| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0100/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/117 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч С.Л нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Лд холбогдох эрүүгийн 2025000520072 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.Л нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 11-12 тоот хашаанаас иргэн Д.Бгийн эзэмшлийн тоёота приус 20 загварын 15-86 ОРБ улсын дугаартай 8 500 000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгогүйгээр авч явж 804 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Лг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч
явсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Л мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Болсон явдлыг санахгүй байгаа. Харамсаж байна” гэв.
Хохирогч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургууд. /хх-ийн 3-6-р хуудас/
2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 7-9-р хуудас/
3. Хохирогч Д.Бгийн “...Би тухайн өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр болсон үйл явдлыг мэдэхгүй. Манай дүү болох Г-Э миний машиныг гуйгаад аваад явсан юм. Би дүүдээ машинаа өгч явуулахад миний машин бүрэн бүтэн ямар ч гэмтэл сэвгүй байсан. Би машинаа аваад сар гаруй хугацаа өнгөрч байсан. Манай хүү авч өгсөн юм. Би өөрийн машинаа 9,800,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний машинд ийм их сэв зураас гэмтэл байгаагүй, би маш их гомдолтой байна. 15-86 ОРБ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх байгаа юм. Би ямар нэгэн орлогогүй, хааяа таксинд явж хэрэгцээний мөнгө төгрөгөө олдог байсан. Одоо ямар ч орлогогүй, машин ч үгүй болчхоод байна. Би хохирлоо хурдан барагдуулж, машинаа авмаар байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/
4. Гэрч Л.Г-Э-нийн “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн үед хорооллын эцэст С.Л гэх зүс мэдэх эмэгтэйтэй 94610938 дугаар луу нь холбогдоод уулзсан юм. Тэгээд бид хоёр уулзаад хороололд байх найз Х-лын гэр лүү нь хамт очсон юм. Очоод С.Л, Х бид гурав нийслэл нэртэй том пиво 1 ширхэгийг, Соёрхол нэртэй 750 граммын архийг хувааж уусан. Тэр архи пиво зэргийг гэр лүү нь орохдоо дэлгүүрээс авсан юм. Бид гурав оройн 18 цагийн үед очоод оройны 22 цаг хүртэл архи, пиво уугаад сууж байгаад нэг харахад нөгөө С.Л гэх хүүхэн гэрт байгаагүй гараад харахад миний унаж явсан манай ахын 15-86 ОРБ улсын дугаартай приус-20 маркийн машинд сууж байсан юм. Тэгээд би машины урд талын цонх тогшиход хаалгаа онгойлгоогүй, бүх хаалга нь цоожтой байсан, удалгүй тэр хүүхэн гэнэт машинаараа хойшоо ухраад машины хойд талаар хашаа мөргөөд байх шиг байсан. Тэгж мөргөж байгаад хашаанаас машинаараа гараад яваад өгсөн. Зогсоох гээд дийлээгүй. Тэгээд найзынхаа гар утаснаас цагдаад дуудлага өгсөн юм. 15-86 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай хамаатны ах Д.Б гэдэг хүний эзэмшлийн машин байгаа юм. Би өчигдөр ахаасаа машиныг нь гуйж аваад таксинд явж байсан юм. Энэ талаар манай ах мэдээгүй байгаа. Би С.Л гэх эмэгтэйтэй 2019 оны 12 дугаар сарын сүүлээр таксинд явж байгаад танилцаад хүргүүлэхдээ өөрөө дугаараа өгөөд бууж байсан юм. Янз бүрийн дотно харьцаа байхгүй. Анх танилцсан өдрөөсөө хойш уулзаагүй байж байгаад өчигдөр уулзсан юм. Би энэ эмэгтэйн талаар сайн мэдэхгүй. Би С.Л гэх эмэгтэйд ахынхаа машины түлхүүрийг өгөөгүй. Надаас түлхүүрээ өгчих гэж хэлээгүй. Би куртикний халаасандаа хийчихсэн байсан юм....” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-15-р хуудас/
5. Гэрч Б.Х-лын “...2020 оны 01 дүгээр сарын 08- ны өдөр 17 цагийн үед хорооллын эцэст гэртээ байж байхад манай найз Ган- Эрдэнэ, Лхамаа гэх эмэгтэйтэй ирсэн. Тэгээд тэр хоёр гаднаас орж ирэхдээ нийслэл нэртэй том пиво 1 ширхгийг, Соёрхол нэртэй 750 граммын архийг авчихсан орж ирсэн. Тэгээд бид гурав оройн 18 цагийн үед очоод оройны 22 цаг хүртэл архи, пиво уугаад суусан. Гэхдээ архи пиво дуустал нь ууж дуусаагүй байсан юм. Би нэг хэсэг унтчихсан байсан. Сэрэхэд нөгөө Лхамаа гэх хүүхэн гэрт байгаагүйг хараад манай найз Ган-Эрдэнэ гадагшаа гарсан юм. Тэгээд би удалгүй найзынхаа араас гарахад нөгөө хүүхэн манай найзын унаж байсан машиныг унаад зугтчихсан. Би найзаасаа асуухад тэр Лхамаа гэх хүүхэн бүх хаалгаа цоожилчихсон байсан гэсэн. Тэгээд гэр лүү ороод миний гар утаснаас цагдаад дуудлага өгсөн. 1586 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай найзынх биш хамаатны ахынх нь машин юм байна лээ. Би С.Л гэх эмэгтэйг огт танихгүй. Манайд орж ирэхэд л анх танилцаж уулзсан. Би тэр эмэгтэйг манай найзтай ямар холбоотой талаар сайн мэдэхгүй. Манай найз С.Л гэх эмэгтэйд ахынхаа машины түлхүүрийг өгөөгүй байх аа, тэр хүүхэн өөрөө куртикний халааснаас нь аваад гарчихсан юм шиг байна лээ. Манай найз надад хэлэхдээ машиных нь түлхүүр куртикний халаасанд байсан гэсэн. Тухайн үед гурвуулаа л байсан учраас уусан архи пивондоо нэлээн халчихсан байсан. Тэр эмэгтэй ч ер нь л их согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг. /хх- ийн 16-17-р хуудас/
6. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2020 оны 02 сарын 20-ны өдрийн №1044 дугаартай “авто машины засварын шууд зардлын дүн 729000 төгрөг шууд бус зардлын дүн 75000 төгрөг нийт 804000 төгрөг..” гэсэн дүгнэлт. /хх-ийн 39-41-р хуудас/
7. Яллагдагч С.Л-гийн ...“Тэгээд найзтай нь цуг мод авчраад галыг нь түлээд хэсэг суусан. Би бие засах гэж гараад нэг мэдсэн чинь л цагдаа дээр байсан юм. Тухайн үед би архи ихээр уугаад согтолттой байсан учраас яг юу болсон талаар юу ч санахгүй байна. Надад бусдын эзэмшлийн машиныг авч зугатаах, хулгайлан авч явах ямар ч санаа сэдэл байгаагүй. Уусан архинаасаа болоод л ийм асуудалд орчихлоо. Хэтэрхий их уугаад биеэ хянах чадваргүй болсон байсан юм шиг байна. Би тэр үед архи пиво ихээр уугаад их согтсон байсан. Тэгээд гадагшаа бие засах гэж гараад л салхинд муудаад, тэгээд машинд суугаад тэндээ тасарчихсан юм шиг байна. Намайг бие засчхаад машинд нь ороход түлхүүр дотор нь байсан юм. Хэтэрхий их уугаад биеэ хянах чадваргүй болчихсон байсан байх. Би 15-86 ОРБ дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг нь бүгдийг нь засч янзлуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18, 49-50-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Л нь 2020 оны 1 дүгээр сарын 8-ны Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваатын Яргуйт 11-12 тоотод байсан 15-86 ОРО приус маркийн авто тээврийн хэрэгслийг эзэмшигч, ашиглагчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Л.Ган-эрдэнэ, гэрч Б.Хишигжаргал, “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн дүгнэлт, С.Л-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож тогтоогдож байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар ял шийтгэл оногдуулахаас гадна бусдын зөвшөөрөлгүйгээр бусдын эд зүйлд халдахгүй байхыг ухаараад гараасай гэж хүсч байна. Тухайн үед цагдаагийн байгууллагад нэн даруй хандсанаас С.Лгийн үйлдэл таслан зогсоогдсон байгаа. Иймд шүүгдэгч С.Лг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, шүүгдэгч С.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид оногдуулсан ялыг өдрийн 8 цагаас дээшгүй хугацаагаар тогтоох саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналыг тус тус гаргаж байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч Д.Бгийн “Би тухайн өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр болсон үйл явдлын талаар юу ч мэдэхгүй байгаа юм. Манай дүү болох Ган-Эрдэнэ л миний машиныг гуйгаад аваад явсан юм. Би дүүдээ машинаа өгч явуулахад миний машин бүрэн бүтэн ямар ч гэмтэл сэвгүй байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Ган-Эрдэнийн “Бид гурав оройн 18 цагийн үед очоод оройны 22 цаг хүртэл архи, пиво уугаад сууж байгаад нэг харахад нөгөө С.Л гэх хүүхэн гэрт байгаагүй гараад харахад миний унаж явсан манай ахын 15-86 ОРБ улсын дугаартай приус-20 маркийн машинд сууж байсан юм. Тэгээд би машины урд талын цонх тогшиход хаалгаа онгойлгоогүй, бүх хаалга нь цоожтой байсан, удалгүй тэр хүүхэн гэнэт машинаараа хойшоо ухраад машины хойд талаар хашаа мөргөөд байх шиг байсан, тэгж мөргөж байгаад хашаанаас машинаараа гараад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Х-лын “Бид гурав оройн 18 цагийн үед очоод оройны 22 цаг хүртэл архи, пиво уугаад суусан, гэхдээ архи пиво дуустал нь ууж дуусаагүй байсан. Би нэг хэсэг унтчихсан байсан сэрэхэд нөгөө Лхамаа гэх хүүхэн гэрт байгаагүйг хараад манай найз Л.Г-Э гадагшаа гарсан юм. Тэгээд би удалгүй найзынхаа араас гарахад нөгөө хүүхэн манай найзын унаж байсан машиныг унаад зугтчихсан” гэсэн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2020 оны 02 сарын 20-ны өдрийн №1044 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Л нь 2020 оны 01 сарын 08-ны өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 11-12 тоот хашаанаас иргэн Д.Б-гийн эзэмшлийн тоёота приус 20 загварын 15-86 ОРБ улсын дугаартай автомашиныг авч зугтан эвдэлж 804 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Л-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Лг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж барагдуулсныг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас Д.Б-гийн авто тээврийн хэрэгсэл эвдэрч 804 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч автомашиныг засварлаж өгсөн тул хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС