| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0646/Э |
| Дугаар | 0655 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 0655
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Х.Анхцэцэг,
хохирогч Х.О, өмгөөлөгч Э.Даваасүрэн,
шинжээч Ш.Цэцэгмаа,
гэрч Б.Амартүвшин, Б.Алтайсайхан,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жаргал,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008000000798 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хаван мянган овогт Баярмагнайн Б /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт захын орчим эр, эмийн хардалтаас үүдэлтэйгээр Х.Ог алгадах, өшиглөх зэргээр зодож, чулуу шидэж нүүрэн тус газар нь онож, эрүүл мэндэд нь духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Амартүвшин холбоо сураггүй алга болсон. Дуут шуудан үлдсэн байсан. Хүүхэн инээгээд Амартүвшин, Алтансайхан нар байсан. Амартүвшингийн машинд Алтайсайхан, О 2 байсан. Амартүвшингийн хөнжилд хагас нүцгэн байсан тул би Ог алгадсан. Алтайсайхан миний хүүхэн гээд байсан. Машинаас буугаад Алтайсайханы эхнэртэй уулзъя гэхэд үгүй гээд байсан. Чулуу шидсэн чинь оночихсон. Баруун гуяны гэмтлийг би учруулаагүй. Хохиролд 209.710 төгрөг төлсөн. Зовхины хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Би хамар луу нь цохиогүй” гэв.
Хохирогч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Алтайсайханыг эхнэр, хүүхэдтэй гэж мэдээгүй. Б ирээд хэлэхэд л мэдсэн. Алтайсайхан хойд машинд архи уугаад явж байсан. Шүүгдэгч намайг алгадсан. Намайг машинаас чирж буулгасан. Над руу 2 удаа чулуу шидсэн. 2 дахид нь би оногдсон. 209.710 төгрөг авсан. Мөнгөгүй учир эмчилгээ хийлгэж чадаагүй. Би сорвитойгоо үйлдмээргүй байна. Гомдолтой байна” гэв.
Гэрч Б.Амартүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ог зүс таньдаг. “Намайг таньдаггүй гэж хэлээрэй” гэж би хэлээгүй. Алтайсайхан, О 2 урд миний машинтай явж байсан. Б чулуу аваад шидсэн. О бид 2-ын хувьд гэр бүлээс гадуурх харилцаа байхгүй” гэв.
Гэрч Б.Алтайсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Отой 2 удаа уулзсан, хувийн харилцаатай байсан. Б ирээд энэ 2 хоорондоо маргалдсан, хэрэлдсэн. Бгийн уурыг хүргээд чулуугаар цохиулсан. Санаатай цохиогүй. Б Ог холд гээд түлхсэн чинь О замын хажуу руу унасан” гэв.
Шинжээч Ш.Цэцэгмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Намайг хохирогчийг үзэхэд тархи доргилтын шинж тэмдэг илрээгүй учраас би дүгнэлтдээ бичээгүй. Би шугамаар хэмжсэн, оёдол эдгэсний дараа тавигдаж болдог эсэхийг мэдэхгүй байна” гэв.
Эрүүгийн 2008000000798 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Х.Огийн: “Би Алтайсайхан гэх залуутай 2019 оны 4 дүгээр сард танил байсан, бид 2 уулздаг болсон. 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байсан чинь Алтайсайхан залгаад “хамт цанын бааз орчихоод ирье” гэсэн. 19 цагийн орчим “22-ын товчоо” гэх газар уулзсан. Алтайсайхан, Амартүвшин гээд нэг залуутай хамт байсан. Бид 3 Төв аймгийн Заамар сум гэх газар очиж ачаа буулгаад буцаад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Амартүвшин замдаа өөр машинд суусан. Алтайсайхан бид 2 автомашинтай явсаар байгаад 2020 оны 4 дүгээр сарын 14-ний орой 19 цагийн орчим “Эмээлт” гэх газар орж ирээд замын хажууд зогссон. Би Алтайсайханы автомашины хойд талд өмдөө тайлсан байдалтай хэвтэж байсан Алтайсайхан урд сууж байсан. Амартүвшингийн эхнэр гэх эмэгтэй ирээд машины хаалга цохиод “Амартүвшин хаана байна” гэж асуусан. Алтайсайхан “Амартүвшин хойноос ирж байгаа” гэж хэлсэн. Амартүвшиний эхнэр “чи битгий худлаа хуцаад бай” гээд орилоод байсан. Удалгүй Амартүвшин өөр машинтай, 2 танихгүй эрэгтэй хүнтэй ирсэн. Алтайсайхан намайг “чи өөр машинд суугаад яв, одоо бөөн хэрүүл болно” гээд байхаар нь би өөр машинд суусан чинь тэр жолооч “машинаа Эмээлтэд байрлуулна” гэсэн. Би машинаас буугаад замын хажууд зогсож байсан чинь Амартүвшингийн эхнэр ирээд намайг “янхан минь чи” гэж орилоод байхаар нь “би янхан биш” гэсэн. Тэгсэн миний хувцаснаас чирээд, татаж чангаагаад миний нүүр хэсэгт алгадсан. Амартүвшины эхнэр араас ирээд намайг замын хажуу руу түлхээд, толгой хэсэгт чулуугаар цохисон. Амартүвшиний эхнэр намайг нөхөр Амартүвшинтэй хардаад маргалдсан. Миний биед учирсан духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг Б чулуугаар нэг удаа цохиж учруулсан. Хамар хэсэгт нэг удаа алгадсан, баруун гуянд цус хуралт гэмтлийг нэг удаа өшиглөж учруулсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.
...Би шүүх эмнэлэгт үзүүлээд толгойн зураг авахуулсан. Эмийн сангаас эм авсан, гоо сайхны газарт үнэлгээ хийлгүүлсэн бүх баримтууд байгаа. Хохирлын баримтаар гомдлоо барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-16-17, 20/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.04.16-ны өдрийн 4716 дугаар шинжилгээний: “Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөгний дотор дээд хэсэгт мэс заслын оёдол бүхий 2см урт шархтай, шархны эргэн тойронд 3х2см улаан хүрэн өнгийн зулгаралттай, хавдсан, хамрын нуруунд хөхөлбөр өнгийн цус хуралттай, хавдсан. Баруун гуяны урд дунд хэсэгт 6х4см хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай.
Дүгнэлт хэсэгт: 1. Х.О-н биед духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-22-23/,
Гэрч Б.Алтайсайханы: “...2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үеэл ах Амартүвшин залгаад “хоёулаа Заамар яваад ачаа буулгачихаад ирье” гэхээр нь өглөө уулзаад ачуулсан. Тухайн өдөр 20 цагийн үед Улаанбаатар хотоос гарахдаа би найз О руу “хамт явчихаад ирье” гээд залгасан. Удалгүй О ирээд бид хамт явсан. Шөнөжингөө яваад Заамарт очоод өглөө нь ачаагаа буулгаад буцаж гарсан. Амартүвшин өөр машинд суугаад О бид хоёр Амартүвшингийн машиныг бариад хот руу орсон. 2020 оны 4 дүгээр сарын 13-ны 19 цаг орчим Цанын бааз хавьцаа зам дагуу Амартүвшинг хүлээгээд зогсож байхад түүний эхнэр Б ирээд “Амартүвшин хаана байна” гэж хашгираад машины ард талд хэвтэж байсан Ог харчихаад “чи хэн бэ, юун хүүхэн бэ” гээд уурлахаар нь би “наадах чинь Амартүвшинд хамаагүй, манай найз” гэж хэлэхэд Б ойлгоогүй Огийн нүүр лүү алгадаад, зураг хөргийг нь аваад байсан. Тэр үед араас Амартүвшин ирсэн. Амартүвшин, Б хоёр маргалдсан. Б учрыг нь ойлгохгүй бухимдаад байхаар нь Ог Амартүвшингийн ирсэн машинд суулгаад түрүүлээд явуулчихсан. Гэтэл Б араас нь жижиг машинтай хөөгөөд Эмээлт хавьцаа барьж авсан. Араас нь Амартүвшин бид хоёр очсон. Очиход О, Б хоёр маргалдаж байхад Б Ог замын хажуу тал руу түлхээд араас нь чулуу шидээд духанд нь оночихсон. Огийн духнаас цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-39/,
Гэрч Б.Амартүвшингийн: “...Би Алтайсайханд машинаа бариулаад О, Алтайсайхан хоёр түрүүлээд гарсан. Би найзынхаа машинд суугаад араас нь явсан. Цанын бааз хавьцаа Алтайсайхан намайг хүлээгээд зогсож байсан. Намайг очиход манай эхнэр Б ирчихсэн бөөн хэрүүл маргаан үүсгээд, О бид хоёрыг хардаад байсан. О түрүүлээд миний сууж ирсэн машинд суугаад явсан. Эмээлт орчим тухайн машиныг зогсоогоод О бууж ирээд эхнэртэй маргалдсан. Манай эхнэр О руу чулуу аваад шидэхэд Огийн толгойн тус газарт онож цус гарсан. Би Отой ямар нэгэн хамаарал байхгүй. Миний машинд, миний унтдаг хөнжилд эмэгтэй хүн явж байхаар эхнэр хардаж уурандаа ийм асуудал үүсгэсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-37/,
Шүүгдэгч Б.Бгийн яллагдагчаар өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 12-ны өглөө нөхөр Амартүвшин Заамар сум руу ачаа ачаад явсан. Гарахдаа “үеэл Алтайсайхантай гарах гэж байна” гэж утсаар ярьж байсан. “Гарлаа” гээд маргааш болтол холбогдоогүй, утас нь ч холбогдохгүй байсан. Өмнө нь ийм асуудал болж байгаагүй тул санаа зовоод дүү Алтайсайхан руу залгахад мөн утсаа авахгүй байсан. ...2020 оны 4 дүгээр сарын 13-ны өглөө нөхөр Амартүвшин залгаад дуут шуудан нь ирчихсэн байсан. Дуут шууданг сонсоход эмэгтэй хүний дуу гарахаар нь би машин гуйгаад Заамар руу явсан. Цанын бааз орчим нөхрийн машин зогсож байхаар нь очиход дүү Алтайсайхан машины урд руль дээр, машины амардаг хэсэгт үл таних эмэгтэй хөнжил нөмөрсөн хэвтэж байхаар нь “чи ямар учиртай хүүхэн бэ” гэж асуухад тэр эмэгтэй “би Алтайсайханы хүүхэн” гээд, Алтайсайхан “миний хүүхэн” гээд байсан. Тухайн үед нөхөр байгаагүй, араас нь өөр машинтай согтуу ирсэн. Бид маргалдаж байхад Алтайсайхан нөгөө хүүхнээ өөр машинд суулгаад явуулчихсан. Би араас нь тэр машиныг хөөж Эмээлтэд хөөж барьсан. Буулгаад бид хоёр маргалдсан. Тэр хүүхэн өөрийн бурууг хүлээн зөвшөөрөхгүй маргалдаад байхаар нь би уурандаа жижиг чулуу аваад шидчихсэн чинь дух хэсэгт нь онож цус гарсан. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би төрөөд удаагүй байна. Нялх хүүхэдтэй. Ийм юм хараад тухайн үедээ шоконд орсон. Энэ байдлыг харгалзан үзээд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-54-55/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан иргэн Х.Огийн өргөдөл /хх-4/, хохирлын баримтууд /хх-7-8/, “Синдерелла клиник” ХХК-ийн эмнэлгийн дүгнэлт /хх-9/, мөрдөгчийн тогтоол /хх-10-11/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-42/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хх-44/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-45/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-46/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-62-64/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,
шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 1 ширхэг гэрэл зураг, мөнгөн шилжүүлгийн баримт,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирогчийн гэрэл зураг, хохирол төлсөн тухай Төрийн банкны орлогын мэдүүлэг, хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирогчийн 6 ширхэг гэрэл зураг, хохирол төлсөн баримт, дансны хуулга зэрэг баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б нь хардалтаас үүдэлтэй Ог өшиглөж, алгадаж зодож, чулуугаар хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирлын 209.710 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд төлөгдсөн байна. Өмгөөлөгчийн хөлс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-т заасан зардалд тооцогдож байгаа. Үүнийг гаргуулж өгнө үү. “Синдерелла клиник” ХХК-ийн эмнэлгийн баримт ирээдүйд хийгдэх зардал тул жич нэхэмжлэх эрхтэйг дурдуулах саналтай” гэж,
хохирогчийн өмгөөлөгч “Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Сорви арилгах боломжгүй гэсэн тул эмчилгээ хийлгэх шаардлагатай. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй. Эмчилгээ хийлгээгүй тул гаргуулах боломжгүй гэж үзэж болохгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, гэмшихгүй байгааг харгалзан үзнэ үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “3 сартайгаас 9 настай гурван хүүхэдтэйг харгалзан үзнэ үү. Шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч худал мэдүүлэг өгч байгааг анхаарах байх. Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг анхаарч үзнэ үү. Хохирогч ч энэ талаар хүлээн зөвшөөрсөн. Өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах үндэслэлгүй. Хохирогч цалин орлоготой тул эмнэлгийн зардлыг шүүгдэгчээс урьдчилан гаргуулах үндэслэлгүй. Баримттай зардлыг бүрэн төлсөн. Цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж өгнө үү” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт захын орчим хардалтаас үүдэлтэйгээр иргэн Х.Ог гараар болон чулуугаар цохих, өшиглөх зэрэг үйлдлээр зодож, духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Х.Огийн “...Амартүвшингийн эхнэр гэх эмэгтэй миний хувцаснаас чирээд, намайг татаж чангаагаад, нүүр хэсэгт алгадсан. ...намайг замын хажуу тал руу түлхээд, миний толгой хэсэгт чулуугаар цохисон...” гэх мэдүүлэг /хх-16-17/, шүүх эмнэлгийн 4716 дугаар “1. Х.О-н биед духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-22-23/, гэрч Б.Алтайсайханы “...Б ойлгоогүй Огийн нүүр лүү алгадаад, ...О, Б хоёр маргалдаж байхад Б Ог замын хажуу руу түлхээд араас нь чулуу шидээд духанд нь оночихсон. Огийн духнаас цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-39/, гэрч Б.Амартүвшингийн “...Б ирчихсэн бөөн хэрүүл маргаан үүсгээд, О бид хоёрыг хардаад байсан. ...Манай эхнэр О руу чулуу аваад шидэхэд толгойн тус газарт онож цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-37/, шүүгдэгч Б.Бгийн яллагдагчаар өгсөн “...Тэр хүүхэн өөрийн бурууг хүлээн зөвшөөрөхгүй надтай маргалдаад байхаар нь би уурандаа жижиг чулуу аваад шидчихсэн чинь дух хэсэгт нь онож цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-54-55/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бгийн хохирогч Х.Ог нөхөртэйгөө хардан гараар болон чулуугаар цохих, өшиглөх зэрэг үйлдлээр зодож, духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад 209.710 төгрөгийн баримт гаргаж өгснийг шүүгдэгч төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хохирогч ...өмгөөлөгчөө өөрөө сонгоно”, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхтэй, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж тус тус заажээ.
Хохирогч Х.О нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар буюу уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “өмгөөлөгчид төлөх зардал”-ыг заасан байгаа боловч уг зардал нь Засгийн газрын тогтоолоор баталсан журамд заасан этгээдэд хамаарах зардлыг ойлгох юм. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр олгох”-оор заасан. Тодруулбал эрх нь зөрчигдсөн насанд хүрээгүй, бага насны хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг гаргах ба, бусад хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг гаргах үндэслэлгүй болно. Түүнчлэн хохирогчийн “өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг нэхэмжилсэн” нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хавтаст хэргийн 9 дүгээр хуудас дахь “Синдерелла клиник” ХХК-ийн эмнэлгийн дүгнэлт гэх эмчилгээ хийлгэхэд 4.795.000 төгрөг болно гэх агуулга бүхий баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Торгох ял төлөх чадвартай, үгүйг харгалзах ёстой. Эцсийн үгэндээ төлөх боломжгүй гэж шүүгдэгч сая хэллээ. Иймээс торгох ял биелэгдэх боломжгүй...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг зөвшөөрөхгүй байна. 3 сартай хүүхэдтэй тул хүүхдийн эрх ашиг хөндөгдөнө. 450.000 төгрөгөөр торгож өгнө үү. Говь-Алтай аймагт хөрөнгөтэй, дансандаа мөнгөтэй байгаа...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /нөхрөө бусадтай хардсанаас хохирогчийг гараар цохисон, өшиглөсөн, чулуу шидэх зэрэг үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, нотлох баримт бүхий хохирол төлөгдсөн, хохирогч “Сорвио эмчлүүлмээр байна. Гомдолтой” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /бага насны 3 хүүхэдтэй, бага хүүхэд нь хөхүүл буюу 3 сартай, тодорхой хөдөлмөр эрхэлж орлого олдоггүй боловч тодорхой эд хөрөнгөтэй/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /тодорхой орлоготой болох нь дансны хуулгаар тогтоогдсон/-ийг үндэслэн шүүгдэгч Б.Бг 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хаван мянган овогт Баярмагнайн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 600.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Х.Огийн “Өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Х.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР