| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 182/2017/01599/И |
| Дугаар | 001/ХТ2018/00415 |
| Огноо | 2018-03-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2018/00415
Д.П-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/01912 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2440 дүгээр магадлалтай,
Д.П-гийн нэхэмжлэлтэй,
Үндэсний аудитын газарт холбогдох
Ажилгүй байсан хугацааны олговорт 14.588.899 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Пгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Завхан аймгийн аудиторын тушаалаар 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоот тушаалаар ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн. Энэ тушаалд гомдол гаргаж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 249 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 412 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 302 дугаар тогтоол зэргээр ажилд эгүүлэн тогтоосон. Гэтэл Үндэсний аудитын газар шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд эгүүлэн аваагүй учир анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилгүй байлгасан хугацааны олговорт 14.588.899 төгрөгийг Үндэсний аудитын газраас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Үндэсний аудитын газрын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 249 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 412 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 302 дугаар тогтоол зэргээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх бөгөөд хүчин төгөлдөр захиргааны хэргийн эцсийн шатны шүүхийн шийдвэр байгаа. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.6-д заасныг зөрчиж тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байгааг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/01912 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Үндэсний Аудитын газраас ажилгүй байсан хугацааны олговорт 14.588.899 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Пгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 4.1.15, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.П улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний төлсөн 230.894 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2440 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/01912 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Үндэсний аутидын газраас ажилгүй байсан хугацааны олговорт 14.588.899 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Пд олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүнжавийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2440 дүгээр магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/15 дугаар тушаалаар албан тушаалд томилсон. Уг тушаал хүчингүй болоогүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нь маргадаггүй. Ийм байтал давж заалдах шатны шүүх Үндэсний аудитын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14.588.899 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Түүнчлэн улсын хэмжээнд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдын маргааныг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас гаргуулахаар холбогдох шийдвэр гүйцэтгэх байгууллага санал авсан. Хариуцагчийн хувьд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр ногдсон төлбөрийн тухайд маргах зүйлгүй бөгөөд нэмж нэхэмжилж буй төлбөр нь үндэслэлгүй гэж маргаж байгаа болно. Гэтэл шүүх маргааны гол зүйлийг авч үзэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг авч үзэлгүй ИХШХШТХ-ийн 6.4-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасныг зөрчин эрх зүйн туслалцаа, үйлчилгээ авах эрхийг хязгаарласан шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2440 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Үндэсний аудитын газарт холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон өдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14,588,899 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, уг хэргийг шийдвэрлэсэн эцсийн шатны шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан гэж маргажээ.
Хэрэгт авагдсан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 249 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Д.Пг Завхан аймгийн Аудитын газрын шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 1 жил, 1 сар, 17 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Үндэсний аудитын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 412 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 302 дугаартай тогтоолоор хянан хэлэлцээд шийдвэрийн дээрх хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагджээ.
Анхан шатны шүүх, нэхэмжлэгч Д.Пг эрх бүхий байгууллагад хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай холбон тайлбарлаж түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Д.Пг Хөвсгөл аймгийн аудитын газрын шинжээчийн албан тушаалд томилсон тухай Б/15 дугаартай тушаалын хуулбар авагдсан, үүнийг нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээж авсан, тухайн үед жирэмсэн эхийн хяналтад байгаа тул өөр орон нутагт ажиллах боломжгүйг мэдэгдсэн, хариу ирэхийг хүлээсээр 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүүхэд төрүүлсэн гэх тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж маргасангүй.
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Д.Пг Завхан аймгийн Аудитын газрын шинжээчийн албан тушаал болон түүнтэй дүйцэх ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд хариуцагчийн тайлбарласнаар тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн, хүчин төгөлдөр шийдвэртэй гэх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан зохицуулалтад хамаарахгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Үндэсний аудитын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14,588,899 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Пд олгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36.1.2-т нийцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2440 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН