| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0107/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/110 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э
Шүүгдэгч Э.П нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.П-д холбогдох эрүүгийн 1925008960039 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Э.П нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргилуун” буудлын гадаа хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Пг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.П мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа ойлгож байна. Дахин ийм хэрэг зөрчил үйлдэхгүй, маш их гэмшиж байна” гэв.
Хохирогч Т.Б “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.
Хохирогч Б.Х “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Т.Б-ын ...“орой 20 цаг өнгөрч байхад Цагдаагийн газрын жижүүрээс Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргилуун” буудлын гадна талд зам тээврийн осол гарсан байна гэсэн дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн дуудлага мэдээллийг хүлээн авч ахлах ахлагч Б.Х бид хоёр Дэнж багийн нутаг дэвсгэрт эргүүл хийж яваад шууд “Оргилуун” баар луу явсан. Тэгтэл гэнэт хаанаас ч юм бэ нэг залуу гарч ирээд манай найз зүгээр эрүүл байгаа, та нар мөнгөнд дурлаж зүгээр байсан хүний тээврийн хэрэгслийг журамлаж байна гэж хэлээд орилж хашхираад эхэлсэн. Нөгөө залуу “Оргилуун” баар луу гүйгээд орсон. Удалгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 6 эрэгтэй, 2 эмэгтэй хүн дагуулж гарч ирээд ачилтын машиныг явуулахгүй, машины урдуур ороод манай найз эрүүл, зүгээр байсан хүнийг яаж байгаа юм бэ, манай найз машинаа хөдөлгөөгүй гэх мэтээр хэлээд Б.Х бид хоёр луу дайрч давшлаад хэрүүл маргаан хийсэн. Ачсан машинаа явуулчхаад өөрсдөө явах гээд хөдөлсөн чинь Б.Х бид хоёрын унаж явсан машиныг явуулахгүй нөгөө согтуу хүмүүс машины урдуур ороод байсан. Машиндаа суугаад хөдөлсөн чинь Э.П гэх залуу араас ирээд машины жолооч талын бариулаас бариад явуулахгүй байсан. Тэгэхээр нь Б.Хунтхүү машинаас буусан. Э.П гэх залуу Б.Х-г барьж аваад шууд газарт шидээд дээр нь гарсан. Би машинаас буугаад очсон чинь нөгөө залуу нь Б.Х-гийн өмсөж байсан хувцасных нь захаар боочихсон өвдгөөрөө цээж хэвлий дээр нь өвдөглөөд дарсан байсан. Цагдаагийн жижүүр лүү нэмэлт хүч дуудаж Э, Э.П нарыг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Миний баруун гарын дунд хурууны 3 дугаар үеийн гадна талын арьс халцарсан, доод уруул дотор талдаа мөн хэсэг газарт халцарсан байна. Э.П нь газарт хэвтчихээд зууралдаж байхдаа хоёр хөлөөрөө цээж хэвлий, нүүр рүү жийж, өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-7-р хуудас/
2. Хохирогч Б.Х-гийн ...“Э.П гэж залуу над дээр ирээд машины цонхоор та нар зүгээр байсан хүний машин яагаад ачдаг юм бэ, чамд хүний машин саатуулах эрх байхгүй гэж хэлээд миний нүүр рүү шүлсээрээ нулимсан. Машинаасаа буусан чинь миний хувцасны энгэрээс заамдаж аваад өөрөө газарт унаад хөлөөрөө намайг жийгээд өөр дээгүүрээ давуулаад газарт шидсэн. Намайг газарт унасан чинь өмсөж байсан хувцасны захаар боож байгаад миний цээж толгой руу цохиод цээж, хэвлий дээр өвдгөөрөө өвдөглөөд дараад нударч, нидрээд байсан. Э гэх залуу гар станц болон энгэрийн камер зэргийг өшиглөөд гүйгээд байсан. Миний зүүн гарын сарвууны ард хоёр хэсэг газарт арьс нь шалбарсан байсан. Сүүлд нэрийг нь мэдэхэд Э.П гэж залуу л намайг барьж аваад авч шидээд дээр гараад боогоод нухаад байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10-р хуудас/
3. Гэрч Г.Б-аны ...“Хүмүүс зодолдоод байна гэхээр нь гараад харсан чинь манай баарны 7-р ширээн дээр сууж байсан залуу цагдаа нартай баарны хашааны гадна талд ноцолдож байсан....” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/
4. Гэрч П.Б-гийн ...“Батбаатар цагдаа бид хоёрыг очих үед нэлээд ноцолдож зодолдсон бололтой замын цагдаагийн хоёр зохицуулагчийн өмсөж явсан хувцас нь шороо тоос болсон Б.Х-гийн цагдаагийн ногоон өнгийн хантааз, Т.Б цагдаагийн улаан өнгийн дохиур мод зэрэг хугарч гэмтсэн байдалтай, замын цагдаа нар гав болох тусгай хэрэгслийг цээж нүцгэн залууд хэрэглэх гэхээр урдаас нь өшиглөөд, цохиод, та нарыг ална, аавынд явж ирээд ч гэсэн та нарыг дайрч ална, намайг хүмүүс андахгүй гэх мэтээр хэлээд байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20-р хуудас/
5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай “...Б.Х-ийн биед гарын сарвуунд 2 тооны шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 34-р хуудас/
6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаартай “...Т.Б-ын биед баруун гарын сарвуунд 5 тооны шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 39-р хуудас/
7. Хүний биед болон өмсөж явсан хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-102-109-р хуудас/
8. Яллагдагч Э.П-гийн “2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр найзуудтайгаа хамт “Оргилуун” бааранд орж үйлчлүүлсэн. Бааранд үйлчлүүлж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Ухаан орсон чинь би эрүүлжүүлэх байранд сэрсэн. Би архи дарс уугаад агсам согтуу тавидаг хүн биш. Найз нөхдөөсөө юу болсон талаар маргааш өдөр нь сонсоход цагдаа нартай маргалдаад ноцолдсон гэсэн. Би тэр хоёр цагдаатай юм яриад зогсож байсан чинь тухайн үед ам хэлээрээ муудалцсан юм шин байга юм. Тэгтэл тэр цагдаа намайг хавсараад унагаасан гэсэн. Тэгээд би маргалдаж муудалцсан байна лээ. Өөрөө санаж байгаа зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.П нь 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт үйл ажиллагаа явуулдаг Оргилуун буудлын гадаа цагдаагийн албан хаагч буюу хууль сахиулагчийн эсрэг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл гаргасан. Үйлдсэн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь архи согтууруулах төрлийн зүйлийг их хэмжээгээр хэрэглэсэн тухайн нөхцөл байдалд болоод байгаа үйл явдалд дүгнэлт хийх чадваргүй байхдаа хууль сахиулагчийн илтэд доромжилж албан үүргээ гүйцэтгэх үйл явцад нь илтэд саад болж байгаа үйл баримт хэрэгт тогтоогддог. Бид төрийн нэрийн өмнөөс хуульд зааснаар ажлаа хийгээд явж байгаад цагдаагийн албан хаагчид саад болж болохгүй гэдгийг шүүх хуралдаанаас хатуу ойлгоод гарах хэрэгтэй. Э.Пд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримт болох хохирогч нарын мэдүүлэг, гэрч Г.Б-ны мэдүүлэг, гэрч П.Б-нгийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Э.П-гийн мэдүүлгээр нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг тус тус гаргаж байна. Энэ хэргийн улмаас бусдад учирсан 40 000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, Шүүгдэгч Э.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна. энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагдаагийн хугархай дохиур модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Б-тын “Э.П гэх залуу араас ирээд машины жолооч талын бариулаас бариад явуулахгүй байсан. Тэгэхээр нь Б.Хунтхүү машинаас буусан. Э.П гэх залуу Б.Х-г барьж аваад шууд газарт шидээд дээр нь гарсан. Би машинаас буугаад очсон чинь нөгөө залуу нь Б.Х-г өмсөж байсан хувцасных нь захаар боочихсон өвдгөөрөө цээж хэвлий дээр нь өвдөглөөд дарсан байсан. Цагдаагийн жижүүр лүү нэмэлт хүч дуудаж Г.Э, Э.П нарыг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Х-гийн “Э.П гэж залуу над дээр ирээд машины цонхоор та нар зүгээр байсан хүний машин яагаад ачдаг юм бэ, чамд хүний машин саатуулах эрх байхгүй гэж хэлээд миний нүүр рүү шүлсээрээ нулимсан. Машинаасаа буусан чинь миний хувцасны энгэрээс заамдаж аваад өөрөө газарт унаад хөлөөрөө намайг жийгээд өөр дээгүүрээ давуулаад газарт шидсэн. Намайг газарт унасан чинь өмсөж байсан хувцасны захаар боож байгаад миний цээж толгой руу хөлөөрөө цохиод цээж, хэвлий дээр өвдгөөрөө өвдөглөөд дараад нударч, нидрээд байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Б-ны “хүмүүс зодолдоод байна гэхээр нь гараад харсан чинь манай баарны 7-р ширээн дээр сууж байсан залуу цагдаа нартай баарны хашааны гадна ноцолдож байсан” гэсэн мэдүүлэг, гэрч П.Б-гийн “Б цагдаа бид хоёрыг очих үед нэлээд ноцолдож зодолдсон бололтой замын цагдаагийн зохицуулагч нарын өмсөж явсан хувцас нь шороо тоос болсон. Б.Хунтхүү цагдаагийн ногоон өнгийн хантааз урагдсан, Т.Б цагдаагийн улаан өнгийн дохиур мод зэрэг хугарч гэмтсэн байдалтай байсан. Замын цагдаа нар тусгай хэрэгслийг цээж нүцгэн залууд хэрэглэх гэхээр урдаас нь өшиглөөд, цохиод, та нарыг ална, аавынд явж ирээд ч гэсэн та нарыг дайрч ална, намайг хүмүүс андахгүй гэх мэтээр хэлээд байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч нарын биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч гэмтэл учисан болохыг тогтоосон Орхон аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт, Орхон аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт, хүний биед болон өмсөж явсан хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.П нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргилуун” буудлын гадаа дуудлага мэдээллийн дагуу үүрэг гүйцэтгэхээр ирсэн замын цагдаагийн зохицуулагч Т.Б, Б.Х нарын автомашиныг саатуулах, газарт унагаж, хоолойг нь боох, цохих, ноцолдох зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.П-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.П-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн тул согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас Т.Б, Б.Х нарын эрүүл мэндэд хохирол учраагүй бөгөөд ногоон хантааз, дохиур мод зэргийг гэмтээж 40 000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нөхөн төлсөн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагдаагийн улаан өнгийн дохиурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Энхээгийн Э.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг улаан өнгийн дохиурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС