Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 26

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр баг /Улаанбураа/ оршин суух, ПЗ66062605 дугаарын регистртэй, Шыбарайгыр дүзик овогт Берквайн Сайлаугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Сайлау, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Золзаяа нар оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Сайлау нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оноос 1990 он хүртэл ногоочноор улсад нийт 9 жил ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний бие 1982 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан талаархи лавлагаа архиваас гарч ирэхгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1982 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд ногоочноор улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.                   

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Б.Сайлау нь 1982 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан болох нь

1982 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1944 дугаартай лавлагаа,

Гэрч Б.Оюунчимэгийн“ ...Миний бие Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан. Намайг ногоочноор ажиллаж байхад Б.Сайлау нь 1982-1990 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

Гэрч Б.Угтаабаярын “...Би Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан. Б.Сайлау нь 1982-1990 он дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Берквайн Сайлауг 1982 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Шыбарайгыр дүзик овогт Берквайн Сайлауг 1982 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ