдаагийн ажилтан ирж газар дээр нь үзэж, бид нарыг хоорондоо зохицох боломж байгаа юу гэсэн. Х.Гэрэлийн машинд 1 талын их гэрэл хагарсан, мөн гупер, крелон нь хажуу талаасаа үл мэдэгдэх хонхойсон байсан. Тэгээд би Х.Гэрэлд 800,000 төгрөг, сүүлд 200,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг өгсөн. Тэгэхэд Х.Гэрэл нь ямар нэгэн санал, гомдол байхгүй гэж хэлсэн. Х.Гэрэл машиндаа шинээр гэрэл авч тавьсан, харин гупер, крелоныг шинээр авч тавиагүй. Би түүний машинд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2017/00094 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Гэрэлийн хариуцагч Б.Амгаланбаяраас 565,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: Б.Амгаланбаярын жолоодож явсан машин миний машиныг мөргөж гэмтэл учруулсан.Тухайн үед осол болсон газарт цагдаа ирж үзлэг хийж хэргийн нөхцөл байдлыг гэрэл зургаар баталгаажуулан, хэмжилт хийсэн. Миний машиныг мөргөсөн Б.Амгаланбаяр миний машинд учирсан хохирлыг нөхөн төлөхөөр тохиролцож бид хоорондоо гэрээ хийсэн. Хариуцагч Б.Амгаланбаяр нь тохиролцсоноосоо 565000 төгрөг өгөхгүй байсан тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ бидний гаргаж өгсөн нотлох баримтыг буруу үнэлж, зарим нотлох баримтыг хэрхэн үнэлсэнээ тодорхойлолгүй орхигдуулж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт худалдаж авсан зарлагын баримт, засвар үйлчилгээ хийлгэсний төлбөрт төлсөн хоёр өөр баримтыг нэг баримт мэтээр ойлгож бичсэн нь шүүхийн шийдвэр буруу гарах үндэслэл болжээ. Учир нь миний бие шүүхэд хандан миний машинд үзлэг хийж ямар ямар эд анги сольсоныг шалгаж өгнө үү мөн би машинаа Улаанбаатар хотод засуулсаныг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг орхигдуулж хэргийг шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

2016 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Х.Гэрэл, Б.Амгаланбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад мөргөлдсөн, үүний улмаас Х.Гэрэлийн өмчлөлийн 60х35ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд том гэрэл, гупер, керлонд гэмтэл учирсан болох нь зохигчдын тайлбар, гэрэл зураг зэргээр тогтоогдож байна. Хэрэгт авагдсан баримтуудаар Х.Гэрэлийн жолоодож явсан королла маркийн тээврийн хэрэгслийн том гэрэл, гупер, керлонд гэмтэл учирхад Б.Амгаланбаярын гэм буруутай үйлдэл, эс үйлдэл байсан гэдэг нь тогтоогдоогүй боловч гэм буруугийн асуудал дээр талууд маргаагүй байна.

            Харин нэхэмжлэгч нь машиндаа засвар хийлгэсний хөлс 650000 төгрөгийг хариуцагч төлөх ёстой гэж, хариуцагч би машинд учирсан хохиролд 1000000 төгрөг өгсөн. Энэ мөнгөнд машинд учирсан гэмтэл, засварын хөлс бүгд багтаж байгаа тул дахин мөнгө өгөхгүй гэж маргажээ.

            Нэхэмжлэгч Х.Гэрэл нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж Да хүрээ захаас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Кирлон 1ш 160000, Гупер 1ш 340000, Том гэрэл 1ш 150000 төгрөгөөр худалдан авсан зарлагын баримт, мөн өдөр гупер сольсон, гэрэл сольсон, кирлон зассан дотор гажаа гаргасан,  усны савны сэв гаргасан, кирлон, гупер бүтэн будсан, дотор гажаа 100000 төгрөг, үнэлгээ 600000 төгрөг хүлээлгэн өгсөн гэх авто машины кузов, сэв будгийн засвар үйлчилгээ хийсэн 46 дугаартай Төгс гүрэн ХХК-ний санхүүгийн баримтыг тус тус хавсарган өгчээ. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч нь өөрийн авто машиндаа Да хүрээ захаас нэр бүхий 3 сэлбэгийг 650000 төгрөгөөр худалдан авсан, мөн Төгс гүрэн ХХК-нд засвар үйлчилгээ хийлгэсэн 600000 төгрөгийн баримт, нийт 1250000 төгрөгийн баримтыг гарган өгчээ. Гэтэл кирлон, гуперыг Да хүрээ захаас худалдан авсан атлаа Төгс гүрэн ХХК-нд кирлон зассан, дотор гажаа гаргасан, кирлон, гупер бүтэн будсан засвар үйлчилгээ хийлгэсэн гэх дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэжээ.

            Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд худалдан авсан гупер, кирлон нь өнгө зөрсөн учраас бүтэн будаг хийлгэсэн гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өнгө зөрсөн тул дахин бүтэн будаг хийлгэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч нь өөрийн авто машинаа Улаанбаатар хот руу ачуулсан тухай хэргийн 8, 9 дүгээр хуудас дахь баримтуудыг гаргаж өгсөн боловч уг баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байгаа бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн авто машинаа Улаанбаатар хот руу ачуулсан тээврийн хөлс нэхэмжлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17600 төгрөгийг төрийн  сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2017/00094 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17600 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                   

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ТУЯА

 

                                                ШҮҮГЧИД                            Д.КӨБЕШ

 

                                                                                              М.НЯМБАЯР