Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 25

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт оршин суух, ПП62082016 дугаарын регистртэй, Зуутраг овогт Дүүдэйгийн Цагаачийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Цагаач, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Золзаяа нар оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Цагаач нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Цагаач нь 1962 оны 08 дугаар сарын 20-нд тухайн үеийн Мянгад сумын Дөргөн бригадад төрсөн. Би 1978 оны 1 сараас эхлэн Мянгад сумын Дөргөн бригадад “Сүхбаатарын зам” нэгдэлд ээж Тогтохын Дүүдээгийн хамт бог мал маллаж байгаад 1980 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн бог мал маллаж эхэлсэн. Түүнээс хойш 1990 он гарч нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд тасралтгүй бог мал малчнаар ажилласан. Иймд намайг 1978-1980, 1983-1990 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч  Д.Цагаач нь 1978-1980, 1984-1990 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 491 дугаартай лавлагаа,

Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын 1978-1989 онуудын 70 дугаар данс дахь Д.Цагаачийн цалингийн түүвэр

Гэрч Б.Цэвэлмаагийн“ ... Би 1978 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын дунд сургуульд номын санчаар ажиллаж байсан. Д.Цагаач нь ээж Т.Дүүдэйгийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд 1990 онд нэгдэл тарах хүртэл тасралтгүй ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Төмөрхуягийн “...Би 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оныг хүртэл тасралтгүй Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд бага эмчээр ажиллаж байсан. Намайг 1976 онд Ховд аймгийн Дөргөн суманд ажиллаж эхлэхэд Д.Цагаач нь ээж Т.Дүүдэйгийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд 1990 онд нэгдэл тарах хүртэл тасралтгүй ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Дүүдэйгийн Цагаачийг 1978-1980 он хүртэл, 1984-1990 он хүртэл Ховд аймгийн дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Зуутраг овогт Дүүдэйгийн Цагаачийг 1978-1980 он хүртэл, 1984-1990 он хүртэл Ховд аймгийн дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ