Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/120

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

            Нарийн бичгийн дарга Д.О

            Улсын яллагч Г.Т       

            Иргэний нэхэмжлэгч А.Б

            Иргэний хариуцагч Д.О

            Хохирогч О.Д

            Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Дд холбогдох 2025000420061 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч О.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэр “Номин” агуулах худалдааны төвийн урд талын асфальтан замын гүйцэд түрүүлэхийг хориглосон уулзвар дээр Д.Оы өмчлөлийн Киа бонго маркийн 57-50 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэд түрүүлэх үйлдэл хийхдээ хурдаа тохируулаагүй, аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаараагүйн улмаас Тоёота платз маркийн 37-85 ОРО улсын дугаартай автомашины араас мөргөж жолооч О.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Дг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож байна. Замын цагдаагийн дүгнэлтийг зөвшөөрч байна. Машинд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг нөхөн төлнө” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч О.Д мэдүүлэхдээ “Энэ хэргээс болж эгэмээ хугалсан. Гараа дээш өргөж чадахгүй байгаа. Эм тарианы зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч А.Бь мэдүүлэхдээ “О.Дгээс 800 000 төгрөг нэхэмжилж байгаа. Тэрнээс 312 000 төгрөгийг рентген зураг авахуулсан нь хасагдаж, үлдэх 524 000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Д.О мэдүүлэхдээ “Миний эзэмшлийн машиныг манай хүү унаж яваад зам тээврийн осол гаргасан байна. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11-р хуудас/

 

2. Хохирогч О.Дгийн ...”2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн орчим Тоёота платз маркийн 37-85 ОРО улсын дугаартай автомашиныг жолоодож “Номин” агуулах худалдааны төв орохоор явсан. Миний машинд жолоочийн хажуугийн суудалд дүү Бат-Эрдэнэ, арын суудал дээр бэр А.Бь, 10 сартай охин У-гийн хамт явсан. Миний араас А.Баагийн аав А өөрийн машинаар дагаж явсан. “Номин” агуулах худалдааны төвийн уулзвар руу дохио өгөөд орох гэж байтал араас нэг машин хүчтэй ирж мөргөсөн. Эсрэг урсгалд ойрын хэдэн км-т ямар ч машин байгаагүй учраас би уулзвар руу нэвтрэх үйлдэл хийсэн. Би машинаас буугаад харахад миний машины араас Бонго маркийн машин мөргөсөн байсан. Бонго маркийн автомашинд жолоочоос өөр хүн байгаагүй. Тэр жолооч бидэнд түргэн дуудаж өгсөн. Тухайн үед бид бүгд рентген зураг авхуулахад надаас бусдад нь ясны ямар нэгэн гэмтэл, бэртэл байгаагүй. Миний зүүн талын эгэм хугарсан. Би “Их хаадын цуваа” ХХК-ийн барилга дээр гэрээгээр сарын 800000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Ослын улмаас ажлаа хийж чадахгүй болсон. Би Тоёота платз маркийн 37-85 ОРО улсын дугаартай автомашиныг ноднин жил М гэж хүнээс 3.3 сая төгрөгөөр худалдан авч байсан ч албан ёсоор нэр дээрээ шилжүүлээгүй. Миний араас машинтайгаа явж байсан А ахын ярьж байгаагаар О.Д нь А ахын машиныг гүйцэж түрүүлээд миний машиныг мөргөсөн гэж хэлсэн”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18- 20-р хуудас/

 

3. Иргэний нэхэмжлэгч А.Бийн ...“Хадам эгч О.Д Тоёота платз маркийн 37-85 ОРО улсын дугаартай автомашиныг жолоодож яваад “Номин” агуулах худалдааны төв уулзвар руу дохио өгөөд эргэх гэхэд гэнэт араас машин хүчтэй ирж мөргөсөн. Ослын улмаас зүүн хөл гишгэж, явахад хөндүүртэй байна. Манай нөхөр Б-Эр, охин У нарт ямар нэгэн гэмтэл учраагүй“... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-р хуудас/

 

4. Гэрч Э.А-гийн ...“О.Д-гийн жолоодож явсан автомашины араас өөрийн автомашиныг жолоодож явж байтал О.Дг “Номин” агуулах худалдааны төвийн уулзвар гарцан дээр дохио өгөөд эргэх гэж байхад миний хажуугаар ачааны портер маркийн машин өнгөрөөд О.Дгийн автомашиныг мөргөсөн. Ачааны портер маркийн машин их хурдтай явж байсан. О.Д бид хоёрын дунд нэг машин явж байсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37-38-р хуудас/

 

5. Гэрч О.Б-Э-ний ...“О.Д Тоёота платз маркийн 37-85 ОРО улсын дугаартай автомашиныг жолоодож яваад “Номин” агуулах худалдааны төвийн уулзвараар баруун тийш эргэх дохио өгөөд эргэх гэж байхад араас цэнхэр өнгийн бонго машин ирээд мөргөсөн“ гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43-44-р хуудас/

 

6. Гэрч Д.Оы ...“Миний хүү О.Дгийн унаж явсан Киа бонго маркийн 57-50 ОРХ улсын дугаартай ачааны автомашин миний нэр дээр байдаг боловч хүү маань байнга унаж хэрэглэдэг. Ерөнхийдөө хүүгийн маань машин гэж ойлгож болно. Хохирогчийн эмчилгээний зардалд 2 сая төгрөг зарцуулсан. Би Киа бонго маркийн 57-50 ОРХ улсын дугаартай ачааны автомашинд учирсан эвдрэлийг нэхэмжлэхгүй..” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46-р хуудас/

 

7. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай ...“Киа бонго маркийн 57-50 ОРХ улсын дугаартай автомашины жолооч О.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.4-д заасан Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр”, 12.4-д заасан Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота платз маркийн 37-85 ОРО улсын дугаартай автомашины жолооч О.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдэл байхгүй байна. Материалд авагдсан ослын газрын үзлэг, схем зураг, фото зураг зэргээс үзэхэд Тоёота платз маркийн 37-85 ОРО улсын дугаартай автомашин нь тормозны мөргүй байх тул тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна. Материалд авагдсан ослын газрын үзлэг, схем зураг, фото зураг зэргээс үзэхэд Киа бонго маркийн 57-50 ОРХ улсын дугаартай автомашин нь 93.1 км/цаг хурдтай явсан байх үндэслэлтэй байна. Уг осол нь Киа бонго маркийн 57-50 ОРХ улсын дугаартай автомашины жолооч О.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 13.1, 13.4а дахь заалтуудыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй”... гэсэн дүгнэлт. /хх-ийн 49-р хуудас/

 

8. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 92 дугаартай ...“О.Дгийн биед зүүн эгэмний ясны далд хугарал, зүүн эгэмний харалдаа цус хуралт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Зүүн эгэмний ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Зүүн эгэмний харалдаа цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 51-р хуудас/

 

9. “Аривжих эстимейт” ХХК-ний шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16358 дугаартай ...“тоёота платз маркийн 37-85 ОРО улсын дугаартай автомашинд шууд зардал 1 440 000 төгрөг, шууд бус зардал 485 000 төгрөгийн, нийт 1.925.000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 56-57-р хуудас/

10. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 702 дугаартай “Д.Ц-дын биед хэлэн доорх холбоосны урагдсан шарх, амны хөндий болон эрүүнд цус хуралт үүсчээ. Шинэ гэмтлүүд ба мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 89-р хуудас/

11. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 122 дугаартай ...”А.Бийн биед хүзүү, өгзөг, зүүн гуяны ард дунд цус хуралт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 63-р хуудас/ болон яллагдагчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Д нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн хохирол учруулсан, мөн бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтууд, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдож байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд өнөөдрийн байдлаар О.Дгийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд 1 925 000 төгрөгийн хохирол учирсан. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь Д-гийн дансанд 1 700 000 төгрөгийн хохирол төлсөн гэх баримтыг гаргаж өгсөн байгаа. Тухайн дансны хүлээн авагч нь О.Д мөн болох нь тогтоогдож байна. Өмнө 230 000 төгрөгийг хохирогч О.Дд өгч байсан. Хохирогч ч тухайн мөнгийг авч байсан талаараа хэлж байна. Иймд тээврийн хэрэгсэлд учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж байна. Хохирогч О.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байгаа. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд О.Дгийн эмчилгээний зардалд 826 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Шүүх хуралдаанд хохирогч О.Дгийн гаргаж өгсөн эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг дүгнэж үзэхэд 177 050 төгрөгийн хохирол бодогдож байна. Үүнийг шүүгдэгч О.Дгээс гаргуулж хохирогч О.Дд олгуулах саналтай. Мөн иргэний нэхэмжлэгч А.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч А.Бийн эмчилгээний зардалд 312 000 төгрөгийг төлж барагдуулсан. А.Бь нь эмчилгээний зардалд 800 000 төгрөг нэхэмжилж байгаа гэх боловч Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 167 400 төгрөгийн баримт гаргаж өгч байна. Үүн дээр нэмж  Тайхар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн  357 000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Энэ баримтаас 210 000 төгрөгийг өөрөө гаргасан байна. Үлдэгдэл 147 000 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас гаргасан учраас өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Дгээс 377 400 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Бьд олгуулах саналтай байна. Хохирогч О.Д ажлын гэрээ болон цалин авдаг Голомт банкны дансны хуулгаа гаргаж өгсөн байна. Энэ хуулгаас харахад 2019 оны 9 дүгээр сараас хойш тус компаниас цалин хөлс авсан нь харагдахгүй байгаа учраас ажилгүй байсан хугацааны цалинг шийдвэрлэх боломжгүй байгаа учраас Иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдсан болох цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн Д.Оы өмчлөлийн КИА БОНГО маркийн 57-50 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгуулах саналтай байна. Түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч О.Дгийн “Номин” агуулах худалдааны төвийн уулзвар руу дохио өгөөд орох гэж байтал араас нэг машин хүчтэй ирж мөргөсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Э.А-ийн “О.Дгийн жолоодож явсан автомашины араас өөрийн автомашиныг жолоодож явж байтал О.Дг “Номин” агуулах худалдааны төвийн уулзвар гарцан дээр дохио өгөөд эргэх гэж байхад миний хажуугаар ачааны портер маркийн машин өнгөрөөд О.Дгийн автомашиныг мөргөсөн” гэсэн мэдүүлэг, гэрч О.Б-Э-ий мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А.Бийн мэдүүлэг, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 92 дугаартай дүгнэлт, “Аривжих эстимейт” ХХК-ний шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16358 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 122 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Номин” агуулах худалдааны төвийн урд талын авто замын уулзвар дээр “Киа бонго” маркийн 57-50 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад “Тоёота платз” маркийн 37-85 ОРО улсын дугаартай автомашины араас мөргөж О.Дгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл А.Бийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

О.Д нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.4-д заасан Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр”, 12.4-д заасан Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас бусдын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын автомашиныг мөргөсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. О.Дгийн гэм буруутай үйлдэл, учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Дг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэгт тохирсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлын зохих хэсгийг төлсөн зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, мөн автомашинд эвдрэл учирсан. Иргэний нэхэмжлэгч А.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч О.Д эмчилгээний зардал 177 050 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин орлого нэг сарын 800 000 төгрөг 7 сараар тооцон 5 600 000 төгрөгийг О.Дгээс нэхэмжилсэн, иргэний нэхэмжлэгч А.Бь нь эмчилгээний зардал 524 000 төгрөгийг шүүгдэгч О.Дгээс нэхэмжилсэн байна. Шүүгдэгч О.Д нь 1700 000 төгрөгийг хохирогч О.Дд сайн дураар төлж барагдуулсан гэж байгаа боловч хохирогчийн банкны дансруу нь орсон эсэх нь тодорхойгүй, хохирогч энэ талаар мэдэхгүй гэж мэдүүлж байна.

Хэрэгт авагдсан баримтууд, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ирүүлсэн баримтуудаар хохирогч О.Дгийн нэхэмжлэлийн шаардлага, төлөгдсөн хохирлын хэмжээ тодорхойгүй, нотлох баримт хангалтгүй, шүүх гэм хорын нэхэмжлэлийг тооцоолох, дүгнэлт хийх боломжгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Иргэний нэхэмжлэгч А.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч төлөхөө илэрхийлсэн бөгөөд А.Бь нь 377 400 төгрөгийн баримт ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулан олгуулахаар шийдвэрлэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас иргэний хариуцагч Д.Отай холбоотой нэхэмжлэл гаргаагүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжилсэн Д.Оы эзэмшлийн Киа бонго маркийн 57-50 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  О.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000  /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан 1 000 000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Киа бонго” маркын 57-50 ОРХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дгээс 377 400 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух А.Бьд олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлээгүй бөгөөд хохирогч О.Д нь гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АЛТАНГАДАС