| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0143/Э |
| Дугаар | 2020/шцт/137 |
| Огноо | 2020-08-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Ө |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2020/шцт/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,
улсын яллагч Т.Өсөхболд,
шүүгдэгч П.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Төнхөн овогт П.З-д холбогдох эрүүгийн 2036000000161 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс захчин, 1987 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* сумд төрсөн, 33 настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 07 дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Төнхөн овогт П.З
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч П.З нь 2019 оны 8 дугаар сард Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” захиын №65 тоот павилоноос “HUAWEI Y6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Х.Д******* 550000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2036000000161 дугаартай хавтаст хэргээс:
1.Яллагдагч П.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40-р хуудас/,
2.Хохирогч Х.Даваажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-р хуудас/,
4.Хохирогч Х.Даваажавын гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 63-р хуудас/,
5.Яллагдагч П.Згийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 83-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар П.З нь 2019 оны 8 дугаар сард Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “******* *******” захын №65 тоот павилоноос “HUAWEI Y6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Х.Д******* 550000 төгрөгийн хохирол учруулж улмаар хохирогчид 260000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулан үлдэснийг төлж өгөхөөр хохирогчтой тохиролцсон зэрэг үйл баримт тогтоогджээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Зг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд
Шүүгдэгч П.З нь 2019 оны 8 дугаар сард Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “******* *******” захын №65 тоот павилоноос “HUAWEI Y6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Х.Д******* 550000 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Гэрч Х.Даваажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 08 дугаар сарын 20-ны үед байсан санагдаж байна. ******* буян захын 65 номерын павилонд худалдаа эрхэлж байгаад өөрийн “HUAWEI Y6” маркийн гар утсаа хулгайд алдсан юм. Энэ асуудлыг шалгуулахаар цагдаагийн газарт өргөдөл гаргасан юм. ... Тухайн үед хөл хөдөлгөөн ихтэй байсан болохоор сэжиглэж байгаа хүн байхгүй. Хүн маш их орж гарч байсан....Тухайн үед утсаа яриад дуусаад цэнэглэж байсан гар утсаа бараан дээр ил тавьсан байна лээ. Ямар нэгэн байдлаар гээсэн асуудал байхгүй. Миний павилон дотроос алга болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57-р хуудас/,
-Хохирогч Х.Даваажавын /1978 оны 5-р сарын 29-нд төрсөн, 42 настай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, Зах наймын Мөнх-Очир овогт Хүрэлжээгийн Даваажав/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 08 дугаар сарын 20-ны үед Ховд аймгийн ******* сумын ******* багт байрлах ******* буян захын 65 номерын павилонд утсаар ярьж байгаад хүн юм авъя гэхээр нь утсаа таслаад лангуун дээрээ тавьчихаад худалдан авагч тооцоогоо мобайл банкаар хийхээр нь утсанд мэдээлэл ирсэн эсэхийг харах гээд утсаа хайгаад ололгүй хүний утаснаас залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Тухайн үед цагдаад тэмдэглүүлсэн. ... Миний утас 2019 оны хар өнгийн HUAWEI Ү6 маркийн утас байсан. Би 2019 оны 6 сард дүү болох А.Оюунжаргалын нэр дээр мобикомын салбараас лизингээр авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12-р хуудас/,
-Яллагдагч П.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2019 оны 08 дугаар сарын 20-ны үед байсан хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэж байсан үеэр гоо сайхны бүтээгдэхүүн, дотуур хувцас авах гэж ******* буян зах руу орсон. ******* буян захын үдээр ороод байдаг дотуур хувцасны павилон руу орж дотуур хувцас сонирхож байхад лангуун дээрх бараан дээр хар өнгийн HUAWEI маркийн гар утас байхаар нь би энүүгээр үйлчлүүлсэн хүмүүс хаясан байх гэж бодоод аваад гарч явсан. ... Би номерыг нь санахгүй байна. ******* буян захын үүдээр ороод хамгийн эхэнд байдаг дотуур хувцасны дэлгүүр байсан. ...Би хохирогч Х.Даваажав гэдэг хүнтэй 2020 оны 07 дугаар сарын 7-ны өдөр утсаар ярьж 300000 төгрөг бэлнээр өгч 250000 төгрөгөнд хонь өгөхөөр болж тохирсон. ...Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40-р хуудас/,
-Хохирогч Х.Даваажавын Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие Х.Даваажав нь П.З-тай тохиролцсоны үндсэн дээр гомдолгүй болно. Хохирлоо бэлэн 2020 оны 07.20-нд 260000 төгрөг авсан. Үлдсэнийг нь 08.20-нд барагдуулна гэж тохиролцсон” гэх өргөдөл /хавтаст хэргийн 82-р хуудас/,
-Гар утас үнэлсэн тухай шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “2019 оны 8 дугаар сарын байдлаар дээрхи үнэлгээний зүйлийн үнэ цэнэ нь 550000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 8-р хуудас/,
-2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 30-р хуудас/,
-2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 31-32р хуудас/,
-Яллагдагч П.Згийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан “Миний бие П овогтой З хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулсан. Өмгөөлөгч авахгүйгээр өөрийн биеэр оролцоно. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 83-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “******* *******” зах доторх павилон нь хохирогчийн хувьд байнга, тогтвортой үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр боловч олон нийтэд нээлттэй, худалдаа үйлчилгээ үзүүлдэг байр байх тул уг павилонд худалдаа хийхээр орсон шүүгдэгчийг үйлдлийг хууль бус нэвтрэлт гэж үзэхгүй. Харин бараан дээр байсан гар утсыг бусдын эд зүйл гэдгийг мэдсээр байж бусдад мэдэгдэлгүйгээр, өөрийнхөө эзэмшил, өмчлөлдөө үнэ төлбөргүй шилжүүлэн авсан шүүгдэгч П.З-ийн үйлдлийг шунахайн сэдэлтээр, санаатайгаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч П.З-ийн “******* *******” захын №65 тоот павилоноос “HUAWEI Y6” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Згийн үйлдсэн гэмт хэрэгт нь мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Иймээс шүүгдэгч П.З-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч П.З нь хохирогч Х.Д******* 310000 төгрөг төлсөн, үлдсэн хохирлыг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуустал төлж барагдуулахаар тохиролцсон болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн хүсэлтээр /хавтаст хэргийн 82-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчээс 240000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч П.З нь урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 26-р хуудас/ нотлогдож байгаа ба анхнаасаа хулгай хийх зорилгоор павилонд нэвтэрсэн нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.З-ийн хувийн байдлын талаар гэрч А.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “П.З нь ээжтэйгээ 2 дүүтэйгээ амьдардаг даруу төлөв зантай хүүхэд байсан. Хүнтэй зөв харилцаатай элдэв янзын ааш гаргадаггүй. П.З хэдэн онд хуримаа хийснийг мэдэхгүй одоо нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Амьдралын түвшин дундаж өөрсдийгөө болгоод амьдардаг. П.З нь согтууруулах ундааны зүйл болон тамхи хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-р хуудас/ хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгч П.З-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.З-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг үндэслэн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.З-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж, тэнсэж албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эрүүгийн 2036000000161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “HUAWEI Y6” загварын гар утасны үнэ 550000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчээс 240000 төгрөг гаргуулан хохирогчид олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “HUAWEI Y6” загварын гар утсыг эзэмшигч нь болох Х.Д******* буцаан олгож, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Төнхөн овогт П.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Төнхөн овогт П.З-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.З-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч П.З-д сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч П.З-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 550000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.З-аас хохирлын 240000 төгрөг гаргуулж хохирогч Х.Д******* олгосугай.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
8.Эрүүгийн 2036000000161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “HUAWEI Y6” загварын гар утасыг хохирогч Х.Д******* буцаан олгож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч П.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК