Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 107

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн Жиймаад оршин суух, ПН67030503 регистрийн дугаартай, Ар түмт овгийн Гонгорын Янжмаагийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Янжмаа, гэрч С.Чойжилжав, Б.Баттөмөр, нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Янжмаа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оны 06 дугаар сард 8-р анги төгсөөд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд 1989 он хүртэл хонь, ямаа маллаж улсад нийт 7 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1983-1989 оны ажилласан байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд миний 1983 оны 06 дугаар сараас1989 он дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Янжмаа нь 1983 оны 06 дугаар сараас1989 он дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 76 дугаар албан бичиг,

-Д.Гонгорын 1983-1985 оны хөдөлмөрийн хөлсний түүвэр,

-Ховд аймгийн Чандмань сумын Овоот бригадын Г.Янжмаагийн нэр дээрх 1986-1989 оны 70 дугаар дансны хуулбар,

-Шүүх хуралдаан дээр гэрч С.Чойжилжавын өгсөн “Би Г.Янжмаагийн эцэг эхтэй хамт нэгдэлд ажиллаж байсан. Г.Янжмаа нь 1983 оны 06 дугаар сараас1989 он дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан. Би Овоот бригадын даргаар ажиллаж байсан учир сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

-Шүүх хуралдаан дээр гэрч Б.Баттөмөрийн өгсөн “Г.Янжмаа нь 1983 оны 06 дугаар сараас1989 он дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг зэрэг болно.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Г.Янжмааг 1983 оны 06 дугаар сараас1989 он дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ар Түмт овгийн Гонгорын Янжмааг 1983 оны 06 дугаар сараас1989 он дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА