Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 75

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* *******д холбогдох “Өвөлжөө, хаваржааны газар чөлөөлүүлж, албадан нүүлгэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******а, хариуцагч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.*******а шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн ******* сумын нутаг “Урт давааны эхний өтөг” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар, “Цагаан модны дугуй” гэх газрыг хаваржааны зориулалтаар эзэмшдэг. Миний эзэмшлийн өвөлжөө, хаваржааны газрыг Ч.******* өөрийн өмчлөлийн газар хэмээн маргалдан шүүхэд хандаж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэн Х.*******ын эзэмшлийн өвөлжөө, хаваржааны газар мөн байна гэсэн шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон.

Гэтэл Ч.******* нь миний эзэмшлийн “Урт давааны эхний өтөг” гэх өвөлжөө, “Цагаан модны дугуй” гэх хаваржааны газрыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд Ч.*******г миний эзэмшлийн газраас албадан нүүлгэж, газрыг чөлөөлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн ******* сумын ******* багийн иргэн Х.*******а нь 1999 онд 10 жилийн хугацаанд аман хэлэлцээрээр 600 000 төгрөгийн хөлсөөр түрээслэн ашиглуулсан. Би хүний төлөө сайхан сэтгэл гаргаж явсны уршигаар ийм байдалд хүрсэн. Ховд аймгийн ******* сумын нутаг “Урт давааны эхний өтөг” гэх өвөлжөө, “Цагаан модны дугуй” гэх хаваржааны газар бол миний эзэмшлийн газар. Миний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.*******а нь хариуцагч Ч.*******д холбогдуулан “Өвөлжөө, хаваржааны газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч тал нь “Хариуцагч Ч.******* нь миний эзэмшлийн “Урт давааны эхний өтөг” гэх өвөлжөө, “Цагаан модны дугуй” гэх хаваржааны газрыг өөрийн өмчлөлийн газар хэмээн маргалдан, миний эзэмшлийн өвөлжөө, хаваржааны газрыг чөлөөлж өгөхгүй байна. Хариуцагч Ч.******* нь миний эзэмшлийн“Урт давааны эхний өтөг” гэх өвөлжөө, “Цагаан модны дугуй” гэх хаваржааны газрыг чөлөөлж өгөх ёстой” гэж,

Хариуцагч тал нь ““Урт давааны эхний өтөг” гэх өвөлжөө, “Цагаан модны дугуй” гэх хаваржааны газар нь миний эзэмшлийнх. Нэхэмжлэгч Х.*******ад сайхан сэтгэл гарган 600 000 төгрөгөөр түрээслүүлэн түр ашиглуулж байсан” гэж мэтгэлцлээ.

Нэхэмжлэгч Х.*******а нь Ховд аймгийн ******* сумын нутаг “Цагаан модны дугуй” гэх газрыг хаваржааны зориулалтаар Монгол улсын газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээгээр, Ховд аймгийн ******* сумын нутаг “Урт давын эхний өтөг” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар Монгол улсын газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээгээр тус тус эзэмшдэг байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд талуудын маргаж буй Ховд аймгийн ******* сумын нутаг “Цагаан модны дугуй” гэх хаваржаа, Ховд аймгийн ******* сумын нутаг “Урт давын эхний өтөг” гэх өвөлжөөний газар нь нэхэмжлэгч Х.*******ын эзэмшилд бүртгэлтэй, түүний эзэмшлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тоот Монгол улсын газар эзэмших гэрчилгээ /хавтаст хэргийн 05 дугаар хуудас/, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тоот Монгол улсын газар эзэмших гэрчилгээ /хавтаст хэргийн 06 дугаар хуудас/, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/107 дугаар “Өвөлжөө, хаваржааны доорхи газар эзэмшүүлэх тухай” захирамж /хавтаст хэргийн 04 дүгээр хуудас/, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШШ2016/00117 дугаар шийдвэр /хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаар шийдвэр /хавтаст хэргийн 12-19 дүгээр хуудас/ болон зохигчдын тайлбар зэргээр бүрэн тогтоогдож байна.

Хариуцагч Ч.*******гийн татгалзал нь  баримтаар тогтоогдоогүй болно.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “ Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасан ба

Иргэний хуулийн 92 дугаар зүйлд “шударга эзэмшигч нь эзэмших  ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй”,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “....өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “...Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.*******а нь шаардах эрхтэй эзэмшигч байх тул

нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “Урт давын эхний өтөг” гэх өвөлжөө, “Цагаан модны дугуй” гэх хаваржааны газрыг чөлөөлөхийг хариуцагч Ч.*******д үүрэг болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гаас 70200 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,  116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т зааснаар Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт орших нэхэмжлэгч Х.*******ын эзэмшлийн Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “Урт давын эхний өтөг” өвөлжөө, “Цагаан модны дугуй” хаваржаа гэх газрыг хариуцагч Ч.*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ