Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2020/шцт/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа,

улсын яллагч Э.Ууганзаяа,

хохирогч Т.Б*******,

хохирогчийн өмгөөлөгч Д.Нямдорж,

шүүгдэгч Л.Ц,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Шарнууд овогт Л.Ц-д холбогдох эрүүгийн 2036000460051 дугаартай, 178/2020/0119/Э индекстэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Чандмань сумд төрсөн, 30 настай эмэгтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 10-6-16 тоотод оршин суудаг, тусгай дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд ургийн овогт Л.Ц

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Ц нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт байрлах бага тойруугийн 4-н замын уулзварт 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 44-87 ХОА улсын дугаартай “HYUNDAI AVENTE XD” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 18.3, 5.12/6 дэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Т.Б*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч Л.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би машины гэрлийн гялбаанд ороод согтуу хүн эмэгтэй хүнтэй явж байсан учраас хурдаа хасаад зогсоод хөдөлгөөнөө үргэлжүүлтэл тас хийгээд аваарын гэрлээ асаагаад буугаад очоод харахад хүн унасан байсан. Тухайн үед би автомашинаа зогсоох үйлдэл хийсэн. Энэ нь миний барьж явсан машины тормозны мөр байгаагаар тогтоогдож байгаа. Би хохирогчийг эмнэлэгт очсон үеэс эхлэн эмнэлгийн гадна хүлээгээд дагаж уйлаад байж байсан. Надаас хүүхэд үхсэн ч хамаагүй 7 сая төгрөг өгчих гэж хэлээд дарамталж байсан. Би боломжоороо 132600 төгрөг, 84000 төгрөгийн 3 удаа уураг, Улаанбаатар хотоос ээж ахыг нь ирэхэд хоол авч өгч байсан. Би цагаан сар, мөн корона болчихсон байхад нэг хүнтэй хамт  аавтайгаа уулзаад 370,000 төгрөгийн хохирол төлөөд эмч дагуулаад явж байсан. Би нийтдээ 1,818,700 төгрөгийн хохирол төлсөн гэв.

2. Хохирогч Х.Б******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2 найзтайгаа 1 шил архи уучихаад гэрт нь тоглоод, хоол идчихээд байж байсан. Тухайн үед манай эхнэр ахтайгаа ирээд намайг явъя гээд би гарч явж байгаад булан эргээд 100 м явж байтал бүдэг гэрэл ирж байхаар нь хол байна гэж ойлгоод зам гарч яваад мөргүүлсэн. Тэгээд ухаан алдаад эмнэлэгт сэрсэн. Эмнэлэгт хэвтэж байх явцад надтай ирж уулзаж биеийн талаар асуугаагүй. Би өмнө нь барилгын өрлөгчний ажил хийдэг байсан. Ажлын цалин 7 хоногт 600,000-7000,000 төгрөгийн цалин авдаг байсан. Одоо ажил эрхэлж чадахгүй байгаа. Ховд аймагт 4 удаа дотор эрхтнүүдийн хагалгаанд орсон. Одоо гарсан зардлыг нэхэмжилж байгаа. Одоо цаашид миний гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Одоогоор надад нэг их гомдол байхгүй. Хагалгаанд ороход хэрүүл хийгээд дуудуулаад ирж байсан. Тухайн үед манай гэр бүлийн хүмүүстэй хэрүүл хийгээд байсан. Мөн намайг хүн түлхэж оруулсан гэдэг байдлаар хэлээд байсан гэв.

Эрүүгийн 2036000460051 дугаартай хавтаст хэргээс:

1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10-р хуудас/,

2.Жолоочийн согтуурлыг ALCOTEST 7510 багажаар шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11-р хуудас/,

3.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл  /хавтаст хэргийн 12-16-р хуудас/,

4.Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 17-18-р хуудас/,

5.Гэрч Л.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20-р хуудас/,

6.Хэв загвар дээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,

7.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-26-р хуудас/,

8.Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 27-р хуудас/

            9.Гэрч Б.П*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29-р хуудас/,

            10. Гэрч Б.Сумжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29-р хуудас/,

            11.Шинжээч эмч Д.Тогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-р хуудас/,

            12.Гэрч Э.Ц*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32-р хуудас/,

13.Гэрч Б.М*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р хуудас/ ,

14.Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны химийн шинжилгээний 48 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 36-р хуудас/,

15. Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны химийн шинжилгээний 49 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 40-р хуудас/,

16.Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 16 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 44-47-р хуудас/,

17.Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 16 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 44-47-р хуудас/,

18.Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 17 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 51-56-р хуудас/,

19. Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 164 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 60-61-р хуудас/,

20.Шинжээчийн 06 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 65-р хуудас,

21.Хохирогч Т.Б*******ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-73-р хуудас/,

22. Хохирогч Т.Б*******ын өмсөж явсан хувцасанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 74-77-р хуудас/,

23.Иргэний нэхэмжлэгч Б.Энх-Амгаланбаатараас мөрдөн шалгах ажиллагаанд авсан мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83-р хуудас/

24.Яллагдагч Л.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг/хавтаст хэргийн 94-97-р хуудас/,

25.Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 102-р хуудас/,

26.Автомашин үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 104-105-р хуудас/

27.Хохирогч Т.Б*******ын өвчний түүхийн хуулбар баримтууд /хавтаст хэргийн 125-152-р хуудас/,

28. Яллагдагч Л.Цийн №1210427 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 158-р хуудас/,

29.Хохирогч Т.Б*******аас дахин авсан мэдүүлэг /хавтаст хэргийн 160-161-р хуудас/,

30.Яллагдагчийн унаж явсан 44-87 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 162-166-р хуудас/,

31.Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 167-168-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал            

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Ц-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан доорх нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд

Шүүгдэгч Л.Ц нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт байрлах бага тойруугийн 4-н замын уулзварт 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 44-87 ХОА улсын дугаартай “HYUNDAI AVENTE ХD” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 18.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Т.Б*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

           -Хохирогч Т.Б*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Би 2020 оны 02 сарын 01-ний өдөр гэртээ эхнэр хүүхдүүдийнхээ хамт гэртээ байж байсан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад манай найз Ц******* ирээд удалгүй араас нь манай эхнэрийн төрсөн ах болох Б.П******* найзтайгаа хамт ирсэн. Тэр хүмүүс юм ярьж сууж байгаад нэг шил архи гаргаж ирээд бид 4 уусан. Тэр үед Ц*******ийн эхнэр ирж хоол ид гээд би хажуу талын айл болох баз Баярсайханыд хүүхдүүдээ орхиод үлдэгдэл архиа аваад айлд очиж хоол идсэн. Манай эхнэр бид нарыг хоол идэж байх үед яриад Ц*******ийнд ирсэн. Тэнд байж байгаад би хүүхдийн тариагаа мартсан байсан учраас түрүүлээд гараад явсан. Ц*******ийн гэрээс гараад 4-н замын уулзвар дээр очоод түүнээс дээш 100 орчим метр явж байгаад эргээд эхнэрийг ирж байгаа боловуу гээд эргээд харахад харагдахгүй болохоор нь зам хөндлөн гарах гэж байхад дээрээс бүдэг гэрэлтэй машин ирж байгаад намайг мөргөх шиг болсон. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед би замын эсрэг талаас такси барих гэж байсан чинь машин ирээд мөргөчихсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8-р хуудас /,

            -Гэрч Б.П*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 02 сарын 01-ний өдөр манай найз Сумжав манай ирээд ганц юм уухуу гэхээр нь би манай аав ээж ирэх байхаа хоёулаа Б*******ынд очиж уухуу гээд тэднийд очсон. Б*******ынд очиход охинтойгоо хамт байсан тэгээд тэнд хөзөр тоглоод архи ууж байхад Б******* Цэгмид ирж хоол ид гэж байна гээд бид нар тэднийд очихоор явсан. Тэгээд тэднийд очоод хоол унд идэж уугаад байж байхад Б*******ын эхрэн нь орж ирээд нөхрөө явъя гэхэд Б******* цагаа харчихаад тарианы цаг боллоо гээд түрүүлээд гараад явсан. Араас нь М******* бид хоёр гараад уулзвар дээшээ эргэхэд хүмүүс бөөгнөөд байхаар нь очиход Б******* байхаар нь босгоод тэврэхэд муухан ёолж байсан.Удалгүй эмнэлгийн машин ирээд аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29-р хуудас/,

           -Гэрч Э.Ц*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Би 2020 оны 02 сарын 01-ний өдөр гэртээ байж байгаад би Б*******луу утсаар яриад юу хийж байна гэхэд П*******, Сумжав бид гурав манайд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ирж хоол ид гэхэд за гээд тэд нар манайд ирж хоол идэж байгаад нэг шил архи уусан. Сумжав 5 цагийн үед эхнэртээ хоол өгнө гээд явсан. Ард нь бид нар тоглож байгаад 19 цагийн үед тэд нар явцгаасан. Тэгээд удалгүй байж байтал М******* над руу залгаад Б******* машинд дайруулчихлаа хүрээд ир гэсэн. Тэгээд гүйгээд очиход эмнэлгийн машин аваад хөдөлж байсан ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32-р хуудас/,

            -Гэрч Б.М*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Би 2020 оны 02 сарын 01-ний орой ажлаасаа тараад нөхрийн найз болох Ц*******ийнд ирсэн. Тухайн үед Сумжав, Ц*******, П*******, манай нөхөр дөрөв нэг шил архи хувааж уугаад дуусаж байсан. Манай нөхөр хүүхдийн тарианы цаг боллоо гээд түрүүлээд гараад явсан. Би араас нь ах П*******ийн хамт алхаад 4-н замын уулзвар эргээд дээшээ эргэхэд нэг машин чанга юм мөргөх чимээ сонсогдсон. Яваад очиход манай нөхрийн барьж явсан талх, өмсөж явсан малгай нь байх шиг болохоор нь арай манай нөхөр дайруулсан юм биш биздээ гэхэд дайруулчихсан байсан. Тухайн үед машины жолооч эгч эмнэлэг, цагдаа дуудсан, би ээжийгээ найз нараа дуудсан. 103-ын машин ирэхэд манай нөхөр ухаантай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р хуудас/,

-Шүүгдэгч Л.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би 2008 оноос хойш нөхөр болох Хүрэлсумтай танилцаад 2010 оны аравдугаар сард хуримаа хийж гэр бүл болсон. Харин 2009 онд гэр бүлээ албан ёсоор баталгаажуулсан боловч бичиг баримт нь 2019 онд манай гэр шатахад бүгд алга болсон. Тэгээд иргэний бүртгэл дээр ирээд дахид гэрлэлтийн гэрчилгээгээ авах гэсэн 2009 онд бүртгүүлэхдээ сүлжээнд оруулж бүртгээгүй байсан. Тэгэхээр албаны гэр бүлийн баталгаа хийлгээгүй гэсэн үг. Манайх 4-10 насны 3 хүүхэдтэй. Одоо өөрийн төрсөн ахынхаа хашаанд гэрт амьдардаг. Манай нөхөр эрхэлсэн ажилгүй, хааяа таксинд явж өдрийнхөө хоолыг залгуулдаг. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 19 цаг 30 минутын орчим манай 2 хүүхэд ханиад хүрээд халуураад байхаар нь доошоо төв орж эмийн сангаас авах гээд гэрээсээ өөрийнхөө 4487 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Хайрхан багийн нутагт байрлах бага тойруугийн засмал замын уулзвар дээр явтал гэнэт миний урдаас хурц гэрэлтэй машин ирэхээр нь би хурдаа хасаад тоормоз гишгээд зөрөх явцад тооромзоо хөлнөөсөө аваад хөдөлгөөнөө үргэлжлүүлэх явцад гэнэт миний машины урд гупэр салж унаж байгаа юм шиг чимээ гарсан. Тэгэхээр нь би машины гупэр салаад унасан байх гупэрт тулдаг юу байдаг билээ гээд машинаа зогсоогоод урд гупэрээ харсан чинь миний машины гупэр нь зүгээр байхаар нь яасан юм бол гээд машиныхаа ар хэсгийг харсан зам дээр нэг хар юм харагдахаар нь хогны хар уутанд юм хийгээд хүмүүс хаясан гэж бодоод хартал хөдлөх шиг болохоор нь лавлаад харсан чинь хүн хэвтэж байсан. Тэгээд би сандраад хүн дайрчихлаа гээд хашгирах хооронд юу болсоныг мэдэхгүй айж байтал гэнэт нэг эмэгтэй хүн хүрч ирээд манай нөхөр байна шүү дээ гээд толгой хэсгээс нь тэврээд сууж байсан. Мөн хажууд нь явж байсан эрэгтэй хүн нь дайрчихлаа гээд надруу уурлаад байснаа санаж байна тэгээд би өөрийнхөө утаснаас эмнэлэгрүү дуудлага өгчихөөд дараа нь нөхөрлүүгээ би хүн дайрчихлаа гээд байгаа газраа хэлчихээд дараа нь цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд Б******* гэдэг хүнийг аваад явсан. Би үлдээд цагдаа ирээд хэргийн газар дээр хэмжилт хийсэн. Би тухайн үед яг хэдэн км цагийн хурдтай явж байгаагаа мэдээгүй ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай явж байсан байхаа. Манай машин урд нь цагаан өнгийн гэрэлтэй байж байсан ба манай гэр 2019 оны 08 дугаар сард шатахад гэрийн ойролцоо байсан машины урд хэсэг нь шатсан болохоор урд талын гупэр, их гэрэл, дохио зэргийг бүгдийг нь сольсон юм. Тэгээд сольсоноос хойш шар өнгийн их гэрэл тавьсан ба уг гэрэл нь урд байсан гэрлээсээ бүдэг тусдаг байсан. Ер нь сүүлд тавьсан гэрэл нь бүдэг учраас машины гэрэлийн гялбаанд орчихдог учраас болгоомжтой явдаг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-97-р хуудас/,

-Шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай “..Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өвлийн хүрэм, улаан өнгийн цамц, саарал өнгийн дотуур өмдөнд гэмтэл байна. Хар өнгийн өвлийн хүрмэнд харсан 8х3мм, 11х4мм, 10х4мм, 15х2мм, 6х2мм, 5хЗмм, 12х5мм, 30х10мм, 8х40мм-ийн хэмжээтэй гэмтлүүд нь зүлгэгдэж өөр зүйлтэй харилцан үйлчилсний улмаас үүсэн шинэ цоорсон гэмтэл, хар өнгийн өвлийн хүрмэнд гарсан 130мм, 70мм, 160мм, 35мм, 105мм, 140мм, хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзарсан уранхай. Улаан өнгийн цамцанд гарсан 34х25мм, 25х25мм-н хэмжээтэй гэмтлүүд нь гогдолтын улмаас үүссэн шинэ гэмтэл байна. Саарал өнгийн дотуур өмдөнд гарсан 30х15мм-н хэмжээтэй гэмтэл нь хуучин элэгдэлтийн улмаас үүссэн цоорсон гэмтэл байна...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 51-56 хуудас/

-Шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 164 дугаартай “..Т.Б*******ын биед гэмтэл тогтоогдлоо. Т.Б*******ын биед элэгний няцрал, нойр булчирхайн няцрал, хэвлийн дотуур цус алдалт, гавлын ясны зүүн чамархай, зулай яс хэсгийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсгийн эдидураль зайд цус харвалт, зүүн талын дал ясны хүзүүвч хэсгийн хугарал, зүүн талын 4-7 хавирганы хугарал, толгойн зулай болон духны зүүн дээд хэсгийг хамарсан шарх, зүүн далны дээд хэсэгт зулгаралтын сорви, баруун гарын сарвууны ар хэсэгт зулгаралтууд, баруун гуяны гадна дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Т.Б*******ын биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 60-61 хуудас/,

            -Шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай “..44-87 ХОА улсын дугаартай автомашины жолооч Л.Ц, явган зорчигч Т.Б******* нар Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Л.Ц МУ-ын ЗХД-ийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг, мөн дүрмийн 18.3 хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Явган зорчигч Т.Б******* МУ-ын ЗХД-ийн 5.1 Явган зорчигч нь явган хүний замаар тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар /тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар цуварч явна. Тэрэг түрсэн, чарга чирсэн, овор ихтэй ачаа барьсан буюу жагсаалаар яваа, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй хүмүүс явган хүний зам хөвөөгөөр явахад бусад явган зорчигчдод саад болохоор байвал зорчих хэсгийн захаар явж болно. Явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эсрэг, харин хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй буюу мотоцикль, мопед, унадаг дугуй хөтөлж яваа хүн хөдөлгөөний чигийн дагуу явна. 5.126 Аюулгүй байдал хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, буцаж эргэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Жолооч Л.Ц нь ЗХД-ийн 12.2, 5.12/6 заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн. Жолооч Л.Ц нь ЗХД-ийн 5.12/6 заалтыг зөрчсөн нь тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй байна. Тухайн зам тээврийн осол гарахад замын нөхцөл болон цаг агаарын бусад шалтгаан нөлөөлөөгүй гэж үзэж дүгнэлт гаргав..” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65-р хуудас/,

          - Шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаартай “ 1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өвлийн хүрэм болон хар өнгийн зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн зүйл нь Т.Б*******ын хар өнгийн өвлийн хүрэмний хэсэг мөн байна. 3. Хар өнгийн өвлийн хүрэмний дотор талын баруун энгэрийн ирмэгээс эгц баруун тийш 12 см-н зайд 13,5х5 см-н хэмжээтэй гэмтэлтэй хэсэгтэй нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэж байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-47-р хуудас/,

         -Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Харин гэрэлийн тусгалд үзлэг хийхэд холын гэрэл асаж байгаа боловч ойрын гэрэл асахгүй байдалтай байна. Энэ нь стандартын шаардлага хангахгүй. Мөн баруун гэрэлийн холын тусгалыг шалгахад 100 кандил тусгал дээш тусаж байж хэвийн хэмжээтэй байдаг ба уг тээврийн хэрэгслийн баруун талын гэрэлийн холын тусгал нь 66 хувьтай байгаа нь хэвийн хэмжээнд хүрэхгүй, тусгал муутай байна. Мөн зүүн талын гэрэлийн тусгалыг шалгахад хэвийн хэмжээнд тусгалтай боловч уг тусгалын цэг нь хэвийн хэмжээнээс доошоо байрлалтай тохиргоо алдагдсан тусгалтай байсан. Энэ нь мөн хэвийн тусах нөхцөлийг хангахгүй үзэгдэх орчин өөрчлөгдөж стандартыг хангахгүй байна.”  Гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 167-168-р хуудас/,

        -2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-17 хуудас/,

         -2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 17-18-р хуудас/,

         -2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-26-р хуудас/,

          -Хохирогч Х.Б*******ын өвчний түүх карт /хавтаст хэргийн 125-152-р хуудас/,

           -2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 162-166-р хуудас/, болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн,  энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Л.Ц нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт байрлах бага тойруугийн 4-н замын уулзварт 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 44-87 ХОА улсын дугаартай “HYUNDAI AVENTE” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Т.Б*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна.

2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн “3. Х.Б*******ын биенээс авсан гэх цусанд 2,2 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна,” гэх дүгнэлт,  “..Явган зорчигч Т.Б******* МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 Явган зорчигч нь явган хүний замаар тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. ...5.12.б Аюулгүй байдал хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, буцаж эргэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтуудыг зөрчсөн байна.” гэх шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт, гэрч Б.М*******, Э.Цэвэгмэд, Б.П*******ийн мэдүүлгээр хохирогч Х.Б******* нь зам тээврийн осолд өртөх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, халамцуу байдалтай байсан нь тогтоогдож байгаа бөгөөд тэрээр гарцгүй газар зам хөндлөн гарахдаа Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөн нь осол гаргахад нөлөөлсөн байна.

Мөн “Гэрлийн гялбаанд орсоны улмаас осол гарсан” хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлж, түүний өмгөөлөгч тайлбарлаж байгаа боловч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д заасан “Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч /өмчлөгч/ буюу ашиглагч этгээд хүлээнэ.” гэснийг зөрчиж Л.Ц нь машины гэрэл, гэрэлтүүлэг нь стандартын шаардлагыг хангахгүй хэвийн бус буюу бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон болох нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Ховд аймгийн Авто тээврийн төвийн инженер Д.*******ын гэрчээр өгсөн“...Харин гэрэлийн тусгалд үзлэг хийхэд холын гэрэл асаж байгаа боловч ойрын гэрэл асахгүй байдалтай байна. Энэ нь стандартын шаардлага хангахгүй. Мөн зүүн талын гэрэлийн тусгалыг шалгахад хэвийн хэмжээнд тусгалтай боловч уг тусгалын цэг нь хэвийн хэмжээнээс доошоо байрлалтай тохиргоо алдагдсан тусгалтай байсан. Энэ нь мөн хэвийн тусах нөхцөлийг хангахгүй үзэгдэх орчин өөрчлөгдөж стандартыг хангахгүй байна”  гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай машин урд нь цагаан өнгийн гэрэлтэй байж байсан ба манай гэр 2019 оны 08 дугаар сард шатахад гэрийн ойролцоо байсан машины урд хэсэг нь шатсан болохоор урд талын гупэр, их гэрэл, дохио зэргийг бүгдийг нь сольсон юм. Тэгээд сольсоноос хойш шар өнгийн их гэрэл тавьсан ба уг гэрэл нь урд байсан гэрлээсээ бүдэг тусдаг байсан. Ер нь сүүлд тавьсан гэрэл нь бүдэг учраас машины гэрэлийн гялбаанд орчихдог учраас болгоомжтой явдаг байсан” гэх мэдүүлгээ тус тус тогтоогдож байна.

           Жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах ач холбогдолтой юм.   Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас замын хөдөлгөөний дүрэмд зааснаар түүнд тохирсон арга хэмжээг авах нь жолоочийн үүрэг. Иймээс жолооч Л.Ц нь тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг биелүүлээгүй хайхрамжгүй хандаж, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон, тухайн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээ авч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчихөд хүргэж цаашлаад осол гарахад нөлөөлсөн төдийгүй гэм буруугийн болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн  гэж шүүх дүгнэлээ.

 Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ц-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Л.Ц-ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн улмаас гарах хохирлыг төлж барагдуулсан цаашид гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Ц нь хохиролд 1818700  төгрөг төлсөн гэх боловч  хохирогч Т.Б******* нь “1600000 төгрөгийн хохирол төлүүлсэн, цаашид гарах хохирлыг жич нэхэмжлэх болно” гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэж шийдвэрлэв.

           Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.Ц нь урьд нь гэмт хэрэгт холбогдоогүй,  анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 120-р хуудас/, түргэн тусламж дуудаж, цагдаагийн байгууллагад дуудлага өгч хохирогчид тусламж үзүүлсэн болох нь “...Тэгээд нөгөө машины жолооч эгч эмнэлэг, цагдаа дуудсан тэр хооронд би ээж, эгч нарт залгасан. Тэгээд би нөхөрийнхөө толгойноос цус гарч байсан болохоор огт хөдөлгөөнгүй байлгаж байгаад 103 ирэхээр нь аваад явсан” гэх гэрч Б.М*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р хуудас/, “...Мөн хажууд нь явж байсан эрэгтэй хүн нь чи хүн дайрчлаа гээд надруу уурлаад байсанаа санаж байна тэгээд би өөрийнхөө утаснаас эмнэлэгрүү дуудлага өгчихөөд дараа нь нөхөрлүүгээ би хүн дайрчлаа гээд байгаа газраа хэлчихээд дараа нь цагдаа руу дуудлага өгсөн” гэх Л.Ц-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр,  хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1600000 төгрөг  төлж өгсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр,  хохирогч Х.Б*******ын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн болох нь  шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байх тул “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн”  “учруулсан хохирлыг төлсөн”, “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн болно.

 Шүүгдэгч Л.Ц-ийн хувийн байдлын талаар гэрч Ш.Хүрэлсумын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Цтай 2010 онд эр бүл болсон. 4-10 насны 3 хүүхэдтэй. Би хувиараа барилгын ажил хийдэг. Манай эхнэр зан аашийн хувьд халамжтай, гэр бүлдээ анхаарал их тавьдаг. Эхнэр бид хоёр өөрийн олсон орлогоороо амьдардаг. 2019 оны 8 сард гэрээ шатаасан учраас өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй, ахынхаа хашаанд амьдардаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 153-154-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 1 жил 2 сарын хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх” санал, шүүгдэгчийн өмгөөлөгч “улсын яллагчийн санал болгосон хорих ялыг тэнсэж хянан харгалзуулах тухай” тус тус санал гаргаж, хохирогч “Одоо цаашид миний гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Одоогоор надад нэг их гомдол байхгүй.” гэсэн болно.

Шүүх эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгч Л.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан үндсэн ялын төрлөөс  хорих ялыг сонгож, уг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Л.Ц-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгаа ба бага насны 3 хүүхэдтэй, урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдалгэмт  хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид хүнд гэмтэл учруулсан, хохирол, хор уршгийн шинж чанар, 1600000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Л.Ц-д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулахаар заасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнсэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэв.

Шүүгдэгч Л.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож  ял оногдуулахыг тайлбарлаж, тэнсэж албадлагын  арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэргийн учир  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1210427 дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй тул хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор эд хөрөнгийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 5/18 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 4487 ХОА улсын дугаартай “HYUNDAI AVENTE ХD” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгчийн эзэмшилд үлдээж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Шарнууд овогт Л.Ц-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Ц-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Ц-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон  үеэс эхлэн тоолсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Л.Ц-д сануулсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ  авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1210427 дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9.Хохирогч холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн хохирол, хор уршгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

10.Эд хөрөнгө битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын  2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 5/18 дугаартай тогтоолыг хүчингүй болгож,  44-87 ХОА улсын дугаартай, “HYUNDAI AVENTE ХD” маркын тээврийн хэрэгслийг шүүгдэгчийн эзэмшилд үлдээсүгэй.

11.Шүүгдэгч Л.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

 12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дэд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БАХЫТБЕК