Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 85

 

                                                               Т.Г-, Я.Н- нарт холбогдох

                                                                 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч Т.Г-, түүний өмгөөлөгч Д.Тамир, Б.Галхүү,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батгэрэл, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 463 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Т.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Г-, Я.Н- нарт холбогдох эрүүгийн 2015250000517 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овогт Т-ийн Г, 1971 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 47 настай, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,

            Артагууд овогт Я-ийн Н, 1970 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Увс аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух бүртгэлтэй,

            - Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 9 сарын хорих ялаар шийтгүүлсэн /РД:/,

            А. Т.Г- нь дангаараа давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, хуурч мэхлэх аргаар;

1.  Хохирогч Ю.Алимаагаас 2013 оны 8 дугаар сард “1,600,000 ам.долларын зээл гаргаж өгнө” гэж 2500 юанийг зээлийн төлбөрт, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин зээлийн шимтгэл гэх нэрийдлээр 720,000 төгрөгийг Голомт банкны 5042058888 тоот дансанд шилжүүлж авсан, мөн “Авлигатай тэмцэх газраас миний дансыг хаачихсан, 150,000,000 төгрөг байгаа боловч авч чадахгүй байна, 2 хоногийн дараа данс нээгдэхээр нь өгье” гэж 2,700,000 төгрөгийг, “Елеганс зочид буудалд чинь Бээжингээс орны цагаан хэрэглэлүүд хямд ачуулж өгнө” гэж 300 ширхэг даавууны мөнгө зэрэг нийтдээ 8,800,000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

2. Хохирогч С.Моломжамцаас 2013 оны 12 дугаар сард “Компанид чинь барилгын тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэж, 2014 оны намар “Гааль дээр маргаантай байгаа барааг чинь авч өгнө” гэж нийт 9,500,000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

3.  Хохирогч И.Ганзоригоос “Байр худалдана” гэж итгүүлэн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын сүүл хүртэлх хугацаанд “1,0 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирнэ, яаралтай мөнгө хэрэгтэй байна” гэж 6,000,000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлж авсан, мөн үеэр “Өгөөмөр хотхоны 3 өрөө байрыг 11,000,000 төгрөгийн барьцааг нь чөлөөлөөд ав” гэж хэлээд нэмж 5,500,000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны үед “Төслийн мөнгө орж ирэхээр өгнө” гэж 1,000,000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 20-ны үед “Төслийн 600,000,000 төгрөг орж ирсэн, үлдсэн 600,000,000 төгрөгийг орж ирэхээр нь авах ёстой юм байна, түр мөнгө өгөөч” гэж 5,000,000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын сүүлээр “Татвараас данс хаачихаж” гэж 600,000 төгрөгийг нийтдээ 18,100,000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

4. Хохирогч С.Цогоогоос 2015 оны 5 дугаар сарын 11-нээс 6 дугаар сарын 6-ны өдрийн хооронд “1,6 тэрбум төгрөгийн тендерт оролцоод ялсан, 2 хоногийн дараа мөнгө орж ирнэ, наана нь хэрэгцээ байна” гэж 17,400,000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

5. Хохирогч Н.Отгонбаяраас 2015 оны 4 дүгээр сард “Барилгын дээврийн ажил болох нийт 120,0 сая төгрөгийн өртөгтэй тендер авч өгнө” гэж 5,500,000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

6. Хохирогч Б.Алтантулгаас “Төслийг чинь дэмжүүлнэ, Франц улс руу хамт авч явна, хүүхдийг чинь Солонгос улсад суралцуулна” гэж нийтдээ 9,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

7. Хохирогч С.Мөнхцэцэгээс “1 өрөө байр авч өгнө, 8 хувийн зээлд хамруулж өгнө” гэж 6,000,000 төгрөгийг, мөн “Солонгос улсад суралцуулна” гэж 6,000,000 төгрөгийг нийт 12,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

8. Хохирогч Я.Ганчимэгээс 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Өөрийгөө барилгын компанийн захирал ажилтай, тендерийн мөнгө орж ирнэ, 400,000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлээч” гэж 400,000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

9. Хохирогч Б.Гэрэлээс 2015 оны 6 сараас 7 сарын хугацаанд “Төрийн бус байгууллагад чинь МАХН-ын байран дээр үнэ төлбөргүй өрөө гаргаж өгнө, автомашин өгнө, Герман улсад явуулна” гэж нийтдээ 1,800,000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

10.  Хохирогч А.Батсайханаас 2015 оны 4 дүгээр сард “Шинэ байр авсан, түүнийгээ зарах гэж байгаа, мөнгөний хэрэг болоод байна” гэж 5,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

11. Хохирогч З.Болдбаатараас 2015 оны 6 сард “Яаралтай мөнгөний хэрэг гараад байна, 2 хоногийн дараа буцааж өгье, 1,000,000 төгрөг зээлээч” гэж 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 14 м3 модыг залилан мэхлэж авсан,

12. Хохирогч Д.Чулуунбаатараас 2015 оны 6, 7 дугаар саруудад “Билгүүн орд” ХХК-ийн нэр дээр эмийн сангийн тусгай зөвшөөрөл авч өгнө” гэж 2,700,000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

13. Хохирогч Ц.Баянжаргалаас “Хөөрөгний тоног төхөөрөмж Хятадаас үйлдвэрийн үнээр нь авч өгнө” гэж 2,000,000 төгрөгийг зээлэх нэрийдлээр, мөн шүрэн толгойтой монетон нуухтай, дунд гарын гартааман хөөргийг 500,000 төгрөгөөр барьцаанд тавиулж тус тус залилан мэхлэж авсан,

14. Хохирогч Ш.Отгонбаяраас 2015 оны 4 дүгээр сард “Өөрийгөө барилгын компанийн захирал ажилтай, барилгын тендер авсан байгаа, удахгүй санхүүжилт орж ирэхээр мөнгийг чинь өгнө” гэж 5,000,000 төгрөгийг зээлэх нэрийдлээр залилан мэхлэж авсан,

15. Хохирогч Я.Н-аас 2015 оны 10 дугаар сард “Барилга нураасан ажлын санхүүжилт 220,000,000 төгрөг орж ирэх гээд байна, дансанд мөнгө байршуулах шаардлагатай, 2,000,000 төгрөг хэрэгтэй байна” гэж 2,900,000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

16. Хохирогч Ж.Түмэн-Өлзийгөөс “14 хоногийн дараа мөнгөтэй болно, одоо автомашин авах хэрэгтэй байна” гэж 6656 УБТ улсын дугаартай, “Тоёота Кроун” загварын автомашин, 1,500,000 төгрөгийн хамт залилан мэхлэж авсан,

17. Хохирогч Б.Дармаагаас 2014 оны 6 дугаар сард “Монгол Улсын Их Сургуульд суралцаж буй ангийг /мэргэжил/ нь солиулж өгнө” гэж 1,600,000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

18.  Хохирогч О.Саранцэцэгээс 2015 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 66 дугаар байрны 8 тоот иргэн Т.Энхбаярын өмчлөлийн орон сууцыг “Өөрийн өмчлөлийн байр хямдхан зарна” гэж итгүүлэн 6,600,000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

19. Хохирогч Б.Сарангэрэлээс 2014 оны 2 дугаар сараас 4 сар хүртэлх хугацаанд “БНХАУ-аас хямдхан найдвартай тавилга оруулж ирж өгнө” гэж 5,800,000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

20. Хохирогч Аю.Батсайханаас 2015 оны 6 дугаар сард “Дансанд байгаа 500,000,000 төгрөгөөс мөнгө гаргуулахад хэрэг болоод байна” гэж итгүүлэн 2,400,000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Я.Н-тай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, хуурч мэхлэх аргаар;

1. Хохирогч Б.Цогзолмаагаас 2015 оны 11 дүгээр сард “Хүүхдийг чинь БНСУ-ын Сөүл хотын Технологийн дээд сургуульд тэтгэлэгт хамруулж өгнө” гэж 5,700,000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

2. Хохирогч А.Идэрбатаас 2015 оны 10 дугаар сард “1,000,000 төгрөг түр зээлээч, дансанд мөнгө орохоор удахгүй өгнө” гэж 1,000,000 төгрөгийг залилан мэхлэж авч бусдад нийт 133,900,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн дээрх хэрэгт шалгагдаж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтаас санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэгт,

Б. Я.Н- нь Т.Г-тай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, хуурч мэхлэх аргаар;

1. Хохирогч Б.Цогзолмаагаас 2015 оны 11 дүгээр сард “Хүүхдийг чинь БНСУ-ын Сөүл хотын Технологийн дээд сургуульд тэтгэлэгт хамруулж өгнө” гэж 5,700,000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

            2. Хохирогч А.Идэрбатаас 2015 оны 10 дугаар сард “1,000,000 төгрөг түр зээлээч дансанд мөнгө орохоор удахгүй өгнө” гэж 1,000,000 төгрөгийг залилан мэхлэж авч бусдад нийт 6,700,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Т.Г-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1, Я.Н-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурорын газраас Т.Г-т холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Т.Г-ийг дангаараа буюу бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Я.Н-ыг бүлэглэн бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Т.Г-ийг 7 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Н-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 сарын хугацаанд хохирлыг төлөх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ийн цагдан хоригдсон нийт 707 хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-аас нийт 117,890,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ю.Алимаад 8,800,000 төгрөг, С.Моломжамцад 9,500,000 төгрөг, И.Ганзоригт 18,100,000 төгрөг, С.Цогоод 13,240,000 төгрөг, Н.Отгонбаярт 5,500,000 төгрөг, Б.Алтантулгад 9,000,000 төгрөг, С.Мөнхцэцэгт 12,000,000 төгрөг, Я.Ганчимэгт 400,000 төгрөг, Б.Гэрэлд 1,800,000 төгрөг, Адъяагийн Батсайханд 5,000,000 төгрөг, З.Болдбаатарт 1,200,000 төгрөг, Д.Чулуунбаатарт 2,700,000 төгрөг, Ц.Баянжаргалд 2,500,000 төгрөг, Ш.Отгонбаярт 5,000,000 төгрөг, Я.Н-д 1,900,000 төгрөг, Ж.Түмэн-Өлзийд 1,500,000 төгрөг, Б.Дармаад 1,600,000 төгрөг, О.Саранцэцэгт 6,600,000 төгрөг, Б.Сарангэрэлд 5,800,000 төгрөг, Аюушжавын Батсайханд 2,400,000 төгрөг, Б.Цогзолмаад 2,850,000 төгрөг, А.Идэрбатад 500,000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Я.Н-аас нийт 3,350,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цогзолмаад 2,850,000, А.Идэрбатад 500,000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Н- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Т.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...уг хэрэгт хохирогч нар хаана, хэзээ, ямар баримттайгаар надад мөнгөө өгсөн эсэх, тэд мөнгөний эх үүсвэртэй байсан эсэх, мөн 3 хохирогчтой байгуулсан гэх гэрээнд зурагдсан гарын үсэг минийх мөн эсэхийг нарийвчлан шалгаагүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсан. Энэ талаар гомдол, хүсэлтээ эрх бүхий албан тушаалтнуудад гаргаж байсан боловч надад ямар нэгэн хариу өгөөгүй. Иймээс миний бие давж заалдсан гомдолдоо бусдад учруулсан бодит хохирлыг үнэн зөвөөр шалгаж өгөхийг хүссэн болно.

1. Хохирогч Моломжамц нь өөрийн орон сууцаа надад худалдахаар болж надаас урьдчилгаанд 2013 оны 8 дугаар сард 18,000,000 төгрөг авснаас 10,000,000 төгрөгийг нь надад буцааж өгсөн. Би үлдэгдэл 8,000,000 төгрөгөө одоог хүртэл авч чадаагүй. Гэтэл би эсрэгээрээ энэ хүнээс 9,500,000 төгрөгийг авсан болж байна.

2. Хохирогч Алимаа нь Моломжамцын эхнэр бөгөөд надаас 8,800,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Би Алимаагаас зээлсэн мөнгөө 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр түүний Хаан банкны дансанд 12,500,000 төгрөг болгож шилжүүлсэн. Энэ талаарх баримт нь хавтаст хэрэгт байгаа. Би Алимаа, Моломжамц нарт өр төлбөргүй.

3. Хохирогч Ганзориг нь надаас 18,100,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Ганзориг нь миний “Hyundai Santa Fe” загварын автомашиныг “Унаж байя” гээд авсан. Энэ хугацаандаа “Ахаа би автомашиныг чинь зарчих уу, хүн авъя гээд байна” гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн. Би түүнээс нийт 11,000,000 төгрөгийг автомашиныхаа үнэд авсан. Гэтэл бас л нэг тендер ярьсан. Моломжамцад байсан хуурамч гэрээ нь Ганзоригт мөн байсан. Шүүх Ганзоригийн нэхэмжилсэн мөнгийг нотлогдохгүй, автомашин нь түүнд байгаа тул хаслаа гэсэн боловч хасаагүй байна.

4. Хохирогч Сарангэрэлд би өр төлбөр байхгүй. Энэ хүн шүүх хуралдаанд оролцохдоо “Би Г-аас авах өр төлбөргүй” гэж хэлдэг. Би 2014 онд түүнд мөнгөө төлчихсөн байсан. Намайг өр төлбөргүй гэдгийг Сарангэрэл гэрчилдэг, мөн түүнд өгсөн мөнгөний баримт нь байгаа. Гэтэл шүүх надаас 5,800,000 төгрөгийг гаргуулж, Сарангэрэлд олгохоор шийдвэрлэсэн байна.

5. Хохирогч Цогоогийн ломбарднаас би 2015 оны 6 дугаар сард 15,000,000 төгрөгийг зээлж авсан. Би уг зээлсэн мөнгөө хугацаанд төлж байсан ба нийт 4,160,000 төгрөгийг нь төлсөн, одоо 10,500,000 орчим төгрөгийн үлдэгдэлтэй. Гэтэл шүүх надаас 13,240,000 төгрөгийг гаргуулж, Цогоод олгохоор шийдвэрлэсэн байна.

6. Хохирогч Болдбаатар нь намайг 1,200,000 төгрөгийн үнэ бүхий мод залилж авсан гэдэг. Энэ нь түлээний хар, нойтон мод байсан бөгөөд түүний төрсөн хүү нь модоо өөрийнхөө автомашинд ачиж авч яваад Хангай захын ченжид 1,200,000 төгрөгөөр худалдсан. Би мөнгөнөөс нь аваагүй. Үүнийг хамт явсан Отгонбаяр, Баянжаргал нар болон тухайн модны захын ченж эмэгтэй гэрчилнэ.

7. Хохирогч Отгонбаяр нь надаас 5,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. 2015 оны 4 дүгээр сард миний танил Баяраа гэх хүн Отгонбаяр ахыг дагуулж ирээд “Манай ах өрөнд орчихсон, хашаа байшингаа худалдаад өрөө дарах гэсэн чинь бичиг баримтгүй гээд хүн авахгүй байна” гэхээр нь би энэ ахад хашаа байшингийнх нь гэрчилгээг авч өгсөн. Отгонбаяр ах 2015 оны 1 дүгээр сард хүүхдээ Япон улс руу явуулах гээд хүнээс мөнгө зээлчихсэн юм байна лээ. Би тухайн үед түүнийг таньдаггүй байсан бөгөөд энэ хүнд тус болсныхоо хариуд өөрөө өрөнд орсон.

8. Хохирогч Алтантулга нь надаас 9,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Тэрээр шоронд 26 жил суусан гэж намайг айлгаж, байнга дарамталдаг байсан. 2015 оны 5 дугаар сараас 7 дугаар сар хүртэлх хугацаанд түүний дансанд орсон мөнгийг шалгуулах хүсэлтэй байна. Энэ хүн бүх хэргийг зохион байгуулсан. Үүнээс гадна Алтантулгын эхнэрийнх нь дүү Мөнхцэцэг болон түүний дор ажилладаг Гэрэл гэх хүмүүс хоорондоо ямар холбоотой эсэх, яагаад бүгд нэг зүйл ярих болсон эсэхийг шалгуулмаар байна. 

Иймд уг хэргийг нарийвчлан шалгаж, үнэн зөвийг олж тогтоож өгнө үү...” гэв.  

Шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч Д.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус зөрчсөн зарим асуудлууд байгаа. Тухайлбал хохирогч нарын гаргасан өргөдлүүд бүртгэлд бүртгэгдээгүй, харьяалал зөрчсөн, мөн зарим иргэдийг өргөдөл гаргаагүй байхад шууд хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан байдаг.  Т.Г- нь мэдүүлэхдээ тодорхой нэр бүхий хохирогч нарыг таньдаг, тэдэнтэй гэрээ байгуулж, аман хэлцэл хийх замаар мөнгө авч, эргэн төлөлт хийж байсан, харин бусад хохирогч нарыг танихгүй гэдэг. Эдгээр байдлыг нарийвчлан шалгаж өгөөгүй. Мөн мөрдөн байцаалтын явцад зарим хохирогч нарын мэдүүлэг өөрчлөгддөг. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасныг анхаарч үзэлгүйгээр дан ганц хохирогчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Иймээс хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулах буюу Т.Г-ийн зүгээс хэлж байгаа хохирогч нарыг өгсөн мэдүүлгийнх нь дагуу эх сурвалжийг нь шалгах хэрэгтэй. Мөн Т.Г-ийг гэрээ ашиглаж залилан мэхлэсэн гэж 3 хохирогчоос адилхан гэрээ гаргаж өгдөг. Энэ гэрээнд зурагдсан гарын үсэг нь Т.Г-ийнх мөн эсэхийг харьцуулсан шинжилгээ хийлгэж тогтоох тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч хүлээн аваагүй. Хохирлын тооцооны хувьд авч үзвэл Т.Г- нь хохирогч Сарангэрэлд төлөх өр төлбөргүй. Үүнийг Сарангэрэл өөрөө гэрчилдэг. Иймээс хохирогч Сарангэрэлд олгохоор заасан мөнгийг хасч тооцох нь зүйтэй. Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх хүсэлтэй байна. Түүнчлэн Т.Г- нь цагдан хоригдоод 2 жил 4 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд эрүүл мэндийн байдал дордож, шүднүүд нь үүрсэн байдаг. Иймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тохиолдолд Т.Г-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүсье...” гэв.

Шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч Б.Галхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна...” гэв.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч нар нь Т.Г-ийн мөнгө авсан байдал, залилан мэхлэсэн үйлдлийг талаар тодорхой мэдүүлж байхад Т.Г- нь “Би энэ хүнийг танихгүй, мэдэхгүй” гэдэг зүйлийг хэлдэг. Тэрээр бүх үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй, зээлсэн эсхүл аваагүй гэдэг. Хохирогч нарын өгсөн мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Т.Г-, Я.Н- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтаст хэргийг бүхэлд хянаж, цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүн шинжилгээ хийж судлахад:

Т.Г- нь 2013 оны 8 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд өөрийн танил болон тэднээр дамжуулан танилцсан хүмүүстэй уулзаж “...зам, барилга засварын ажлын тендерт ялсан удахгүй миний дансанд мөнгө орно, дансанд мөнгө орж ирмэгц мөнгийг чинь өгнө, татварын өртэй болохоор данснаас мөнгө гаргахгүй байна, уг асуудлаа шийдэх хүртэл мөнгө зээлээч, гадаад улсын банкны болон Монгол улс дахь яам, тамгын газрын нөлөө бүхий албан тушаалтнуудтай сайн харилцаатай, тэднээс зээл авч өгнө, тендер авч өгнө, гадаад улсын сургуульд тэтгэлгээр суралцуулж өгнө, төрийн албаны шалгалтанд тэнцүүлж өгнө...” гэх мэтээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар удаа дараа нэр бүхий 22 иргэн буюу С.Моломжамц, Ю.Алимаа, И.Ганзориг, С.Цогоо, Н.Отгонбаяр, Б.Алтантулга, М.Мөнхцэцэг, Я.Ганчимэг, Б.Гэрэл, Ад.Батсайхан, З.Болдбаатар, Д.Чулуунбаатар, Ц.Баянжаргал, Ш.Отгонбаяр, Я.Н-, Ж.Түмэн-Өлзий, Б.Дармаа, О.Саранцэцэг, Аю.Батсайхан, Б.Сарангэрэл, Б.Цогзолмаа, А.Идэрбат нараас нийт 133,900,000 төгрөгийг аман хэлцэл хийх замаар бэлэн, бэлэн бус хэлбэрээр шилжүүлэн авсан,

Я.Н- нь Т.Г-тай бүлэглэн 2015 оны 10 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд өөрийн танил Б.Цогзолмаатай уулзаж “...хүүхдийг чинь гадаад улсад тэтгэлэгээр суралцуулж өгнө, дүү А.Идэрбатыг чинь төрийн албаны шалгалтанд тэнцүүлж өгнө, Т.Г-т итгэ, найдвартай хүн байгаа юм...” гэх мэтээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар иргэн Б.Цогзолмаа, А.Идэрбат нараас нийт 6,700,000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авсан болох нь;

- хохирогч С.Моломжамцын “...2013 оны 5, 6 сарын үед би Баянзүрх дүүргийн Өгөөмөр хотхоны 72 дугаар байрны 12 тоотод байрлалтай 3 өрөө байраа худалдахаар зар тавьсан. Үүний дагуу Г- надтай холбогдоод “Би байрыг чинь худалдаж авъя” гээд урьдчилгаа болгож 12,000,000 төгрөгийг өгсөн. Би Г-т байраа 138,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч үлдэгдэл мөнгөө өгөхгүй сар гаруй болсон. Ингээд 2013 оны 7 дугаар сард Г- “Би арай хямдхан байр олчихлоо, мөнгөө буцааж авъя” гэхээр нь би 2013 оны 8 сард багтааж мөнгийг нь буцааж өгсөн. Үүнийг миний төрсөн дүү Майдар мэдэж байгаа. Г-тай мөнгө өгч авалцахдаа ямар нэгэн баримт үйлдээгүй. 2013 оны 8 дугаар сард Г- “Гадны хүн ирнэ, тэр хүнээс зээл авахад чинь чамд тусална” гэж ярьж эхэлсэн... намайг Жеймс гэх хүнтэй уулзуулсан. Би тэр хүнд өөрийнхөө эрхэлдэг бизнесийн талаар танилцуулж ярьсан. Жеймс өөрийгөө Хятад улсын “ICBC” банкны лизингийн зээл хариуцсан захирал гэж танилцуулаад надад “Тусламж дэмжлэг үзүүлье, одоо Хятад улс руу явлаа, эргээд холбогдье” гэж хэлээд салсан. Г- хэлэхдээ “Жеймсийн эхнэрийг сайн танина, Монгол эмэгтэй байдаг юм, Жеймстэй эхнэрээр нь дамжуулж холбогдож байя” гэсэн. Удалгүй Г- “Жеймс материалаа аваад ир гэж байна, зээл олгоё гэж байна” гэж хэлсэн. Ингээд 2013 оны 9 дүгээр сард эхнэр Алимаа бид хоёр Г-ийн хамт Бээжинд очиход Г- бид нарыг “IBC” нэртэй банкны гадна авч ирээд “Би материалыг чинь Жеймст оруулж өгчихөөд ирье” гээд орсон... гарч ирчихээд “Одоо ингээд зээл бүтэж байна, зээлийн шимтгэл гэж мөнгө төлөх юм байна” гэж хэлээд 2500 юань авсан ба бид нараас салж явчихаад буцаж ирэхдээ “Мөнгөө тушаачихлаа” гэсэн. Гэхдээ мөнгө тушаасан баримт үзүүлээгүй... Монголд эргэж ирээд удаагүй байтал Г- “Бээжингээс Жи Хун Кан гэж хүн ирлээ, “ICBC” банкны том хөрөнгө оруулагч, Жеймс бол түүний доор ажилладаг ажилтан нь юм байна, энэ хүн зээлийн бүх асуудлыг шийднэ” гэж хэлсэн... 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Г- надтай уулзаад “Та нарын зээл олгогдох гэж байна, зээлийн хураамж шимтгэл төл” гэж байна гээд Голомт банкны дансанд 720,000 төгрөгийг эхнэр Алимаагаар хийлгүүлсэн. Г- “Зээл чинь өнөө маргаашгүй олгогдоно, удахгүй та нарыг дуудаад албан ёсны гэрээ байгуулна” гэж хэлэн хүлээлгэсэн... Энэ хугацаанд бид нараас мөнгө авч эхэлсэн. Тухайлбал 2013 оны 10 дугаар сарын үед “би Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа 2,700,000 төгрөг тушаах ёстой юм байна, энэ мөнгийг 2-3 хоногийн хугацаатай зээлээч” гэж эхнэр Алимаагаас 2,700,000 төгрөгийг, мөн надаас 2013 оны 12 дугаар сард “Эхнэртэйгээ муудалцчихлаа, 8,000,000 төгрөг өгөх шаардлагатай байна” гэж 8,000,000 төгрөгийг, 2014 оны намар “Гааль дээр маргаантай байгаа барааг чинь аваад өгье” гэж 1,500,000 төгрөгийг тус тус авсан... хохирлын тооцоог гаргахад нийт 16,000,000 төгрөг болсноос 9,500,000 төгрөг нь миний мөнгө, үлдэх 6,500,000 төгрөг нь Алимаагийн мөнгө болно. Одоо би Г-аас 9,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” /1хх-ийн 59-63/,

- хохирогч Ю.Алимаагийн “...2013 оны 8 дугаар сард Г-тай манай байрыг худалдаж авахаар ирэх үед нь танилцсан. Г- бидэнд Хятадын банкны гүйцэтгэх захирал Жеймс гэх хүнийг танилцуулсан. Жеймстэй нэг удаа уулзахад өөрийнхөө ажилладаг “ICBC” банкнаас 1,6 сая ам.долларын зээл олгож өгч болно гэж хэлсэн. Дараа нь Г- нөхөр бид хоёрт “Жеймс Бээжинд хүрээд ир гэж дуудууллаа, түүний эхнэр болон аав Баясаа нартай холбоо барьлаа, зээл бүтсэн гэнэ” гэж хэлсэн... Бээжинд очсоны дараа Г- “Жеймстэй уулзалт хийлээ, түүний дарга Жи Хун Кан Монголоор маш сайн ярьдаг, таньдаг хүн байсан байна, танайд 1,6 сая ам.долларын зээл олгохоор шийдлээ, зээлийн материалтай дарга нар нь танилцсаны шимтгэл 2500 юань төл” гэхээр нь түүнд өгсөн. Тэгээд Г- бидэнд “Монголд очоод байж бай, араас чинь зээл олгоно гэж байна” гэж хэлсэн... 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Г- надтай уулзаад Голомт банкны дансны дугаар өгөөд “Зээлийн шимтгэлд 720,000 төгрөг тушаа, зээл гарчихсан” гэж хэлэхээр нь түүний өгсөн дансанд 720,000 төгрөг тушаасан. Энэ дансыг шалгуулахад Солонгос улсын иргэн Жи Хун Каны данс байсан.  Г- зээлийг чинь өнөө маргаашгүй өгнө гээд ярьж эхэлсэн... үүний дараахан Г- “Авлигалтай тэмцэх газраас миний дансыг хаачихлаа, дансаа нээхэд 2,700,000 төгрөг тушаах хэрэгтэй байна, 2 хоногийн дараа данс нээгдэхээр өгье” гэхээр нь би 2,700,000 төгрөгийг зээлсэн. Мөнгөө бэлнээр өгсөн ба ямар нэгэн баримт үйлдээгүй. Г- угаасаа ч баримт үйлддэггүй. Энэ үед би нөхөртэйгээ зочид буудалдаа цагаан хэрэглэл авна гэж ярьж байхыг Г- сонсчихоод “Би Хятадаас сайн чанарын цагаан хэрэглэлийг 3 хоногийн дотор захиалж авч ирүүлье, мөнгөө өгчих, ямар ч асуудалгүй” гэхээр нь би итгээд 3,500,000 төгрөгийг гсөн... 2014 оны 3 дугаар сарын үед Г-аас цагаан хэрэглэлээ асуухад “Ажил болохгүй байна, нөгөө цагаан хэрэглэл чинь худлаа боллоо, би чамд урдны цагаан хэрэглэлтэй чинь нийлүүлээд 300 ширхэг цагаан хэрэглэл авч өгье” гэж хэлсэн зүйл нь худлаа байсан... би Г-аас одоо 8,800,000 төгрөгийг нэхэмжилж байна...” /1хх-ийн 70-71/,

- хохирогч И.Ганзоригийн “...би 2014 оны 7 дугаар сард найз Даваадоржоор дамжуулж Г-тай танилцаж байсан. Тэр үед Г- надаас 4,000,000 төгрөгийг зээлж аваад 1 сарын дараа хүүтэй нь буцааж төлсөн юм. 2014 оны 8 дугаар сарын 20, 21-ний өдрийн үед Г- надад “2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэхэд Ногоон Хөгжлийн яамнаас хүлэмж баримт тендерт 1 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирэх гэж байгаа юм,  яаралтай мөнгө хэрэг болоод байна” гэхээр нь 6,000,000 төгрөгийг түүний Хаан банкны дансаар шилжүүлсэн. 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мөнгөө асуухад бага зэрэг хойшлогдоод байна гэж хэлсэн. 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Г-тай уулзаад байраа томруулах гэж байгаа талаар хэлэхэд “Ахад нь Өгөөмөр хотхоны хажууд 90м2 талбайтай 3 өрөө байр байна, Моломжамц гэж хүний байр байгаа юм, би Моломжамцад 1-2 жилийн өмнө 86,000,000 төгрөг өгсөн, гэтэл энэ мөнгөө өгөхгүй байгаа юм, чи уг байрыг 11,000,000 төгрөгийн барьцаанаас чөлөөлчих юм бол нэр дээр чинь шилжүүлээд өгч болох юм” гэж хэлсэн. Ингээд Г-т итгээд тэр өдрөө 5,500,000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг өмнө өгсөн байсан 6,000,000 төгрөгтэй нийлүүлж тооцоод байраа барьцаанаас чөлүүлчих санаатай өгсөн юм. Үүнээс хойш Г-аас байр яагаад шилжүүлж өгөхгүй байгаа юм бэ гэхэд “Чамаас авсан мөнгийг өөр зүйлд зарцуулчихсан байгаа, тендерийн мөнгө удахгүй орж ирэхээр зөрүү мөнгийг чинь өгөөд байраа шилжүүлнэ” гэж хэлдэг... 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Г- “Мөнгө зээлээч, ойр зуурын мөнгөгүй болчихлоо, төслийн мөнгө орж ирэхээр өгчихнө” гэж хэлээд 1,000,000 төгрөг зээлж авсан. Мөн 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Надад компанийн дансанд 600,000,000 төгрөг ороод ирлээ, үлдэгдэл мөнгө нь удахгүй орж ирнэ, тэгсний дараа мөнгө авч болох юм байна, одоо яаралтай 5,000,000 төгрөгийн хэрэг гараад байна” гэхээр нь итгээд 5,000,000 төгрөг өгчихсөн юм. Тэгсэн маргаашнаас нь Г- “Мөнгө бүрэн орж ирсэн боловч манай компанийн урд жилүүдийн татвар төлөгдөөгүй байна гээд, дансыг маань хаачихлаа, мөнгө олж татвараа төлөөд дансаа нээмээр байна” гээд байхаар нь 2014 оны 9 дүгээр сарын сүүлээр 600,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш худлаа яриад яваад байсан. Тэгээд Г- надад өөрийнхөө унаж байсан “Santa fe” загварын автомашиныг барьцаа болгож өгсөн. Надад энэ автомашин байгаа боловч зээлийн барьцаанд байгаа болохоор ямар ч хэрэггүй болоод байна... Би Г-аас 18,100,000 төгрөгийг нэхэмжилж байна...” /1хх-ийн 134-135/,

- хохирогч С.Цогоогийн “...Би найз Отгонбаяраас дамжуулж Г-тай танилцсан. Г- нь өөрийгөө “Мөнххишигтэн” ХХК-ийн захирал гэж танилцуулаад 2015 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 6 дугаар сарын 6-ны өдрийн хооронд надаас  “Би тендерт оролцоод ялсан, удахгүй мөнгө орж ирнэ, наана нь мөнгөний хэрэгцээ байна” гэж хэлээд 9,500,000 төгрөгийг, “Баянзүрх дүүрэгт байрлах хуучин барилгыг Баянсэлэнгэ гишүүн надад өгсөн, одоо 4,000,000 төгрөг хэрэгтэй байна, 2,000,000 төгрөгийг нь Баянсэлэнгэ гишүүнд өгнө” гэж хэлээд 4,000,000 төгрөгийг, “Манай компани 49,000,000 төгрөгийн татварын өртэй гарчихаж, үүнийг татварын дарга Энхболд аргалж өгнө гэсэн, 1,500,000 төгрөг өгчих” гэж хэлээд 800,000 төгрөгийг, “Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаас 1,600,000 төгрөг зээлээд авчихсан чинь байнга утасдаад байна” гэж хэлээд 1,600,000 төгрөгийг тус тус авсан... би өмнө нь Г-аас 17,700,000 төгрөг нэхэмжилж байна гэж мэдүүлэг өгсөн. Энэ мөнгөндөө би Отгонбаярт өгсөн 2,000,000 төгрөгөө нэмээд хэлчихсэн байна. Би энэ мөнгөө Отгонбаяраас гаргуулж авна. Тэгэхээр үүнийгээ хасахаар 15,700,000 төгрөг болж байгаа юм. Үүнээс 4,160,000 төгрөгийн хохирол төлөгдсөн. Одоо үлдэх мөнгөө Г-аас нэхэмжилж байна...” /1хх-ийн 165-167/,

- хохирогч Н.Отгонбаярын “...би 2015 оны 4 дүгээр сард найз Нямхандаар дамжуулж Г-тай танилцсан... тэгэхэд Г- тендер олж өгч чадна гэж хэлсэн. 1-2 хоногийн дараа Г-тай уулзахад “Барилгын дээврийн ажил болох нийт 120,000,000 төгрөгийн төсөвтэй тендер авч өгье, чи урьдчилгаа 10 хувийг өгчих” гэж хэлсэн... Тэгээд Г-т 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр өөрт байсан 3,000,000 төгрөгийг, мөн найз Цогоогоос 2,000,000 төгрөгийг зээлээд түүнд өгүүлсэн. Г- мөнгө авчихаад барилгын заслын ажлын санхүүжилт дансанд орж ирэх гэж байна, татварын асуудлаас болоод гацчихлаа” гээд л янз бүрийн юм яриад яваад байсан. Сүүлдээ утас нь холбогдохоо больсон... би Г-аас 5,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” /1хх-ийн 173-175/,

- хохирогч Б.Алтантулгын “...2015 оны 4 дүгээр сард найз Баяраагаар дамжуулж Г-тай танилцсан. Тухайн үед Г- хөөргөө 300,000 төгрөгийн барьцаанд тавьсан... хөөргөө авахдаа “Би МАХН-ын гишүүн, Боловсролын дэд сайд болон Эрүүл мэндийн сайд нартай ажил төрөл ярьж байгаа, энэ хоёр хүнтэй асуудалгүй, би Батлан хамгаалах яамны арын албаны даргаар сая томилогдоод тушаал гарлаа, чи надаас тусламж авахаар зүйл байвал хэлээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “Манай хүүхдийг Батлан хамгаалах их сургуулийн 3 дугаар курсэд шууд оруулж өгч чадах уу” гэхэд “Чадна, мөн нэг хүүхдийг чинь улсын тэтгэлэгээр Сөүлийн шинжлэх ухаан технологийн их сургуулийн магистрын сургалтанд явуулж өгнө, мөн чамд төсөл байвал Хүнс хөдөө аж ахуйн яамнаас Францын санхүүжилттэй төсөл авч өгье” гэх зэргээр зөндөө юм ярьсан... тухайн үед Г- надаас “Танай хүүхдийг сургуульд явуулахад мөнгө хэрэг болоод байна” гэж хэлээд 3,000,000 төгрөг авсан. мөн 2015 оны 6 дугаар сард надад “Чиний өгсөн төсөл бүтсэн, чи Франц явахаар болоод байна, яаралтай шинэ компанин байгуулах хэрэгтэй байна” гээд надтай хамт явж “Онли Монголи Туба” ХХК-ийг шинээр байгуулсан. Тэгэхэд Г- надад “1,7 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирнэ, 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр чи Франц руу туршлага судлахаар явна шүү, энэ төсөл чинь 1000 үнээний төсөл байгаа юм, танай хүүхдийг чинь Солонгос явуулах болон Батлан хамгаалах их сургуульд оруулахад мөнгө хэрэг болоод байна” гэж хэлээд надаас 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 6,000,000 төгрөг авсан. Түүнээс хойш худлаа ярьж явсаар, сүүлдээ утас нь холбогдохоо больсон... би Г-аас 9,000,000 төгрөгийг нэхэмжилнэ...” /1хх-ийн 182-185/,

- хохирогч М.Мөнхцэцэгийн “...би Г-тай 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Алтантулгаар дамжуулж танилцсан юм. Алтантулга хэлэхдээ “Г- манай хүүхдийг Солонгос улс руу тэтгэлэгээр магистрт явуулахаар болж байгаа, чи магистрт явахгүй юм уу, би Г-т хэлээд чамайг явуулаад өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би материалаа бүрдүүлээд Алтантулгатай уулзахад мөн Г- байсан. Г- надад “Боловсролын дэд сайд Тулгыг дэд сайд болоход нь би маш их үүрэг гүйцэтгэсэн. Надад 3 хүнийг Солонгос улс руу тэтгэлэгээр явуулах лимит байгаа, би өөрийнхөө охиныг болон Алтантулгын хүүхдийг явуулж байгаа, үлдэх нэгэнд нь чи яв” гэж хэлсэн... мөн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Г-тай уулзахдаа би Хангай хотхонд 1 өрөө байр захиалаад урьдчилгаагаа өгсөн боловч орж чадаагүй яваа талаараа ярихад “Ах нь чамд 1 өрөө байр аваад өгье, Хөдөө аж ахуйн яамны газрын дарга Биндэръяа Өгөөмөр Монгол хотхоны захирал Хайдавмөнхтэй найз нөхдүүд байгаа юм, чи урьдчилгаа өгчихвөл чамд эндээс байр аваад өгье, дээр нь 8 хувийн зээлд оруулаад өгье” гэхээр нь тэр өдрөө 6,000,000 төгрөг олоод өгчихсөн... 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Г- “Чиний Солонгос явах виз гараад бүх асуудал болж байна, чи 6,000,000 төгрөгөө өг” гэхээр нь түүнд 6,000,000 төгрөг өгсөн... гэтэл Г- надад худлаа хэлээд мөнгө авсан байсан. Би Г-т 12,000,000 төгрөгөө өгсөн. Энэ мөнгөө нэхэмжилнэ...” /1хх-ийн 197-199/,

- хохирогч Я.Ганчимэгийн “...би 2015 оны 5 дугаар сард Баяраа гэж хүнээр дамжуулж Г-тай танилцсан юм... би хувиараа гэрийн мод хийдэг ба Г- надаас гэрийн мод ямар үнэтэй байгаа вэ гэж хэд хэдэн удаа асууж байсан. Тэгээд надад “Ах нь тендерт оролцоод ялсан, гэхдээ татвар дээр асуудалтай болчихлоо, ахдаа 400,000 төгрөг зээлээч, 3 хоногийн дараа өгье” гэж хэлээд 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 400,000 төгрөгийг авсан. Ямар нэгэн баримт үйлдээгүй... мөнгөө өгөхгүй 7 хонохоор нь би утсаар ярьж “Мөнгөө авмаар байна” гэхэд “Дансны дугаараа явуулчих” гэж хэлээд миний дансны дугаарыг авсан. Түүнээс хойш сураггүй болсон... би Г-аас 400,000 төгрөгөө нэхэмжилж байна...” /1хх-ийн 207-209/,

- хохирогч Б.Гэрэлийн “...би Г-тай 2015 оны 5 дугаар сарын сүүлээр Бямбадоржоор дамжуулж танилцсан... би Г-т өөрийгөө “Гэрэлт Хас” ТББ-ын тэргүүн байгаа юм, манай байгууллага өөрийн гэсэн ажлын байргүй гэхэд “Танай байгууллагад МАХН-ын төв байранд ажлын өрөөг түрээсгүйгээр гаргаж өгье, танайх гол нь манай намын сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, манай намын дэргэдэх ТББ болж үйл ажиллагаагаа явуул” гэхэд нь би татгалзсан хариу өгч байсан. Г- энэ үед Хүнс хөдөө аж ахуйн яамны хэдэн тэрбум төгрөгийн тендер авах гэж байгаа, мөн жижиг жижиг төслүүд байна гээд байнга ярьдаг байсан ба надад намынхаа байранд ажлын өрөө гарагж өгнө гээд л дагуулаад яваад байдаг байсан. 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд надаас мөнгө авч эхэлсэн. Тэгэхдээ надаас “Зээлээч” гэж хэлж авч байгаагүй. Харин “Ах нь хонох газаргүй болчихлоо, буудлын мөнгө, бинзений мөнгө хэрэгтэй байна, хэрэглээний мөнгөгүй болчихлоо” гэж ярьдаг байсан. Би түүнд 2015 оны 7 дугаар сарын сүүл хүртэл нийт 1,800,000 төгрөг өгсөн... одоо энэ мөнгөө нэхэмжилж байна...” /1хх-ийн 214-215/,

- хохирогч Ад.Батсайханы “...би Г-тай 2015 оны 2 дугаар сард өөрийн танил Батболдоор дамжуулж танилцсан... Г- өөрийгөө наймаа хийдэг, Батлах хамгаалах их сургуульд ажиллаж байгаад гарсан гэж байсан. Харин би Г-т өөрийгөө модны чиглэлээр бизнес эрхэлдэг талаараа хэлсэн. Г- нь “Зам засвар, эмнэлгийн тоног төхөөрөмжийн тендер авах гэж байгаа” гэж ярьдаг байсан. Тэрээр 2015 оны 4 дүгээр сард “Шинэ байр авсан, түүнийгээ зарах гэж байгаа, мөнгөний хэрэг болоод байна” гэж хэлээд 5,000,000 төгрөгийг надаас бэлнээр авсан. Мөнгө хүлээлцэхдээ баримт үйлдээгүй. Би уг мөнгийг найз Батмөнхөөс аваад Г-т өгсөн. Одоо 5,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” /1хх-ийн 238-239/,

- хохирогч З.Болдбаатарын “...2015 оны 3 дугаар сард “Очир авьд” ХХК-ийн захирал Отгонбаяраар дамжуулж Г-тай танилцсан юм. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Г-ийн “Мөнххишигтэн” ХХК нь Отгонбаярын “Очир авьд” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байсан. Уг гэрээгээр 120,000,000 төгрөгийн төсөвтэй ажил олж Г-аар хийж гүйцэтгүүлэхээр тохирсон юм... би Г-тай ойр дотно танилцаагүй. Түүний ойр зуурын бизнес хийдэг залуу л гэж ойлгосон. Би Г-т 4 метр урттай, 14м3 мод өгсөн. Уг мод нь дүнзэн байшин барихаар бэлдсэн бөөрөнхий гуалин мод байсан. Г- хэлэхдээ “Үрээ хадгалуулсан хүнээс үрээ авах гэтэл мөнгө нэхээд байна, тэр хүнд мөнгөн өгөх гэсэн юм” гэж хэлээд авсан... түүнээс хойш надтай уулзахгүй, алга болсон. Би Г-аас модны мөнгөө нэхэмжилж байна...” /1хх-ийн 244-245/,

- хохирогч Д.Чулуунбаатарын “...би Отгонбаяраар дамжуулж Г-тай танилцсан... 2015 оны 6 дугаар сард Г- надтай уулзаад “Эмийн сангийн зөвшөөрлийг танай “Билгүүн Орд” ХХК-ийн нэр дээр авахаар ярьчихлаа, зөвшөөрөл нь одоо гарч байна, 700,000 төгрөг яаралтай өг” гэж хэлээд авсан. 2015 оны 7 дугаар сарын эхээр Г- дахин уулзаад “Нөгөө зөвшөөрөл одоо гарч байна, чи мөнгөө гүйцээж өг” гээд нэхэж байгаад 2,000,000 төгрөг авсан. Тэгсэн тэр тусгай зөвшөөрөл нь худлаа болж таарсан. Г- өөрийгөө “Мөнххишигтэн” ХХК-ийн захирал ажилтай, манай компани мод тарьдаг гэж хэлж байсан ба Био комбинатад тарьсан модоо надад үзүүлж байсан. Сүүлд тэр мод нь Г-ийн тарьсан мод биш болж таарсан... би Г-т мөнгө өгөхдөө баримт үйлдээгүй. Намайг Г-т 2,000,000 төгрөгийг өгөх үед найз Цолмон хамт байсан...” /1хх-ийн 255, 2хх-ийн 1-2/,

- хохирогч Ц.Баянжаргалын “...би 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хотод ирээд маргааш нь нутгийн найз Чулуунбаатартай таарсан. Би Чулуунбаатартай ярилцаж байхдаа Улаанбаатар хотод хөөрөнгийн машин авахаар ирсэн тухайгаа хэлсэн... энэ үед хажууд нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан ба эрэгтэйг нь Г-, эмэгтэйг нь Отгонбаяр гэдэг. Тэд компанийн захирлууд, хамтарч ажил хийдэг гэж танилцуулсан... Чулуунбаатарт зээлсэн 2,000,000 төгрөгөө авахаар очиход Г- надтай уулзаад “Ажилд тусалсанд их баярлалаа, энэ хөөрөгний багаж хийдэг үйлдвэрийн хужааг танина, би байнга хамтарч ажиллаж тоног төхөөрөмж оруулж ирдэг юм, танд үйлдвэрийн үнээр нь багажийг чинь авч өгье, маргааш надтай хамт Хятад явах уу” гэхээр нь би зөвшөөрөөд түүнд 1,000,000 төгрөг, мөн юань авахад нь 1,000,000 төгрөгийг тус тус өгсөн... маргааш нь Г-тай уулзаад Хятад явах юу болсон бэ гэхэд “Замын тендерийн материал авах гээд хэдэн төгрөг хэрэг болоод байна, энэ асуудлаа зохицуулчихаад явна” гэж хэлээд мөнгө хайгаад яваад байсан... тэгээд миний хөөргийг барьцаалж 500,000 төгрөгийг авсан. Түүнээс хойш Г- олдохоо байсан... би Г-аас 2,000,000 төгрөг болон хөөргөө нэхэмжилж байна...” /2хх-ийн 11-12/,

- хохирогч Ш.Отгонбаярын “...Г- өөрийгөө барилгын компанийн захирал ажилтай гэж танилцуулаад “Тендер авчихсан байгаа, санхүүжилт дансанд ороод ирчихсэн, мөнгөө авах гэтэл татвар төлөгдөөгүй байна, та яаралтай мөнгө олоод өгөөч, таныг өөрийнхөө “Мөнххишигтэн” ХХК-д жолоочоор ажилд авна” гэх зэргээр хэлсэн. Би итгээд хүнээс мөнгө аваад өгсөн. Дараа нь Г- “Таны автомашиныг авчихсан байгаа, одоо би унаад явж байна” гэж ярьж байснаа дахин мөнгө асуусан. Тэгээд би түүнд 2,000,000 төгрөгийг хүнээс зээлж өгсөн... сүүлд Г- алга болчихоор нь өөрийнхөө зуслангийн байшингаа худалдаад хүмүүсээс зээлсэн мөнгөө төлж барагдуулсан. Би Г-т маш их гомдолтой байна...” /2хх-ийн 22-28/,

- хохирогч Я.Н-ын “...2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай ажил болох цайз захад байрлах “Жавхлант хүлэг” засварын газар Г- гэгч нь хамт ажилладаг Балжиннямтай уулзахаар ирсэн... 2015 оны 10 дугаар сарын сүүлээр Г- дахин манай ажил дээр ирээд надаас “Автомашинаа түр хэрэглүүлээч, Цайзын захын ар талын барилгыг нураасан 220,000,000 төгрөгөө хөөцөлдөх хэрэгтэй байна, 7 хоног унаад 500,000 төгрөг өгье” гэж Балжиннямаар дамжуулж гуйлгуулаад байхаар нь өрөвдөөд өгсөн. Бас төрийн ордон ормоор байна гэхээр нь 80,000 төгрөгөөр хувцас авч өгсөн. Мөн эхнэр хүүхэдтэйгээ эвлэрээд гэртээ очмоор байна гээд байхаар нь би лам дээр дагуулж 2 удаа очсон. Ингэхдээ 100,000 төгрөгийг Г-ийн өмнөөс өгсөн... Г-аас мөнгөө асуухаар “Мөнгө удахгүй, өнөө маргаашгүй бүтнэ” гэж хэлээд яваад байсан. Г- нэг орой ирээд “Өөрийн гэсэн автомашин авмаар байна, таны автомашиныг унахаар ажлыг чинь саатуулаад байна” гээд шалаад байхаар нь Да Хүрээ зах дээр байдаг өөрийн танил Түмэн-Өлзий дээр дагуулж очсон. Тэгээд Түмэн-Өлзийд Г-ийг танилцуулаад “Өнөө маргаашгүй мөнгөтэй болох хүн байгаа юм, найздаа автомашин зээлүүлээч” гэж гуйсан. Түмэн-Өлзий нь “Чамайг ирж байгаа болохоор л итгээд өглөө шүү” гээд өөрийн худалдаж байсан “Crown-71” загварын автомашинаа зээлсэн. Г-т бичиг баримт байхгүй байсан учраас Балжиннямын нэр дээр гэрээ хийж авсан. Нотариатын мөнгө байхгүй байсан болохоор би зүүж явсан бөгжөө барьцаалж 100,000 төгрөгийг өгсөн. Үүний дараа Г- “Барилга нураасан 220,000,000 төгрөг орж ирэх гээд байна, дансанд заавал мөнгө байршуулсан байх шаардлагатай, 2,000,000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь би хүнээс 2,100,000 төгрөг зээлж авч өгсөн... 2015 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдөр Г- над дээр ирээд “Дархан явах хэрэгтэй байна, бинзений мөнгө алга байна” гэхээр нь мөн зүүж явсан бөгжөө барьцаалж 135,000 төгрөг авч өгсөн... энэ хугацаанд Г-т нийт 2,900,000 төгрөгөө залилуулсан тул уг мөнгөө нэхэмжилж байна...” /2хх-ийн 87-89/,

- хохирогч Ж.Түмэн-Өлзийгийн “...би Да Хүрээ зах дээр хувиараа автомашин зардаг. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай багын найз Н- ирж надтай уулзсан. Н-тай хамт Г-, Балжинням гэх хүмүүс явж байсан. Н- хэлэхдээ Г- бол миний танил найдвартай хүн байгаа юм, чи энэ хүнд автомашин зээлээр өгчих, 14 хоногийн дараа мөнгийг нь хүүтэй нь өгнө гэж байна гэсэн... Тэгэхээр нь хамт зах дээр зогсдог Энхбаатараас 66-56 УБТ улсын дугаартай, “Тoyota Crown” загварын автомашиныг худалдаж аваад Г-т зээлээр өгсөн. Г-ийн нэд дээр автомашин шилжүүлж өгөх гэтэл Г- нь надад бичиг баримт алга, манай найз Балжиннямын нэр дээр энэ автомашинаа шилжүүлж өгсөн... 14 хоногийн хугацаа өнгөрөхөөр нь Балжиннямаар дамжуулж Г-аас мөнгөө нэхэхэд “Одоо мөнгө орж ирэх гэж байна, мөнгөө авах гэтэл дахиад 1,500,000 төгрөг хэрэг болоод байна, мөнгө зээлээч автомашины мөнгөтэй чинь хамт хүүтэй  нь өгчихнө” гэхээр нь Энхбаатараас худалдаж авсан автомашинаа барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж 1,500,000 төгрөг Г-т авч өгсөн... би одоо тэр автомашиныг авахгүй, автомашины үнэ болох 7,500,000 төгрөг болон барьцаалан зээлдэх газраас зээлж авсан 1,500,000 төгрөг нийт 9,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” /2хх-ийн 103-105/,

- хохирогч Б.Дармаагийн “...би МУИС-ын сэргээгдэх эрчим хүчний ангид 2010 онд элсэн ороод тус сургуульд 4 жил сурсан. Суралцах хугацаанд кредитийн зөрүү гарсныг мэдээгүй байж байгаад төгсөх жилээ мэдсэн. Тэгэхэд манай эгч Цэцэгмандал нь Нармандах гэж найз руугаа ярьсан. Нармандах нь удалгүй Цэцэгмандал эгч рүү залгаад би энэ асуудлыг шийдэх хүн олчихлоо гэсэн. Үүний дараа 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Г- гэгч хүнтэй танилцсан. Тухайн үед Г- нь би хувиараа ажил эрхэлдэг, МАХН-ын гишүүн гэж танилцуулсан. Тэрээр надад “Кредитийн төлбөр болох 1,600,000 төгрөг болж байна, би танай сургуулийн сургалтын албан хүнтэй уулзсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд данснаасаа 1,600,000 төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн. Мөнгө өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй... Үүнээс хойш сарын дараа сургалтын алба ороход ямар ч мөнгө төлөөгүй байсан. Тэр жилээ би сургуулиа төгсөж чадаагүй. 2015 оны 7 дугаар сарын эхээр Г- над руу залгаад “Ах нь буцаагаад мөнгийг нь өгнө, дансаа өгчих” гэж хэлсэн. Түүнээс хойш надтай холбоо бариагүй алга болсон. Г-аас 1,600,000 төгрөгөө нэхэмжилж байна...” /2хх-ийн 111-112/,

- хохирогч О.Саранцэцэгийн “...би Цайз зах дээрээ барилгын материалын худалдаа эрхэлдэг. 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр манай захын дарга Чулуунбаатар намайг дуудаад “Г- гээд миний таньдаг хүнд бэлэн байр байна, урьдчилгаа 10 хувь өгсөн хүнд банкны зээлийг нь гаргуулж өгөх юм байна, одоо өөрт нь түлхүүр ордер нь байна” гэж хэлсэн... Г-тай уулзаад байрыг нь худалдаж авах талаар ярихад “би энэ байрыг чамд 66,000,000 төгрөгөөр заръя, чи урьдчилгаа 10 хувь буюу 6,600,000 төгрөгийг өгчих” гэхэд нь би өөрт байсан 1,800,000 төгрөг дээрээ нэмээд өөрийн хүү Ган-Эрдэнээс 1,500,000 төгрөг зээлж авч нийт 3,300,000 төгрөг болгож бэлнээр өгсөн... Г- надаас “Та үлдэгдэл мөнгөө байрныхаа гэрчилгээг гарахаар нь өгөөрэй” гэж хэлсэн... 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Г-тай уулзахад “үлдэгдэл 3,300,000 төгрөгөө өгөхгүй бол зээл гаргахгүй байна” гэж хэлэхээр нь би байрны эзэн Энхбаяртай уулзсан. Энхбаяраас энэ байр ямар учиртай юм бэ гэхэд “Бид хоёр цуг ажил хийгээд хөлсөндөө авсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд Г-т 3,300,000 төгрөгийг нэмээд өгсөн... маргаашнаас нь Г- руу залгасан боловч утсаа авахаа больсон. Тэгж байгаад сүүлдээ бүр алга болсон... би Г-аас 6,600,000 төгрөгөө нэхэмжилж байна...” /2хх-ийн 120-121/,

- хохирогч Б.Сарангэрэлийн “...2014 онд найз Наранцэцэгээр дамжуулж Г-тай танилцсан... тэгээд “найз нь удахгүй Улаанбаатар хот руу шилжиж ажиллах гэж байгаа юм, тэгээд хотод нэг байртай болохоор тэрийгээ тохижуулмаар байна, хямдхан тавилга хэрэгтэй байна” гэхэд Г- “манай найз БНХАУ-ын Гуанжу хотоос тавилга зөөдөг юм би хэлээд өгөх үү” гэхээр нь зөвшөөрөөд 2014 оны 2 дугаар сараас 4 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 5,800,000 төгрөгийг Төрийн банкаар түүний регистрийн дугаараар нь шилжүүлсэн... би 2014 оны 10 дугаар сард Улаанбаатар хот руу шилжихээр болоод Г- руу залгаад тавилгаа асуухад “За одоохон” гэж хэлчихээд янз бүрийн шалтаг гаргаад өгөхгүй байгаа юм... мөн Г- манай охиныг Солонгос улс руу сургуульд явах ажлыг хөөцөлдөж өгнө гэж хэлсэн бөгөөд 2014 оны 10 дугаар сард манай гэрт ирээд “Охины чинь Солонгос явах ажил бүтсэн, нийт зардал 2,500,000 төгрөг болно” гэж хэлээд надаас 2,500,000 төгрөгийг бэлнээр авсан. Тэр өдрөөс хойш Г- манай охины визийг гаргаж өгөөгүй... алдсан мөнгөө буцаагаад олчихвол гомдол саналгүй...” /2хх-ийн 181-182, 214/,

- хохирогч Аю.Батсайханы “...би Цайз зах дээр талбай түрээслэн мужаан хийдэг бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр захирал намайг дуудаж уулзаад хамт байсан Г- гэх хүнд намайг танилцуулж, сүүдрэвч хийх урьдчилгаа мөнгө 500,000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд Г- гэх хүн “очоод хийж бай, араас чинь очиж өгье” гэж хэлчихээр араас ирээгүй. Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах, Монгол хотхонд хүүхдийн талбайн сүүдрэвчийг 7 дугаар сарын 23-ны өдөр хийж дуусгаад Г-аас мөнгөө авах гэтэл “маргааш орой хүрээд ир” гэж хэлсэн... маргааш нь уулзахад Г- 500,000,000 төгрөгийн гүйлгээнд гарын үсэг зурсан бичиг үзүүлээд “Энэ мөнгийг гаргуулахын тулд 4,000,000 төгрөг хэрэгтэй байна, чи мөнгө олж чадах уу, хэрэв энэ мөнгийг гаргуулах юм бол би мөнгийг чинь шууд аваад өгье” гэсэн. Тэгэхээр нь эхнэр Дэлгэрмаагаас 2,400,000 төгрөгийг аваад түүнд өгсөн... Г- “За байж бай, одоохон” гэсээр байгаад 4 хоног өнгөрсөн. Тэгээд дээрх бичиг дээр байсан Голомт банкны 1505001224 гэсэн дугаартай дансыг тус банкны ажилтанд учраа хэлээд шалгуулахад “ийм данс байна, гэхдээ 2015 оны 1 дүгээр сараас хойш ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй байна” гэсэн... түүнээс хойш Г-тай одоог хүртэл ямарч холбоогүй байна...” /2хх-ийн 151-152/,

- хохирогч Б.Цогзолмаагийн “...би Н-тай багийн найзууд. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод Дархан-Уул аймгаас орж ирээд хүүхдээ Солонгос улсад сургах гээд материал бүрдүүлээд явж байсан... ингэхдээ Н-ыг гуйж автомашинаа бариулж явдаг байсан. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Н- “1,000,000 төгрөг зээлээч, маргааш өглөө өгнө” гэж хэлэхээр нь би 800,000 төгрөгөө зээлсэн. Маргааш нь мөнгөө авахаар уулзах үед Н-тай хамт Г- гэж хүн явж байсан. Г- надад “Чи манай найзад мөнгө зээлээд аминд орлоо, чамайг шагнана” гээд хоолонд оруулсан. Хоол идээд сууж байхад Г- намайг юу хөөцөлдөө байгаа юм бэ гэхээр нь би “Солонгос улс руу хүүхдээ сургуульд явуулах гээд бичиг баримт хөөцөлдөөд явж байна” гэж хэлсэн... тэгээд Г- 2015 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ирж уулзаад “хүүхэд чинь явахаар болсон шүү, чи хүүхдийнхээ замын зардалд 1,150,000 төгрөг, визний хураамжид 70,000 төгрөг, мөн дээр нь нэмээд 1,720,000 төгрөгийг өгөөрэй” гээд надаас уг мөнгийг авсан... 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Г- “Танай хүүхэд явах бүх асуудал жин тан болсон, танай хүүхэд очоод байрлах байрны мөнгө 3,700,000 төгрөг яаралтай өг” гэхээр нь өөрийнхөө автомашиныг зараад, ээмэг бөгжөө барьцаалж дээрх мөнгийг өгсөн. Тэгээд мөнгө өгсөн орой нь Г- цагдаад баригдсан юм байна лээ... Н-д Г- нь өөрийгөө их том хүн гээд ойлгуулсан гэсэн. Н- л сайн хүн гээд байхаар нь би итгээд Г-т мөнгөө өгчихсөн юм. Би Г-аас 5,700,000 төгрөг нэхэмжилж байна...” /2хх-ийн 47-50/,

- хохирогч А.Идэрбатын “...анх 2015 оны 10 дугаар сарын эхээр Цогзолмаа эгч манай гэрт ирээд “Чамайг гайгүй ажилд оруулаад өгчихөөр хэдэн залуучууд байна” гэж хэлээд Дархан аймагт Н-, Г- гэх 2 хүнтэй уулзуулсан. Эдгээр хүмүүс намайг төрийн албаны шалгалтанд оруулна гэж хэлээд надаар төрийн албаны анкет бичүүлж, диплом бусад бичиг баримтын хуулбаруудыг авсан. Тэгээд намайг дагуулаад Сэлэнгэ аймагт аваачсан. Энэ үед Сэлэнгэ аймагт төрийн албаны шалгалт болж байсан. Тэгсэнээ гэнэт л чамайг төрийн албаны шалгалтанд оруулахгүйгээр тэнцүүлнэ гээд миний материалыг аваад шалгалт авч байсан газар луу Г- орсон. Гарч ирэхдээ материалыг чинь найздаа өгчихлөө гэж хэлсэн... Дархан аймагт байхад Г-, Н-, Балжинням нарыг зочид буудалд байрлуулж, хоол унд, бинзений мөнгө өгч байсан. Тэр 3 буудалд байрлаж байхдаа ямар ч мөнгөгүй болчихлоо гээд надаас 1,000,000 төгрөг зээлж авсан. Гэтэл одоог болтол надаас авсан мөнгөө өгөхгүй, мөн төрийн албаны шалгалт ч худлаа болсон юм...” /4хх-ийн 222-223/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогчийн мэдүүлгүүдийг нотлон мэдүүлсэн шүүгдэгч Т.Г-ийн “...хохирогч Саранцэцэг, Баянжаргал, Цогзолмаа, Дармаа нарын хувьд би хэргээ хүлээнэ...” /6хх-ийн 3/, шүүгдэгч Я.Н-ын “...надад бусадтай бүлэглэж, будсыг залилах бодол байгаагүй. Би хүнд итгэмтгий, тусархуу зангаасаа болж энэ хэрэгт холбогдсон...” /6хх-ийн 5/  гэсэн мэдүүлгүүд, мөн гэрч С.Ононбаяр /1хх-ийн 73-74/, М.Амартүвшин /1хх-ийн 75/, Д.Очбадрах /1хх-ийн 77/, Д.Мөнхсайхан /1хх-ийн 79/, Б.Тулга /1хх-ийн 80/, Н.Хишигсүрэн /1хх-ийн 81-82, 2хх-ийн 39/, И.Ганзориг /1хх-ийн 84/, Кан Жи Хун /1хх-ийн 108-109, 111/, Б.Даваадорж /1хх-ийн 136/, Т.Цэндсүрэн /1хх-ийн 137-139/, М.Нямхандын /1хх-ийн 176/, Б.Биндэръяа /1хх-ийн 186-187/, Ц.Энхбат /1хх-ийн 200/, М.Бямбадорж /1хх-ийн 247/, Б.Ууганбаатар /1хх-ийн 248/, Д.Батцэцэг /2хх-ийн 3/, Ш.Отгонбаяр /2хх-ийн 13-14/, Э.Баярсайхан /2хх-ийн 15/, Ц.Цэцэнбат /2хх-ийн 16/, Д.Оюунбилэг /2хх-ийн 35/, А.Оюунбаатар /2хх-ийн 36/, Ц.Сайнтуяа /2хх-ийн 37/, Н.Отгонбаяр /2хх-ийн 38/, Т.Батхуяг /2хх-ийн 40-41/, Ц.Дээмээ /2хх-ийн 90/, Ж.Алтанхуяг /2хх-ийн 91/, Ж.Энхбаатар /2хх-ийн 107/, Д.Нармандах /2хх-ийн 113/, Ц.Цэцэгмандал /2хх-ийн 114/, Б.Ган-Эрдэнэ /2хх-ийн 122/, Л.Чулуунбаатар /2хх-ийн 123-124/, Б.Ганзул /2хх-ийн 125-126/, Т.Энхбаяр /2хх-ийн 127/, Х.Билэгжаргал /2хх-ийн 185/, Г.Цэдэв /2хх-ийн 186-187/, А.Нямзул /2хх-ийн 215/, Д.Балжинням /2хх-ийн 75-78, 4хх-ийн 224/, С.Түвшинбаяр /2хх-ийн 80/ нарын мэдүүлгүүд,

Голомт банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 110/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /1хх-ийн 143-144, 2хх-ийн 19/, хөрөнгийн жагсаалт /1хх-ийн 146/, фидуци, худалдах худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээний хуулбарууд /1хх-ийн 145, 150-152, 224-227, 250, 2хх-ийн 33, 97, 99/, мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 168, 170, 194/, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /1хх-ийн 246/, автомашин хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 106/, мөнгөн гүйлгээ хийсэн баримт /2хх-ийн 94/ зэрэг нотлох баримтуудаар,

мөн Т.Г- нь 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн болох нь:

Т.Г-т бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн тогтоол /3хх-ийн 100/, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн прокурорын тогтоол /3хх-ийн 205/, мөрдөн байцаалтыг сэргээн явуулах тухай 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн прокурорын тогтоол /3хх-ийн 207/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

Шүүгдэгч Т.Г- нь “...хохирогч нар хаана, хэзээ, ямар баримттайгаар надад мөнгөө өгсөн эсэх, тэд мөнгөний эх үүсвэртэй байсан эсэх, мөн 3 хохирогчтой байгуулсан гэх гэрээнд зурагдсан гарын үсэг минийх мөн эсэхийг нарийвчлан шалгаж өгнө үү...” гэж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх үндэслэл зааж давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэргийн материалыг судлахад, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нараас удаа дараа мэдүүлэг авахдаа тухай бүрт нь хууль сануулсан байх бөгөөд хохирогч нар нь Т.Г-т өгсөн мөнгөний тоо хэмжээ, эх үүсвэр болон гэмт хэрэг гарсан байдлын талаар тогтвортой мэдүүлж, түүнийхээ эх сурвалжийг зааж чадсан, энэ нь гэрч нарын өгсөн мэдүүлэг, холбогдох бусад бичгийн нотлох баримтуудаар давхар баталгаажсан байна.

Иймд Т.Г-ийн хохирогч нараас онц их хэмжээний мөнгийг авахдаа өөрийгөө МАХН-ын гишүүн, “Мөнххишигтэн” ХХК-ийн захирал, Батлан хамгаалах яамны арын албаны даргаар ажилладаг, гадаад улсын банк болон Монгол Улс дахь яам, тамгын газрын нөлөө бүхий албан тушаалтнуудтай сайн харилцаатай мэтээр ойлгуулан итгэл төрүүлж, “зам, барилга засварын ажлын тендерт оролцоод ялсан удахгүй мөнгө орж ирнэ, гадаад улсын банкнаас зээл авахад зуучилж өгнө, гадаад улсад сургуульд тэтгэлгээр суралцуулж өгнө, төрийн албаны шалгалтанд тэнцүүлж өгнө” гэх зэргээр бодитойгоор хэрэгжих үндэслэлгүй зүйлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийн эрхийг өөртөө авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч Т.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Г-, Я.Н- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна”, 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доод дурдсанаар ойлгоно”, 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.2-т “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж заан хохирлын хэмжээг тодорхойлсон тул гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Г-ийг хохирогч нарт 133,900,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол, шүүгдэгч Я.Н-ыг хохирогч нарт 6,700,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол тус тус учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Т.Г-ийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “давтан, бүлэглэж, онц их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн уг хэрэгт яллагдагчаар татагдан таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Я.Н-ыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “давтан, бүлэглэж” үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар “давтан үйлдэл” гэх хууль зүйн үр дагавар үүсгэсэн зохицуулалтыг халснаас гадна, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон байна.

Т.Г-ийн залилан мэхлэх гэмт үйлдэл нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан, Я.Н-ын залилан мэхлэх гэмт үйлдэл нь мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус нийцэж тохирсон байх ба тус хуулиар дээрх гэмт хэргүүдэд оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь хөнгөрчээ.

Иймээс Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн, шүүгдэгч Т.Г-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг, шүүгдэгч Я.Н-ыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Г-ийн гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан түүнд оногдуулах хорих ялын хэмжээг хуульд нийцүүлэн тогтоож, уг ялыг “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр, мөн шүүгдэгч Я.Н-ын гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоо, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийсэн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой хугацаанд хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэхээр тус тус шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Т.Г-ийн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн үйлдлийг “гэмт хэрэгт тооцохгүй болсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй орхигдуулсаныг шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах замаар зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Т.Г-аас гаргуулан нэр бүхий 22 хохирогч нарт олгохоор шийдвэрлэхдээ тооцооны алдаа гаргасан дараах асуудлууд байна:

Хохирогч Б.Сарангэрэл нь анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад буюу 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтдээ “...би Г-аас хохирлоо бүрэн барагдуулж авсан, одоо гомдол саналгүй...” /5хх-ийн 129/ гэсэн байхад түүнд 5,800,000 төгрөгийг, хохирогч С.Цогоо нь мөрдөн байцаалтын явцад буюу 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлэхдээ “...би Г-аас 17,700,000 төгрөгийг нэхэмжлэхдээ Отгонбаярт өгсөн 2,000,000 төгрөгийг нэмсэн байна. Тэгэхээр 2,000,000 төгрөгөө Отгонбаяраас гаргуулж авна. Харин Г-аас 15,700,000 төгрөг нэхэмжилнэ. Үүнээс 4,160,000 төгрөг төлөгдсөн тул үлдэх мөнгөө нэхэмжилнэ...” /1хх-ийн 167/ гэсэн байхад түүнд 13,240,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн нь буруу болсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бөгөөд хохирогч Б.Сарангэрэлд учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж дүгнэн, шийтгэх тогтоолын хавсралт 1 хүснэгтээс түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн хохирогч С.Цогоод олгохоор заасан “13,240,000” төгрөгийг “11,540,000” төгрөг болгон зөвтгөж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг нийт 110,090,000 төгрөгөөр тогтоон, уг мөнгийг шүүгдэгч Т.Г-аас гаргуулан нэр бүхий 21 хохирогч нарт олгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 463 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтад “Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Т.Г-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулсугай.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...шүүгдэгч Т.Г-аас нийт 117,890,000 төгрөгийг гаргуулан, шийтгэх тогтоолын хавсралт 1-т зааснаар нэр бүхий хохирогч нарт оногдох хэмжээгээр олгосугай...” гэснийг “...шүүгдэгч Т.Г-аас нийт 110,090,000 төгрөгийг гаргуулан, шийтгэх тогтоолын хавсралт 1 хүснэгтэд зааснаар нэр бүхий хохирогч нарт оногдох хэмжээгээр нь олгосугай...” гэж,

- шийтгэх тогтоолын хавсралт 1-ээс хохирогч Буяндэлгэрийн Сарангэрэлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, хохирогч Сандагсүрэнгийн Цогоод олгохоор заасан “13,240,000 төгрөг”-ийг “11,540,000 төгрөг” болгож тус тус өөрчилсүгэй.

            3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэг болон хавсралт 1 хүснэгтийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

                                  ШҮҮГЧИД                                                  М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                     Н.БАТСАЙХАН