Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 100

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 17-17 тоотод оршин суух, ПЭ64101608 дугаарын регистртэй, Шакуу овогт Ережевийн Кадирханы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Е.Кадирхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Уянга нар оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Е.Кадирхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэлд 1980 оноос 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр усанд орж, бичилт нь тодорхой бус болсны улмаас хохироход хүрээд байна. Иймд намайг 1980 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү”гэжээ. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч  Е.Кадирхан нь 1980 оноос 1986 он хүртэл, 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн баярын бичиг,

Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын Тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаар лавлагаа,

Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадын 1980 оноос 1986 он хүртлэх 70 дугаар данс,

Гэрч Х.Шилдебайгийн“...Би Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 1973 оноос 2014 оныг хүртэл монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан. Е.Кадирхан нь 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд өөрийн саналаар эвлэлийн илгээлтээр эцэг эхийн хамт мал маллахаар малчин болж байсан. Би тухайн үед Е.Кадирханд монгол хэл, уран зохиолын хичээл заадаг байсан, мөн эвлэлийн илгээлтийг хүндэтгэлтэйгээр гардуулдаг байсан учраас Е.Кадирханыг 1980 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг гэрчилж байна...” гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч С.Базарын “...Би Ховд аймгийн Ховд сумын дунд сургуульд 1965 оноос 2000 он хүртэл газар зүйн багш, хичээлийн эрхлэгч, аж ахуйн захирал зэрэг ажлуудыг хийж байсан. Е.Кадирхан нь 1980 оны 06 дугаар сарын 10-нд 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр эцэг эхийн хамт мал маллахаар малчин болж байсан. Е.Кадирханы ээж нь их эрт нас барсан учраас 8 дугаар ангиа төгсөөд малчин болж байсан. Е.Кадирханд хичээл заадаг байсан багшийн хувьд түүнийг 1980 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэдгийг гэрчилж байна...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Е.Кадирханы 1981 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр нь засвартай, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч Ережевийн Кадирханыг 1980 оноос 1986 он хүртэл, 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгч Ережевийн Кадирхан нь 1986 оноос 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаархи нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Шакуу овогт Ережевийн Кадирханыг 1980 оноос 1986 он хүртэл, 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Нэхэмжлэгч Ережевийн Кадирхан нь 1986 оноос 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаархи нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ