Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 96

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багт оршин суух, ПО61102910 регистрийн дугаартай, Бааж овогт Сүрэнгийн Бямба-Очирын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Бямба-Очир, нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Бямба-Очир нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1978-1993 он хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан. Би ар гэрийн гачигдалаар цэрэгт яваагүй. 1977 онд 8-р анги төгссөн. 1978 оны 04 дүгээр сард тракторын курс төгссөн. 1991 оны эхээр нэгдэл тарсан ба би 1991-1992 он дуустал Давшилт ХХК-ний Ургац механикжсан салаанд тракторын жолоочоор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр засвартай, цалингийн карт болон ажилд авсан, чөлөөлсөн тушаалууд олдохгүй байгаа учраас хохироход хүрээд байна. Иймд хэрэгт авагдсан баримтыг үнэлж, миний 1979-1993 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Бямба-Очир нь 1978-1993 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба шүүх хуралдаан дээр хүсэлт гаргагч нь 1979-1991 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд тракторын жолоочоор, 1992-1993 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХХК-д Ургац механикжсан салаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/213 дугаар албан бичиг,

-Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Баярын бичиг,

-Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зөвлөл, Намын үүр, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баярын бичиг,

-Хөдөлмөр сонины редакци, Мянгад сумын Намын үүр, Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргаа, Давшилт нэгдлийн зөвлөлийн 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Сайшаалын үнэмлэх,

- Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зөвлөл, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн 1986 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Талархал,

-С.Бямба-Очирын тракторч, машинчийн үнэмлэх,

-С.Бямба-Очирын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар албан бичиг,

-Ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,

-Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2/19 дүгээр тодорхойлолт,

-С.Бямба-Очирын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн хуулбар,

-Гэрч Ж.Алтангэрэлийн С.Бямба-Очир 1979-1993 оныг дуустал Ховд аймгий Мянгад сумын Давшилт нэгдэлд механик салаанд тракторын жолоочоор ажиллаж байсан. 1992 онд Давшилт нэгдэл хөрөнгөө тараахад нэгдлийн механик салаа Ургац компани болж үлдсэн. 1993 онд Ургац компани тарсан байх. Би тухайн үед Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат бригадын даргаар ажиллаж байсан. Тухайн үед С.Бямба-Очирын аав Сүрэн, ээж Башалгаа нар нь нэгдлийн үхэрчнээр ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Цэдэндамбын С.Бямба-Очир 1979-1993 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд механик салаанд тракторын жолоочоор ажиллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд механик салаанд тракторын жолоочоор ажиллаж байсан. Би С.Бямба-Очиртой 1979-1993 оныг дуустал Давшилт нэгдлийн механик салаанд тракторын жолоочоор тасралтгүй ажилласан гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч С.Бямба-Очир нь 1978 оноос 1991 он дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Харин С.Бямба-Очир нь 1992, 1993 онуудад Ховд аймгийн Давшилт ХХК-нд тракторын жолоочоор ажиллаж байсан гэж тайлбарлаж, гэрч нар мэдүүлдэг боловч хүсэлт гаргагчийг 1992, 1993 онуудад Ховд аймгийн Давшилт ХХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хүсэлт гаргагч С.Бямба-Очирын 1992-1993 онуудад Ховд аймгийн Давшилт ХХК-нд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаарх нотлох баримтаа цуглуулан дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт хүсэлт гаргагч С.Бямба-Очирын гэх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавсаргасан байх ба уг дэвтэрт бичигдсэн “С.Бямба-Очир” гэж бичигдсэн нэр баллагдсан, эргэлзээтэй байх тул хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бааж овогт Сүрэнгийн Бямба-Очирыг 1979-1991 он дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, 1992-1993 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХХК-ийн Механикжсан салаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА