Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 53

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2-80 айлын 4 дүгээр орц, 78 тоотод оршин суух, ПО78062414 дугаарын регистртэй, Тоос овогт Буянхишигийн Бямбадоржийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 20-04 тоотод оршин суух, ПМ84050302 дугаарын регистртэй, Боржигон овогт Баярын Уранцэцэгт холбогдох “Хашааны газар чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Бямбадорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2015 оны 05 дугаар сарын 19-нд Б.Уранцэцэгт өөрийнх нь хүсэлтийн дагуу хоногийн 2 хувийн хүүтэй, 3 хоногийн хугацаатай 7000000 төгрөг зээлдүүлсэн. Надаас зээлж авсан мөнгөө төлөөгүй байсан учраас 2015 оны 07 дугаар сарын 09-нд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандсан. Ингээд би Б.Уранцэцэгээс 8612000 төгрөг гаргуулахаар болоход бэлнээр төлөх боломжгүй гээд харилцан тохиролцож, түүний өмчлөлийн газрыг авахаар болж өөрийн нэр дээр гэрчилгээг нь шилжүүлэн авсан боловч Б.Уранцэцэг нь өнөөдрийг хүртэл хашааны газраа чөлөөлж өгөхгүй байгаа тул уг газрыг чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Уранцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.Уранцэцэг нь Б.Бямбадоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн  зөвшөөрч байна. Гэхдээ хашааны газрыг одоохондоо чөлөөлж өгөх боломжгүй байна. Уир нь манай нөхөр Улаанбаатар хотод ажиллаж байгаа ба 2017 оны 04 дүгээр сард ирнэ. Нөхөр байхгүй байгаа учраас хашаан дотор болон амбаар, грашд байгаа эд зүйлээ авч чадахгүй байна. Иймд 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хашаа болон амбаар, граж доторхи эд зүйлсээ аваад хашаагаа амбаар, гражийн хамт бүрэн чөлөөлж өгнө. Цаашид энэ асуудлаар ямар нэгэн маргаан гаргахгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Бямбадоржийн нэхэмжлэлтэй, Б.Уранцэцэгт холбогдох “Хашааны газар чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Уранцэцэг нь хүлээн зөвшөөрч, шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Бямбадоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 35100 төгрөг, хариуцагч Б.Уранцэцэгээс 35100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Бямбадоржид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныгудирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Б.Бямбадоржийн нэхэмжлэлтэй, Б.Уранцэцэгт холбогдох “Хашааны газар чөлөөлүүлэх тухай” иргэний хэрэгт хариуцагч Б.Уранцэцэг нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хашааны газраа бүрэн чөлөөлж өгөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Бямбадоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 35100 төгрөг, хариуцагч Б.Уранцэцэгээс 35100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Бямбадоржид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Уранцэцэг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОЮУН-ЭРДЭНЭ