Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1459

 

2020.08.07                                   2020/ШЦТ/1459

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч М.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 1922 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн М.Д, 1992 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Булл” сүлжээ ресторанд  тогооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамж, 516 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, 55а байр, 119 тоотод түр оршин суух хаягтай, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч М.Д нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр О.Анужинтай маргалдаж, улмаар хана руу түлхэх, үсдэх, хоолойг нь боох, нүүр хэсэгт цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байнаа”  гэв.

Хохирогч О.Анужин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өнөөдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 10 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Шинэ гэр түншлэл”, 55а-19 тоотод байх хадмынхаа гэрт нөхөр М.Дд зодуулсан. Шалтгаан нь би 2 настай том хүү Д.Билэгжаргалыг тоглоомоо хаялаа гэж жаахан зэмлэсэн чинь нөхөр надтай хэрүүл хийгээд зодсон. Эхлээд хана руу түлхсэн, дараа нь үсдсэн, мөн хоолой боож доош дарсан, гараараа толгойн тус газар нүүр хэсэгт зүүн нүд орчим нэг удаа хүчтэй цохисон, нуруун тус газар нь модоор цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8, 43-45/,

Яллагдагч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би эхнэр Анужингийн зүүн нүдний орчим нэг удаа гараараа цохиж гэмтэл учруулсан. Би хүүхдээ өмөөрөөд эхнэртэйгээ хэрүүл маргаан хийснээс болоод тухайн үйл явдал болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээхэд санал хүсэлт байхгүй. Эхнэр Анужингаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7883 тоот дүгнэлтэд: 

1. О.Анужингийн биед тархи доргилт, зүүн зовхи, нүдний гадна буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 15-16/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 20/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 21/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч М.Д нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр О.Анужинтай маргалдаж, улмаар хана руу түлхэх, үсдэх, хоолойг нь боох, нүүр хэсэгт цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч О.Анужингийн: “...2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 10 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Шинэ гэр түншлэл”, 55а-19 тоотод байх хадмынхаа гэрт нөхөр М.Дд зодуулсан. Шалтгаан нь би 2 настай том хүү Д.Билэгжаргалыг тоглоомоо хаялаа гэж жаахан зэмлэсэн чинь нөхөр надтай хэрүүл хийгээд зодсон. Эхлээд хана руу түлхсэн, дараа нь үсдсэн, мөн хоолой боож доош дарсан, гараараа толгойн тус газар нүүр хэсэгт зүүн нүд орчим нэг удаа хүчтэй цохисон, нуруун тус газар нь модоор цохисон...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Дд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч О.Анужин нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч М.Дд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Дг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар М.Дд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Д нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР