Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 470

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч С.Отгонтуяа, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар.

Нэхэмжлэгч: Б.Г .

Хариуцагч: Монгол улсын Ерөнхий аудитор.

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/245 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нийслэл дэх Төрийн аудитын газрын Нийцлийн аудитын хэлтсийн шинжээчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 07 дугаар сарыын 06-ны өдөр Ерөнхий Аудиторын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/88 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын гүйцэтгэлийн аудитын ажлын байрны тодорхойлолтын 3 дахь хэсгийн ажлын туршлага хэсэгт төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх гэсэн хэсгийг, мөн Аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/177 дугаар тушаал болон түүний нэгдүгээр хавсралтын 3 дахь хэсгийн 35 дугаарт Баттөр Г , хоёрдугаар хавсралтын 34 дүгээрт Баттөр Г  гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулж, тус Ерөнхий Аудиторын дэргэдэх соонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэр, дүгнэлт нь илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлсэн” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, нэхэмжлэгч Б.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э , хариуцагчийн өмгөөлөгч Б.О , иргэдийн төлөөлөгч Н.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Ажлаас чөлөөлсөн тушаал дээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 болон 27.2.4-ийг барьсан байгаа. Үүнээс үзэхээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан байгаа. Гэвч Үндэсний аудитын газар нь тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-ийг хэрэглэхдээ уг албан тушаалыг эрхэлж байсан албан тушаалтнаас сонгон шалгаруулалт хийгээгүй. Дарга гэхэд шинжээчийн орон тоо дээр өрсөлдөж улмаар хамгийн илүү шаардлага хангасан гэж томилогдоод явсан. Үүнээс болж гүйцэтгэлийн аудитот байсан 7 албан хаагч хасагдсан байгаа. Ажлын байрны тодорхойлолтыг таван жил гэж заасан байгаа.

Гүйцэтгэлийн аудитод 6 ахлах болон 13 шинжээч үйл ажиллагаа явуулж байсан. Ахлахын орон тоо 2-аар буурч, шинжээчийн орон тоо 3-аар буурч үүнд нийтдээ 7 албан хаагчийг чөлөөлсөн байгаа. Дээрх аудиторын орон тоонд нийцэл болон гүйцэтгэлийн аудитын менежер нэг хүн, шинжээч болсон. Ахлах шинжээч 3 аудитор албан тушаал буурч аудитор болсон байгаа. Бидний үзэж байгаагаар ахлах аудиторын орон тоо нь буурсан тохиолдолд ахлах аудиторууд хоорондоо өрсөлдөөд тухайн албан тушаалд томилогдож улмаар аудиторын менежерийн орон тоо буурсан тохиолдолд аудиторын менежерүүд нь хоорондоо өрсөлдөх ёстой байсан гэх үндэслэлүүдийг хэлж байгаа.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдаас сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нийтэд нь сонгон шалгаруулалт явуулснаас болж нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байна. Мөн сонгон шалгаруулах комиссын шийдвэр байгаа. Тухайн шийдвэрийг бидний зүгээс хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. Мөн бид нарт тухайн комиссын шийдвэрийг ерөөсөө танилцуулаагүй. Бидэнд зөвхөн бүтэц өөрчлөгдсөн гэдэг үндэслэл тайлбарлаад явсан. Бидний хувьд комисс байгуулагдсан шийдвэр гарсан тухай ерөөсөө мэдээгүй. Энэ бүх мэдэгдлийг шүүхийн байгууллагад гомдол гаргаснаас хойш гаргаж авсан байгаа. Комиссын шийдвэр нь 06 дугаар сарын 28-ны өдөр гарсан гэж байгаа боловч яг хэвлэгдсэн он сар өдрийг харахад 07 дугаар сарын 04-нд хэвлэгдсэн харагдаж байгаа. Төрийн албанд 5 жил ажилласан гэх шаардлагыг бид нар  яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр Үндэсний аудитын газар болон Гүйцэтгэлийн аудитын газрын ажлын байрны тодорхойлтонд бид нартай ижилхэн яг 5 жил гэж заасан байдаг. Гэтэл тухайн ажлын байрны тодорхойлолт 03 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан боловч Үндэсний аудитын газраас шинээр ажилтан авах сонгон шалгаруулалтын зарууд байгаа. Тухайн зард төрийн албанд 3-аас дээш жил ажилласан байх гэдэг шалгуур тавьснаар ажлын байрны тодорхойлолтоос өөр шалгуур тавьсан байсан. Манайхтай адил шалгууртай газар шинээр хүн авахдаа төрийн албанд 3-аас дээш ажилласан тухай ажлын байрны тодорхойлолтоо өөрчилсөн байх магадлалтай зүйл байгаа учраас бид нар төрийн албанд 5-аас дээш жил ажилласан гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 болон 27.2.4-ийг үндэслэж байгаа. Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан байгаа. Гэтэл хариуцагч байгууллага нь албан тушаалтныг чөлөөлөхдөө өөр албан тушаалд шилжүүлэх тухай ажлыг ерөөсөө хийгээгүй. Үнэхээр тухайн албан тушаалын мэргэжлийг хангахгүй байгаа бол яаж тухайн албан тушаалтныг мэргэшүүлж болон яаж авч үлдэх талаар ерөөсөө арга хэмжээ аваагүй улмаар шууд жагсаалт гаргаж чөлөөлөөд явсан байгаа. Бүтэц орон тоо өөрчлөгдөхөөс өмнө 50 орон тоо байсан. Өөрчлөгдсөний дараа 45 болж,  халагдсан хүний тоо 7, нийт 11 хүн төрийн аудитын газраас чөлөөлөгдсөн. Бүтэц орон тоо өөрчлөгдсөн байгаа хэдийн ч дахиад яагаад шинээр хүмүүс авч байгаа вэ? гэдэг талаар асууж лавламаар байна. Үнэхээр шинээр авсан хүмүүс нь шаардлага хангасан хүмүүс авсан уу, яагаад өмнө ажиллаж байсан хүмүүсээ халаад шинээр хүмүүс авч байгаа асуудал нь ойлгомжгүй байна. Халсан хүмүүс нь таван жил гэх шаардлагыг хангахгүй байгаа болохоос биш бусад бүх шаардлагыг хангаж байгаа. Халагдах болсон шалтгаан нь шинээр ерөнхий аудитор томилогдож ирсэн. Мөн бид нарын гомдож байгаа бас нэг асуудал бол хөдөө орон нутагт орон тоо байсан байхад тухайн хүмүүсийг шилжүүлж ажиллуулах тухай санал нэг ч тавиагүй. Үнэхээр хэрвээ санал тавьсан байсан бол бидний зүгээс тухайн саналыг эсэргүүцэх зүйл нэг ч байхгүй юм.   

Ерөнхий аудитор томилогдсоны дараа аудиторын байгууллагын шинжээчдийн ажлын байрны тодорхойлолтыг өөрчилсөн байгаа. Ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөхдөө төрийн албанд 5-аас дээш жил ажиллах гэж тусгай шаардлагыг нэмж оруулсан. Мөн сонгон шалгаруулалт явуулахдаа тухайн хэлтэс дотор буюу тухайн үед хэлтсийн даргаар ажиллаж байсан хүнийг сонгож улмаар сүүлд орсон хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн байгаа. Тухайн албан тушаалд шинжээчээс илүү туршлагатай хүмүүс тухайн албан тушаалд ажиллах ёстой гэж ойлгож байна. Гэтэл тухайн хүмүүст төрийн албанд ажиллах шаардлага тавихгүй мөртлөө яагаад хамгийн доод шатанд ажиллаж байгаа хүмүүсдээ төрийн албанд заавал 5-аас доошгүй жил ажиллах ёстой гэдэг шаардлага тавьж байгаа юм бол. Хэрэв тухайн шаардлагыг тавих гэж байгаа бол батлагдсан өдрөөс хойш явах ёстой байтал шууд баталсны дараа тухайн хүмүүст шаардлага тавих нь үндэслэлгүй.  Хоёр үндэслэл байгаа нэгдүгээрт нь бол ажлын байрны тодорхойлолтод шаардлага тавих гэж байгаа бол яг бүх албан тушаалд шударга шаардлага тавих ёстой байтал тийм шаардлага тавихгүй байна. Хоёрдугаарт тухайн албан тушаалд шаардлага тавьж байгаа бол тавьсан цагаас хойш шинээр орж байгаа хүмүүст үүнийг тавих ёстой. Гэтэл хуучин хүмүүсийг тус шаардлагыг хангахгүй байна гэж ажлаас нь чөлөөлсөн байдал нь үндэслэлгүй байна. Б/177 дугаар тушаал нь шууд ажлаас нь чөлөөлж жагсаалт гаргасан байгаа. Бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хуулийн тодорхой үйл явц байхгүй. Тийм учир бидний хувьд тухайн ажлаас чөлөөлсөн үйл явц нь үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийн хувьд тухайн ажиллагааг хийсэн талаарх танилцуулага ерөөсөө байхгүй. Нэг удаа ирж ажлын хэсгийн ахлах нь уулзсан л зүйл байгаа. Хариуцагчийн хэлснээр төрийн албаны шалгалт өгөөгүй гэж байна. Улмаар шалгалт өгөөгүй учир халах үндэслэл болсон гэж байна. Монгол улсын ерөнхий аудиторын 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тушаалаар төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэжлийн шалгалт авах болзол журам гэж байгаа. Тухайн журам нь өнөөдрийг хүртэл хэвээр үйлчилж байгаа. Энэ журмын дагуу нэхэмжлэгч ажилд орсон. Тухайн журамд төрийн аудитын байгууллага нь тусдаа сонгон шалгаруулалт зарлаж явдаг. Нэхэмжлэгчийн хувьд тухайн үед тавигдаж байсан шаардлагад зохих журмын дагуу хангаад орсон. Хэрвээ үнэхээр төрийн албан хаагчын шалгалт өгөөгүй гэдэг шаардлага тавьж байгаа бол одоо ажиллаж байгаа зарим хүмүүс нь тухайн шаардлагыг хангахгүй юм. Гэтэл нэхэмжлэгч Б.Г  нь ганцаараа тухайн шаардлагыг хангаагүй орсон мэтээр тайлбарлаж байгаа зүйл нь үндэслэлгүй юм. Тухайн үедээ хүчин төгөлдөр үйлчилж байсан журмын дагуу орсон асуудал байгаа.

Бүх зүйл хууль ёсны дагуу явагдсан гэж ярьж байна. Гэтэл 11 хүн ажлаас халагдсан. Ер нь бол орон тоо 5-аар буурсан.Тухайн зөрүүн дээр шинэ хүн авсан. Үнэхээр хуулийн дагуу явагдсан байсан бол 5 хүн л хасагдах байсан. Гэтэл яагаад үүнээс олон хүн халаад дээрээс нь нэмээд шинэ хүмүүс ажилд авч байгаа вэ? Мөн орон нутагт хүн авахтай холбоотой зар байсан. Тухайн заранд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэж шаардлага тавьсан байсан. Гэтэл ажлын байрны тодорхойлолт 5-аас доошгүй жил ажилласан байх хэрэгтэй гэж уг шаардлагыг нэхэмжлэгчид тавьж байгаа. Яагаад дараагийн хүмүүсд тухайн шаардлагыг тавихгүй байгаа вэ? Үүн дээр бид нар үнэхээр гомдолтой байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Төрийн аудитын байгууллага нь Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг төрийн тусгай  алба юм. Энэ хүрээнд Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан чиг үүргийг тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан  хэм хэмжээний хүрээнд хэрэгжүүлэхээр хуульчилж өгсөн төрийн тусгай алба юм. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, түүний харьяа төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ. Төрийн аудитын дээд байгууллага нь Үндэсний аудитын газар, төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллага нь аудитын төрөл болон нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдсан аудитын байгууллага байна гэж заасан. Энэ хүрээнд Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар байсныг Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны А/59 дугаар тушаалын хавсралтаар Нийслэл дэх Төрийн аудитын газар болгож өөрчилсөн.. Энэ нь  Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм.

Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчилэн баталсан. Өмнө нь Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан төрөлжсөн аудитын нэгж нийцлийн аудитын нэхэмжлэл байгаагүй тул зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг бий болгон, хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгож, албан тушаалын жагсаалтыг баталсан.

 Түүнчлэн Гүйцэтгэлийн аудитын 2 албатай байсныг 1 хэлтэс 3 албатай байхаар, Санхүүгийн 3 албатай байсныг 2 хэлтэс тус бүрдээ 2 албатай байхаар, Тамгын хэлтэстэй байхаар тус тус өөрчлөн зохион байгуулсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан стандартын хэрэгжилтийг хангах, Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.3, 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм.

Мөн нэхэмжлэлд дурдагдсан Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байрны албан тушаалын тодорхойлолтыг баталсан. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын дагуу батлан гаргасан зааврын дагуу ажлын байрны зорилго, зорилт, гүйцэтгэх үндсэн үүргүүд, ажлын төрлүүд, мэдлэг ур чадвар, хандлага, төлөвшил, гүйцэтгэлийн шалгуур зэргийг нарийвчлан тогтоож гаргасан хүчин төгөлдөр тушаал юм. Өмнө нь Нийслэлийн Ерөнхий аудиторын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 35 тоот тушаалын хавсралт гуравт батлагдсан ажлын байрны тодорхойлолт нь хуулийн этгээд ерөнхий, бүхий л төрлийн мэргэжлийг хамруулдаг, албан хаагчдад тавигдах шаардлага сул зэрэг нь Төрийн жинхэнэ албанд цаашлаад Төрийн аудитын тусгай албанд туршлагагүй, мэргэшээгүй, мэргэжлээрээ ажиллаагүй, мэргэжлийн бус албан хаагч нар ажил албан тушаал эрхэлж, төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь төрийн аудитын байгууллага нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан ард түмэнд үйлчлэх, мэргэшсэн тогтвортой байх зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж байсан тул Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад тавигдах шаардлагыг ажлын байр тус бүрээр нь системийнхээ хэмжээнд мөрдүүлж эхэлсэн.

Дээр дурдсан албан тушаалууд нь Монгол Улсын Ерөнхий аудиторын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан бөгөөд Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар  зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан байгаа тул төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Энэ талаар Улсын дээд шүүхийн 2010 оны Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 15-д Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ. 

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэрээ өөрчлөх замаар байгуулагдаж болно гэж мөн тус тайлбарт заасан. Энэ хэсэгт заасан зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц алба тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгжийг шинээр бий болгосныг ойлгоно гэж тус тайлбарт тайлбарласан байдаг.

Тухайн тушаал шийдвэрийн хэрэгжилт нь Монгол Улсын Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т заасны дагуу батлагдсан Нийслэл дэх  Төрийн аудитын газрын ажилтан, албан хаагчдыг шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу томилох шаардлага үүссэн.

Мөн Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ гэж тайлбарласан. Мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалын дагуу 4 дүгээр заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулж, шинэчлэн батлагдсан ажлын байр албан  тушаалын тодорхойлолтод тавигдах  шаардлагыг хангасан албан хаагчдыг сонгон шалгаруулж танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх сонгон шалгаруулалтын комисст даалгах тухай үүрэг болгосны дагуу сонгон шалгаруулалтын комисс сонсох ажиллагаа явуулж, ажлын байр албан тушаалын тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг шалгуур үзүүлэлт болгон сонгон шалгаруулалт явуулж, танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газар нь Газрын дарга 1, дэд дарга 1 , Хэлтсийн дарга бөгөөд менежер 4, ахлах аудитор 8, аудитор 26, нягтлан бодогч 1, Хуульч 1, Мэдээлэл технологийн ажилтан 1, Даргын туслах 1, нийт 45 оронтойгоор батлагдсан бөгөөд өмнө нь 2014 оны 23 дугаар тушаалаар 50 орон тоотой байснаас шинжээч гэдэг орон тоо хасагдсан юм. Шинжээчийг Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д аудитын баг гэж аудитын хуулийн этгээдээс томилогдсон партнер, аудитор, аудиторын туслах болон шинжээчийг гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн аудитын газарт хуучнаар шинжээчийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд шинэчлэн баталсан бүтэц, орон тоо, албан тушаалын чиг үүргээр Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтцэд шинжээч буюу аудиторын туслах гэсэн орон тоо нь хасагдсан нь нэхэмжлэгчийн ажил албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болсон бөгөөд Монгол  Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны Б/245 дугаар тушаал нь хууль тогтоомжийн хүрээнд, гарсан шийдвэр юм. Уг тушаалын дагуу нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний тэтгэлэг болох 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд батлагдсан төсвийн хүрээнд 1,200,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн.

Нэхэмжлэлийн бусад үндэслэлүүдийн тухайд:

Нэхэмжлэгч нь анх Төрийн албанд томилогдохдоо зохих журмын дагуу бус Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох, 10 дугаар зүйлийн 10.1-д мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол журмыг тус тус зөрчин томилогдсон. Тухайлбал:

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэжлийн шалгалт авах болзол журмын дагуу шалгалт өгөөгүй.

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан төрийн захиргааны албан хаагчийн ангилал зэрэглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 317 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан зэрэглэлээр АА-7 буюу Төрийн жинхэнэ албаны Ахлах түшмэлийн албан тушаалд шууд томилогдсон байсан.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д төрийн жинхэнэ алба, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх гэж заасан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд авах зохицуулалтуудыг зөрчиж томилогдсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана гэсэн үзэл баримтлалыг алдагдуулах нөхцөл байдлыг бий болгожээ.

Нэхэмжлэгч нь анх томилогдохдоо Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэжлийн шалгалт авах болзол журамд  заасны дагуу сонгон шалгаруулж сул орон тоог нөхөх журамтай. Тус журмын дагуу 1.5-дахь заалтад аймаг нийслэлийн аудитын газрууд аудитор шинжээчийн албан тушаалд  шинээр ажилтан авахдаа энэхүү журмыг баримтална. Мөн тус журмын 4.1-д Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар батлагдсан комисс цаашид шалгалтын комисс гэх эрхлэн гүйцэтгэнэ гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч 2013 ны 06 дугаар сарын 27-ны өдөр томилогдохдоо Нийслэлийн Ерөнхий Аудиторын 2012 оны 35 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан шинжээчийн ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй байсан байна. Мөн Б.Г  нь 2017 онд ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл авч байсан нь шинээр баталсан ажлын байранд тавигдах шаардлагад нийцэхгүй байсан байна.

Төрийн аудитын тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар Төрийн аудитын байгууллагын гүйцэтгэх албан тушаалтан нь Төрийн тусгай албанд хамаарагдах бөгөөд гүйцэтгэх албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д заасан журмын дагуу сонгон шалгаруулж, түүнийг үндэслэн томилогдохоор зохицуулалттай юм.

Гэтэл нэхэмжлэгч нь холбогдох дүрэм, журмын дагуу төрийн албанд томилогдоогүйн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байр болон албан тушаал болох аудиторын шаардлагыг хангахгүй бөгөөд эдийн засагч, менежер мэргэжилтэй нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаартай Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 4-д Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгаа бол сул орон тоо гарсан гэдэгт хамааруулж үзнэ гэсний дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж , байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага,түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан байдаг. Гэвч хуульд заасны дагуу мэдэгдээгүй гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна” гэж хөдөлмөрийн гэрээгээр ажиллах албан тушаалыг тодорхойлсон. 

Нэхэмжлэгч нь үүнд хамаарахгүй бөгөөд Төрийн захиргааны ангилал, зэрэглэл болох АА-7 буюу Төрийн жинхэнэ албаны Ахлах түшмэл албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д төрийн захиргааны, төрийн тусгай албан нь Төрийн жинхэнэ албанд хамаардаг тул нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаагүй, төрийн жинхэнэ албан хаагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Төрийн  албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу үр дүнгийн гэрээг байгуулдаг болохыг Төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байсны хувьд мэдэж байгаа гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн тайлбарласан орон тоо хасагдсан эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн тухай асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д тус тус нарийвчлан зохицуулсан. Энэ мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид тусгайлан олгогддог баталгаа юм.

Мөн нэхэмжлэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийсэн боловч уг сонсох ажиллагаа нь ажлаас халах талаар биш ерөнхий аудитын газрын бүтцийн өөрчлөлт хийж буй тушаалын талаар танилцуулсан сонсох ажиллагаа байсан. Захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн сонсож Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг зохих журмын дагуу явуулж байж эцэслэн гаргадаг гэжээ.

Анх 2017 оны А/60 дугаар тушаал гарахын өмнө 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, сонсох ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгчийн хувьд А/60 болон А/88 дугаар тушаалтай холбоотой гомдол болон санал гаргаж байгаагүй. 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр сонсох ажиллагааг биечлэн уулзах хэлбэрээр явуулсан. Тухайн сонсох ажиллагааны хувьд нэхэмжлэгч нь ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэж оролцсон. Тухайн сонсох ажиллагааны талаарх тэмдэглэл нь хэрэгт авагдсан.

Мөн нэхэмжлэгч нь халагдсан гэж ташаа ойлгон тайлбарлаж байна.  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан болон хуульд заасан бусад үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж, төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах зохицуулалтай байна. Нэхэмжлэгчийн хувьд тухайн зохицуулалтын хүрээнд халсан зүйл байхгүй улмаар бүтцийн өөрчлөлтийн улмаас чөлөөлсөн байгаа.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчийн зүгээс ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлага нь огт байгаагүй шаардлага биш. Өмнө нь төрийн албанд ажилласан туршлагатай байх гэж зааж өгсөн байсан. Тухайн заалтад жил заагаагүй байсан. Жил заагаагүй улмаас тухайн албан тушаалд төрийн албан хаагчын шалгалт өгөөгүй мөн ямар ч туршлагагүй хүмүүсийг шууд томилох нөхцөл байдал бий болгож байсан учраас бид ажлын байрны тодорхойлолтод хугацаа зааж өгсөн. Үүнийг зөвхөн Б.Г ын ажлын байрны тодорхойлолт бус нийт хүмүүсийн шаардлагыг баталж өгсөн. Бидний хувьд хууль зөрчсөн асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд ямар хууль тогтоомж зөрчсөн асуудлыг хэлээгүй гэж үзэж байна. Бид бол нэхэмжлэгчийн ямар нэгэн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус гэж үзэж байгаа.

Мөн сонгон шалгаруулалтын тэмдэглэл нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн байдал байхгүй.  Бид нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй учраас хууль бус нэхэмжлэлийн шаардлага тул бид үүнийг биелүүлэх ямар ч боломж байхгүй. Нэхэмжлэгчийн ажлаас халсан гол үндэслэл нь бол ажлын байрны шаардлагыг хангаагүй мөн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан байсан тул хангаагүй. Тийм учир эдгээр үндэслэлүүд нь нэхэмжлэгчийг чөлөөлөх нөхцөл бүрдсэн юм.

Нэхэмжлэгчийн хувьд ажлын байрны зарыг буруу ташаа харсан гэж үзэж байна. Бидний хувьд хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд дээрх тушаал шийдвэрийг гаргасан. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож улмаар уг тушаал шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г  Монгол улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/245 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нийслэл дэх Төрийн аудитын газрын Нийцлийн аудитын хэлтсийн шинжээчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 07 дугаар сарыын 06-ны өдөр Ерөнхий Аудиторын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/88 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын гүйцэтгэлийн аудитын ажлын байрны тодорхойлолтын 3 дахь хэсгийн ажлын туршлага хэсэгт төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх гэсэн хэсгийг, мөн Аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/177 дугаар тушаал болон түүний нэгдүгээр хавсралтын 3 дахь хэсгийн 35 дугаарт Баттөр Г , хоёрдугаар хавсралтын 34 дүгээрт Баттөр Г  гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулж, тус Ерөнхий Аудиторын дэргэдэх соонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэр, дүгнэлт нь илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогчийн тайлбарыг үнэлж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянаж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Г  Нийслэлийн ерөнхий аудиторын 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар тус газарт шинжээчийн албан тушаалд томилогдон ажиллаж байжээ.

Нэхэмжлэгч “... тухайн албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдын дунд сонгон шалгаруулалт явуулаагүй, төрийн албанд 5 жил ажилласан гэсэн үндэслэлгүй шаардлага тавьсан, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч нь “... нэхэмжлэгч нь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, орон тоо цөөрсөн учир сонгон шалгаруулалт явуулж ажлын байранд тавигдах шаардлага хангасан хүмүүсийг шинэ ажлын байранд томилсон” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60, А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан байх бөгөөд  Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 23 дугаар тушаалаар баталсан тус газрын 50 орон тоог бууруулж, 45 болгож баталснаас үзэхэд “Шинжээч”-ийн албан тушаал хасагдсан /орон тоо цөөрсөн/ байна.

Хариуцагчаас Төрийн Аудитын байгууллагын бүтэц, орон тоо, чиг үүрэг өөрчлөгдөж байгаа талаар 2017 оны 02, 05, 06 дугаар саруудад сонсгох ажиллагааг нэхэмжлэгчтэй биечлэн уулзах хэлбэрээр  хийж захиргааны байгууллагаас гарах шийдвэрийн талаар танилцуулж мэдэгджээ.

Ийнхүү тус газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан “... тус газрын орон тоо цөөрч ажлын байрны тодорхойлолт заасан шаардлагад нийцэхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Г ыг Нийслэл дэх төрийн аудитын газрын мэдлээс чөлөөлсөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/245 дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасантай нийцсэн гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл хариуцагч Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Монгол улсын Ерөнхий аудитор шийдвэрлэнэ.” гэсэн бүрэн эрхийн хүрээнд нийцүүлэн гаргасан маргаан бүхий Б/245 дугаар тушаал хууль зөрчөөгүй.

Тодруулбал өмнө нь Нийслэлийн Ерөнхий аудиторын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаарын тушаалын хавсралтаар батлагдсан ажлын байрны тодорхойлолт хэт ерөнхий, бүхий л төрлийн мэргэжлийг хамруулсан, албан хаагчдад тавигдах шаардлага сул, Төрийн аудитын тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг албан тушаалд туршлагагүй, мэргэшээгүй, мэргэжлээрээ ажиллагаагүй иргэд томилогдож аудитын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байсныг өөрчилж хуульд нийцүүлэн шаардлагыг өндөрсгөх шаардлага гарсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Ингэж Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолт, албан хаагчдад тавигдах шаардлагыг тодорхой болгож зохицууласан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтлана;”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх;”  гэсэнтэй нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/88 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан Гүйцэтгэлийн болон Нийцлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байранд тавигдах шаардлага буюу ажлын туршлагын үзүүлэлтийг   “төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх” гэж тодорхойлсон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байна. 

Төрийн аудитын тухай хуулийн 71 дугаар зүйлийн 71.3-т “Төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээчид тавих шаардлага, ажлын байрын тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална”, 14 дүгээр зүйлийн 14.3-т “Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн аудитын байгууллагын хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ төрийн албаны нийтлэг хууль тогтоомжийн хүрээнд өөрийн онцлогт тохирсон тогтолцоог боловсруулж мөрдөнө” гэж тус тус заасан байна. Дээрх заалтаас үзвэл Ерөнхий аудитор нь аудитын байгууллагын ажилтны ажлын байрын тодорхойлолтыг боловсруулж батлах буюу ажлын туршлагын үзүүлэлт болох хугацааг тодорхойлох  бүрэн эрхтэй байна.

Тиймээс нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийг халах зорилгоор ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөн төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан гэх шаардлагыг нэмсэн, түүний ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэсэн шаардлагыг хүлээн авах боломжгүй.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаал  эрхлэх хүсэлтэй иргэд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа иргэнийг сонгох зарчмаар уг албан тушаалыг бүрдүүлэх учиртай.

Гэтэл нэхэмжлэгч Б.Г аас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/245 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг шийдвэрлэж, хариу өгсөн Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 969 дугаар албан бичигт “... Б.Г  нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу төрийн жинхэнэ албанд анх орох иргэний сонгон шалгаруулалтад орж, томилогдоогүй байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэжээ.

Хэдийгээр маргаан бүхий актын шууд үндэслэл болоогүй ч нэхэмжлэгч нь “төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй” гэсэн хариуцагчийн тайлбар болон нэхэмжлэгч уг шалгалтыг өгөөгүй үйл баримт нь нэхэмжлэлийн “өмнө нь ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэсэн даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэлд хамаарна.

Анхнаасаа энэхүү нийтлэг журмыг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон иргэнийг шүүхээс эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох боломжгүй юм.

Нөгөө талаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “... орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ.

Үүний дагуу тус газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнөөр төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/ цөөрсөнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалаар /4 дэх заалт/ өмнө нь ажиллаж байсан албан хаагчдыг шинэ ажлын байранд томилохтой холбогдуулан шинэчлэн батлагдсан ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан албан хаагчдыг сонгон шалгаруулж, танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комисст даалгасан байна.

Гэтэл тус комиссын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаас Б.Г ыг төрийн албанд 5 жилээс доошгүй хугацаанд ажилласан байх гэсэн шаардлагыг хангахгүй, 3 жил ажилласан гэж дүгнэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч уг хуралдаанаас гарч тэмдэглэлээр баталгаажсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж, үндэслэлээ “... комисс нь ямар үндэслэлээр байгуулагдаж үйл ажиллагаа явуулж буй нь тодорхойгүй, уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдын дунд сонгон шалгаруулалт явуулах ёстой байтал нийт албан хаагчдаас сонгон шалгаруулалт хийсэн” хэмээн тайлбарлажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д захиргааны акт илт хууль бус байх үндэслэлүүдийг “утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй....” гэх мэт нэг бүрчлэн заасан байна.

Гэтэл Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэр,  дүгнэлт нь “илт хууль бус байх” үндэслэлийг агуулаагүй, нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь “илт хууль бус байх үндэслэл”-д хамаарахгүй юм.

Иймд Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэр,  дүгнэлт нь Төрийн албаны тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад нийцсэн, түүнийг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа байх тул нэхэмжлэгчийн” илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн шаардлага үндэслэлгүй байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/177 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар нэр бүхий 46 ажилтныг Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газрын албан тушаалаас чөлөөлж, хоёрдугаар хавсралтаар дээрх нэр бүхий 46 ажилтныг Нийслэл дэх төрийн аудитын газрын мэдэлд авч, 4 дэх заалтаар “... ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан албан хаагчдыг сонгон шалгаруулж, танилцуулах”-ыг  Монгол Улсын ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комисст даалгажээ. Дээрх тушаалын нэгдүгээр хавсралтын 35, хоёрдугаар хавсралтын 34 дэх хэсэгт тус тус нэхэмжлэгч Б.Г ын нэр бичигджээ.

Аймаг, нийслэлийн аудитын газруудыг Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар болгож өөрчлөн байгуулсантай холбогдуулан энэхүү Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалаар нэр бүхий 46 ажилтныг Нийслэлийн аудитын газрын /хуучин нэрээр/ тус тусын албан тушаалаас чөлөөлж, Нийслэл дэх Төрийн аудитын газрын /шинэ нэрээр/ мэдэлд авчээ.

Уг тушаалаар ажилтнуудыг албан тушаалаас нь бүр мөсөн чөлөөлж буй хэрэг биш харин хуучин байгууллагын албан тушаалаас чөлөөлж, шинэ байгууллагад томилсон байна.

Иймд энэхүү тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/177 дугаар тушаал болон түүний нэгдүгээр хавсралтын 3 дахь хэсгийн 35 дугаарт Баттөр Г , хоёрдугаар хавсралтын 34 дугаарт Баттөр Г  гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлиййн шаардлага үндэслэлгүй байна. 

Ийнхүү дээрх байдалд дүнэлт хийхэд нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.Г ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 71 дугаар зүйлийн 71.3, 14 дүгээр зүйлийн 14.3,Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5, 17 дугаар зүйлийн 17.3, 27 дугаар зүйлийн 27.2.3-д тус тус заасныг баримтлан Монгол улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/245 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нийслэл дэх Төрийн аудитын газрын Нийцлийн аудитын хэлтсийн шинжээчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Ерөнхий Аудиторын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/88 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын гүйцэтгэлийн аудитын ажлын байрны тодорхойлолтын 3 дахь хэсгийн ажлын туршлага хэсэгт төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх гэсэн хэсгийг, мөн Аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/177 дугаар тушаал болон түүний нэгдүгээр хавсралтын 3 дахь хэсгийн 35 дугаарт Баттөр Г , хоёрдугаар хавсралтын 34 дүгээрт Баттөр Г  гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулж, тус Ерөнхий Аудиторын дэргэдэх соонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэр, дүгнэлт нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч Б.Г ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР

                       ШҮҮГЧ                                  Н.ДАМДИНСҮРЭН

                                                                С.ОТГОНТУЯА