| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0120/Э |
| Дугаар | 2020/шцт/116 |
| Огноо | 2020-06-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | З.А |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2020/шцт/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа,
улсын яллагч З.Алтансолонго,
шүүгдэгч Б.Г,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-д холбогдох, эрүүгийн 2036000000135 дугаартай, 178/2020/0120/э/ индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, яс үндэс өөлд, 1993 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, ам бүл 4, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ял, мөн шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Б.Г /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Б.Г нь зохиомол байдлыг зориудаар бий болгож Б.Д*******той 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Б.Бын эзэмшлийн 95177373 дугаарын утаснаас “Буба буюу Б байна та 2 тооны гүүний мөнгөө хий Ганаа мэдэж байгаа” гэж худал нэр барьж утсаар ярьж 2 тооны гүү худалдаалах нэрийдлээр Б.Туулсүрэнгээс 1300000 төгрөгийг Баярсайханы Бийн 5863157840 тоот данс руу шилжүүлэг хийлгэн бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг:
1.Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Эрүүгийн 2036000000135 дугаартай хавтаст хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 5-р хуудас/,
2. Гэрч Б.Д*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10-р хуудас/,
3. Гэрч Б.Д*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-27-р хуудас/,
4. Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29-р хуудас/
5. Яллагдагч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/,
6. Хохирогч Б.Туулсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,
7. Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /хавтаст хэргийн 62, 64, 66-р хуудас/
9.Мобиком үүрэн операторын ярианы дэлгэрэнгүй билл /хавтаст хэргийн 67-69-р хуудас/,
10. Яллагдагч Б.Г-н 2020 оны 06 сарын 23-ны өдрийн Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 78-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Хэргт авагдсан нотлох баримтуудаар иргэн Б.Туулсүрэн нь 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гүү худалдаж авах зорилгоор Б.Д*******ийн данс руу 1300000 төгрөг шилжүүлжээ. Б.Г нь Б.Д*******той 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Б.Бын эзэмшлийн 95177373 дугаарын утаснаас хүний нэрийг барьж 2 тооны гүү худалдаалах нэрийдлээр 1300000 төгрөг шилжүүл гэснээр Б.Д******* 1150000 төгрөгийг Б.Бийн ХААН банкны 5863157840 тоот данс руу шилжүүлж, 150000 төгрөгрийг бэлнээр өгснөөр Б.Г нь Б.Бын виза картыг ашиглан шилжүүлсэн мөнгийг гарган авч, нийт 1300000 төгрөгийн бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн залилан авсан үйл баримт тогтоогджээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд
Шүүгдэгч Б.Г нь бусдыг төөрөгдөлд оруулж хүний нэрийг барьж зохиомол байдлыг зориудаар бий болгож Б.Д*******той 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Б.Бын эзэмшлийн 95177373 дугаарын утаснаас “Буба буюу Б байна та 2 тооны гүүний мөнгөө хий Ганаа мэдэж байгаа” гэж худал нэр барьж утсаар ярьж, 2 тооны гүү худалдаалах нэрийдлээр Б.Д*******оос 1150000 төгрөгийг Б.Бийн ХААН банкин дахь 5863157840 тоот данс руу шилжүүлэг хийлгэж, 150000 төгрөгийг бэлэн авч бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
-Хохирогч Б.Туулсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Б.Г-тай 2020 оны 3 дугаар сарын 1, 2-ны үед ах болох Д*******ийнд золгох гэж очоод танилцсан. Би Д******* ахад гүү авна гэж хэлсэн. Би өмнө нь адуу авна бөөгнүүлэх хүн байна уу гэж асуухад Д******* ах энэ их сайн залуу миний адуу тэжээж байгаа энэ хүн олоод өгнө гэж Г-г хэлж танилцуулсан. Д******* 3 дугаар сарын 9-ний өдөр Буянт сумын хамгийн их адуутай алтан унаганы эзэн Буба гэдэг залуу над руу утсаар ярилаа мөнгийг нь одоо өгчих маргааш нөгөөдрөөс авч ирж өгье гэж хэлсэн гэж ярьсан. Мөнгө шилжүүлсний дараа өдөр бүр Г-тай ярьсан. Буба хот явсан байна, маргааш ирнэ, нөгөөдөр ирнэ гэж хэлж байсан. Би адуу авч ирж өгөхгүй болохоор нь Бубагийнхаа утас өг гэж хэлэхэд Г за тэг та өөрөө яриад үз гэж хэлээд дугаарыг нь надад өгсөн. Би Буба руу залгахад Буба гэдэг хүний утас холбогдоогүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21- 22 дугаар хуудас/,
-Гэрч Б.Д*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны өвөл 12 дугаар сард адуу мал тэжээдэг гэхээр нь Б.Г-д 1 даага, 1 хязаалан үрээ 2 өгсөн. Тэгтэл адуу муудаад байхаар нь буцаагаад авсан. 2020 оны 2 дугаар сард ярьсан санагдаж байна 10 гүү олоод өгөөч гэхэд миний таньдаг ах дүү нар байгаа олоод өгнө гэсэн. Ингээд адуугаа олчихлоо гэж удаа дараа худлаа үнэн ярьсаар байж байтал 88-тай дугаараас дуудлага ирсэн. Тэгээд өөрийгөө Буба буюу Б байна та мөнгөө хий Ганаа мэдэж байгаа гэж хэлсэн, тэгээд 2 гүүг 1.300.000 төгрөгөөр бодож авахаар болоод өөрийнхөө 5862058045 тоот данснаас 5863157840 тоот Баярсайханы Б гэсэн эзэмшигчийн данс руу 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 1150000 төгрөг хийсэн. Үлдэгдэл 150.000 төгрөгийг тэр өдрөө аваачиж Г гэх залууд өгсөн. Энэ өдрөөс хойш адуугаа авмаар байна гээд гэрээр очих бүрийд маргааш ир нөгөөдөр ир гээд худлаа хэлээд адуу авч чадалгүй өдий хүрсэн. Тус бүрийн үнэ 650.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгтэл Г над руу залгаад бид 2 уулзсан. Тэгтэл миний таньдаг ахаас авахаар болсон нэгийг 550.000, 600.000 төгрөгөөр авахаар болсон гэж хэлсэн. Тухайн үед Буба тань руу ярих байхаа гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа над руу залгасан. ...Буба гэх хүнийг хайж олоод уулзсан тэгтэл миний дансанд мөнгө төгрөг орсон гарсан зүйл байхгүй шүү та өөрөө дансаа шүүлгээд үзээрэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/
- Гэрч Б.Д*******оос мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Тухайн үед миний 99784953 дугаарын утас руу залгаж ярьсан байна. ...2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр над руу Буба буюу Б гэдэг хүн байна 2 гүүнийхээ мөнгө шилжүүлчих би хөдөө байна гэж ярихаар нь тухайн үед ямар дугаараас ярьсан болохыг мэдэхгүй хөдөө юнителийн сүлжээ барьдаг гэж бодоод андуурч мэдүүлэг өгсөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/
- Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2020 оны 3 дугаар сарын эхээр хэдий өдрийг сайн санахгүй байна. Прогресс сургуулийн хажуугаар гэр лүүгээ харих гээд явж байхад иргэн Б.Гтай тааралдаж мэнд усаа мэдэлцээд ярилцаад зогсож байхад Б.Г чамд карт байгаа юу би нэг хүнээс 2 гүүний мөнгө шилжүүлж авах гэсэн юм гэхээр нь надад карт байгаа гэж хэлээд дансныхаа дугаарыг өгсөн. Тэр үед Б.Г миний дугаараас нэг хүнтэй утсаар яриад миний дансны дугаарыг өгсөн. Удалгүй 10-20 минутын дараа миний дансанд 1.150.000 төгрөг шилжиж орж ирсэн Тэгээд Б.Г бид хоёр миний тээврийн хэрэгсэлтэй 52 айлын АТМ орж 1150000 төгрөг өгөөд надад таксины мөнгө гэж 10000 төгрөг өгөөд би Г-г гэрт нь хүргэж өгсөн.Би 95177373 дугаарын утас эзэмшдэг. Тухайн үед энэ дугаарыг барьж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29-р хуудас/,
-Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Д******* ах надаар өвөл хоёр адуу тэжээлгээд тэгээд би танилцсан. Туул эгчийг надад Д******* ах хавар танилцуулсан. Тэгээд Туул эгч намайг 10 гүү олоод өгөөч гэж утсаар ярьж хэлэхэд би за тэгий гэж хэлээд ахтайгаа яриад эгчдээ хэдэн гүү авч өгөх гэсэн юм гэхэд манай тэр ах өөрөө авах гэж байгаа бол тэг тэг гэж хэлсэн. Би маргааш нь хөдөө явах гээд Д******* ахаас гүүний мөнгө авий гэхэд Д******* ах дансаа өгчих гэж хэлэхэд надад данс алга миний хажууд манай найз байна найзын дансруу хийчих гээд найзынхаа данс өгөхөд манай найзын данс руу 1150000 төгрөг шилжүүлсэн. Д******* өөрөө үлдсэн 150000 төгрөгийг бэлнээр нь гэрт авчирч өгөхөд би аваад униндаа өлгөсөн чинь манай эхнэр авахгүй гэхэд Д******* ах гэрт үлдээгээд явсан. Би гэрээсээ 150000 төгрөг, найзынхаа данснаас 1150000 төгрөг аваад хөдөө явсан. Намайг хөдөө байхад надад гүүгээ өгсөн Буба гэдэг ахынд Д*******, Туул хоёр гүү авна гэж очиход манай тэр Буба гэдэг ах би таныг танихгүй Г-тай учраа ол гээд явуулсан гэсэн. Орой нь тэр хоёр намайг хайгаад манай хадам аавынд очиж гэрийн гаднаас Г байна уу? гэж асуухад манай хадам ээж Г сум явсан гэж хэлэхэд намайг яриарай гэж хэлчихээд явсан гэж байсан. Би маргааш нь адуугаа ололгүй дахиад маргааш өглөө нь эрт дахиад адуундаа явж ирээд Туул эгчрүү адуугаа олоод нэг гүү бариад авлаа та одоо ирээд аваарай гэхэд Туул эгч за за би нөхөртэйгээ яриадахъя гээд тасалсан. Би нөхөртэй нь утсаар нэг гүү бариад авлаа та одоо ирээд гүүрэн дээрээс авчих гэж ярихад за гэж хэлээд утсаа тасалсан.Би маргааш нь Туул эгчийн утасруу нь би машин олоод ачаад оруулаад өгье гэсэн чинь Туул эгч тэг тэг гэхдээ Д******* ах чамайг цагдаад өгнө гэсэн маргааш болтол хүлээнэ гэж хэлээд утсаа тасалсан. Би маргааш нь 23 цагийн үед Туул эгчрүү Улаан богоч дээр ирж байна, та хаана байна гэхэд гэртээ байна гэж ярихад би машингүй байна хойшоо малчины хороолол явжээ гэж хэлээд утсаа тасалсан. Би постон дээр явж байгаад эгчээ би хүргээд өгье та гэртээ байж бай гэж хэлээд Туул эгчийн гэрт нэг унагатай гүү, нэг морь хүргэж өгсөн. Би Туул эгчид одоо ингээд өр тасарлаа шүү гэж хэлсэн. Би Туул эгчид 7 хоногийн дараа унагатай гүү авчирч өгөөд шарга морио авна гэж хэлэхэд Туул эгч тэг тэг долоо хоногийн дараа унагатай гүү авчирч өгөхгүй бол энэ морийг чинь авна шүү гэж хэлэхэд би тэг тэг гэж хэлсэн. Би долоо хоногийн дараа Туул эгчрүү гүү олдохгүй байна, та шарга морио ав гэж хэлэхэд тэгье гэж хэлээд утсаа тасалсан. Туул эгчрүү ярьснаас 2 хоногийн дараа Д******* ахруу яриад би Туул эгчид шарга морио өгөөд өр тасарлаа шүү гэхэд Д******* ах би цагдаа, прокурорт нь хэлээд гомдлоо авчихлаа гэж хэлээд тасалсан. Тэрнээс хойш би хөдөө яваад айлын ямаа самнах хөлсний ажил хийгээд явж байхад миний өөрийн аав надруу яриад Буянтын хэсгийн төлөөлөгч яриад байна гэхэд би аавд Д******* ах өргөдлөө буцаагаад авсан гэсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54-р хуудас/,
- Яллагдагч Б.Г, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын прокурорт гаргасан “Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Г нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, цаашид учирах хор уршгийг ухамсарлаж ойлгож байгаа тул өөртөө холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна” гэх /хавтаст хэргийн 78-р хуудас/ хүсэлт болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Б.Г-н гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан бусдыг төөрөгдөлд оруулж хүний нэрийг барьж зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилан авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Б.Г нь мөнгө шилжүүлж авахын тулд Бын данс, утсыг ашиглан өөрийгөө бусдад Буба буюу Б байна гэж ойлгуулан хүний нэрийг барьж бусдыг төөрөгдөлд оруулж “гүүний мөнгө хий, Ганаа мэдэж байгаа” хэмээн мөнгө шилжүүлэн авсан үйлдлийг бусдыг төөрөгдүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан авсан гэж үзлээ.
Шүүгдэгч нь дээрх үйлдлээ хэрэгжүүлэхдээ гэм буруугийн шууд санаатайгаар, бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч ашиглах гэсэн шунахай сэдэлтээр үйлдсэн гэж дүгнэлээ.
Иймээс шүүгдэгч Б.Гантулгын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гантулгын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Гантулгыг бусдыг төөрөгдөлд оруулж хүний нэрийг барьж зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн улмаас гарах хохирлыг төлж багадуулсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гомдолгүй гэх хүсэлтээр /хавтаст хэргийн 75-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Г урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 51-р хуудас/ тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар хохирогч Б.Туулсүрэнд учруулсан хохирлыг барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.Г нь зохиомол байдлыг зориудаар бий болгож Б.Д*******той 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Б.Бын эзэмшлийн 95177373 дугаарын утаснаас “Буба буюу Б байна та 2 тооны гүүний мөнгөө хий Ганаа мэдэж байгаа” гэж худал нэр барьж утсаар ярьж 2 тооны гүү худалдаалах нэрийдлээр Б.Туулсүрэнгээс 1.300.000 төгрөгийг Баярсайханы Бийн 5863157840 тоот данс руу шилжүүлэг хийлгэн бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн залилан авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчид есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний есөн зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, хохирогчид төлөх 1300000 төгрөгийг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээх саналтай гэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Гантулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг барагдуулсан, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний есөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 900000 төгрөгний торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн 2036000000135 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан туг овогт Батнасангийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилан авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батнасангийн Гд есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний есөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Гд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний есөн зуун мянган төгрөгний торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Гд тайлбарласугай.
6.Эрүүгийн 2036000000135 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч Б. Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК