Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 322

 

Г.Мөнх-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол,

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 95 дугаар магадлалтай, 201615000191 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бүрэн овогт Ганболдын Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъясүрэнгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Давж заалдах шатны шүүх Г.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 94, 95, 313 дугаар зүйлийн 313.4 дэх заалтуудыг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал дээрх хуулийн заалтыг зөрчсөнөөс гадна өмгөөлөгчийн гаргасан гомдолд бодитой үнэлэлт дүгнэлт хийгээгүй, хохирогчийн гаргасан тайлбарыг ч хэлэлцээгүй орхисон нь хэргийн бодит үнэнийг тогтоох, дүгнэлт хийгээгүй байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80, 94, 95 дугаар зүйлд заасан хэм хэмжээний дагуу үнэлж үзвэл Г.Мөнх-Эрдэнэ нь хохирогч Ч.Баярмэдийг гэмтээх санаа байгаагүй байна. Хохирогчийг тонгорч унагаасан нь хэдийгээр идэвхтэй үйлдэл гэж үнэлж болох ч хууль зүйн талаас нь үнэлж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан болгоомжгүй үйлдэл билээ. Хэн нэгэндээ бөхийн мэх хийх нь гэмтээх санаа зорилгын илрэл биш билээ. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Мөнх-Эрдэний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 97 дугаар зүйлээр зүйлчлэх ёстой гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж,  Г.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Г.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн бүрдэл хангагдсан, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт: “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан бол тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж”, мөн хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт “...шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзнэ” гэжээ.

Шүүх Г.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчид учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийн зөрүүтэй нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна.

Өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 187 дугаар шинжээчийн дүгнэлтийн үзлэгийн хэсэгт “атгаал ясны мөрний үен доторх тасарсан хугарал” гэж тэмдэглэсэн атлаа дүгнэлт хэсэгт Ч.Баярмэдийн биед баруун атгаал ясны толгойн үен доторх хугарал гэмтэл учирсан гэж бичсэн байна.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2-т “дунд чөмөгний толгойн үен доторхи зөвхөн тасарсан хугарлыг гэмтлийн хүнд зэрэгт хамаарахаар” заасан байх бөгөөд Эрүүл мэндийн яамны Эмгэг судлал, шүүх эмнэлгийн мэргэжлийн зөвлөлөөс боловсруулсан Гэмтлийн зэргийг тогтоох аргачлалд “дунд чөмөгний толгой, хүзүү хэсгийн үен доторхи тасарсан салангид хугаралыг хүнд зэрэгт хамааруулна, энэ нь дунд чөмөгний хүзүү linea intertrochanterica-аас дотогш үүсэж салсан хугарал байна” гэснээс үзэхэд хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтооход хугарал “тасарсан, салсан” байх шинж нь хүнд зэргийн гэмтэлд хамааруулах гол шалгуур байна. Харин ясны үе холбоонд байрлах бусад хугарал болон гэмтлүүдэд гэмтлийн зэргийн тогтоох шалгуур шинжээр тогтоохоор заажээ.

Шинжээчийн 187 дугаар дүгнэлтээр хохирогчийн биед атгаал ясны мөрний үен доторх тасарсан хугарал эсхүл атгаал ясны толгойн үен доторх энгийн хугарал гэмтлийн аль нь учирсан болох нь эргэлзээтэй, хохирогчийн биед ямар гэмтэл учирсныг нэг мөр тодруулаагүй байхад анхан шатны шүүх хохирогчид хүнд гэмтэл учирсан талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хохирогчид учирсан гэмтлийн зэргийг дахин тогтоолгохоор Г.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 95 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР