Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00546

 

Б.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/02140 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2605 дугаар магадлалтай,

             Б.С-гийн нэхэмжлэлтэй,

            “Т” ХХК-д холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Л.Нарантуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

    Нэхэмжлэгч Б.С-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуугийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.С- нь 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс Тинд Барс тооцооны төвийн захирлаар ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээг шаардлагатай үед нь шинэчлэн байгуулж ажил үүргээ ямар нэгэн дутагдалгүй хариуцсан салбарын улирал бүрийн санхүүгийн зорилтот төлөвлөгөөг тогтмол ханган биелүүлж, сайн ажиллаж байсан. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Тны гүйцэтгэх захирлын гарын үсэг, тамгатай ажлаас чөлөөлж томилох тухай тушаалыг гаргасан. Дээрх ажлаас чөлөөлж, томилох тухай тушаал нь ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэсэн гэдэг. Гэтэл ажилтны ажил олгогчид ижил албан тушаалд цалин бууруулахгүйгээр шилжүүлж өгнө үү гэсэн асуудлыг мушгин гуйвуулж түр орон тооны албан тушаалд цалингийн шатлал бууруулж, эцсийн зорилго нь ажлаас үндэслэлгүйгээр халж буй нь үүгээр харагдаж байна. Салбарын захирлаар ажилладаг байсан хүнийг хэлтсийн харилцааны менежерийн орон тоон дээр түр буюу хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хүний оронд ажил албан тушаал бууруулан томилсонд гомдолтой байна. Иймд урьд эрхэлж байсан ажил буюу Барс тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,683,690 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Э.Жавхлан нарын  шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.С- нь Тны Барс тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Тны гүйцэтгэх захиралд өргөдөл гаргасан байдаг. Нэхэмжлэгч Б.С- нь гар өргөдөлдөө “Бүрэнбаатарын Саша миний бие төв банкны газар, хэлтэст мэргэжилтнээр ажиллах саналтай байгааг минь хүлээн авч, цалинг хэвээр нь баталж өгнө үү” гэсний дагуу Тны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Б/840 дугаар тушаал гарган Б.С-г Барс тооцооны төвийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлж байгууллагын банкны газрын харилцааны менежерээр томилж, үндсэн цалинг нь буюу 1,750,000 төгрөгийг олгохоор болсон. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Тны гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Б/840 дугаар тушаал гарсантай холбогдуулан мөн өдөр Барс тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Б.С-гийн ажлыг хүлээж авсан бөгөөд ажил хүлээлцэхдээ нэхэмжлэгч ямар нэгэн татгалзал гаргалгүй ажил хүлээлцсэн актад гарын үсэг зуран ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Мөн нэхэмжлэгч Б.С- гар өргөдөлдөө их хэмжээний зээлтэй тул цалинг хэвээр баталж өгнө үү гэсний дагуу Тны гүйцэтгэх захирал байгууллагын банкны газрын харилцааны хэлтсийн харилцааны менежерээр томилохдоо түүний урьд нь авч байсан сарын үндсэн цалинг хэвээр нь баталсан. Банкны зүгээс нэхэмжлэгч Б.С-гийн эрх зүйн байдлыг дордуулсан зүйлгүй бөгөөд нэхэмжлэгчийн өөрийнх нь бичгээр гаргасан өргөдөл, хүсэлтийн дагуу ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлж, томилсон. Тухайн үед Б.С-д банкны төв салбар ажиллах ажлын байр байхгүй байсан болохоор гүйцэтгэх захиралтай ярилцаж тохироод хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд түр томилсон тушаал гарсан байдаг бөгөөд өөрийнх нь хүсч байгаа ажлын байр гарахаар жинхлэн томилохоор амаар ярьсан зүйл байдаг юм билээ. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Б.С-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                  

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/02140 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Т ХХК-д холбогдох Баянгол дүүрэг салбарын харьяа Барс тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Б.С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.С- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар Б.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.09.22-ны өдөр төлсөн 102,700 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.                       

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2605 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/02140 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С-г “Т” ХХК-ийн “Баянгол дүүрэг” салбарын харьяа “Барс” тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 5,322,375 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2605 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. Тны Гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/840 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Б.С-г Тны “Барс” тооцооны төвийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн.

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 182/ШШ2017/02140 дугаар шийдвэрээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон болон шинээр үүсгэсэн харилцааг салган тусгаарлаж Иргэний хуулийн 40 дүгээр зүйл, 236 дугаар зүйлийг баримтлан Б.С-г Барс тооцооны төвийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Тодруулбал, ажилтан Б.С- нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр амаар болон бичгээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн. Үүнийг нотлох баримт нь хэрэгт авагдсан“... Б.С- миний бие үүссэн нөхцөл байдлын улмаас Төв банкны хэлтэс газарт мэргэжилтнээр ажиллах саналтай байдлыг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Эхнэр тодорхой ажилгүй, их хэмжээний зээлтэй тул цалинг хэвээр нь байлгаж өгнө үү. Би өмнө нь орон нутгийн тооцооны төв хариуцан ажиллаж байсан тул Орон нутгийн банкны газарт ажиллахад чадна гэж бодож байна” гэсэн өргөдөл юм. Мөн Б.С-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт Барс тооцооны төвийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөнд бус албан тушаал бууруулан томилсонд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны тухайн байгууллагатай үүсгэсэн хөдөлмөрийн харилцааг бүр мөсөн дуусгавар болгохгүйгээр өмнөх ажлын байран дахь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох буюу ажил албан тушаалыг өөрчлөх зохицуулалт хязгаарлагдмал байдаг /зөвхөн 32-34/ тул ажил олгогчийн хувьд өмнөх ажлын байранд үүссэн хөдөлмөрийн харилцааг бүр мөсөн дуусгавар болгож /ХтХ-ийн 37/ дараагийн ажлын байранд хөдөлмөрийн харилцааг шинээр үүсгэсэн тушаал, шийдвэрийг гаргадаг. Мөн ажилтан 2 буюу түүнээс дээш албан тушаалд цалин хөлсөө бууруулахгүйгээр нэгэн зэрэг ажиллах боломжгүй байдаг тул ажил албан тушаалаа өөрчлөх талаарх ажилтны гаргасан аливаа хүсэлтийг өмнөх хөдөлмөрийн харилцааг бүр мөсөн дуусгавар болгох хүсэл зоригийн илэрхийлэл гэж хүлээн авч шийдвэрлэдэг, хууль ч ийм шийдвэр гаргахыг шаарддаг. Иймд Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон болон шинээр бий болгох харилцааг ялгаж, тус тусад нь дүгнэлт өгөх байдлаар шийдвэрлэх нь Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм. Ингэж үзвэл Б.С-гийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан “Төв банкны хэлтэс газарт мэргэжилтнээр ажиллах саналтай байгааг шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдлийг тухайн үед ажиллаж байсан “Барс” тооцооны төвийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэж албан тушаалаас нь чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн гэж үзэж байна.

2.Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзвэл нэхэмжлэгч Б.С-гийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан "... Б.С- миний бие үүссэн нөхцөл байдлын улмаас Төв банкны хэлтэс газарт мэргэжилтнээр ажиллах саналтай байдлыг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Эхнэр тодорхой ажилгүй, их хэмжээний зээлтэй тул цалинг хэвээр нь байлгаж өгнө үү. Би өмнө нь орон нутгийн тооцооны төв хариуцан ажиллаж байсан тул Орон нутгийн банкны газарт ажиллахад чадна гэж бодож байна” гэсэн өргөдөл нь шийдвэр болон магадлалын үндэслэл болсон гол нотлох баримт юм. Гэхдээ шүүхүүд энэ баримтын талаар өөр өөр дүгнэлт хийсэн байдаг. Анхан шатны шүүхээс уг баримтыг “ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах замаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, шинээр хөдөлмөрийн харилцаатай холбоотой хэлцэл хийгдсэн гэж үзнэ.... ажилтан санаачилсан гэх үндэслэлд ажилтны өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан өргөдөл хүсэлт хамаарна” гэсэн байдаг бол давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ талаар үндсэндээ тодорхой дүгнэлт өгөлгүйгээр “ажилтны ажиллах нөхцөлийг дордуулсан, ажилтны хүсэл зоригт нийцэхгүй шийдвэр гаргасан” гэсэн дүгнэлтийг хийсэн байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа ямар ч шийдвэр ажилтны нөхцлийг дордуулах нь ойлгомжтой тул шүүх зөвхөн тухайн ажлын байран дахь харилцааг дуусгавар болгох хүсэл зориг байсан уу, үгүй юу гэдэгт л дүгнэлт өгөх ёстой юм. Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч байнгын орон тоотой, адил чанарын өөр албан тушаалд ажиллах хүсэлтийг илэрхийлсэн байхад хариуцагч тал хүүхэд асрах чөлөөтэй ажилтны орон тоонд түр ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан ажилтан, ажил олгогч харилцан тохиролцож хөдөлмөриин гэрээ цуцалсан гэх нөхцөлд хамаарахгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгчийг өөр ажил албан тушаалд томилж байгаа харилцаа нь эрх зүйн харилцааг шинээр үүсгэж байгаа харилцаа байхад шүүх хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийг баримтлах үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Давж заалдах шатны шүүхийн үзсэнчлэн ажилтныг өөр ажил, албан тушаалд хуулийн дагуу томилсноор өмнөх хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж үзсэн ч ажил олгогчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/840 дугаар тушаал үндэслэл бүхий юм. Учир нь шүүх хуралдаан дээр ажилтан ямар тайлбар гаргаснаас үл хамаарч ажилтны тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулбал Б.С- нь Төв банкны газарт мэргэжилтнээр ажиллах хүсэлтээ илэрхийлэхдээ цалин хөлсөө бууруулахгүй байхыг хүссэн байна. Ажил олгогчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/840 дугаар тушаалаар Б.С-г Тны Байгууллагын банкны газрын Харилцааны хэлтсийн менежерээр /хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Энхсайханыг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд/ томилсон. Байгууллагын банкны газрын Харилцааны хэлтсийн менежер гэдэг нь Төв банкны мэргэжилтны албан тушаал мөн бөгөөд албан ёсоор батлагдсан ажил албан тушаалын нэршилд менежер гэж байдаггүй бөгөөд мэргэжилтэн гэдэг нэршлээр байдаг юм. Тны хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажил албан тушаал өөрчлөгдөж байгаа эсхүл өмнөх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосны дараа өөр ажил албан тушаалд ажиллах хүсэлт гаргаж байгаа тохиолдолд заавал туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Энэ журмын дагуу Б.С-г ажилд томилсон тушаал дээр хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны албан тушаалд гэж бичээгүй байсан ч 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдах байсан. Харин ч 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/840 дүгээр тушаалаар 3 жил хүртэл хугацаатай хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны албан тушаалд томилсон нь Б.С-гийн хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг дээрдүүлсэн гэж үзэж болно. Хэрэв хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд томилоогүй өөр ажил, албан тушаалд томилохоор байсан бол заавал туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тул Б.С- нь туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсны дараа ч ажлаасаа чөлөөлөгдөж болох байсан юм. Мөн Байгууллагын банкны газрын харилцааны менежерийн албан тушаалд томилсон нь “цалин хөлсөө бууруулахгүй байх, эхнэр ажилгүй, өндөр хэмжээний зээлтэй” гэсэн ажилтныхаа нөхцөл байдлыг харгалзан үзсэн шийдвэр гэж үзэж болно. Учир нь Тинд үндсэн ажил үүргээ гүйцэтгэсний төлөө үндсэн цалингаас гадна ажлын үр дүнгээс хамаарч урамшуулал авдаг хоёр албан тушаал байдгийн нэг нь Тусгай активын хэлтсийн мэргэжилтэн буюу чанаргүй зээл төлүүлснийхээ төлөө урамшуулал авдаг албан тушаал болон судалсан зээл болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээгээр урамшуулал авдаг Байгууллагын банкны харилцааны албан тушаал юм. Өөрөөр хэлбэл, Байгууллагын банкны харилцааны менежер /мэргэжилтэн/ нь нэг сарын үндсэн цалин дээр нэмэгдүүлэн сард 1,000,000- 2,000,000 төгрөгийн урамшуулал авдаг юм.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “Б.С- нь тухайн өргөдлийг ажил олгогчийн дарамт, шахалтаас болж бичсэн гэх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.С- нь хариуцсан ажилдаа зөрчил дутагдал гаргасан, ажлын цаг тасалсан гэж тайлбарласнаас үзвэл Б.С- нь өөрийн хүсэл зоригийн дагуу дээрх өргөдлийг бичсэн нь эргэлзээтэй, ажил олгогчийн зүгээс тодорхой нөлөөлөл байсан гэх үндэстэй байна” гэжээ. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх гэдэг нь шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримт болон хуульд үндэслэсэн байхаас гадна хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн гаргасан тайлбарт логик бүхий дүгнэлт хийхийг ойлгож байна. Давж заалдах шатны шүүх “ажилтан нь хариуцсан ажилдаа зөрчил дутагдал гаргасан, ажлын цаг тасалсан” гэх хариуцагчийн тайлбараас үндэслэн “ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу дээрх өргөдлийг бичсэн нь эргэлзээтэй, ажил олгогчийн зүгээс тодорхой нөлөөлөл байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иймэрхүү ойлгомжгүй байдлаар дүгнэлтүүдийг хийсэн нь давж заалдах шатны шүүх хэргийг шударгаар шийдвэрлэсэн гэж үзэхэд ч эргэлзээ төрүүлж байна.

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8 дахь хэсгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоол болон Улсын дээд шүүхийн зөвлөмжид “Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн дагуу гаргасан ажилтны хүсэлт нь ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр ажилтны сайн дурын үндсэн дээр гаргасан хүсэлт юм” гэсэн байдаг боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д заасан “харилцан тохиролцсон” гэсэн заалтыг дээр дурдсанаар тайлбарлаагүй байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад ажил олгогчийн ямар ч нөлөөлөлгүйгээр ажилтны сайн дурын үндсэн дээр гаргасан хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлахыг ойлгох бол харилцан тохиролцсон гэдэгт хөдөлмөрийн гэрээний аль аль талууд хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр тухайн нөхцөл байдалд өөрсдийн хүсэл зоригоо хязгаарлах буюу харилцан буулт хийх замаар энэхүү тохиролцоонд хүрэхийг ойлгоно гэж бодож байна. Ийм ч учраас Тны гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/840 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д заасан үндэслэлээр гарсан байхад 37.1.8-д заасан үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

Б.С-гийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтэд “үүссэн нөхцөл байдлын улмаас Төв банкны хэлтэс, газарт мэргэжилтнээр ажиллах саналтай байна” гэсэн нь ажил олгогчийн зүгээс зүй бусаар нөлөөлсөн гэж үзэхээс илүүтэй талуудын харилцан тохиролцсон нөхцөл байдлыг тодотгож өгч байна гэж үзэхээс гадна ажилтнаас тухайн үеийн өөрийн хувийн асуудлаа үнэлж дүгнэсэн өгүүлбэр гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2605 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/02140 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.С- нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажилтныг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн төвийн захирлын ажлаас чөлөөлж, Төв банкны хэлтэс газарт мэргэжилтнээр томилсон, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б.С- нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс “Т" ХХК- ийн “Баянгол дүүрэг” салбарын харьяа “Барс” тооцооны төвийн захирлаар томилогдон ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/840 дүгээр тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1, ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Дээрх тушаалын 2 дахь заалтаар ажилтан Б.С-г 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс Байгууллагын банкны газрын Харилцааны хэлтсийн харилцааны менежерээр томилжээ.

2017 оны 06 сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Б.С-гаас ажил олгогчид гаргасан өргөдөл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нөхцөлд хамаарах эсэх талаар анхан болон давж заалдах шатны шүүх ялгаатай дүгнэлт өгснөөс нэхэмжлэлийн шаардлагыг хоёр өөрөөр шийдвэрлэх үндэслэл нь болсон байна.

“Бүрнээбаатарын Саша миний бие үүссэн нөхцөл байдлын улмаас Төв банкны хэлтэс газарт мэргэжилтнээр ажиллах саналтай байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Эхнэр тодорхой ажилгүй, их хэмжээний зээлтэй тул цалинг хэвээр нь баталж өгнө үү. Би өмнө нь Орон нутгийн тооцооны төв хариуцаж ажиллаж байсан туршлагатай тул Орон нутгийн банкны газарт ажиллахад чадна гэж бодож байна” гэсэн агуулга бүхий гараар бичсэн өргөдлийн хуулбар хувь хэрэгт авагджээ.  

Ажил олгогч нь ажилтны гаргасан дээрх хүсэлтийг үндэслэн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, шинээр Байгууллагын банкны газрын Харилцааны хэлтсийн харилцааны менежерээр цалинг нь 1,750,000 төгрөгөөр олгохоор хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахаар тохиролцсон, ажилтны санаачилгаар хөдөлмөрийн харилцаатай холбоотой хэлцэл хийгдсэн, хэн аль нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлсний дараа нэхэмжлэгч өмнөх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлийг хуульд нийцээгүй гэж маргаж, хэлцлээр тохирсноос өөр үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгч Б.С- нь тухайн өргөдлийг ажил олгогчийн дарамт, шахалтаас болж бичсэн гэх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.С-г хариуцсан ажилдаа зөрчил дутагдал гаргасан, ажлын цаг тасалдаг гэж тайлбарласнаас үзвэл тэрээр өөрийн хүсэл зоригийн дагуу дээрх өргөдлийг бичсэн нь эргэлзээтэй, ажил олгогчийн зүгээс тодорхой нөлөөлөл байсан гэх үндэстэй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. 

Ажилтан Б.С-гийн өргөдөлд бичсэн “...үүссэн нөхцөл байдал”-ынхаа үндэслэлийг нэхэмжлэгч тал тайлбарлаагүй, ажил олгогчийн “дарамт шахалт” байсан гэсэн тайлбарынхаа үйлдлийг тодорхойлоогүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул ажилтны гаргасан өргөдлийг үндэслэн ажил олгогчийн гаргасан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2605 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/02140 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Т” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,108 /нэг зуун мянга нэг зуун найм/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН