| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0118/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/116 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгч Ө.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Эд холбогдох эрүүгийн 2025000050058 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ө.Э нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын ? тоотод Б.Бтай маргалдаж, улмаар архины шилээр толгойн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Э мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Б “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5-р хуудас/
2. Хохирогч Б.Бын “..2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хабитатийн урд Ө.Этай тааралдсан. Бид хоёр 0.75 литрийн стандарт архи авч манай гэрт очиж хувааж уусан. Согтсон байсан болохоор би юу болсныг сайн санахгүй байна. Ө.Э орон дээр намайг унагааж байгаад дээрээс толгой хэсэг рүү цохиод байсан. Нэг мэдсэн Ө.Э гараад явсан байсан. Миний духнаас маш их цус гарч нүүр рүү гоожиж байсан. Тэгэхээр нь өөрийн ах Г болон түүний хүү Б нарыг дуудсан. Ямар ч байсан Ө.Этай архи ууж байснаа санаж байна. Өөр хүн байгаагүй. Намайг юугаар яаж зодсон гэдгийг санахгүй байна. Би тэр өдөр нь Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн түргэн тусламжийн хүлээн авах дээр очиж оёдол хийлгэсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-11, 18-р хуудас/
3. Гэрч Г.Б-тын ...“Б.Б ах над руу залгаад намайг хүн зодчихлоо гэхээр нь би аав Б.Гантөмөрийн хамт гэрт нь очсон. Гэрт нь ороход шалаар нь маш их цус болчихсон, Б.Б ах орон дээрээ согтуу толгойгоо даавуугаар дараад сууж байсан. Би юу болсон бэ гэж асуухад Ө.Э намайг цохчихлоо гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/
4. Гэрч Б.Г-ийн ...“Б.Бын ор, шал гээд нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Манай хүү Г.Баасанбат цагдаа дуудсан. Цагдаа нар ирэхээс өмнө ширээний хойно байсан архины шил хагарчихсан байсныг би юм бодолгүй гаргаад хаячихсан. Эмнэлэг дээр оёдол тавиулсны дараа Б.Б “би Ө.Этай хамт архи уусан чинь миний толгой руу архины шилээр хусчихлаа” гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/
5. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102 дугаартай ...“Б.Бын биед духанд 2 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь 2019-12-20-ны өдөр үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана..” гэсэн дүгнэлт /хх-ийн-22-р хуудас/ болон яллагдагчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Ө.Э нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Б.Бын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамжаар 11 сар 15 хоногийг хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байсан. Шүүгдэгч нь тэнсэн суллагдсан хугацааг дуусаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн. Иймд түүнд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шинээр гэмт хэрэг үйлдсэн тул дээрх 11 сар 15 хоногийг нэмж нэгтгэн, 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялыг хорих ялыг 30 хоногийн хорих ялаар тооцож, нийт 12 сар 15 хоногийн хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй байна. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Бын “Бид 0.75 граммын стандарт архи авч манай гэрт очиж хувааж уусан. Согтсон байсан болохоор би юу болсныг сайн санахгүй байна. Ө.Э орон дээр намайг унагааж байгаад дээрээс толгой хэсэг рүү цохиод байсан. Нэг мэдсэн Ө.Э гараад явсан байсан. Миний духнаас маш их цус гарч нүүр рүү гоожиж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Б-тын “Б.Б ах над руу залгаад намайг хүн зодчихлоо гэхээр нь би аав Б.Г-ийн хамт гэрт нь очсон. Гэрт нь ороход шалаар нь маш их цус болчихсон Б.Б ах орон дээрээ согтуу толгойгоо даавуугаар дараад сууж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Г-рийн “Б.Бын ор, шал гээд нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Манай хүү Г.Б цагдаа дуудсан. Цагдаа нар ирэхээс өмнө ширээний хойно байсан архины шил хагарчихсан байсныг би юм бодолгүй гаргаад хаячихсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ө.Э нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 30-27 тоотод Б.Бтай маргалдаж, архины шилээр толгойн тус газар нь цохиж духанд 2 тооны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Эы үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Эыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Э нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 15 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан бөгөөд тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эдлээгүй үйлдсэн ялыг оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1,2, 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 279 дугаар шийтгэх тогтоолд оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлсэн 11 сар 15 хоногийн хорих ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжээр торгох ялыг 30 хоногийн хугацаагаар тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 сар 15 хоног буюу 1 жил 15 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эд оногдуулсан 1 жил 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС