Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 0652

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,  

улсын яллагч Х.Анхцэцэг,

иргэдийн төлөөлөгч М.Сосорбарам,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,  

шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Л.Ог холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008011020329 дүгээр 2 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Хайрхан багийн 8 дугаар гудамж, 12 тоотод оршин суух бүртгэлтэй, оршин суух,

урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 184 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 1998 оны 2 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 3 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан, иргэний цахим үнэмлэх аваагүй, Лувсанцэндийн О /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Л.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 95 дугаар гудамжинд Ц.Бтэй маргалдаж хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр цээжин тус газар нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Талийгаач бид 2 нэг шил 0,75 литрийн архи хувааж уусан. Маргалдсан, зодолдсон асуудал байхгүй. Миний буруугаас болж хүний амь хохирсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүргэн ахын гэрээс хутга авч гарсан. Гал асаах хаймар авах гэж хутгатай гарсан. Хутгыг баруун гартаа барьсан байсан. Хүний амь хохироосондоо харамсаж байна” гэв.

 

Эрүүгийн  2008011020329 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэвээндоржийн: “Манай том хүү Ц.Б нь 1970 онд Ховд аймгийн Үенч суманд төрсөн. Миний санаж байгаагаар 1998 онд Мөнхөө гэдэг эмэгтэй хүнтэй гэр бүл болж Хулан гэдэг охинтой болсон. Албан ёсоор гэрлэлтээ батлуулсан эсэхийг мэдэхгүй байна, эхнэр хүүхдээсээ 2015 онд таарч тохирохгүй болоод салсан. Талийгаач хүү миний мэдэхээр гэмт хэрэг зөрчилд холбогдож, ял шийтгэл эдэлж байгаагүй. Манай хүү бол нилээн хөнгөн зантай, хүнд их тусархуу, хэнд ч хамаагүй хувцас хунараа тайлаад өгдөг, олон найзтай хүн. Талийгаачийн оршуулгын зардалд нийт 3.500.000 төгрөг зарцуулсан. Үүнээс О гэдэг хүний хүргэн ах Батсайхан бэлнээр 1.700.000 төгрөг өгсөн. Батсайхан найз нөхөдтэй нь холбогдож найзуудаас нь 620.000 төгрөг цуглуулж өгсөн. Үлдсэн мөнгийг би өөрөөсөө гаргасан. Тиймээс надад мөнгө нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсч байна. Надад болон манай ах дүү нараас ямар нэгэн зүйл нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-56, 57, 59/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2020.03.16-ны өдрийн 584 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Цээжний хөндийд нэвтэрч зүүн 3 дугаар хавирга, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлын ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн цус хуралдалт, зүүн уушигны авчилт, дух, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Цээжний зүүн хөндийн нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийн цус хуралдалт, зүүн уушгины авчилт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, дух, зүүн өвдөгний зулгаралт, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Талийгаачийн баруун, зүүн гар цээжин тус газарт бүрэн хүрэх боломжтой байна. 4. Талийгаачид үүссэн шарх нь амин эрхтэн гэмтээсэн тул гэмтэл үүссэн даруйд үхэлд хүргэнэ. 5. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цээжний зүүн хөндийд цус хуралт үүсч нас баржээ. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. 7. 2020.02.26-ны 05.20 минутанд хийгдсэн шүүх эмнэлгийн цогцосны гадна үзлэгээс 2020.02.25-ны өдрийн 17-19 цагийн хооронд нас барсан байх боломжтой. 8. Талийгаачийн ходоодонд дүүрэн мах, ногооны холимог агууламжтай байсан ба нас барахаас 1-2 цагийн өмнө хоол идсэн байна. 9. Талийгаачийн биед эсэргүүцэн тэмцэлдсэн гэх ул мөр илрээгүй. 10. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 11. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч эмчлэгдэх боломж муутай. 12. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цээжний зүүн хөндийд цус хуралт үүсч цочмог цус алдалтын улмаас нас баржээ. 13. Талийгаачийн цус гуравдугаар бүлэг байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-92-97/,

Гэрч Б.Гэрэлсайханы: “2020 оны 02 дугаар сарын 25-ны ...14 цагийн үед Цэнгэл ах намайг “гараад ир” гэж дуудахаар нь би гэртээ 30-аад минут гаралгүй байж байсан чинь ахиад “гараад ирээч” гэж дуудахаар нь гарсан чинь хашаан дотор Цэнгэл ах, Отгоо, Оюунбат гурав “Верна” маркийн машин засаж байгаа бололтой байхаар нь би яваад очсон. 0,75 литрийн архи задалчихсан Цэнгэл ах, Отгоо хоёр ууж байхаар нь би хамт уугаад, 16 цаг өнгөрч байх үед дууссан. Батсайхан ахын гэрт бид дөрөв ороод би Цэнгэл ахад ““манай эхнэр танд нэг шил архи өгөөрэй” гэсэн, та уух уу” гэж асуусан чинь “за тэгье, аваад ир” гэхээр нь би Оюунбатыг гэр лүүгээ явуулаад, тэр 0.33 литрийн архийг авахуулаад хувааж уугаад архи дуусахаар нь би гэртээ орсон. Би тамхи татах гээд гарсан чинь Батсайхан ахын байшингийн үүдэнд Отгоо, Цэнгэл ах хоёр маргалдаад, зууралдаж байхаар нь би “та нар юундаа маргаад байгаа юм бэ, одоо больцгоо” гээд тэр хоёрыг салгачихаад гэртээ ороод хоолоо идэж байсан. Гадаа харанхуй болсон байсан чинь гэрт Оюунбат гүйж орж ирээд “Отгоо ах Цэнгэл ахыг хутгалчихлаа” гэхээр нь би хашааны том хаалгаар гараад очсон чинь Цэнгэл ах газар уначихсан, хажууд нь 1 хутга унасан байдалтай, Отгоо Цэнгэл ахын хажууд хоёр гар нь цус болчихсон зогсож байхаар нь би Оюунбатад “цагдаа, түргэн дууд” гэсэн. Өдөр тэр хоёр ерөөсөө маргалдаж, муудалцаагүй. Отгоо гэдэг бол манай ах Батсайханы эхнэр Үндэс-Одын төрсөн дүү Лувсанцэнд овогтой О юм. Гэртээ байхад хашаан дотор талийгаач Б, О хоёр хэрэлдээд байхаар нь би гэрээс гарахад О газар дээшээ хараад хэвтсэн, дээр нь талийгаач Б гараад суучихсан байсан. Тэгээд “боль” гээд болиулаад буцаж гэртээ орсон. Намайг гэрт байхад нэг хүн орилох чимээ гарахаар нь гэрээс гарахад урдаас Оюунбат гүйж ирээд “О ах Б ахыг хутгалчихлаа” гэсэн. Тэгээд би очиход талийгаач хашааны гадаа газар унасан байдалтай, хутга яг түүний хажууд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-68, 70/,

Гэрч Д.Даваадолгорын: “...2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 09 цагт би ажилдаа явсан. 18 цагт гэртээ ирээд байж байсан чинь хашаан дотор хоёр эрэгтэй хүн муудалцаад байгаа сонсогдохоор гараад хартал Отгоо, Батсайхан ахын найз нэг эрэгтэй хүнтэй хоорондоо ноцолдоод, газарт унаж, тусаад байхаар нь нөхөр гарч ирээд тэр хоёрыг салгаад, буцаж гэртээ орж ирсэн. Хашааны хаалга онгойхоор нь гэрийнхээ хаалгаар шагайгаад харсан чинь Батсайхан ахын найз хаалга онгойлгоод зогсож байсан. Тэгсэн чинь Отгоо гэрээсээ орилж хутга авч гарч ирээд тухайн Батсайхан ахын найз руу, хашааны гадна руу очсон. Тэгээд удалгүй би харахад Батсайхан ахын найз нь хашаа налаад цус гараад хэвтсэн байдалтай, хажууд нь Отгоо зогсож байсан. Оюунбат машинаа хашаанаас гаргах гээд машин дотроо байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-75, 77/,

Гэрч Б.Оюунбатын: “2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед золголт хийхээр аав Батсайханыд ирсэн. Би машиныхаа цонхыг онгойхгүй байхаар нь Б ахтай цуг янзалж байхад аав, ээж хоёр 17 цагийн үед гэртээ ирсэн. Би аав, ээж хоёртой золгочихоод, ойр зуурын юм ярилцаж байхад Б ах машины цонхны цахилгааны массыг янзалж байсан. Б ах гаднаас байшингийн цонх нүдээд, “гараад ир” гэж хэлсэн. Би гарахад Б ах “миний машины цонхны цахилгааны массыг янзалчихсан, цонхоо эргүүлээд, бүх эд ангийг эвлүүлж боо” гэж хэлсэн. Аав гарч ирээд надад “аав нь ээж дүүтэй нь цуг Чука гэх найзындаа очиж, золголт хийчихээд ирье” гээд явсан. Б ах Отгон ах хоёр хашаан дотор байшингийн үүдний амбаарны ойролцоо дээр доороо орчихсон, Б ах Отгон ахад “чи намайг барахгүй, хоёулаа больё” гэж байсан. Харин Отгон ах Б ахад “чи намайг цохичихооч” гэж байсан. Би багажаа хурааж дуусаад, ажлынхаа хувцсыг багажиндаа хийгээд байшин руугаа орохоор явж байхад Б ах Отгон ахын дээр гараад суучихсан, Отгон ах дээшээ хараад хэвтчихсэн байсан. Би “та хоёр болиоч” гэхэд миний үгийг тоогоогүй дээр доороо орчихсон хэрэлдээд л байсан. Би гэр лүү орж гар нүүрээ угааж дуусчихаад гарахад Б ах, Отгон ах хоёр ноцолдож байсан газраа хэрэлдээд хуучин хэвэндээ байж байсан. Би жорлонд байхад Гэрэлсайхан ах Б ах, Отгон ах хоёрыг салгах гээд очиж байсан. Намайг жорлонгоос гарахад Б ах Отгон ахаас салчихсан, хашааны урд талын том хаалга руу алхаж явсан. Б ах надад “хоёулаа гэр лүүгээ явъя, би чамтай явж байгаад Шар хад руу дөхөөд бууя” гэж хэлж байсан. Б ах хашааны том хаалга онгойлгож байх үед би машиндаа суусан. Намайг машиндаа сууж байхад Отгон ах миний хажуугаар зөрөөд Б ахын зүг алхаж байсан. Отгон ах алхаж байхдаа Б ахад хандан “миний ахаа, миний ахаа” гэж чангаар дуудаад байсан. Би хашаан дотор ухраад, хашааны хаалгаар гараад гудманд машинаа зогсоогоод хаалгаа хаахаар машинаас буух үед Отгон ах, Б ах хоёр хашаанаас гараад, урд айлын хашааны ойролцоо Б ах Отгон ахын дээр гарчихсан байсан. Намайг аавын хашааны хаалга руу ойртох үед Б ах надад “Оюунбатаа ахын дүү ирж энэ хутгыг ав, ахаас нь цус гараад байна” гэсэн. Би тэр хоёр дээр гүйгээд очиход Б ах газар уначихсан, Отгон ах надтай зөрөөд, аавын хашаа руу гүйгээд орчихсон. Б ахын хажууд очиход зүүн гарынх нь ойролцоо газар хутга байсан. Би хутгыг автал хутга цус болсон байсан. Би “яаваа ах” гээд ойрттол Б ахын цээжин хэсэг тэр чигтээ цус болсон байсан. Би хутгыг барьсан чигээрээ хашаа руу гүйж ороход Гэрэлсайхан гэрээсээ гарч ирсэн. Би Гэрэлсайхан ахад цус болсон хутгыг үзүүлээд бид хоёр хашааны гадаа байгаа Б ах дээр гүйгээд очтол амьсгаа авахгүй нас барсан байсан. Отгон ах Б ахыг толгойноос нь өргөөд өвдгөн дээрээ тавиад, “миний ахаа сэргээч дээ” гээд байсан. Өнөөдрийн хувьд архи согтууруулах ундаа хэрэглэснээс болоод л Б ах, Отгон ах нар бие биенийхээ үгийг даахгүй байдлаасаа болоод уг асуудал болсон байх. ...Отгон ах доор нь орсон, Б ах дээр нь гарчихсан, тэр хоёр бие биенийхээ гараас барьчихсан, уг барьчихсан байгаа гарнуудынх нь хооронд хутга гялалзаж харагдах шиг болсон. Б ах надад “Оюунбатаа миний дүү энэ хутгыг аваарай” гэж орилсныг бодоход Отгон ах хутга барьчихсан байсан байх гэж бодож байна. Гэхдээ тухайн үед харанхуй байсны дээр уг асуудал их хурдан болоод өнгөрсөн болохоор мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-79-80, 82/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.03.09-ний өдрийн 1141 дүгээр дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн Л.Огийн хувцсанд шинэ уранхай, хуучин цооролт үүссэн байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн: ногоон өнгийн хүрмэнд гарсан 31 см хэмжээтэй уранхай нь оёдлоороо ханзарсан, оёдлын утас сунаж хөвөрсөн, гандаж өнгөө алдаагүй, зах ирмэг бохирлогдоогүй байх тул татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-167-169/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.03.02-ны өдрийн 3030 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Л.Огийн биед зүүн сарвуунд шарх, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөг, өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.6. Өөрийн гар хүрч болох бүх хэсгүүдэд өөртөө гэмтэл учруулах боломжтой” гэжээ /1 дүгээр хавтас, хх-142-143/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.03.09-ний өдрийн 1142 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ц.Бийн хувцсанд зүсэгдэлт үүссэн байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн цамцанд гарсан 1см хэмжээтэй 2 ширхэг уранхайны утасны тасралтын зах ирмэг нэгэн жигд, суналтгүй, бохирлогдоогүй байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. Ямар байрлалд үүссэн байгааг үзлэг ба шинжилгээний хэсгээс харна уу. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-109-111/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.03.05-ны өдрийн 1371 дүгээр дүгнэлтэд: “1. ХГҮ-ээр цогцосны хажуугаас, байшин дотроос бэхжүүлж авсан гэх 2 ш арчдас дээр цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-118/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.03.03-ны өдрийн 1296 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн “О 47 эр” гэсэн хаягтай дээж спиртийн зүйл тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “О 47 эр” гэсэн хаягтай цусанд 2,0 промилли спиртийн агууламж илрэв. 3. Цусанд 2,0 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-147/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.03.26-ны өдрийн 1328 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн богино куртик, цагаан өнгийн футболка, саарал өнгийн ноосон цамц, хөх өнгийн джинсэн өмд, хар өнгийн хагас түрийтэй хос гутал, хар цэнхэр алаг өнгийн дотоожин дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 2. Цагаан өнгийн футболка, саарал өнгийн ноосон цамцан дээрх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна...” гэжээ /2 дугаар хавтас, хх-3-4/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.03.26-ны өдрийн 1326 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн нил ягаан өнгийн хуванцар 12 см иштэй 26 см урттай хутган дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 2. Нил ягаан өнгийн хуванцар 12 см иштэй 26 см урттай хутган дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна” гэжээ /2 дугаар хавтас, хх-13-14/,

Шүүгдэгч Л.Огийн сэжигтнээр өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 05 цагийн үед хүргэн ах Батсайханы найз Б гэх залуу нилээн согтуу ирсэн. Хүргэн ах Батсайхан нь Бийг “унт” гээд унтуулсан. Б бид хоёр Үндэс-Од эгчийн 3 хүүхдийг хараад үлдсэн. Удалгүй Батсайхан ахын том хүү Оюунбат машинтайгаа ирээд Бд 1 шил 0,75 литрийн архи авч өгсөн байсан. Гэрэлсайханыг дуудаад бид гурав архиа хувааж уусан. Архиа ууж дуусаад Гэрэлсайхан гэртээ ороод, би хүргэн ахын гэрт орсон. Оюунбат дүү “Бийг хүргэж өгнө, Шар хад явна” гэхээр нь би “явж яах гээд байгаа юм бэ” гэж уурлахад Б “чи муу одоо яах гээд байгаа юм бэ” гээд над руу дайрахаар нь би гартаа хутга барьсан эсэхийг мэдээгүй, над руу дайрахаар нь Бийн гарыг барьж авахад хутгатай байсан бөгөөд Б зүүн гартаа хутга барьсан байсан. Би зүүн гараараа барьж аваад миний эрхий хуруу, долоовор хуруу хоёрын хооронд зүсэгдээд, би хутгыг авах гээд ноцолдоод Бтэй газар унаад, дээр доороо орж байхад дүү Оюунбат “та хүн хутгалчихлаа шүү дээ” гээд ирж салгахаар нь би Оюунбатад хандаж “цагдаа, эмнэлэг дууд, Гэрэлсайханыг дууд” гэсэн. Тэгээд Гэрэлсайхан гарч ирээд О “чи яаж байгаа юм” гээд уурласан. Бийн хаанаас цус гарсан эсэхийг мэдээгүй. Тэгээд Бийг өвөр дээрээ суулгаад Оюунбат Бийн цээжийг сөхөөд “цээжний өвчүү хэсгээс цус гарч байна” гээд би гараараа дарсан. Тэгээд удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-19-20/,

дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтас, хх-4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-6-15/, цогцсонд болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-18-22/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-24-29/, гэрч Б.Отгонтуяагийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-89/, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-50/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрханы багийн тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-51/, шүүгдэгчийн төрсний гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтас, хх-54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас, хх-57/, БНМАУ-ын хүн амын регистрийн карт, паспорт авах өргөдөл /2 дугаар хавтас, 63, 64/, хохирлын баримт /2 дугаар хавтас, хх-157-164/,

шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн “Бэмэс” ХХК-ийн тодорхойлолт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Л.Отгоны ар гэрийнхний зүгээс 2.500.000 төгрөг өгсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт зэргийг талуудын хүсэлтээр уншиж, 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн саарал куртик, цагаан фудболк, саарал цамц, жинсэн өмд, оймс 2 хос, гутал, хутга 1 ширхэг, 3 хэсэг гарын хумс, жинсэн өмд 1 ширхэг, хар өмд 1 ширхэг, шоотой цамц 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг, 1 хос оймс, ботинкон гутал 1 хосыг хэрэгт авагдсан зургаар тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.О согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 95 дугаар гудамжинд иргэн Ц.Бтэй маргалдан цээжинд нь 1 удаа хутгалж алсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь гэрч Б.Гэрэлсайханы “...Отгоо, Цэнгэл бид нар архи хувааж уусан. Тэр хоёр маргалдаад, зууралдаад байж байхаар нь салгасан. ...Оюунбат гүйж орж ирээд надад “Отгоо ах Цэнгэл ахыг хутгалчихлаа” гэхээр нь би гараад очсон чинь Цэнгэл ах газар уначихсан, хажууд нь 1 хутга унасан байдалтай, Отгоо Цэнгэл ахын хажууд хоёр гар нь цус болчихсон зогсож байхаар нь...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-68, 70/, гэрч Д.Даваадолгорын “...хашаан дотор хоёр эрэгтэй хүн хоорондоо муудалцаад байгаа сонсогдохоор нь гараад хартал Отгоо, Батсайхан ахын найз нэг эрэгтэй хүнтэй хоорондоо ноцолдоод, газарт унаж, тусаад байхаар нь ...Отгоо гэрээсээ орилж хутга авч гарч ирээд тухайн Батсайхан ахын найз руу, хашааны гадна руу очсон. Удалгүй харахад Батсайхан ахын найз нь хашаа налаад цус гараад хэвтсэн байдалтай, хажууд нь Отгоо зогсож байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-75, 77/, гэрч Б.Оюунбатын “...Б ах Отгон ах хоёр хашаан дотор байшингийн үүдний амбаарны ойролцоо дээр доороо орчихсон, Б ах Отгон ахад “чи намайг барахгүй, хоёулаа больё” гэж хэлж байсан. Харин Отгон ах “чи намайг цохичихооч” гэж байсан. ...Б ах Отгон ахын дээр нь гараад суучихсан. Отгон ах доор нь дээшээ хараад хэвтчихсэн байсан. Би “та хоёр болиоч” гэхэд тоогоогүй дээр доороо орчихсон хэрэлдээд л байсан. ...Отгон ах миний хажуугаар зөрөөд Б ахын зүг алхаж байсан. ...Б ах надад “Оюунбатаа ахын дүү ирж энэ хутгыг ав, ахаас нь цус гараад байна” гэж хэлсэн. Би тэр хоёр дээр гүйгээд очиход Б ах газар уначихсан, Отгон ах надтай зөрөөд, аавын хашаа руу гүйгээд орчихсон. Б ахын хажууд очиход зүүн гарынх нь ойролцоо газар хутга байсан. Би хутгыг автал хутга цус болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-79-80, 82/, шүүх эмнэлгийн 584 дүгээр “1. Цээжний хөндийд нэвтэрч зүүн 3 дугаар хавирга, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлын ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн цус хуралдалт, зүүн уушигны авчилт, дух, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Цээжний зүүн хөндийн нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийн цус хуралдалт, зүүн уушгины авчилт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн ...үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Талийгаачид үүссэн шарх нь амин эрхтэн гзэмтээсэн тул гэмтэл үүссэн даруйд үхэлд хүргэнэ. 5. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цээжний зүүн хөндийд цус хуралт үүсч нас баржээ. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 10. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-92-97/, шинжээчийн 1141 дүгээр “1. Шинжилгээнд ирүүлсэн Л.Огийн хувцсанд шинэ уранхай, хуучин цооролт үүссэн байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн хүрмэнд гарсан 31 см хэмжээтэй уранхай нь оёдлоороо ханзарсан, оёдлын утас сунаж хөвөрсөн, гандаж өнгөө алдаагүй, зах ирмэг бохирлогдоогүй байх тул татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-167-169/, шүүх эмнэлгийн 3030 дүгээр “1. Л.Огийн биед зүүн сарвуунд шарх, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөг, өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-142-143/, шинжээчийн 1296 дугаар “...2. Шинжилгээнд ирүүлсэн “О 47 эр” гэсэн хаягтай цусанд 2,0 промилли спиртийн агууламж илрэв. 3. Цусанд 2,0 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-147/, шинжээчийн 1328 дугаар “1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн богино куртик, цагаан өнгийн футболка, саарал өнгийн ноосон цамц, хөх өнгийн джинсэн өмд, хар өнгийн хагас түрийтэй хос гутал, хар цэнхэр алаг өнгийн дотоожин дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 2. Цагаан өнгийн футболка, саарал өнгийн ноосон цамцан дээрх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтас, хх-3-4/, шинжээчийн 1326 дугаар “1. Шинжилгээнд ирүүлсэн нил ягаан өнгийн хуванцар 12 см иштэй 26 см урттай хутган дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 2. Нил ягаан өнгийн хуванцар 12 см иштэй 26 см урттай хутган дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт /2 дугаар хавтас, хх-13-14/, шүүгдэгч Л.Огийн сэжигтнээр өгсөн “...ноцолдоод Бтэй газар унаад, дээр доороо орж байхад манай дүү Оюунбат “та хүн хутгалчихлаа шүү дээ” гээд ирж салгахаар нь...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-19-20/, дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтас, хх-4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-6-15/, цогцсонд болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-18-29/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Огийн амь хохирогч Ц.Бтэй маргалдаж, улмаар цээжинд нь 1 удаа хутгалж алсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас Ц.Бийн амь нас хохирсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэвээндоржийн өгсөн “...О гэдэг хүний хүргэн ах Батсайхан бэлнээр 1.700.000 төгрөг өгсөн. Батсайхан найз нөхөдтэй нь холбогдож найзуудаас нь 620.000 төгрөг цуглуулж өгсөн. Үлдсэн мөнгийг би өөрөөсөө гаргасан. Тиймээс надад мөнгө нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-56, 59/, өмгөөлөх талаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол, гомдол барагдуулсан тухай “Л.Отгоны ар гэрийнхний зүгээс 2.500.000 төгрөг өгсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлтийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 25-нд Бтэй маргалдан хутгалж алсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 1.715.465 төгрөгийн баримт гаргаж өгснөөс 2.500.000 төгрөг төлөгдсөн тул бусдад төлөх төлбөргүй. 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, маргалдаад салсан, түүндээ өсөрхөөд хутга авч гарч ирээд хутгалсан, хүний амь нас хохирсон, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдэж байсан, согтуурсан үедээ тавьтаргүй зэргийг харгалзан ялын санал тавьсан” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргахгүй. Хэрэгт авагдсан хохирлын баримттай зардлыг төлсөн. 2,5 сая төгрөг төлсөн байгаа. Гэм буруугаа ойлгож, ухамсарласан, гэмшиж байгаа. Учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж өгнө үү. Хүний амийг үнэлэх боломжгүй, хор уршгийг арилгах боломжгүй байдаг. Хохирогчийг дийлэхгүй, ноцолдоод л доор нь орчихдог нөхцөл байдал тогтоогдсон...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, амь хохирогч хэн аль нь согтуурч, маргалдсан, харилцан зодолдсоны дараа шүүгдэгч хутга авчирч амь хохирогчийг хутгалсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний амь нас хохирсон, оршуулгын зардалд 2.500.000 төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Л.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хорих ял шийтгэж, дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ дурдсан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь уг хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзах бөгөөд шүүгдэгч Л.Огийн хүнийг хутгалж алсан санаатай үйлдэлд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Л.Огийн 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 106 /нэг зуун зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. /2 дугаар хавтас, хх-17, 18, 23, 196/.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн саарал куртик, цагаан фудболк, саарал цамц, жинсэн өмд, оймс 2 хос, гутал, хутга 1 ширхэг, 3 хэсэг гарын хумс, жинсэн өмд 1 ширхэг, хар өмд 1 ширхэг, шоотой цамц 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг, 1 хос оймс, 1 хос ботинкон гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж, шүүгдэгч Л.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Лувсанцэндийн Ог хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ог 8 /найм/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Огийн цагдан хоригдсон 106 /нэг зуун зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн саарал куртик, цагаан фудболк, саарал цамц, жинсэн өмд, оймс 2 хос, гутал, хутга 1 ширхэг, 3 хэсэг гарын хумс, жинсэн өмд 1 ширхэг, хар өмд 1 ширхэг, шоотой цамц 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг, 1 хос оймс, ботинкон гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.О бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР

 

 

            ШҮҮГЧИД                                  Т.АЛТАНТУЯА

 

 

                                                                       Б.БЯМБААБААТАР