Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 4

 

2018  оны 01 сарын 25 өдөр                      2018/ДШМ/04                                   Хэрлэн сум

С.Б холбогдох эрүүгийн

 хэргийн талаар

226/2018/0003/

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

Прокурор: Д.Отгонтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Гангантөгс,

Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч  Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч С.Б давж заалдах гомдлоор эрүүгийн  1739000960054 дугаартай хэргийг  2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1981 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Б овогт С Б /РД: СР81110611/

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг “Булган” хороололд орших өөрийн гэртээ  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Ж.Н хэвлийн тус газар гараараа нэг удаа цохиж, мөн хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газраас С.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Содномын Батнасанг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Б 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б нь давж заалдах гомдолдоо: Би өөрийн буруутай үйлдлээсээ болж эхнэр Ж.Нн эрүүл мэндэд хохирол учруулсан. Цаашид ийм байдал гаргахгүй үр хүүхдүүдийнхээ төлөө амьдрах болно. Иймд хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Отгонтуяа нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгчийн үйлсдэн гэмт хэрэг нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ С.Б эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

С.Б нь 2017 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг “Булган” хороололд орших өөрийн гэртээ  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ж.Н хэвлийн тус газар гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч  Ж.Н мөрдөн байцаалтан өгсөн: Нөхөр маань гаднаас орж ирээд намайг нэг удаа элэг рүү өшиглөсөн. Урьд өдөр нь намайг архи уусан болохоор хэрүүл болсон. Гэдэс маш их базлаж өвдсөн ... гэх /хх-4-10 х/,

Гэрч Ц.А мөрдөн байцаалтанд өгсөн: Нарантуяад үзлэг хийхэд толгой, хэвлийгээр базлаж өвдөнө гэх зовиуртай байсан. Хэвлий эмзэглэлтэй, биеийн байдал хүнд, битүү гэмтлийн шинж тогтоогдсон ... гэх /хх-13 х/,

Гэрч Ц.А мөрдөн байцаалтанд өгсөн: Нарантуяа гэрийнхээ баруун талд гэдэс өвдөөд байна гээд ёолоод хэвтэж байсан.  Би Батнасантай хамт өргөж гэрт нь оруулж өгсөн. Гэртээ орсноосоо хойш бас ёолоод л байсан ... гэх /хх-16 х/,

Насанд хүрээгүй гэрч Б.А мөрдөн байцаалтанд өгсөн: Манай аав Батнасан уурлаад ээжийн гэдэс рүү нь гараараа цохисон. Аав согтуу үедээ ээжтэй муудалцдаг ... гэх /хх-27-28 х/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 263 дугаартай Ж.Н биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний хэсгийн сэтрэл, өвдөгний зулгаралт, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-32х/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар С.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ж.Н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх С.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хор уршиг, хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгчийн “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон

 

ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар С.Б нь шийтгэх тогтоол гарснаас хойш 51 /тавин нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.ъ

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.СҮХГОМБО

                              ШҮҮГЧ                                                     О.БААТАРСҮХ

        Б.ДЭНСМАА