Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1460

 

2020.08.07                                   2020/ШЦТ/

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Б.Уранцэцэг,

шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 02716 1851 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.Б, 1988 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хаан банк”-нд үйлчлэгч ажилтай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 4-16 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баян тэс” хүнсний дэлгүүрийн хажууд насанд хүрээгүй Б.Тэргэлийг өөрийн хүүхэд Б.Мөнхтогтохыг зодсон гэх шалтгаанаар шанаан тус газар нь 2 удаа алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар “биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байнаа”  гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Тэргэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Баян тэс” хүнсний дэлгүүрээс зайрмаг аваад гэр рүүгээ явж байтал манай тэнд амьдардаг 12 гөлөг, тарзаны тал төмсөг. Гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгээд Мөнхтогтох бид хоёр маргалдсан. Тэгсэн Мөнхтогтох миний өвдөг рүү хөлөөрөө жийхээр нь би эргүүлээд Мөнхтогтохыг хойшоо түлхсэн чинь Мөнхтогтох доошоо тонгойгоор нь би Мөнхтогтохын хүзүү, нуруун тус газар нь гараараа 1 удаа цохисон...бид хоёрыг маргалдаж байхыг харсан хүмүүс Мөнхтогтохын ээжид очоод Тэргэл манай хүүхдийг зодоод байна гэж хэлсэн байсан. Тэгсэн Мөнхтогтохын ээж нь над дээр хүрч ирээд Мөнхтогтохыг миний толгой, чих, хамар, ам руу гараараа цохиод байсан. Яг хэдэн удаа цохисныг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан нилээн хэдэн удаа намайг цохисон..” гэх мэдүүлэг /хх-ийн 11-17/,

Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 69/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6051 тоот дүгнэлтэд: 

1. Б.Тэргэлийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт. /хх-ийн 22-23/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 28/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баян тэс” хүнсний дэлгүүрийн хажууд насанд хүрээгүй Б.Тэргэлийг өөрийн хүүхэд Б.Мөнхтогтохыг зодсон гэх шалтгаанаар шанаан тус газар нь 2 удаа алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь

Насанд хүрээгүй хохирогч Б.Тэргэлийн: “...2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Баян тэс” хүнсний дэлгүүрээс зайрмаг аваад гэр рүүгээ явж байтал манай тэнд амьдардаг 12 гөлөг, тарзаны тал төмсөг гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгээд Мөнхтогтох бид хоёр маргалдсан. Тэгсэн Мөнхтогтох миний өвдөг рүү хөлөөрөө жийхээр нь би эргүүлээд Мөнхтогтохыг хойшоо түлхсэн чинь Мөнхтогтох доошоо тонгойгоор нь би Мөнхтогтохын хүзүү, нуруун тус газар нь гараараа 1 удаа цохисон...бид хоёрыг маргалдаж байхыг харсан хүмүүс Мөнхтогтохын ээжид очоод Тэргэл манай хүүхдийг зодоод байна гэж хэлсэн байсан. Тэгсэн Мөнхтогтохын ээж нь над дээр хүрч ирээд Мөнхтогтохыг миний толгой, чих, хамар, ам руу гараараа цохиод байсан. Яг хэдэн удаа цохисныг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан нилээн хэдэн удаа намайг цохисон..” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Бад хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Насанд хүрээгүй хохирогч Б.Тэргэл нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Б.Бад хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Бад 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР