Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0097

 

Ц.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

            Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

            Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн  

            Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогч:

            Нэхэмжлэгч Ц.М

            Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 09-ний “Ц.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэр бичилт хийхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 109/ШШ2021/0045 дугаар

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч Ц.М

            Хариуцагчийн өмгөөлөгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа

Хэргийн индекс: 109/2021/0053/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 109/ШШ2021/0045 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Ц.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ц.М-ын урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж буй албан тушаал болох Архангай аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,  2 дахь заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М-ын ажилгүй байсан хугацаа болох 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 7,963,717 төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгч Ц.М-д олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Архангай аймгийн Засаг даргад даалган” шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга М.Б давж заалдах гомдолдоо: “... Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.М Архангай аймгийн Засаг даргын 2021  оны 07 дугаар сарын 09-ний өдрийн б/30 дугаар захирамжийг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/1971 тоот албан бичгээр “Маргаан үүсгэн шалгах боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн байдаг.

Төрийн албаны зөвлөлөөс Ц.М-ын гаргасан гомдолд маргаан үүсгэн шалгаагүй тул тэрээр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх шаардлагагүй байсан. Иймд нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрийг /Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн б/30 дугаар захирамжийг/ мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой байсан ч хуулиар хүлээсэн энэ үүргээ биелүүлээгүй.

Шүүхээс Ц.М-ыг Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн б/30 дугаар захирамжийг эс зөвшөөрсөн гомдлоо Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан хугацаанд гаргасан эсэхийг тодруулж, энэ талаарх баримтыг авалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу юм.

Хэрэв нэхэмжлэгч Ц.М Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах болон шүүхэд нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлж гомдол, нэхэмжлэлээ гаргасан бол шүүх түүний нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй байхаар тус тус заасан. Гэтэл шүүхээс хариуцагч талын өмгөөлөгч авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн. Үүнээс гадна ганцхан өдрийн дотор хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй юм.

Иймд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг  хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 109/ШШ2021/0045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэлээ.    

2. Ц.М-аас “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэр бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 49.1, 49.2, 62.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, дээрх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгон Ц.М-ын урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж буй албан тушаал болох Архангай аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг татвар, шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгчид олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэжээ.

4. Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/30 дугаар захирамжаар “Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 168 дугаар тогтоолоор Аймгийн “Боловсрол, соёл урлагийн газар”-ыг “Боловсролын газар, Соёлын хэлтэс” гэж өөрчилсөнтэй холбогдуулан” нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т зааснаар Боловсрол, соёлын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.

 5. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 168 дугаар тогтоолоор “Боловсрол, соёл, урлагийн газар” гэснийг “Боловсролын газар”, “Соёлын хэлтэс” гэж өөрчлөн шийдвэрлэсэн боловч тус тогтоолын дагуу Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 150 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, “Боловсролын газар болон соёлын хэлтсийн орон тоо бүтэц, уг бүтцэд ажиллах албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг  өөрчилж батлаагүй болох нь хэрэгт авагдсан Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/1359 дүгээр албан бичиг зэрэг баримтаар тогтоогджээ.

6. Үүнтэй холбоотой Ц.М-ын нэхэмжлэлийн шаардлага нь “.... урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг тодруулалгүй, анхан шатны шүүх “... чиг үүрэг нь шилжсэн Боловсролын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

7. Учир нь хэрэв орон тоо, бүтэц өөрчлөгдсөн гэх шалтгаанаар Ц.М-ыг чөлөөлсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 62.1.3, 62.1.4-т заасныг зөв хэрэгжүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт өгч шийдвэрлэх нь зөв бөгөөд энэ тохиолдолд орон тоо, бүтэц нь албан ёсоор батлагдаж, албан тушаалд тавигдах шаардлага, гүйцэтгэх чиг үүргийг тодорхойлсон ажлын байрны тодорхойлолт зохих журмаар батлагдан гарсан байх ёстой. Харин шүүх тухайн албан тушаалын /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан шаардлагыг нэхэмжлэгч хангасан эсэх, гүйцэтгэж байсан чиг үүрэг хэвээр хадгалагдсан эсэхэд дүгнэлт өгөх атал ажлын байрны тодорхойлолт батлагдаагүй байхад анхан шатны шүүх Боловсролын тухай хуулийн заалт, Засгийн газрын тогтоолын дагуу нэхэмжлэгчийн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаал гэж үзэж, нэхэмжлэгчийг Боловсролын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон нь үндэслэл муутай болжээ.

8. Аймгийн Засаг дарга нь Засгийн газрын тогтоол гарахаас өмнө 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/150 дугаар захирамжаар /хэргийн 88 дахь тал/ Аймгийн Боловсролын газрын дүрэм, орон тоог баталсан боловч 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Х/205 дугаар захирамжаар “А/150 дугаар захирамжийн “Боловсролын газар” гэснийг “Боловсрол, соёл, урлагийн газар” болгож буцааж өөрчилсөн /хэргийн 40 дэх тал/ байх ба Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоол гарснаас хойш уг захирамждаа дахин өөрчлөлт оруулсан эсэх нь тогтоогдохгүй байна.

Үүнээс үзвэл Боловсрол, соёлын газрыг “Боловсролын газар”, “Соёлын хэлтэс” болгож өөрчилсөн эсэх, тухайн газар, хэлтсийн дарга ажилтны орон тоо, эрхлэх чиг үүргийг тусгасан албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг  эрх бүхий этгээдээс ямар шалтгаанаар батлаагүй, бодит байдалд Боловсролын газрын даргын албан тушаал байгаа эсэх, уг албан тушаалд ажиллаж цалин хөлс авах боломжтой эсэх нь тогтоогдохгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-д заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах нөхцөл байгаа эсэх, тухайн хуулийн заалтыг зөв хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй тул “Боловсролын газрын дарга”-ын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгасан нь үндэслэл муутай, уг шүүхийн шийдвэр хэрэгжих боломжтой гэж үзэхээргүй байна.

9. Мөн “албан тушаалд эгүүлэн тогтоох” гэдэг нь урьд эрхэлж байсан албан тушаал өөрчлөгдөөгүй байх тохиолдолд ажлаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн тохиолдолд хэрэглэх бөгөөд үүнтэй холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасны дагуу олгодог. Харин орон тоо, бүтэц өөрчлөгдсөнөөс шинээр батлагдсан албан тушаалд чиг үүрэг хэвээр хадгалагдсан гэх үндэслэлээр үргэлжлүүлэн ажиллуулах төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаагүйтэй холбоотой шаардлагыг хангасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасан урьд эрхэлж байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөж олгохгүй, харин уг захиргааны хууль бус үйл ажиллагаа буюу шинээр батлагдсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүйн улмаас учирсан хохирол нь тухайн шинэ албан тушаалын цалин хөлсний хэмжээгээр тодорхойлогдоно.

10. Үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах, холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийн үйл баримтыг зөв тогтоож, түүнд хэрэглэх хуулийн заалтыг зөв сонгон хэрэглэж, маргаан бүхий актад хууль зүйн дүгнэлтийг өгч, нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

11. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулаагүй, холбогдох нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

12. Харин хариуцагчийн гаргасан “...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх гомдлын тухайд  нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актад холбогдуулан гаргасан гомдлын хариуг Төрийн албаны зөвлөл 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/1971 дүгээр албан бичгээр авсан, уг хугацаанаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан учир дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

13. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан товлох урьдчилсан хэлэлцүүлэг дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчтэй оролцох асуудлыг дараагийн шүүх хуралдаанаас өмнө шийдвэрлэнэ гэж хэлсэн, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өмгөөлөгч авсан талаар шүүхээс тодруулж, хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шийдвэрлэсэн зэргээс үзвэл хариуцагчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 109/ШШ2021/0045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                             

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН   

                               ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ