Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 105

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Сүмбэр далай ХХК-ийн гудамжинд оршин суух, ПП66102928 дугаарын регистртэй, Зуутраг овогт Лхагвын Оюунчимэгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ж.Уранцэцэг нар оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Оюунчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1981 оноос 1990 он хүртэл бод, бог мал маллаж улсад нийт 10 жил ажилласан. Иймд намайг 1981 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                         

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч  Л.Оюунчимэг нь 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 75 дугаар лавлагаа,

Ховд аймгийн Дөргөн сумын 1 дүгээр бригадын 1981 оноос 1985 он, 1988 оноос 1989 онуудын 70 дугаар данс,

Лхагвын Оюунчимэгийн 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Гэрч М.Цэвээний “...Л.Оюунчимэг нь 1980 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байсан нь үнэн...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,

Гэрч Ч.Лхагвын “...Л.Оюунчимэг нь 1980 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд ээж, аавын хамт малчнаар ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед би тус сумын Худалдаа бэлтгэлтийн ангид жолоочоор ажиллаж байсан...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Лхагвын Оюунчимэгийг 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Зуутраг овогт Лхагвын Оюунчимэгийг 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ