Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 97

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Тавын төвд оршин суух, ПВ62021500 регистрийн дугаартай, Молхы овогт Кашкийн Аяашийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч К.Аяаш, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч К.Аяаш нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Ховд сумын 1 дүгээр бригадад 1978-1985 оныг дуустал, Буянт сумын Соёл нэгдэлд 1986-1990 оны 4 дүгээр сар хүртэл тус тус ажилласан бөгөөд миний дээрх хугацааны ажилласан байдал хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүйн улмаас хохироход хүрээд байна.

Би 7-р ангид байхад манай аав хөлгүй болсон тэгээд би мал дээр гаргасан. Манай хадам аавыгМолохон гэдэг байсан. Би 1986 оны 7 сард гэр бүл болсон. Манай нөхрийг Төхөн гэдэг. 1986 оны 7 сард хүнтэй суугаад Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд нөхрийнхөө хамт хадам аавынхаа туслах малчнаар ажилласан. 1992 он хүртэл мал малласан. Иймд намайг 1978 оноос 1986 оны 06 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Ховд сумын 1-р бригадад малчнаар, 1986 оны 07 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч К.Аяаш нь 1978 оноос 1986 оны 06 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Ховд сумын 1-р бригадад малчнаар, 1986 оны 07 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1879 дүгээр албан бичиг,

-Ховд аймгийн Ховд сумын 1 дүгээр бригадын 1978-1983, 1985-1986 онуудын 70 дугаар дансны хуулбар,

-Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн даргын 1984 оны сайшаалын үнэмлэх,

-Монгол Ардын Хувьсгалт намын төв хорооны 1987 оны Хүндэт жуух бичиг,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаар албан бичиг,

-Ховд аймгийн Буянт сумын 3 дугаар бригадын 1987-1989 оны 70 дугаар дансны хуулбар,

-К.Аяашийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл,

-Гэрч Х.Батсүхийн “К.Аяаш 1986 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Харцохио бригадад малчнаар ажиллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн малын эмчээр ажиллаж байсан. Аав, ээж нь Буянт сумын хүн учраас Буянт суманд ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч С.Мысирханы “К.Аяаш 1978 оноос 1986 оны 7 дугаар сар хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Улмаар 1986 оны 7 дугаар сард хүнтэй гэрлээд Ховд аймгийн Буянт сум руу шилжиж явсан. Би тухайн үед Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч С.Төлөубайн “К.Аяаш 1987 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Харцохио бригадад малчнаар ажиллаж байсан. Хадам аав нь С.Молахан гэдэг хүн байсан. Гэр бүлийн хамт мал малладаг байсан. Би тухайн үед Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч К.Аяашийг 1978 оноос 1986 оны 06 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Ховд сумын 1-р бригадад малчнаар, 1986 оны 07 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Молхы овогт Кашкийн Аяашийг 1978 оноос 1986 оны 06 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Ховд сумын 1-р бригадад малчнаар, 1986 оны 07 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА