Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0098

 

 

Б.Ө-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 120/ШШ2021/0017 дугаар шийдвэрийг хариуцагч Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.С-ын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

            Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

            Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

            Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид:  

            Нэхэмжлэгч Б.Ө

            Хариуцагч Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 120/ШШ2021/0017 дугаар

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч Б.Ө, өмгөөлөгч Б.О,  

            Хариуцагч Д.С, өмгөөлөгч Н.Н, Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Батмаа

Хэргийн индекс: 120/2021/0012/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 120/ШШ2021/0017 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Б.Ө-ыг Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ө-д 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт 7 сар, 18 хоногийн цалин хөлстэй олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 10,477,679 төгрөгийг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган” шийдвэрлэжээ.   

2. Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Б.Ө-ыг Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг үндэслэн 2007 оны 07 дугаар сарын 01-ний өдөр анх томилсон. Төрийн албаны шалгалт өгөөгүй, төрий жинхэнэ албан хаагч биш этгээдийг хууль зөрчин анх ТЗ-6 шатлалын албан тушаалд түр томилсон байх бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул хууль бусаар томилогдсон этгээдэд Төрийн албаны тухай хуульд заасан баталгаа үйлчлэх ёсгүй юм. Тэгэхээр хууль бус томилгоонд шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т “Захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс” цалин хөлс нь бүрдэнэ хэмээн заасан. ТЗ-6 албан тушаалын зэрэглэлтэй төрийн захиргааны албан хаагч нь “ТАХ-ийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох” тухай Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ”-ээс харахад 690018-853375 төгрөгийн хооронд цалин авахаар байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 9-д “Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс, бүртгэл байна” хэмээн заасан.

Цалин хөлсийг ямар үндэслэлээр хэрхэн тооцсон аргачлалаа шийдвэрт бичээгүй байх бөгөөд цалин хөлсний цэс, данс, бүртгэлийг үндэслээгүй байна. Тэгэхээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Б.Ө нь Өлзий шүтээн дэлгүүрээс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 56,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 128,000 төгрөг, 2021оны 03 дугаар сарын 14-ний өдөр 46,800 төгрөг, нийт 230,800 төгрөгийн бичиг хэргийн бараа материал худалдан авсан гэх боловч ажлаа хүлээлгэн өгөхдөө дээрх барааг хүлээлгэж өгөөгүй. Хуралд оролцогчдын цайны хэмээн 250,000 төгрөгийн барааг “Ундрам манлай” дэлгүүрээс 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр бичүүлж авсан ч уг бараа байхгүй” гэсэн зөрчилд эрх зүйн дүгнэлт шүүх хийсэнгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад гомдлыг хангах үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Б.Ө-аас Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангажээ.

3. Хариуцагч “... Төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш этгээдийг ... ТЗ-6 шатлалын албан тушаалд түр томилсон ... шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул хууль бусаар томилогдсон этгээдэд Төрийн албаны тухай хуульд заасан баталгаа үйлчлэх ёсгүй” гэж давж заалдах гомдол гаргажээ.

 

5. Анх Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2007 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4 дүгээр захирамжаар Б.Ө-ыг Хурлын нарийн бичгийн даргаар томилж, Өмнөговь аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар тогтоолоор удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэн, мөн өдрийн 16 дугаар тогтоолоор Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөснөөс хойш 10 жил тухайн албан тушаалд ажиллуулснаас үзэхэд Б.Ө-ыг “төрийн жинхэнэ албан хаагч” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

6. Давж заалдах гомдолд “... цалин хөлсийг ямар үндэслэлээр хэрхэн тооцсон аргачлалаа шийдвэрт бичээгүй байх бөгөөд цалин хөлсний цэс, данс, бүртгэлийг үндэслээгүй” гэжээ.

7. Хэрэгт нэхэмжлэгч Б.Ө-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар авагдсан, анхан шатны шүүх цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо шийдвэрт заагаагүй боловч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу Б.Ө-ын урьд ажиллаж байсан сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг үндсэн болон нэмэгдлийг хамтад нь тооцож шийдвэрлэсэн, шийдвэрт тухайн аргачлалыг нэг бүрчлэн тусгаагүй нь шийдвэрт нөлөөлөх ноцтой үндэслэл биш, хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “... сүүлийн гурван сарын амралтын өдрийг хасаагүй ажлын хоногийг шүүх буруу тооцсон ...” гэх тайлбар нь нийт цалингийн дүнд хамаарах үндэслэл болохгүй тул энэхүү гомдлыг мөн хангах үндэслэлгүй байна.  

8. Мөн хариуцагчаас “... 230,800 төгрөгийн бичиг хэргийн бараа материал,  хуралд оролцогчдын цайны хэмээн 250,000 төгрөгийн барааг худалдан авсан” гэх зөрчилд шүүх дүгнэлт хийгээгүй” гэж давж заалдах гомдлын үндэслэл гаргажээ.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан бөгөөд энэ зөрчил нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байх тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт өгч, шийдвэрийг өөрчлөх боломжгүй байна.  

10. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 120/ШШ2021/0017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.С-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ