Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 109

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, ПВ57031010 регистрийн дугаартай, Сартуул овогт Батнасангийн Шоовойгийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Шоовой, нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Шоовой нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1977-1980 онд цэргийн алба хаасан. Улмаар 1981-1982 онд Ховд аймгийн Буянт сумын Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргаанд биеийн тамирын арга зүйн зааварлагч, 1982-1985 оны 10 дугаар сар хүртэл Буянт сумын Ясли-цэцэрлэгт няраваар, 1985 оны 10 дугаар сараас 1987 оныг дуустал Буянт сумын 8 жилийн сургуульд хүнсний няраваар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч өөрийн хайхрамжгүй байдлын улмаас хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул хохироход хүрээд байна. Иймд миний 1981-1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс Ховд аймгийн Буянт сумын Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргаанд биеийн тамирын арга зүйн зааварлагч, 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сар хүртэл Ховд аймгийн Буянт сумын Ясли-цэцэрлэгт нярав эрхлэгчээр, 1985 оны 10 дугаар сараас 1987 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн сургуульд хүнсний няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Шоовой нь 1981-1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс Ховд аймгийн Буянт сумын Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргаанд биеийн тамирын арга зүйн зааварлагч, 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сар хүртэл Ховд аймгийн Буянт сумын Ясли-цэцэрлэгт нярав эрхлэгчээр, 1985 оны 10 дугаар сараас 1987 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн сургуульд хүнсний няраваар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар албан бичиг,

-Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 40 дүгээр тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Буянт сумын албан хаагчдын 1982 оны 70 дугаар дансны хуулбар,

-Ховд аймгийн Буянт сумын Намын үүрийн товчооны 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хуулбар,

-Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2/17 дугаар албан бичиг,

-Б.Шоовойгийн 1985, 1986, 1987 оны цалингийн картны хуулбар,

-Б.Шоовойгийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,

Б.Шоовойгийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Л.Нацагбадамын Миний бие Буянт сумын Ясли цэцэрлэгт 1978-2003 он хүртэл ажилласан бөгөөд намайг ажиллаж байх хугацаанд буюу 1982-1985 он хүртэл тус цэцэрлэгт няраваар ажиллаж байсан нь үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Гэрч Ч.Баярлахын Б.Шоовой нь 1981-1982 онд Ховд аймгийн Буянт сумын Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргаанд арга зүйч, 1982-1985 онд Буянт сумын Ясли-цэцэрлэгт няраваар, 1986-1987 онд Буянт сумын 8 жилийн сургуульд хүнсний няраваар ажиллаж байсан нь үнэн болно. Би тухайн үед тус суманд номын санч, 8 жилийн сургуульд лаборант, бичээч, номын санчаар ажиллаж байсан учраас сайн мэдэж байна гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Гэрч Ш.Загайгийн Б.Шоовой нь 1981-1982 онд Ховд аймгийн Буянт сумын Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргаанд арга зүйч, 1982-1985 онд Буянт сумын Ясли-цэцэрлэгт няраваар, 1986-1987 онд Буянт сумын 8 жилийн сургуульд хүнсний няраваар ажиллаж байсан нь үнэн болно. Би тухайн үед Буянт сумын Соёл нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан учраас сайн мэдэж байна гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг болно.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.Шоовойг 1981-1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс Ховд аймгийн Буянт сумын Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргаанд биеийн тамирын арга зүйн зааварлагч, 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сар хүртэл Ховд аймгийн Буянт сумын Ясли-цэцэрлэгт нярав эрхлэгчээр, 1985 оны 10 дугаар сараас 1987 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн сургуульд хүнсний няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сартуул овогт Батнасангийн Шоовойг 1981 оноос 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд биеийн тамирын арга зүйн зааварлагчаар, 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сар хүртэл Ховд аймгийн Буянт сумын Ясли-цэцэрлэгт няраваар, 1985 оны 10 дугаар сараас 1987 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн сургуульд хүнсний няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА