| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0642/Э |
| Дугаар | 0677 |
| Огноо | 2020-06-16 |
| Зүйл хэсэг | 18.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 0677
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгч Ш.Г, өмгөөлөгч Б.Баттулга,
шүүгдэгч Х.Б, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Ш.Гыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Быг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008002320514 дүгээр эрүүгийн 2 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт Ш.Г /РД: /.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух,
урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 378 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 200 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/1002 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, О овогт Х.Б /РД: /
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Ш.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунднарангийн 1-4 тоотод оршин суух иргэн Б.Гэрэлт-Одын байнга амьдрах монгол гэрийн цоожийг эвдлэн хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар нэвтрэн орж 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, нэг жижиг аяга, морин хуур зэрэг эд зүйлсийг хулгайлж, 960.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунднарангийн 1-4 тоотод байрлах иргэн П.Б гийн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар нэвтэрч, 46 инчийн Самсунг маркийн зурагт, усны тэрэг, орны бүтээлэг зэрэг эд зүйлс хулгайлж, 658.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 13 дугаар гудамж, 249 тоотод оршин суух Д.Амийн өвлийн байшингийн цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Хайер маркийн 32 инчийн зурагт, кабелийн антен, орны бүтээлэг, бэлэн 158.500 төгрөгийг хулгайлж, 623.500 төгрөгийн хохирол учруулсан,
яллагдагч Х.Б нь яллагдагч Ш.Гын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунднарангийн 1 дүгээр гудамж, .. тоотод байрлах иргэн П.Б гийн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар нэвтэрч 46 инчийн Самсунг маркийн зурагт, усны тэрэг, орны бүтээлэг хулгайлж, 658.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн хулгайлсан эд зүйл болох 46 инчийн зурагт, усны тэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 6 дугаар гудамж, 78 тоот өөрийн гэрийн хашааны гадаа интернет зараар 245.000 төгрөгөөр бусдад худалдан борлуулж мөнгө угааж ашигласан,
яллагдагч Ш.Гын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 13 дугаар гудамж, 249 тоотод оршин суух Д.А гийн өвлийн байшингийн цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Хайер маркийн 32 инчийн зурагт, кабелийн антен, орны бүтээлэг, бэлэн 158.500 төгрөг хулгайлж 623.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн хулгайлсан эд зүйл болох Хайер маркийн 32 инчийн зурагтыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны “Зурагт” худалдааны төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэс таван од” ХХК-ийн ломбарданд 120.000 төгрөгөөр барьцаалсан, улмаар барьцаанаас бусдаар чөлөөлүүлж Хайер маркийн 32 инчийн зурагт болон кабелийн антенийг 250.000 төгрөгөөр худалдан борлуулж, ашиглан мөнгө угаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ш.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Энэ хэргүүдийг хийсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөнгө хэрэг болоод тоглоом тоглох гээд хэрэг хийсэн. Б дээр 2 удаа эд зүйл аваачиж өгч ломбарданд тавиулсан. Б хулгайн эд зүйл гэж мэдэж байсан. Эхний зурагтаас 130.000 төгрөг өгсөн. Дараа нь 120.000 төгрөг өгсөн. Борлуулж өгсөн гэж л мөнгө өгсөн. ” гэв.
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Эхнийх нь болохоор тоглоом шоглоомоор тийм зүйл ярьсан. Хулгайн эд зүйл гэж бодоогүй. Гэхдээ гадарлаж байсан. “Танил ахынх” гэж хэлж байсан. “Мөнгөний хэрэг байна яах уу” гэж асуухад нь “Хулгай хийх арга л байна” гэж тоглоомоор хэлсэн. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй, таньдаг ахаас авсан гэсэн. 130.000 төгрөг, 120.000 төгрөг тус тус авсан. Г надад утасны өртэй байсан. Түүний үнийг авсан” гэв.
Эрүүгийн 2008002320514 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Нэг. Шүүгдэгч Ш.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 1 дүгээр гудамж, .. тоотод байрлах иргэн Б.Г ын монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, нэг жижиг аяга, морин хуур хулгайлж, 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:
Хохирогч Б.Г ын: “2019 оны 12 дугаар сарын 31-ний орой би эхнэр Б гийн хамт Төв аймгийн Баянхангай сум руу явсан. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн цоожийг эвдчихсэн байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, нэг жижиг мөнгөн аяга, морин хуур алга байсан. Дунд гарын мөнгөн аяга нэг бүрийг 180.000 төгрөг, жижиг мөнгөн аяга 150.000 төгрөгөөр авсан гэж хэлсэн. Морин хуурийг 90.000 төгрөгөөр авч байсан. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай гэрт хулгай орж, зурагт, усны тэрэг, орны бүтээлэг алдагдаж байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад тэмдэглүүлж, одоо шалгагдаж байгаа болно. Зурагт хар шаргал өнгийн 46 инчийн, Самсунг маркийн ЛЕД нэртэй зурагт. Харин морин хуур ямар нэгэн хээ байхгүй, шаргал өнгийн хуур. Би гомдолтой байна. Би хулгайд алдсан эд зүйлүүдээ олж авмаар байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-18/,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020.03.18-ны өдрийн Ц-241 дүгээр тайланд: “Дунд гарын мөнгөн аяга /4 ширхэг/ 720.000 төгрөг, морин хуур 90.000 төгрөг, жижиг мөнгөн аяга 150.000 төгрөг, нийт дүн 960.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-27-28/,
Шүүгдэгч Ш.Гын яллагдагчаар өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн үед мөнгөний хэрэг гараад байхаар өмнө нь орж зурагт хулгайлж байсан Сонгиноайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 1 дүгээр гудманд байрлах саарал төмөр хаалгатай, модон хашаатай айлын хашааны гадна очиход эзэнгүй байхаар хаалгаар ороод, гэрийн хаалганы төмөр цоожийг юмаар хөшиж онгойлгоод, унин дахь нэг ширхэг морин хуур, авдран дотор байсан таван ширхэг мөнгөн аягыг авч шууд “Драгон” үйлчилгээний төвийн ойролцоо танихгүй хүмүүст морин хуурыг 30.000 төгрөгөөр, мөнгөн аягануудыг 50.000 төгрөгөөр худалдаад, олсон мөнгөөрөө ПС тоглож дуусгасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-36-39/,
дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтас, хх-4/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан иргэн Б.Г ын өргөдөл /1 дүгээр хавтас, хх-6/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-7-11/, шүүгдэгч Ш.Гын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-12-13, 40-42/,
Хоёр. Шүүгдэгч Ш.Г нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн 1 дүгээр гудамж, 04 тоотод байрлах иргэн П.Б гийн орон байранд хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар нэвтэрч, 46 инчийн Самсунг маркийн зурагт, усны тэрэг, орны бүтээлэг хулгайлж, 658.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Х.Б нь шүүгдэгч Ш.Гын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 1 дүгээр гудамж, 04 тоотод байрлах иргэн П.Байгалмаагийн орон байрнаас хулгайлсан эд зүйл болох 46 инчийн зурагт, усны тэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 6 дугаар гудамж, 78 тоот өөрийн гэрийн хашааны гадаа интернет зараар 245.000 төгрөгөөр бусдад худалдан борлуулж ашигласан гэмт хэргийн талаар:
Хохирогч П.Б ийн: “2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээсээ өглөө 08 цагийн үед гарсан. Нөхөр Г мөн өглөө 08 өнгөрөөгөөд гарсан гэж хэлсэн. Нөхөр орой 21 цагийн үед гэртээ ирэхэд хулгай орсон байна гэж утсаар хэлсэн. Samsung нэртэй, 46 инчийн зурагт хулгайлагдсан. Мөн усны тэрэг, 2 орны бүтээлэг хулгайлагдсан. Зурагт шар хүрээтэй, 2 хөл нь нарийн суурьтай, усны тэрэг нь цэнхэр өнгийн будаг энд тэнд будагдсан, хуучин 2 дугуйтай усны тэрэг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-61/,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020.02.20-ны өдрийн Ц-117 дугаар тайланд: “Самсунг маркийн Лед гэсэн бичвэртэй 46 инч зурагт 580.000 төгрөг, орны бүтээлэг 28.000 төгрөг, усны тэрэг 50.000 төгрөг, нийт 658.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-69-70/,
Шүүгдэгч Х.Бын яллагдагчаар өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед Саппорогийн автобусны буудал дээр зүс таних Гтай таараад хойшоо дэнжийн гэр хороолол руу багшийнд очиж, гутал авахаар явж байгаагаа хэлтэл Г “хамт явъя” гээд хамт явсан. 16 цагийн үед багшийнд очтол хүн байгаагүй. Буцаад явж байтал Г “надад мөнгөний хэрэг байна, мөнгө олох арга байна уу” гэхээр нь би “нэг арга байна, тэр нь хулгай хийх” гэхэд Г нэг айлын гадна очоод надад “чи хүн харж байгаарай” гэж хэлэнгүүтээ тэр айл руу ороод явчихсан. Уг нь би “чамтай хамтарч хулгай хийж чадахгүй шүү” гэж хэлэх гэж байсан боловч Г хариу хэлэхийн завдалгүй нөгөө айл руу яваад орсон. Би угаасаа хулгайн хэрэгт орооцолдохгүй гэж бодоод хүн харалгүй гэр лүүгээ алхаж харьсан. Удалгүй Г манай хашааг нүдээд байхаар нь гараад очтол нэг усны тэрэг, зурагт аваад ирсэн байсан. Надаас “андаа Фэйсбүүк дээр зар тавиад өгчих, энэ бол ямар ч асуудалгүй, манай таньдаг ахынх байгаа юм” гээд гуйгаад байхаар нь би фэйсбүүк дээр зар тавьтал удалгүй нэг ах, эгч хоёр ирээд 245.000 төгрөгөөр зурагт, тэрэг хоёрыг худалдаж авсан. Тэр мөнгөнөөсөө Г надад 100.000 төгрөг өгсөн. Хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсээр байж худалдан борлуулж, мөнгийг нь үрэлцсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-79-82/,
Шүүгдэгч Ш.Гын: “2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед Саппорогийн автобусны буудал дээр явж байтал зүс таних залуу Бтай таараад “юу хийж яваа” талаар асуухад “хойшоо дэнжийн гэр хороололд багшийнх руугаа явж байна” гэхээр нь би хамт явж ойр зуурын юм ярилцсан. Бын очсон багшийнд нь хүн байхгүй байсан. Буцаж явахдаа Бад “найзад нь мөнгө хэрэгтэй байна, яаж мөнгө олох вэ” гэхэд Б “нэг арга байна, тэр бол айлаас хулгай хийх” гэхээр нь бид хоёр явж байгаад нэг эзэнгүй айл байхаар нь би “оръё” гэж бодоод Бад “хүн харж байгаарай” гэж хэлчихээд саарал өнгийн төмөр хаалгатай хашаа руу ортол ертөнцийн зүгээр урагшаа харсан саарал өнгийн даавуун дулаалгатай Монгол гэрийн үүдэнд очтол цоожтой байсан. Ойролцоохон байсан нэг нарийн төмрөөр хөшиж, онгойлгож ороод гэрийн хойморт авдар дээр 46 инчийн зурагт байхаар нь авч гаран хашаанд байсан усны тэргэн дээр тавьж гартал Б байхгүй байхаар гэрийнх нь гадаа очоод хашааг нүдсэн. Удалгүй Б гарч ирэхээр нь “андаа мань нь таньдаг айлаасаа авчихлаа, ямар нэгэн асуудал гарахгүй, энийг фэйс дээр зар тавиад өгчих” гэж гуйсаар байгаад зар тавиулсан. Удалгүй нэг ах, эгч хоёр ирээд зурагт, усны тэргийг 245.000 төгрөгөөр худалдаж аваад, 100.000 төгрөгийг Бад өгсөн. ...Олсон мөнгөөрөө маргааш нь ганцаараа ПС тоглоод дуусгасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-89-92/,
дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтас, хх-49/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-50-53/, шүүгдэгч Ш.Гын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-40-42, 54-55/, хохирогчийн гар бичвэр /1 дүгээр хавтас, хх-218/,
Гурав. Шүүгдэгч Ш.Г нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 13 дугаар гудамж, ... тоотод байрлах иргэн Д.А ийн өвлийн байшингийн цонхоор нэвтэрч Хайер маркийн 32 инчийн зурагт, кабелийн антен, орны бүтээлэг, бэлэн 158.500 төгрөг хулгайлж, 623.500 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Х.Б нь шүүгдэгч Ш.Гын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 13 дугаар гудамж, 249 тоотод байрлах Д.А ийн өвлийн байшингаас хулгайлсан эд зүйл болох Хайер маркийн 32 инчийн зурагтыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Эрхэс таван од” ХХК-ийн ломбарданд 120.000 төгрөгөөр барьцаалсан, улмаар барьцаанаас бусдаар чөлөөлүүлж Хайер маркийн 32 инчийн зурагт болон кабелийн антенийг 250.000 төгрөгөөр худалдан борлуулж ашигласан гэмт хэргийн талаар:
Хохирогч Д.А ийн: “2020 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн үед гэрээсээ ажилдаа явахаар гарсан. Гэрийнхээ хаалга, цонхыг түгжээд гарсан. 16 цаг 20 минутын үед ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. Манай байшингийн цонх онгорхой байсан. Онгойлгож ороход зурагт байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. HAIER маркийн 32 инчийн зурагт, МНВС төхөөрөмж, антеннтайгаа, хүүхдийн цуглуулсан бэлэн 158.500 төгрөг байсан. Ор бүтээсэн шар өнгийн бүтээлгэнд зурагт ороогоод аваад явсан байсан. Мөн даавуун цүнх байсан. Тэрний дотор нь байсан эд зүйлийг гаргаж хаяад цүнхийг аваад явсан байсан. Би зурагтаа 2018 онд 350.000 төгрөгөөр авч байсан. 300.000 төгрөгөөр үнэлж байна. Төхөөрөмжөө 180.000 төгрөгөөр авч байсан. Одоо 150.000 төгрөгөөр үнэлж байна. Орны бүтээлэг 2-3 жилийн өмнө 20.000 төгрөгөөр авч байсан. Одоо 15.000 төгрөгөөр үнэлж байна. Тэгээд 158.500 төгрөг бэлнээр байсан. Өөр алдсан зүйлгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-118/,
Иргэний нэхэмжлэгч Б.А гийн: “2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед фэйсбүүк үзэж байтал “32 инчийн Haier брэндийн зурагт, MNBC кабелийн төхөөрөмжийн хамт нийлүүлээд 250.000 төгрөгөөр зарна” гээд 89700491 дугаарын утас бичсэн байхаар нь залгаж асуухад эрэгтэй хүн “3-4 дүгээр хороололд байна, 250.000 төгрөг, доошоо байхгүй” гэхээр нь “хаана очиж үзэх үү” гэж асуутал “гандан дээр хүрээд ир” гэхээр нь очоод залгаж “ирчихлээ” гэхэд 20 орчим насны эрэгтэйтэй уулзахад “энд ломбарданд түр 120.000 төгрөгөөр тавьчихсан, эндээс аваад зөрүү мөнгөө өгчих” гэхээр нь “Зурагт” зах дотор байрлах “Эрхэс Таван Од” нэртэй ломбард руу хамт ороход Б гэсэн бичиг баримтаар 32 инчийн зурагтыг барьцаалсан байхаар нь би 127.000 төгрөг төлж зурагтыг авсан. Б гэх залуугийн барьж явсан MNBC кабелийн төхөөрөмжийг авахдаа нэмж 123.000 төгрөг өгсөн. Б гэх залуу “энэ зурагт манай гэрийн зурагт, эгчээ цагаан cap болох гээд ломбарданд тавьчихсан юм, харин MNBC кабелийн төхөөрөмж 1 сараар сунгагдчихсан байгаа, та дараагийн сар сунгуулахдаа над руу холбогдоод нэрээ шилжүүлчихээрэй” гэхээр нь би итгээд аваад харьсан. Би зурагт, кабелийн төхөөрөмж хулгайн эд зүйлс байхаар нь буцааж өгсөн. Б гэх залуу ганцаараа явж байсан. Би 250.000 төгрөгөөр хохирсон. Б гэх залуу надад 135.000 төгрөг өгсөн. Одоо би 115.000 төгрөгөө авчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-120-121/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн 2020.02.19-ний өдрийн 20/021 дүгээр тодорхойлолтод: “Зурагт 300.000 төгрөг, бэлэн мөнгө 158.500 төгрөг, төхөөрөмж антенн 150.000 төгрөг, орны бүтээлэг 15.000 төгрөг, цонхны түгжээ 20.000 төгрөг, нийт дүн 643.500 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-150-151/,
Гэрч Б.М ын: “2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед зүс таних Б гэгч залуу ирээд 32 инчийн хар өнгийн HAIR маркийн зурагт, удирдлагын хамт манай “Эрхэс таван од” ломбарданд ганцаараа авч орж ирсэн. Зурагтыг үзэж шалгахад хэвийн ажиллаж байсан. “150.000 төгрөгөөр тавина” гэж байсан. Би “120.000 төгрөгөөр авна” гэсэн. Өмнө нь Б манайхаар 3-4 удаа эд зүйл өөрийнхөө бичиг баримтаар тавьдаг байсан. “Уул нь зарах гэж байгаа юм, одоо мөнгө хэрэгтэй болоод түр тавиад өдөр ирээд авна” гэж байсан. 14 цагийн үед Б үл таних эмэгтэй хүнтэй ирээд өдөр тавьсан зурагтаа асааж шалгаж үзээд мөнгийг нь төлөөд нөгөө эмэгтэй зурагтаа аваад гарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-130/,
Шүүгдэгч Ш.Гын яллагдагчаар өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 15 дугаар гудамж орчмоор гудамнуудын завсраар алхаж байгаад гэнэт шээс хүрэхээр нь айл харж байгаад 249 дугаартай хүрэн өнгийн хашаатай айлд орж, нойлд нь бие засчихаад гарах байшингийн хаалга цоожтой байхаар хүнгүй байгааг мэдээд нэг талын вакум цонхыг түлхэж ороод нэг ширхэг зурагт, кабелийн төхөөрөмж, бэлэн 158.000 төгрөгийг аваад Б руу залгаж, Баянхошууны хөтөл дээр уулзаад такси барьж, Баянхошууны зурагтын шинэ эцэс дээр орж, тэнд байсан жижиг худалдааны төвийн нэг ломбарданд 140.000 төгрөгөөр тавиад, Б 80.000 төгрөгийг, би 60.000 төгрөгөөр нь хувааж авсан. Удалгүй Б руу нэг эмэгтэй залгаад “200.000 төгрөгөөр худалдаж авъя” гэхээр нь зөвшөөрөөд ломбарднаас зурагтыг 140.000 төгрөгөөр чөлөөлөөд, зөрүү болох 60.000 төгрөгийг нь бид хоёрт өгөөд, зурагтаа төхөөрөмжтэй нь аваад явсан. Бид хоёр 60.000 төгрөгийг тэнцүү хувааж аваад салцгаасан. Би эхлээд бэлэн 158.000 төгрөг, дараа нь барьцаанд тавьж, худалдаад 90.000 төгрөг, нийтдээ 248.000 төгрөгийг тэр өдөр олсон. Харин Б надад туслаад нийтдээ 110.000 төгрөг тэр өдөр олсон. Б хулгайн эд зүйл гэдгийг нь мэдэж байсан. Би хулгайлсан эд зүйл гэдгээ хэлсэн. Б надтай хамтарч хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Зүгээр л эд зүйлсийг зарахад тусалсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-159-162/,
Шүүгдэгч Х.Бын яллагдагчаар өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 08 цаг 30 минутын орчимд миний дугаар луу дуудлага ирэхээр нь аваад ярьтал “Г байна, чи хаана байгаа” гэж асуухаар нь “гэртээ байна” гэсэн чинь “Баянхошууны Хөтөлийн автобусны буудал дээр хүрч ирээд зурагтны кабель авчихаач” гэхээр нь очсон. Надад саарал өнгийн тортой кабелийн антен өгөөд “наадахаа аваад гэртээ байж бай, ахынхаа гэрээс зурагт авчихаад араас чинь очъё” гээд явсан. 10 цаг өнгөрч байхад Г утсаар ярьж “гэрийн чинь гадаа ирчихлээ” гэхээр нь гартал цагаан шаргал өнгийн бүтээлгэнд зурагт ороочихсон “манай ахын зурагт байгаа юм, мөнгө хэрэг болоод байна, ломбарданд тавих гэсэн чинь бичиг баримтгүй болчихоод тавьж чадахгүй байна, чи өөрийнхөө бичиг баримтаар тавиад өгчихвөл найз нь мөнгөө тэнцүү хуваана шүү” гэхээр нь “Зурагт” зах дотор байрлах “Эрхэс таван од” нэртэй ломбарданд Hair брэндийн 32 инчийн зурагтыг 120.000 төгрөгөөр барьцаалж мөнгөө хувааж авчихаад байж байтал Г ““чи ерөөсөө сая ломбарданд тавьсан зурагтыг фэйсбүүк дээр зарна” гээд зар тавьчих” гэхээр нь би өөрийн фэйсбүүк хаягаар “250.000 төгрөгөөр зарна” гэж зар оруулсан. Удалгүй над руу залгаж “зурагт зарна гэсэн үү” гэж асуухаар нь “тийм” гэтэл “очиж үзье” гээд шууд миний байгаа газар хүрч ирээд ломбарданд орж нөгөө зурагтыг асааж шалгаж үзээд ломбардны ажилтанд 127.500 төгрөг, надад 110.000 төгрөг өгөөд зурагт, антен хоёрыг аваад явсан. Г замын эсрэг талд цайны газар хоол идээд байж байсан. Намайг хэн нэгэн мөрдөгч зодож, дарамталж хэрэг хүлээлгэсэн зүйл огт байхгүй. Би өөрийн сайн дураар болсон бүх зүйлээ үнэн зөвөөр нь ярьж хэлж байна.
Миний бие Ш.Гын хулгайн замаар олсон эд зүйлийг нь мэдсээр байж хоёр удаа л борлуулж өгсөн. Эхнийх нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зурагт, усны тэргэн дээр түрж ирээд зурагт, усны тэргийг нь зараас холбогдсон танихгүй хүнд 245.000 төгрөгөөр худалдаж үүнээс 100.000 төгрөгийг, хоёр дахь нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бас Ш.Г зурагт барьж ирээд эхний ээлжинд зурагтыг “Эрхэс таван од” нэртэй ломбарданд 120.000 төгрөгөөр тавьж 60.000 төгрөгийг аваад, удалгүй 250.000 төгрөгөөр тооцож ломбарднаас чөлөөлүүлэн зөрүү 120.000 төгрөгийг авч, Гт “зөрүү 60.000 төгрөг өглөө” гэж хэлээд 30.000 төгрөгийг Гт өгөөд, өөрөө 90.000 төгрөгийг авч, ингээд нийтдээ Ш.Гт хоёр удаа хулгайн эд зүйлийг нь зарж өгөөд 250.000 төгрөг олсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-166-167, 170-172/,
дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтас, хх-100/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-101-107/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн “Б.А ээс хурааж авсан Hair маркийн 32 инчийн зурагт, MNBC төхөөрөмж, антенн зэргийг Д.А т хүлээлгэн өгөв” тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-108-109/, “Эрхэс таван од” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /1 дүгээр хавтас, хх-110/, мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /1 дүгээр хавтас, хх-112/,
гэрч Ш.Г ийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-176/, шүүгдэгч Ш.Гын төрсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтас, хх-196/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-195/, шүүгдэгч Х.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-198/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-194/, шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтас, хх-203-207, 209-212/, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-201/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтас, хх-215/, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтас, хх-216/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г нь 3 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хохирол учруулсан, шүүгдэгч Б нь 2 удаагийн үйлдлээр мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар байх тул шүүгдэгч Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга “Шүүгдэгч Г гэм буруугаа хүлээж байгаа. Гэм буруугийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. 1.796.000 төгрөгийн төлбөртэй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал “Гэм буруугийн хувьд маргахгүй. Иргэний нэхэмжлэгч А т төлөх төлбөрөөс өөрт ногдох төлбөрөө төлсөн” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ш.Г нь ганцаараа 2019 оны 12 дугаар сарын 23, 2020 оны 01 дүгээр сарын 02, 02 дугаар сарын 14-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 11, 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрүүдэд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай 3 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, нэр бүхий 3 хохирогчид нийт 2.241.500 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг,
шүүгдэгч Х.Б нь 2 удаагийн үйлдлээр 2019 оны 12 дугаар сарын 23, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрүүдэд “зурагт, усны тэрэг, орны бүтээлэг, кабелийн антен” зэрэг эд зүйлсийг Ш.Г хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж, барьцаат зээлийн газар барьцаанд тавьж, худалдаж ашиглан Ш.Гаас нийт 250.000 төгрөг авч мөнгө угаах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ш.Гын хохирогч Б.Г , П.Б , Д.А нарын хүн байнга амьдрах гэр, байшингийн цоожийг эвдэн, мөн цонхоор нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан 3 удаагийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
шүүгдэгч Х.Бын Ш.Гын хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, барьцаанд тавьж, худалдаж ашигласан 2 удаагийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Ш.Г, Х.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г д 960.000 төгрөгийн, хохирогч П.Б д 658.000 төгрөгийн, хохирогч Д.А т 623.500 төгрөгийн шууд, 20.000 төгрөгийн шууд бус, иргэний нэхэмжлэгч Б.А д 250.000 төгрөгийн хохирол тус тус учирчээ. Хохирогч Д.А т 450.000 төгрөгийн 32 инчийн зурагт, MNBC төхөөрөмж, антенн зэргийг биет байдлаар хүлээлгэн өгсөн /1 дүгээр хавтас, хх-108-109/ байна. Шүүгдэгч Х.Баас иргэний нэхэмжлэгч Б.А т 135.000 төгрөгийг /1 дүгээр хавтас, хх-121/ төлсөн нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ш.Гаас нийт 1.926.500 төгрөг гаргуулж, 960.000 төгрөгийг хохирогч Б.Г /Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 1 дүгээр гудамж, ... тоотод оршин суух, РД-........../-д, 658.000 төгрөгийг хохирогч П.Б /Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 1 дүгээр гудамж, 4 тоотод оршин суух, РД-......./-д, 193.500 төгрөгийг хохирогч Д.А /Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 13 дугаар гудамж, .... тоотод оршин суух, РД-......../-д, 115.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.А /Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 20 дугаар гудамж,.... тоотод оршин суух, РД-........../-т тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Гт 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хорих ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн 2 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга “Шүүгдэгч Г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үнэн зөв, хэргээ хүлээж мэдүүлдэг тул 3 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлүүлж өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь хөнгөн гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, нийт 1 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч Ш.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, шүүгдэгч Х.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /Ш.Г шунахайн сэдэлтээр, 3 удаагийн үйлдлээр бусдын эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг авсан, Х.Б шунахайн сэдэлтээр, 2 удаагийн үйлдлээр гэмт хэргийн үйлдэж олсон хөрөнгийг ашигласан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /3 хохирогчид нийт 2.261.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирол төлөгдөөгүй, зарим зүйл биет байдлаар буцаан төлөгдсөн/, шүүгдэгч нарын хувийн байдал /Ш.Г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Х.Б урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хорих ял оногдуулахгүй тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Ш.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ял шийтгэж, дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хорих ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/1002 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдсон. Харин шүүгдэгч Х.Б нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр буюу урьд шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаа дуусаагүй байхад “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Х.Бад энэ тогтоолоор оногдуулсан 10 сарын хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/1002 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сараар тогтоож, дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Х.Бын “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдэж олсон 250.000 төгрөгийг түүнээс гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэж байна.
Шүүгдэгч Ш.Гын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг, шүүгдэгч Х.Бын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй. /1 дүгээр хавтас, хх-188, 228/.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “Эрхэс таван од” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний 1 хуудас баримт /1 дүгээр хавтас, хх-110/-ыг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Ш.Гыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч О овогт Х.Быг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/1002 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосугай.
3. Шүүгдэгч Ш.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жилийн хорих ял,
шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Х.Бын биечлэн эдлэх хорих ялыг нийт 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сараар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г, Х.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Гын цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг, шүүгдэгч Х.Бын цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн ломбардны бичиг 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Гаас 1.926.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Г /Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 1 дүгээр гудамж, ..... тоот, утас-..........., ............, РД-......./-д 960.000 төгрөгийг,
хохирогч П.Б /Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 1 дүгээр гудамж, .... тоот, утас-........, РД-.........../-д 658.000 төгрөгийг,
хохирогч Д.А /Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 13 дугаар гудамж, 249 тоот, утас-......., ........., РД-............./-т 193.500 төгрөгийг,
иргэний нэхэмжлэгч Б.А /Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 20 дугаар гудамж, ......тоотод оршин суух, РД-.........../-т 115.000 төгрөгийг тус тус олгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баас 250.000 /Хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Г, Х.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлж, тэдний эдлэх ялыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Г, Х.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР