Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 104

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар баг, Цамбагаравын Турлиахт 2-14 айлын орон сууц, 03 дугаар тоотод оршин суух, ПЙ71081871 дугаарын регистртэй, Чоноохон овогт Милхаасүрэнгийн Гансүхийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ж.Уранцэцэг нар оролцов.                                                                   

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Оч” нэгдэл, 1 дүгээр багт 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малын эмчээр ажиллаж байгаад 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, 1993 оны 06 дугаар сарын 20-нд цэргээс халагдаж ирсэн. Улмаар 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дахин тус багт малын эмчээр ажиллаж 1994 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан. Тухайн үед миний ажиллаж байсан байдлыг талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ ажлаас гарсан тушаал байхгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд намайг 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Оч” нэгдлийн 1 дүгээр багт малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                         

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч  М.Гансүх нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Оч” нэгдлийн 1 дүгээр багт малын эмчээр ажиллаж байсан болох нь

Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1899 дүгээр лавлагаа,

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар ажилд томилох тухай захирамж,

Мялхаасүрэнгийн Гансүхийн 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээсэн 362855 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Милхаасүрэнгийн Гансүхийн цэргийн батлахын нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Гэрч П.Самбуугийн “...М.Гансүх нь Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг төгсөж 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тус сумын 1 дүгээр бригадад малын эмчээр 2 жил ажиллаад 1992 оны 06 дугаар сард цэрэгт татагдаж, 1993 оны 06 дугаар сард халагдаж ирээд 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дахин 1 дүгээр бригадад малын эмчээр 1994 оны 07 дугаар сарыг дуустал ажилласан нь үнэн. Би тухайн үед тус бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байсан...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,

Гэрч Я.Хүрэлчулууны “...М.Гансүх нь Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг төгсөж Мөнхайрхан сумын Алаг багт хуваарилагдаж 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 20 хүртэл Оч нэгдэлд ажиллаж байгаад цэргийн албанд явсан. Улмаар 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус нэгдэлд малын бага эмчээр ажиллаж байсан. Миний бие нь тухайн үед тус нэгдэлд үйлдвэрчний эвлэлийн хороон даргаар ажиллаж байсан...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,

Гэрч У.Батсуурийн “...М.Гансүх нь Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг төгсөж 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тус сумын 1 дүгээр бригадад малын эмчээр 2 жил ажиллаад 1992 оны 06 дугаар сард цэрэгт татагдаж, 1993 оны 06 дугаар сард халагдаж ирээд 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дахин 1 дүгээр бригадад малын эмчээр 1994 оны 07 дугаар сарыг дуустал ажилласан нь үнэн. Миний бие нь тухайн үед тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Милхаасүрэнгийн Гансүхийг 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Оч” нэгдлийн 1 дүгээр багт малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Чоноохон овогт Милхаасүрэнгийн Гансүхийг 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Оч” нэгдлийн 1 дүгээр багт малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ