| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0276/Э |
| Дугаар | 0646 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 0646
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Г.Яндаг,
гэрч А.Мөнхсоёл,
хохирогч Э.О, Б.М,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал,
шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Цг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808016361116 дугаар 3 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Нийслэлийн хот тохижилтын газарт ажилладаг гэх, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 23 дугаар гудамж, 19 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Үзэмчин овогт Гантөмөрийн Ц /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Г.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Оээс түүний ээж Д.Гэрэлийн эзэмшдэг Хаан банкны 5214111930 дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшдэг Хаан банкны 5067025783 данс руу 400.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 170.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Оээс түүний гэр бүлийн хүн болох Г.Жавхлантөгсийн эзэмшдэг Хаан банкны 5005561567 дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшдэг Хаан банкны 5067025783 данс руу 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Оээс түүний гэр бүлийн хүн болох Г.Жавхлантөгсийн эзэмшдэг Хаан банкны 5005561567 дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшдэг Хаан банкны 5067025783 данс руу 1.900.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Оээс 1.500.000 төгрөгийг бэлнээр авах хэлбэрээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 12-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн үйлдлээр иргэн Э.Оийн 4.970.000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авсан,
2. Мөн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зээлийн гэрээ байгуулах хэлбэрээр хуурч, гэрээгээр халхавчлан иргэн А.Мөнхсоёлын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 23-р гудамж, 19 тоотод байрлалтай 700 м.кв хэмжээтэй газар, 30 м.кв талбайтай сууцны зориулалттай хувийн байшингийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, бусдад 18,661,800 төгрөгний хохирол учруулсан ба 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 23,631,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оноос хойш Отэй танилцсан. Компьютероор нь юм хийлгэж танилцсан. Эхлээд 300.000 төгрөг зээлж аваад өгсөн. Мөнгө аваад тухай бүрт нь өгсөн. 1,9 сая төгрөг аваад цувуулж өгснөөс эхлээд маргаан эхэлсэн. Зээл хөөцөлдөхөөр болсон. Би очиж уулзаад Голомт банкны 10 сая төгрөгийн зээлд хамруулж өгч, авсан байсан. Үүнээс хойш л мөнгөө нэхээд эхэлсэн. Намайг хорооны Засаг даргатай маргаантай байсныг далимдуулан Засаг даргад өргөдөл бичээд өгсөн байсан. Тэгээд ажил хийх боломжгүй болоод ажлаа өгсөн. О намайг утсаар дарамтлах болсон. Авсан мөнгөө аваагүй гээд байгааг нь ойлгохгүй байна. 2015 онд Мөнхсоёл “хашаагаа зарах гэсэн авдаггүй, чи аваач” гээд бид 2 зээл хөөцөлдсөн бүтээгүй. Мөнхсоёл бид 2 үл хөдлөх дээр очиж шилжүүлж авсан. Хагалгаанд орсны дараа бичиг баримтаа буцааж ав гэж би хэлсэн. 9 сард Мынх нүүгээд явсан. 10 сард банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч 500.000 төгрөг өгсөн. Одоо 1.400.000 төгрөг өгөөд тооцоо дуусна. 2017 оны 4 дүгээр сард би хорооны ажлаа өгсөн. Оргилтой холбоотой асуудал огт яриагүй. Мт 12,6 сая төгрөг төлөөд байгаа. Одоо 6,4 сая төгрөг төлнө. Мөнхсоёл “нөхөртөө битгий хэл” гэдэг байсан. Хүнийг залилсан юм байхгүй. Тухайн үед мөнгө өгч авалцаад явж байсан. Мт 12.600.000 төгрөгийг өгсөн, одоо 5.400.000 төгрөг төлнө. Зээлсэн мөнгөө бас төлнө” гэв.
Хохирогч А.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 8 дугаар хороонд хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг байсан. 2017 оны 9 дүгээр сард анх Цтэй танилцсан. 10 сар хүртэл өдөр болгон юм хийлгэж, заримдаа мөнгийг нь бэлэн өгдөг, заримдаа дараа нь өгч байсан. Хамгийн анх 300.000 төгрөгийг нөхрийн машин эвдрээд гэж аваад өгсөн. 10 хүрэхгүй хоногийн дараа 400.000 төгрөг өгсөн. 7 хоног хэрэглэнэ гэсэн. 1 сар болсон өгөөгүй. Болохгүй байна гэхээр нь нэхээгүй. Тэгээд 1 сая төгрөг дахин өгсөн. Оргил дарга гэж тэр үед ярьсан. Шүүгдэгчийн хувь хүнд нь, хороонд ажилладаг гэхэд нь итгэж байсан. Ингээд л мөнгө өгөөд байсан. 5 сая төгрөгийн зээлийг нь би таньдаг хүнтэйгээ ярьж байна бүтээсэн. Тэгсэн харин зээл гараагүй гээд байсан атлаа 3 сарын 02-нд зээл авсан байсан. Шүүхэд “гомдолгүй” гээд хэлчих гээд нотариатаар гэрчлүүлж бичиг авсан. Үнэхээр их гомдолтой байна. Мтай тааралдаагүй бол би залилуулсан эсэхээ ч мэдээгүй явсан. Надаас авсан мөнгөө тухай бүрд нь өгч байгаагүй. 2017 онд 20 сая төгрөгөөр хашаа байшин авсан гэж худлаа хэлж байсан. Оргилтой уулзуулъя гэж намайг 4 өдөр дагуулж явсан ч уулзуулаагүй” гэв.
Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оноос манай хажууд ийм айл орж ирсэн. 2015 оноос хойш манай хашааг авъя гэж Ц өөрөө анх орж ирсэн. Цгийн нэр дээр хашаа байшин маань шилжсэнийг би 2017 онд мэдсэн. 2015 онд шилжүүлсэн байсан. 2017 онд байраа авъя гэхэд бичиг баримт байхгүй гэсэн. Өнөөдөр 1,4 сая төгрөг орсон байна. Нөхөр нь шилжүүлсэн гэх 3 сая төгрөг худлаа шүү. Нөхрийн машин эвдэрчихлээ гээд мөнгө авч байсан. Энд шүүх хуралдаан дээр өөр юм яриад, гараад бас 1 өөр юм ярьдаг. Гомдолтой байгаа. Би “хашаа байшингаа авчих” гэж хэзээ ч хэлээгүй. Харин хашаа байшингаа буцааж авъя гэхэд банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа гэж хэлж байсан” гэв.
Гэрч А.Мөнхсоёл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ц “манай хашаа байшинг худалдаж авъя” гээд яваад байсан. Зээл хөөцөлдөж байсан. “Хоёулаа худалдах, худалдан авах гэрээг ёс төдий хийчихье, 15 сая тохироод гэрээ хийе” гэсэн. 18 сая төгрөгөөр авахаар ярьсан байсан. Бэлнээр мөнгө авч байгаагүй. Нүүсний дараа 4.500.000 төгрөг, 500.000 төгрөгийг Батцэцэгийн данс рүү шилжүүлсэн байсан. Миний нэр дээр байсан гэрчилгээ Цд байсан. Асуухаар чиний нэр дээр байгаа гэдэг байсан. Бичиг баримтаа авъя гэхэд зээл хөөцөлдөж байгаа, тэгээд өгнө гээд бичгээр баталгаа гаргаж өгдөг байсан болохоор итгэж байсан. Зээлсэн мөнгөө л авсан” гэв.
Эрүүгийн 1808016361116 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Нэг. 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Оээс түүний ээж Д.Гэрэлийн 5214111930 дугаар дансаар дамжуулан өөрийн 5067025783 данс руу 400.000 төгрөг,
2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Оээс түүний гэр бүлийн хүн Г.Жавхлантөгсийн 5005561567 дугаар дансаар дамжуулан өөрийн 5067025783 дугаар данс руу 1.000.000 төгрөг, 1.900.000 төгрөг,
Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Оээс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 170.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөг бэлнээр авах хэлбэрээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 5 удаагийн үйлдлээр нийт 4.970.000 төгрөгийг авсан хэргийн талаар:
Хохирогч Э.Оийн: “Би хувиараа компьютер каноны газар ажиллуулдаг. Ц надаар юм хийлгэдэг байсан. ээлээр юм хийлгээд мөнгөө удаалгүйгээр төлөөд явчихдаг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс “хүүтэй мөнгө зээлүүлээч, 4 хонуулаад өгчихнө” гээд 300.000 төгрөг зээлсэн. 3 хоногийн дараа буцаагаад мөнгөө өгсөн. ...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ц эгч “Нөхрийн машины мотор нь эвдрээд хөдөө зогсчихсон байна. Моторын сэлбэгийг нь аваад мөнгөгүй болчихлоо, ачуулахад 400.000 төгрөг хэрэг болоод байна, 7 хоногийн хугацаатай зээлээч” гэхээр нь би ...400.000 төгрөгийг би ээж Д.Гэрэлийн данснаас Цгийн данс руу шилжүүлсэн. Тэр мөнгөө шилжүүлээгүй утсаа ч авахгүй байж байгаад нэг өдөр “манай нөхөр данс руу чинь мөнгө шилжүүлэх гээд хүнд өгөөд явуулсан, нөгөө хүн нь шилжүүлээгүй өөрийнхөө банкны зээлийг хаасан байна. Нөхөр өөрөө ирээд өгнө, нөхөр нь ирээд мөнгөтэй болчихоод алга болчихлоо” гэх мэтээр худал ярьж байгаад “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө зээлэхээр болоод бид хоёр цуг явж зээл хөөцөлдсөн боловч бүтээгүй. Уг байгууллага зээлийнхээ 15 хувийг дансанд байрлуулдаг гээд Ц надаас 170.000 төгрөг бэлнээр авсан.
Ц нь “Оргил гээд Сонгинохайрхан дүүргийн орлогч байгаа, тэр хүн 7 дугаар хорооны 1000 хүүхдэд бэлэг өгнө, бэлэг гардуулсан зураг, бэлэг авсан баримтуудаа цуглуулаад Азийн хөгжлийн банк руу тайлан явуулна, тайлан явуулангуут мөнгө орж ирнэ, би мөнгөгүй байгаад байна, та энэ ажилд 1 сая төгрөг оруулчихаач, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд мөнгө чинь орчихно, тэгэхээр нь 1 сая төгрөгийг чинь 2 сая төгрөг болгоод өгье” гэж хэлсэн. Тэгээд “Би мөнгө хайж байна, Оргил найдвартай хүн, чи 1 сая төгрөг оруулах юм бол 1.500.000 төгрөг болгож өгье” гэж хэлээд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нөхөр Жавхлантөгсийн данснаас Цгийн данс руу нь 1 сая төгрөг шилжүүлсэн. ...Тэгээд бид хоёр дараа нь тооцоо нийлээд дээр өгөөгүй байгаа мөнгөнүүдээ нийлүүлээд 2.465.000 төгрөгийг Ц надад өгөхөөр болсон ба 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1.400.000 төгрөг бэлнээр өгсөн.
Ц 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Оргил 7 дугаар хороонд гэрэлтүүлэг тавих гэсэн чинь мөнгө орж ирээгүй байна, та саяхан зээл авсан юм чинь мөнгөтэй байгаа биз дээ, 2.500.000 төгрөг түр өгч байгаач, 10 хоногийн дараа танд 4.000.000 төгрөг болгоод өгье гэж байна, надад 600.000 төгрөг байна, чи хэдэн төгрөг зээлээч банкнаас мөнгөө аваад өгье” гэхээр нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Цгийн данс руу 1.900.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ц “Оргилоос урьдчилгаа орж ирлээ” гээд 1.000.000 төгрөгийг манай нөхрийн данс руу шилжүүлсэн.
2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ц надтай таараад “Манай нөхрийн 2 том тэрэг байна, урд хил дээр нүүрс ачаад гарах гээд оочирлож байгаа, нэг машины 1.500.000 төгрөгийн барьцаа байршуулдаг юм, 1 машины барьцаа дутаад байна, 1.500.000 төгрөг зээлээч” гэхээр нь би 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Түүнээс хойш утсаа авахаа байгаад зугтаагаад эхэлсэн. Оргил гэдэг хүнтэй уулзахад “Тийм зүйл байхгүй, чамайг залилсан байна” гэсэн. ...Зээлсэн мөнгөө тооцоод үзэхээр 1.655.000 төгрөг авах ёстой. Хохирлоо барагдуулж авмаар байна.
Сүүлд Ц бид хохирлын тооцоогоо тулаад нотариатоор батлуулж 2.450.000 би авах ёстой гэж тохирсон. Түүнээс 500.000 төгрөгийг буцааж авсан. Одоо үлдэгдэл 1.950.000 төгрөгийг авах ёстой байгаа. Би Цд 1.500.000 төгрөгийг зэлүүлсэн. Тэгэхэд Ц өөрөө 500.000 төгрөгийг нь мөнгө зээлсний шагнал гээд надад өгнө гэж тохирч байсан. Түүнээс биш би тухайн мөнгийг зээлсэн мөнгөний хүү гэж тооцоогүй. Хохирлын мөнгөндөө тооцож бодсон.
Би одоо Цгээс 1.655.000 төгрөг авах ёстой. Учир нь Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр миний өөрийн Төрийн банкны 104300026632 дугаартай данс руу 1.000.000 хийсэн нь энэ зээлд ямар ч хамааралгүй. Яагаад гэвэл энэ хэрэг маргаан гарахаас өмнө өгөлцөж, авалцаж, байсан мөнгө байгаа юм. Үүнээс хойш зээлсэн мөнгөө тооцоод үзэхээр тус 1.655.000 төгрөг авах ёстой байгаа юм. Ц нь миний Төрийн банкны данс руу хийсэн тус 1.000.000 төгрөгийг зээлд хамруулж ойлгоод байгаа юм. Уг сая төгрөгийн 300000 төгрөгийг би урд нь зээлүүлсэн мөнгөний дүнд авсан. Үлдэгдэл 700.000 төгрөгийг би Цд бэлнээр өгсөн байдаг. Тус 300.000 төгрөг бол энэ хэрэгт хамааралгүй мөнгө байгаа юм. Ц намайг бас 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 620.000 төгрөгийг бэлнээр авсан байж аваагүй гэж хэлээд байгаа. Би тус мөнгийг нь Цг дагаж яваад АТМ-ээс бэлнээр авсан. Бас 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөгийг бэлнээр авсан. Өөрөөр ямар нэг маргаан байхгүй.
Г.Ц нь надаас 5 удаагийн үйлдлээр нийтдээ 4.970.000 төгрөгийг авсан. Уг мөнгийг он сараар нь задалж хэлвэл хамгийн анх 2017 оны 11 дүгээр сарын 12-нд ээж Гэрэлийн данснаас 400.000 төгрөг явуулсан. Дараа нь 2017 оны 12 дугаар сарын 20-нд бэлнээр 170.000 төгрөг, үүний дараа 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нөхөр Жавхлантөгсийн данснаас 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр Жавхлантөгсийн данснаас 1.900.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөгийг бэлнээр тус тус өгсөн. Уг 1.500.000 төгрөгийг Голомт банкны зээлээс бэлнээр өгсөн. Уг өдөр Г.Ц бид хоёр Тэди төв дээр хамт очоод хүнээс Ц 500.000 төгрөг бэлнээр авсан. Надаас авсан 1.500.000 төгрөгийг нийлүүлээд экспрэс банкнаас өөрийнх нь данс руу хийсэн. Өөрийнх нь дансны хуулга дээр гарч ирэх ёстой. Г.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхөр Жавхлантөгсийн данс руу 1.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 600.000 төгрөг бэлнээр, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөг бэлнээр өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Жавхлантөгсийн дансаар 400.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 295.000 төгрөг Жавхлантөгсийн дансаар тус тус буцааж өгч, нийт 3.315.000 төгрөгийг эргүүлэн авсан. Одоо аваагүй үлдсэн 1.655.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Анх надаас Ц нь 300.000 төгрөг зээлж байсан. Уг мөнгийг буцааж өгөхдөө Цгийн нөхөр нь миний Төрийн банкны данс руу хийсэн ба би тухайн үед данснаасаа 1.000.000 төгрөгийг аваад, 300.000 төгрөгийг өөртөө үлдээгээд, 700.000 төгрөгийг бэлнээр Г.Цд буцааж өгсөн. Уг мөнгө нь одоо шалгагдаж байгаа хэрэгт ямарч хамааралгүй хэрэг гарахаас өмнө авч өгөлцсөн мөнгө байгаа юм. Уг мөнгийг зээлээд буцаагаад өгөхөөр нь би итгээд мөнгө зээлүүлж эхэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-25-26, 31-33, 181, 111-113, 2 дугаар хавтас, хх-21, 32-33, 182/,
Гэрч Л.Оргилын: “Би 7 дугаар хорооноос сонгогдсон учраас уг хорооны ажилчдыг бүгдийг танина. ...2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 7 дугаар хорооны засаг дарга ...О гэж нэг эмэгтэй дагуулж ирсэн. Уг хүн хэлэхдээ “Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хэсгийн ахлагч Ц таны нэрийг барьж надаас 2.439.000 төгрөг зээлсэн. Та энэ хэрэгт ямар холбоотой” талаар асууж ирсэн. Цг албан ажлын зүгээс таньдаг талаараа, уг хүнээр дамжуулаад хүнээс мөнгө зээлсэн асуудал байхгүй талаар хэлсэн. Ц рүү залгаад, уулзаж энэ асуудлын талаар тодруулах гэсэн боловч 2 хоног дуудуулаад ирээгүй учир цагдаагийн байгууллагад хандсан. Би Цээс болон уг хүнээр дамжуулж бусдаас мөнгө зээлж авсан зүйл байхгүй. Тухайн жилд хүүхдүүдэд бэлэг өгсөн, тараасан асуудал байхгүй. Гэрэлтүүлгийн хувьд ч тийм зүйл болоогүй. Хэрэв уг хүн ийм зүйл ярьж зээлсэн бол худал хэлсэн байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-43-44/,
Гэрч Г.Жавхлантөгсийн: “...Эхнэр Э.О нь Ц гэдэг хүнд миний данснаас мөнгө зээлүүлж, миний дансаар мөнгө буцааж авч байсан нь үнэн. Манай эхнэр О нь өөрөө Хаан банкны дансгүй учраас миний дансаар гүйлгээ хийж байсан” /1 дүгээр хавтас, хх-34/,
Гэрч Н.Цэрэнхандын: “Сонгинохайрхан дүүргийн нотариатч хийдэг. Би олон хүнтэй ажилладаг учраас яг ямар хүмүүс батлуулсан гэдгийг санахгүй байна. Хэргийн материал дээрээс харагдаж байгаа. 280 дугаартай тамгаар баталгаажсан зээлийн гэрээг би баталгаажуулсан. Уг зээлийн гэрээний эх хувь нь надад байсан болохоор би архиваас хуулбарлан баталсан гэрээний хуулбар мөн байна. Гэрээгээ батлуулахаар ирэхдээ талууд хамт ирсэн. Хоёулаа хамт ирж батлуулсан байна. Уг гэрээ нь барьцаагүй зээлийн гэрээ байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-25/,
СД-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-20-21/, хохирогч Э.О, шүүгдэгч Г.Ц нарын 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /1 дүгээр хавтас, хх-67/, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Д.Гэрэлийн данснаас 400.000 төгрөгийг Г.Цгийн 5067025783 дугаар данс руу шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-70/, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Г.Жавхлантөгсийн данснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-71/, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Г.Жавхлантөгсийн данснаас 1.900.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-73/, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Э.Оээс 1.500.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-93/, шүүгдэгчийн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-98/, Америкийн Нэгдсэн Улсын Энхтайваны Корпусын албан бичиг /1 дүгээр хавтас, хх-109/, Г.Жавхлантөгсийн дансны хуулга /2 дугаар хавтас, хх-159-160/, Г.Ц нь хохирогч Б.Оээс зээлсэн мөнгөн дээр маргасантай холбоотой “Төрийн банк” ХХК-с ирүүлсэн Б.Оийн дансны депозит хуулга /2 дугаар хавтас, хх-176-180/,
Хоёр. Шүүгдэгч Г.Ц нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зээлийн гэрээ байгуулах хэлбэрээр хуурч, гэрээгээр халхавчлан иргэн А.Мөнхсоёлын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 23-р гудамж, 19 тоотод байрлалтай 700 м.кв хэмжээтэй газар, 30 м.кв талбайтай сууцны зориулалттай хувийн байшингийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, бусдад 18,661,800 төгрөгний хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Б.Мын: “Манай эхнэр Мөнхсоёлын нэр дээр байсан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 23-19 тоотод байрлах 07 га газартай дотроо 2 байшинтай хашаа, байшинг тухайн үед 18 сая төгрөгөөр худалдаж авна гэж эхнэр Мөнхсоёлтой банкнаас мөнгө гаргуулна гэж итгүүлэн худалдах худалдан авах гэрээ хийж улмаар нэр дээрээ шилжүүлэн өөрийн өмчлөлд авсан. Түүнээс хойш одоог хүртэл хашаа байшингийн мөнгө гэж өгөлгүй бид нарт худал хэлж хохироосоор байна. Манай эхнэртэй анх 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тохиролцож, гэрээ байгуулсан байгаа юм. Одоо нийтдээ хашаа байшингийн мөнгө гэж 14 сая төгрөг авах ёстой. Маш их гомдолтой байна. Г.Ц нь 2015 оны 9 дүгээр сард анх “нөхрийн машин эвдэрсэн” гэж 3.450.000 төгрөгийг авсан. 2015 оны 10 дугаар сард 5 сая төгрөгийг Батцэцэг гэх хүний данс руу хийсэн. Уг 5 сая төгрөгөөс зээлүүлсэн 3.400.000 төгрөгөө суутгаад 1.500.000 төгрөг нь хашааны мөнгөнд авсан гэж ойлгож байгаа. Дараа жилийн 11 сард 1 сая төгрөг миний данс руу хийсэн. Нийтдээ 6.000.000 төгрөгийг манайд өгсөн. Өөр хашаа байшингийн мөнгө гэж өгсөн зүйл байхгүй. Ц нь манайхаас 3.400.000 төгрөгийг зээлж авсан байсан. Манайх анх Цд 18 сая төгрөгөөр хашаа байшингаа зарна гэж тохиролцсон. Тэгээд түүн дээр урд зээлүүлсэн 3.400.000 төгрөгийг нэмээд нийт 21.400.000 төгрөг болсон. Үүнээс 6.000.000 төгрөгийг авсан. Одоо 14.400.000 төгрөг аваагүй үлдчихээд байгаа. Манайх хашаа байшингаа Г.Цд хүчээр зарах гэсэн ямар ч оролдлого байхгүй. Харин Г.Ц манайд орж ирэх болгондоо хашаа байшинг маань авна, түрээсийн хашаа байшинд хэцүү байна гэж хэлдэг байсан. Манай гэр бүлийн зүгээс хашаа байшинг маань ав гэж тулгаж байсан зүйл байхгүй. Ц нь манайд урьдчилгаа мөнгийг өгөөд, үлдсэн мөнгийг банкнаас зээл аваад өгчихнө гэж хэлсэн. Түүнээс хойш бараг жилийн дараа “танайд хашаа байшингаа зарахаа болилоо, буцаагаад авъя” гэсэн чинь Ц “манайх авна, түр хүлээж байгаач, танай хашаа байшингийн гэрчилгээ нөхөрт байгаа” гээд өгөхгүй байсан. Тэр үед манай бичиг баримтыг өөр барьцаанд тавьсан байсан юм шиг байна лээ.
Би Цтэй тооцоо нийлсэн, бид хоёрын дунд тооцоон дээр маргах зүйл байхгүй. 11.200.000 төгрөг авсан, үлдэх 10.865.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-133-134, 2 дугаар хавтас, хх-26-27, 183-184, 3 дугаар хавтас, хх-21/,
Гэрч А.Мөнхсоёлын: “Би 2014 онд манай хажуу хашаанд айлын байшин хөлсөлж амьдардаг Ц гэх эмэгтэй байсан. Тухайн үед манайх хашаа байшингаа зарж байранд орох болчихсон байсан. Ц нь худалдаж авъя, урьдчилгаа байгаа гэж хэлдэг байсан. Ц “банкаар зээл хөөцөлдөж байна, Төрийн банкаар зээл гарахаар боллоо, зээл авахад хашаа байшингийн бичиг баримт хэрэг болоод байна” гээд бичиг баримтыг надаас авсан. Тухайн үед газар байшингийн бичиг баримт миний нэр дээр байсан. Бичиг баримтаа өгчихөөд 2014 оны 6 дугаар сард хөдөө яваад 8 дугаар сарын 20-ны үед ирээд тус оны 9 дүгээр сарын 05-нд байранд нүүж орсон. Хөдөө явахаас өмнө Ц “хашаа байшинг худалдах, худалдан авах гэрээ байгуулж байж зээл гарна гээд байна, та хашаа байшинг худалдаж, худалдан авсан гэсэн гэрээ байгуулаад өгөөч” гээд хамт явж эд хөрөнгийн бүртгэлийн газарт газрыг шижлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн гэрээ байгуулсан. Надад Ц “энэ бичиг баримтыг бүрдүүлэхгүй бол зээл гарахгүй байна” гэж хэлсэн. Би Төрийн банкаар нь зээл гарчих байх гэж бодоод тус гэрээнд гарын үсэг зурсан. Бас байшингийн зэмшигчийн бүртгэл, газар хувийн сууц зэргийг худалдаж худалдан авах гэрээ байгуулсан. Надад Төрийн банкнаас зээл гарч, газар болон хувийн сууцны мөнгийг гаргаад өгчихнө гэж итгүүлсэн. Түүнээс хойш Ц нь миний нэр дээр байгаа гэж хэлдэг байсан. Бид нарыг газар болон хувийн сууцны мөнгөө нэхэхээр “нөхөр маань уурхайд ажиллаж байгаа, тэрний мөнгө орж ирэхээр өгнө” гэж хэлдэг байсан. “Төрийн банкны зээл чинь яагаад бүтэхээ байсан” талаар асуусан чинь “Хаан банкаар хөөцөлдөх болсон” гэсэн. Дараа нь “Транс капиталаас хөөцөлдөж байна” гэж хэлсэн. Ц бид нарыг очих болгонд нэг юм ярьж худлаа хэлдэг байсан. Бид хоёр бүтээгээд өгчих байх гэж хүлээсээр дараа нь газар байшинг өөрсдийнхөө нэр дээр шилжүүлсэн гэдгийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр мэдсэн. Ц манай нөхөрт утсаар “хуурамч бичиг баримт бүрдүүлж, хүний хашааг авснаараа чи өөрөө шорондоо яв гээд намайг дарамтлаад байна” гэж ярьсан. Тэгэхэд манай нөхөр “газар байшин чиний нэр дээр байгаа гэсэн, үгүй байна” гэж надад уурласан. Цтэй очиж уулзсан чинь “бид хоёр одоо бүр салах дээрээ тулчихсан байна, хадам эгч нар хүний мөнгийг өгөөгүй байж үхсэндээ хашаа байшинг нь авсан юм гэж загнаад байна” гэж байсан. ...Манайх хашаа байшингаа 18 сая төгрөгөөр зарахаар тохиролцсон. Манайхаас бас 3 сая 400 мянган төгрөгийг зээлж авсан байсан. Тэгээд нийтдээ 21 сая 400.000 төгрөг авах ёстой. Ц 5.000.000 төгрөг өгсөн. Дараа нь 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хашааны мөнгө гэж 1.000.000 төгрөг өгсөн. Би газар болон хувийн сууцны бичиг баримтаа өөрөө очиж үл хөдлөх дээр шилжүүлж өгөөгүй. Мөнгөө аваагүй байж гэрээ байгуулсан. Тэр гэрээг Ц зээл авахын тулд энэ бичиг баримтуудыг бүрдүүлэх ёстой гэж итгүүлж байгаад гэрээ байгуулсан.
...Цтэй хашаа байшингаа 18 сая төгрөгөөр зарна гэж тохирсон. Ц “Танай хашаа байшинг би өөрийн нэр дээр шилжүүлэхгүй бол зээл гарахгүй байна. Шилжүүлчих юм бол Батсайхан захирал зээл гаргаад өгнө гэж байна. Энэ бичиг баримтуудыг бүрдүүлэх ёстой, тэгэхгүй бол зээл гарахгүй” гээд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүсэлт гаргах нь гэсэн хоёр хүсэлт бичүүлсэн. Гэрээ хийхдээ “Хоёулаа 18 сая гэж гэрээ хийхгүй, 15 сая гэж хийе, тэгэхгүй бол манай урьдчилгаа мөнгөнд таарахгүй байна” гэж гэрээ байгуулсан. Урьдчилгаа 3 сая төгрөгийг дансанд байршуулсан гэж тусгасан. Ц эгчид маш их итгэж байсан.
Би Г.Цд эхлээд 1.500.000 төгрөг энэ мөнгөний баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 194 дүгээр хуудсан дахь дансны хуулга дээр байгаа. Дараа нь 2 удаагийн үйлдлээр 600.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараа 500.000 төгрөгийг Цэндээ гэх хүний данс руу нөхөр Мын данснаас шилжүүлсэн. Дараа нь би 150.000 төгрөг, 85.000 төгрөг бэлнээр өгсөн. 200.000 төгрөгийг нөтбүүкийн өрөнд өгсөн. Манай гэрт Мын ахын охин Энх-Амгалангийн нөтбүүкийг худалдаж авъя, зээл гарахаар худалдаж авъя гээд авч яваад мөнгийг нь Ц өгөөгүй байсан. Би өмнөөс нь тухайн хүүхдийн мөнгийг өгчихсөн байсан учраас Цгээс нэхэмжилж байгаа. Түүний дараа 30.000 төгрөг Ц зээлсэн ба “дүүрэг дээр бичиг баримт хөөцөлдөнө” гэж авсан. Үүнээс гадна Ц нь “хашаа байшин худалдаж авах зээл өнөө маргаашгүй гарах гээд байна, дансанд 400.000 төгрөг байршуул гэж байна” гээд 400.000 төгрөг зээлсэн. Би мөнгө байхгүй байсан учраас өөрийнхөө танил найз Батмөнхийн данснаас 400.000 төгрөгийг Цгийн данс руу шилжүүлсэн. Энэ мөнгөний баримт нь 2 дугаар хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд байгаа. Уг мөнгөнөөс 200.000 төгрөгийг Ц миний данс руу хийсэн. Үлдсэн 200.000 төгрөгийг өгөөгүй. Ингээд Цгийн надаас зээлж авсан мөнгө нийт 4.065.000 төгрөг, хашаа байшингаа 18.000.000 төгрөгт бодож зарсан. Ингээд нийтдээ 22.065.000 төгрөг авах ёстой. Үүнээс 11.200.000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 10.865.000 төгрөгийг нэхэмжилж байна.
Надад Г.Цд ингэж хэлсэн зүйл байхгүй. Г.Ц худлаа ярьж байна. Харин би Г.Цд “чи манай хашаа байшингийн бичиг баримтыг буцаагаад өгчих, тэгвэл манай хашаа байшинг Мөнхсайхан гээд хүн 18 саяар авах гээд байна” гэсэн чинь Г.Ц “би зээл хөөцөлдөж байгаа, танай байшинг ямар ч байсан хэлсэндээ авна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-139-140, 172-173, 3 дугаар хавтас, хх-24-25, 43-44/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020.04.17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээнд: “Хувийн сууц, газар 700 м/кв 18.661.800 төгрөг” гэжээ /3 дугаар хавтас, хх-51/,
Г.Ц, А.Мөнхсоёл нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /1 дүгээр хавтас, хх-122/, А.Мөнхсоёлын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтас, хх-123/, Г.Цгийн нэр дээр шилжсэн талаарх баримт /1 дүгээр хавтас, хх-153-156, 159-160/, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс “Г.Цгийн нэр дээрх газар, хувийн сууц нь банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд байгаа болохыг” тодорхойлсон албан тоот /2 дугаар хавтас, хх-38/, Б.Мын дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-194/, А.Мөнхсоёл, Г.Ц нарын хоорондоо харьцсан мессежний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-198-225/,
Гэрч Б.Отгонмөнхийн: “Би байнга хөдөөгүүр тээврийн жолооч хийгээд явж байдаг болохоор гэрт ямар асуудал болж байгааг мэдэхгүй байна. Би он сарыг нь сайн санахгүй байна, “машин эвдэрчихлээ, мөнгө байвал олоод өгөөч” гэж 2-3 удаа авч байсан. Хамгийн сүүлд 2017 оны хавар 4 сарын үед “машин эвдэрчихлээ, мөнгө байвал өгөөч” гэсэн чинь “хүн амьтнаас асууя” гээд хэлж байсан. Тэгээд надад 1.000.000 төгрөг өгч байсан. Надад дансаар мөнгө шилжүүлж байсан. Надад Цд өгөөрэй гэж өөр хүний данс руу мөнгө хийж байсан удаа байхгүй. Надад Ц ийм хүнээс, тийм хүнээс мөнгө авлаа гэж ярьж байсан удаа байхгүй. Би Улаанбаатар хотод байдаггүй болохоор юу болж байгааг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-35-36/,
Иргэний хариуцагч Б.Отгонмөнхийн: “Уг үл хөдлөх хөрөнгө миний болон эхнэр Цгийн нэр дээр байдаг. Би яг хэзээ шилжүүлж авсныг санахгүй байна. Тус хашаа байшинг 18 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Манайх тухайн үед өөрийн гэсэн гэр орон байхгүй Мын хашаа байшинг худалдаж авахаар болсон. Худалдах, худалдан авах гэрээг Мын эхнэр Мөнхсоёл, манай эхнэр Ц бид нар хамт очиж байгуулсан. Одоо хашаа байшин хэний нэр дээр байгааг мэдэхгүй. Би Цтэй хамт амьдрахгүй, тусдаа амьдарч байгаа” гэх мэдүүлэг 3 дугаар хавтас, хх-41-42/,
Гэрч Д.Мөнхсайханы: “...2018 оны хавар /сар, өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй/ манай найз М Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооноос хойд зүүн зүгт уулын өндөр хэсэг дээр 4х6м харьцаатай модон торхон байшинтай, 3 тал банзан хашаатай 0,7га орчим талбайтай хашааг 15 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тухайн үед манай дүү Ганболд хашаа авах байсан учраас би дүүгийн хамт Мын зарах хашааг очиж үзсэн. Тухайн үедээ боломжийн хашаа байсан учраас Мын хэлсэн үнээр авахаар болсон. 20 сая төгрөгөөс ярилцаж байгаад 15 сая төгрөгөөр авахаар тохиролцсон. Намайг хашааг үзэж байхад уг хашаанд байх байшинд нэг эмэгтэй, хүүхдүүдийн хамт амьдарч байсан. М надад “энэ айл худалдаж авна гэж байгаад больчихсон” гэж хэлж байсан. Тэр эмэгтэй нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд хэсгийн ахлагч хийдэг хүн гэж байсан. Би М луу утсаар яриад “хашаагаа худалдаж авъя, хэзээ суллаж өгөх боломжтой вэ” гээд 2-3 удаа ярьж байсан. Тэр үед “зарах хашаанд амьдарч байгаа айлын нөхөр нь хөлөө хугалчихсан, хөл нь эдгэхээр суллах байх” гэж байсан. Мөн нэг удаа “нөгөө айл нүүхгүй, хашааны бичиг баримт өгөхгүй байгаа, эхнэр Мөнхсоёл тэр айл руу өдөр бүр явж уулздаг ажилтай боллоо, нөгөө айл нүүгээд, хашааны бичиг баримт өгчихвөл наймаагаа хийе” гэсэн. Тэр айл бичиг баримтыг нь өгөхгүй байгаа гэж байсан. Өөр хэн нэгэн хүнд зарах гэж байгаа талаараа хэлээгүй. Энэ айл нүүвэл чамд зарна л гэж хэлдэг. 2019 оны сүүлээр Мтай утсаар яриахад нөгөө айл нь нүүгээгүй байгаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-47-48/,
Шүүгдэгч Г.Цгийн яллагдагчаар өгсөн: “...Би М болон түүний эхнэр Мөнхсоёлоос нийтдээ 4.065.000 төгрөгийн зээл авсан байсан. Тэгээд хашаа байшинг 18.000.000 төгрөгөөр тохирч, худалдаж авсан. Нийтдээ 22.065.000 төгрөгний өртэй болсон. Үүнээс эргүүлээд 11.200.000 төгрөгийг буцааж төлсөн ба одоо үлдэгдэл 10.865.000 төгрөг үлдсэн. Надад энэ тооцоон дээр маргаад байх зүйл байхгүй. Мөнхсоёл, М нарын нэхэмжилж байгаа мөнгөн дүн үнэн бодит дүн учраас надад маргаад байх зүйл байхгүй. Би хохирогч Б.Мтай тооцоо нийлсэн байгаа” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-26-27/,
Гэрч С.Мөнхцэцэгийн: “Би Цтэй 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд цуг ажиллаж байсан учир нэгнээ танина. ...Отэй би 2018 оны 01 дүгээр сард Цгээр дамжуулж танилцсан. Оээр компьютер дээр хийлгэх юмаа хийлгэдэг гээд би 2, 3 удаа дагаж очиж байсан. Цтэй цуг очиход Ц, О нар миний хажууд мөнгө төгрөг зээлэх, өгч авалцах талаар ярьж байсан зүйл байхгүй. Ц хүнээс мөнгө зээлэх талаар надад ер нь ярьж байгаагүй. 2017 оны сүүлээр 11, 12 сарын орчимд “нөхрийн машин эвдэрсэн, сэлбэг авах мөнгө хэрэгтэй байна“ гэж ярьж байсан. Ц “Энхтайваны корпус” гээд олон улсын тусламжийн нийгэмлэгээс миний мэдэхээр 2016, 2017 оны шинэ шинэ жилээр хүүхдүүдийн бэлэг авч тарааж байсан. Өөр зүйл мэдэхгүй. Тус бэлэгний мөнгийг Ц өөрөөсөө гаргаж, дэлгүүрээс хамт явж авч байсан. Ямар учиртай бэлэг болохыг мэдэхгүй. Өөрийнх нь ярьж байгаагаар Америк иргэн Монгол хүүхдүүдэд бэлэг тарааж, явуулдаг гэсэн. Бэлэг авсан мөнгө нь яг хаанаас гарч байсныг мэдэхгүй. 70-80 орчим хүүхдийн бэлэг авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-61-63, 2 дугаар хавтас, хх-1/,
Гэрч Г.Ганцэцэгийн: “...Цтэй хамт ажиллаж байсан. Ц хэл ам гаргасан юм шиг байсан. Хорооны засаг даргатай маргалдаад Дүүргийн хурлаар ороод ажиллуулахгүй гэсэн шийдвэр гарсан юм шиг байна лээ. Тэгээд өргөдлөө өгөөд гарсан. 2017 оны 12 дугаар сард Г.Ц нь хороон дээрээ хүүхдүүдэд бэлэг авч, тарааж байсан. Тус бэлгийг нь Мөнхцэцэг эгч, Ц бид гурав миний машинтай явж авч байсан. Би тухайн бэлгийг ямар мөнгөөр авсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-7-8/,
Гэрч Б.Оюун-Эрдэнийн: “Газар, хувийн сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулж нотариатоор баталгаажуулсан. Гэрээгээ батлуулахаар ирэхдээ талууд хамт ирсэн. Тэгээд гэрээнд гарын үсэг зурсан. Би уг А.Мөнхсоёлын нэр дээр байгаа газрын гэрчилгээний хуулбарыг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр батлуулсан газар зээлээр худалдах худалдан авах гэрээний архиваас хуулбарлаж 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталгаажуулж өгсөн байна. Би уг гэрчилгээг батлуулахаар хэн ирснийг одоо санахгүй байна. Ц, Мөнхсоёл нарын аль нэг нь ирсэн байх. Анх Мөнхсоёл, Ц нар манай байгууллага дээр ирээд газар, хувийн сууцаа банкны зээлээр зарах гэсэн юм, гэрээ байгуулах гэсэн юм гэж 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр газар хувийн сууц, зээлээр худалдаж авах гэрээ байгуулсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа ирээд Төрийн банкнаас зээлийн шийдвэр гарсан гэрчилгээгээ миний нэр дээр шилжүүлээд ир гэсэн гээд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлтийг надаар батлуулсан. Тэгэхэд Мөнхсоёл, Ц хоёр ирээд Мөнхсоёлын хүсэлтийг баталж өгсөн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-22, 30/,
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгч, иргэн Г.Ц, А.Мөнхсоёл нарын гаргасан хүсэлт, өргөдөл /1 дүгээр хавтас, хх-4-16/, Г.Цгийн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-87-98, 2 дугаар хавтас, хх-142-155, 3 дугаар хавтас, хх-35/, хохирогч Б.Мт хавтаст хэргийн материал танилцуулсан “10.865.000 төгрөг нэхэмжилж байна” гэх тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-36/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /1 дүгээр хавтас, хх-1/, CD-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-20/, шүүгдэгч Г.Цгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-36-37, 137-138/, хохирогч Б.Мын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-136/, прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол /2 дугаар хавтас, хх-47/, мөрдөгчийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” санал /1 дүгээр хавтас, хх-49/, хохирогч Э.Оийн хүсэлт /1 дүгээр хавтас, хх-68/, гэрч А.Мөнхсоёлын өргөдөл /1 дүгээр хавтас, хх-118/, гэрч А.Мөнхсоёлын найз Батмөнхийн данснаас шүүгдэгч Г.Цгийн данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн гэх баримт /2 дугаар хавтас, хх-59/, хохирогч Б.Маас шүүгдэгч Г.Ц рүү 1.500.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /2 дугаар хавтас, хх-61/, төлбөр барагдуулах гэрээний хуулбар /2 дугаар хавтас, хх-218/, иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-221/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /1 дүгээр хавтас, хх-143, 2 дугаар хавтас, хх-140/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /2 дугаар хавтас, хх-141/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
мөн шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргаж өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа нийт 52 хуудас, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлсөн баримт, хувийн байдалтай холбоотой 18 хуудас баримтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 5 удаагийн үйлдлээр Оийг хуурч 4.970.000 төгрөгийг авсан, иргэн Мөнхсоёлын өмчлөх эрхийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зээлийн гэрээ байгуулах хэлбэрээр хуурч залилан авсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч От төлөх төлбөргүй, хохирогч Мт 7.461.866 төгрөгийг гаргуулж олгох саналтай. Хөрөнгийн эх үүсвэр, баталгаа байхгүй атлаа авна гэж хуурч, урьдчилгаа мөнгө байгаа, худалдах, худалдан авах гэрээ хийчихвэл банкнаас зээл бүтэх гээд байгаа гэж залилан гэмт хэрэг үйлдсэн. Оийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. О бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан хохирогч биш. Илүү мөнгө авахын тулд өргөдөл өгсөн байдаг. Хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд өгсөн мэдүүлэгтээ “5,1 сая төгрөг өгсөн, 3,5 сая төгрөг авсан гэдэг. Хохирогчоор тогтоож байх үед өр төлбөргүй байсан нь тогтоогдсон тул хохирогч биш, шүүгдэгчийг аргагүй байдалд оруулж мөнгө авсан байдаг. Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Шүүгдэгч гомдол гаргаж өгсөн ч шийдвэрлэгдээгүй. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын тогтоолоор хүчингүй болгосон байгаа. Мын хувьд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасан байгаа. Гэрч Мөнхсоёл өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гэрээний харилцаанд оролцсон. Үүргийн гүйцэтгэлийн удаашрал, эрсдэлээс болж Мыг хохирогчоор тогтоосон. Хариу төлбөр хийх бодолгүй байсан, залилсан гэх үндэслэлгүй. Прокурорт буцааж өгнө үү...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Ц нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зээлийн гэрээ байгуулах хэлбэрээр хуурч, гэрээгээр халхавчлан иргэн А.Мөнхсоёлын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 23-р гудамж, 19 тоотод байрлалтай 700 м.кв хэмжээтэй газар, 30 м.кв талбайтай сууцны зориулалттай хувийн байшингийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, бусдад 18.661.800 төгрөгийн хохирол учруулсан,
мөн иргэн Э.Оийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 5 удаагийн үйлдлээр хуурч буюу 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт түүний ээж Д.Гэрэлийн дансаар дамжуулан өөрийн данс руу 400.000 төгрөг,
2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хүн Г.Жавхлантөгсийн дансаар дамжуулан өөрийн данс руу 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1.900.000 төгрөг,
2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1.500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 170.000 төгрөгийг бэлнээр хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Г.Цгийн хохирогч Э.О, Б.М нарыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж Э.Оийн эд хөрөнгийг, хохирогч Б.Мын /А.Мөнхсоёл/ эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Түүнчлэн дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогдсон байна гэж шүүх үзэв.
Залилах гэмт хэргийн улмаас хохирогч Э.От 4.970.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд түүний шүүх хуралдаанд өгсөн “Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, “Төлбөрөө бүрэн барагдуулсан тул цаашид гомдол саналгүй” гэх шүүгдэгч, хохирогч нарын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээг тус тус үндэслэн шүүгдэгчийг хохирогч Э.От төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Б.Мт 18.661.800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12.600.000 төгрөг төлөгдсөн талаар оролцогчид мэдүүлсэн, түүнчлэн энэ шүүх хуралдааны үед 2.000.000 төгрөг өгснийг хохирогч авсан талаарх хүсэлтийг тус тус үндэслэн 14.600.000 төгрөгийг төлсөн гэж шүүх дүгнэв. Үлдэх төлбөр 4.061.800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Б.М /Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 82-08 тоотод оршин суух, РД-РЖ81112634/-т олгохоор шийдвэрлэж байна.
Харин хохирогч Б.М нь шүүгдэгч Г.Цд холбогдох мөнгө зээлсэн асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, 7 хоног цагдан хоригдсоныг хасч тооцон үлдэх 444 цагийг биечлэн эдлүүлэх саналтай. Бага насны 4 хүүхэдтэй, хохирол тодорхой хэмжээгээр төлж байгааг харгалзсан...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, бага насны 4 хүүхэдтэйг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр 2 удаагийн үйлдэл хийсэн, гэмт хэрэг үргэлжилсэн цаг хугацаа/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /Хоёр хохирогчид нийт 23.631.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Э.От хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч Б.Мын хохирол бүрэн төлөгдөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /гэр бүлийн байдал, түүний үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага буюу би залилах гэмт хэрэг үйлдээгүй гэх/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цг 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүгдэгч Г.Цгийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 56 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хасаж, эдлэх ялыг 664 цагаар тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Үзэмчин овогт Гантөмөрийн Цг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цг 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Цгийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 56 /тавин зургаа/ цагийг эдлэх ялаас хасч, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 664 /зургаан зуун жаран дөрөв/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Цд 1 /нэг/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц хохирогч Э.От төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Цгээс 4.061.800 /дөрвөн сая жаран нэгэн мянга найман зуу/ төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч Б.М /Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 82-8 тоотод оршин суух, РД-РЖ81112634/-т олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР