Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 86

 

                                                           Т.Т-д холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Туяа,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурор Ц.Батболдын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаартай эсэргүүцлээр Т.Т-д холбогдох эрүүгийн 1710008260215 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овогт Т-ын Т-, 1996 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,

            Т.Т- нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амор” нэртэй караокены гадна хамт ажилладаг иргэн Ц.Энхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Т.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтэд түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гарган хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Т- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Т.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор Ц.Батболд тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Т- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж заасан боловч торгох ялыг ямар хугацаанд хэсэгчлэн төлөх талаар хугацаа тогтоож өгөөгүй орхигдуулсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” талаар тусгах заалтыг зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах, эсхүл тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...шүүхээс тогтоосон хугацаанд...” гэснийг хасуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

            Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Т.Т- нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амор” нэртэй караокены гадна хамт ажилладаг иргэн Ц.Энхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь;

- хохирогч Ц.Энхбаатарын “...2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр миний хуучин ажиллаж байсан Энхтайваны гүүрний баруун талд байрлах “Петровис” шатахуун түгээх станцын хамт олон салхинд гарах уу гэхээр нь би зөвшөөрч бид Төв аймаг руу салхинд гарсан. Тухайн өдрийн орой 22 цагийн үед хот руу орж ирээд үргэлжлүүлэн караокед орсон... би 00-ын өрөө ороод эргээд өрөөндөө ороход зөөгч ирээд “Хамт явж байгаа хүмүүс чинь зодолдоод байна гарч салгаач” гэж хэлсэн. Намайг гарахад Т-, Эрдэнэдаваа хоёр хоорондоо бие биенээ барьсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би Т-г барьж аваад “Боль” гэж хэлэхэд Т- урдаас “Та нар ер нь яагаад байгаа юм бэ” гээд миний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиход нь би хойшоогоо газар унасан. Тэгтэл Т- миний дээр гараад нүүр лүү гараараа 2-3 удаа цохих шиг болсон... миний үүдэн шүд унасан...” /хх-ийн 6/,

- гэрч Б.Гантулгын “...Т- Энхбаатар хоёр маргалдаад зогсож байхаар нь би салгаад юу болсон талаар асуухад Т- надад “Энхбаатартай хамт тэврэлдээд гарч байтал Энхбаатар араас нь түлхээд шат руу унагаахаар нь зөрүүлээд цохисон” гэж хэлсэн. Харин Энхбаатар хэлэхдээ “Бид хоёр тэврэлдэж явж байгаад хамт унахад Т- босч ирээд намайг цохисон” гэж хэлсэн...” /хх-ийн 10/,

- гэрч Б.Бат-Итгэлийн “...Бид нар караокед ороод 1 шил архи, нэлээд хэдэн пиво ууцгаасан. Тэгээд Ганбилэг бид хоёр түрүүлээд гарч байсан чинь ард түжигнэх чимээ гарахаар нь хойшоогоо хартал Энхбаатар Т-н дээр гарсан шат руу унасан. Тэгтэл Т- босч ирээд Энхбаатарыг гараараа нэг удаа цохих шиг болсон...” /хх-ийн 15/,

- гэрч Р.Ганбилэгийн “...намайг гарахад Т-, Энхбаатар хоёр шатан дээрээс унасан гээд зогсож байсан. Тэгтэл Т-, Энхбаатарыг гараараа 1 удаа цохих шиг болсон...” /хх-ийн 61/,

- шүүгдэгч Т.Т-н анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тухайн үед би урьд өдөр нь хонож ажиллаад их ядарсан байсан ба жаахан архи уусан чинь согтчихсон. Тэгээд Энхбаатар бид хоёр караокеноос гарч байгаад шатны уруу хамт унасан. Тэгэхээр нь Энхбаатарыг намайг түлхчихлээ гэж бодоод түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон. Өөр зүйл санахгүй байна...” /хх-ийн 82/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 13638 дугаартай “Ц.Энхбаатарын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, 1 шүдний хугарал, паалангийн эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулжээ.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна. Эдгээр нотлох баримтыг үндэслэн Т.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүх яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар бичсэн прокурорын саналыг харгалзан Т.Т-г тухайн хуульд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэргийг хялбаршуулан хянан шийдвэрлэх журам”-ыг үйл ажиллагаандаа баримталсан байна.

            Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан ба шүүх ялтны торгох ял биелүүлэх хугацааг тогтоож өгөөгүй атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол...” гэж бичсэн нь ойлгомжгүй болжээ.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журам”-ыг тогтоон хуульчилсан бөгөөд энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор … биелүүлэх үүрэгтэй”, 160.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно”, 160.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.2-т заасан дагуу тогтоосон хуваарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж тус тус заасныг үндэслэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаас “шүүхээс тогтоосон хугацаанд” гэсэн хэсгийг хасах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Ингэснээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагад нийцэх юм.

Иймд дээрх үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын холбогдох заалтад зохих өөрчлөлт оруулан, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Т- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж өөрчилж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧИД                                                   М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                     Н.БАТСАЙХАН