Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 0681

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран,  

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908060600844 дүгээр эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Уран гантиг” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 282 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5-д зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, Б овогт Э.Б /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Мандах дээд сургуулийн оюутны дотуур байрны 210 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Мг эр эмийн хардалтаас үүдэлтэйгээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зулгаралт, дээд уруулын язрал, зөөлөн эдийн няцрал, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Гэр бүлийн баталгаагүй, эхнэр, нөхөр 2 байгаа юм. Найз Пүрэвсүрэнтэй хардаад зодсон. Одоо уучлалт гуйгаад хамт амьдарч байгаа. Гэм буруугийн асуудлаар маргаагүй. Хүлээн зөвшөөрч байна. Дахин архи дарс уухгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн шийдэж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1908060600844 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Э.Мы: “2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн үед намайг гэртээ Пүүжээ, Дээгий хоёрын хамт байж байтал Б ороод ирсэн. Тэр үед Пүүжээ түүнд “чи яахаараа намайг эхнэртэйгээ хардаж байгаа юм” гээд тэр хоёр маргалдаж барьцалдаад авахаар нь би “хүүхдүүд байна” гээд бүгдийг нь коридорт гаргасан чинь удалгүй Б ганцаараа орж ирээд учир зүггүй миний үснээс зулгааж, дух, нүүрээр газар шалыг 2-3 удаа мөргүүлж цохих үед Дээгий салгасан. Тэр хооронд цагдаа дуудаж Быг өгч явуулсан. Бид хоёр хамтран амьдраад 7-8 жил болох хугацаандаа дундаасаа хоёр хүүхдийн ээж, аав болцгоосон. Өнгөрсөн жилээс Б бага зэрэг архи уудаг болж, архи уухаараа агсам тавиад байдаг болчихсон. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр намайг гэртээ хоёр хүүхдийн хамт байхад Б халамцуу байдалтай орж ирээд намайг бусадтай хардаж, хэрүүл хийж байгаад толгой руу тавчикаар цохиод авахаар нь би урд айлын Долгор эгчийн утсаар цагдаа дуудах үед цагдаа нараас зугтаачихсан. Тэр үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй зүгээр байсан. Зодуулж цохиулаад эмнэлэгт үзүүлж байгаагүй болохоор баримт байхгүй. Нөхөр Б бид хоёр одоо эвлэрсэн, хамтдаа амьдарч байгаа. Түүнээс хойш ямар нэгэн асуудал огт гаргаагүй болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг хөнгөн шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-28-30, 31-32/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.11.29-ний өдрийн 14128 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Э.Мы биед тархи доргилт, духны зулгаралт, дээд уруулын язрал, зөөлөн эдийн няцрал, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.4.5. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар зрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. 8. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-19/,

Гэрч В.Дэлгэртогтохын: “2019 оны 11 дүгээр сарын 22-ны оройхон найз Бын амьдарч байгаа оюутны дотуур байранд очиход эхнэр М хоёр хүүхдийн хамт байхаар нь би “хамт пиво уух уу” гэтэл М зөвшөөрч надад 2000 төгрөг өгсөн. Тэрийг нь аваад би Шөнийн зах орж нэг том пиво аваад, буцаад М дээр ороод уух гээд сууж байтал найз Пүүжээ утсаар залгаад ороод ирсэн. Бид гурав пивоо ууж байтал Б орж ирээд эхнэрээсээ “миний куртик хаана байна” гэж хайж байснаа Пүүжээд хандаж “би чамайг манай эхнэртэй битгий архи уугаад бай гэж хэлээ биз дээ, чи явалддаг юм уу” гээд хоорондоо маргалдаж байгаад барьцалдаад автал М Быг хойноос нь татаад хориглох үед Пүүжээ гараад явсан. Араас нь Б гарах үед М “би цагдаа дуудаж чамайг шоронгийн тав болгоно” гээд муухай орилоод араас нь гарсан. М удалгүй Быг “зугтаачихлаа” гэсээр орж ирсэн. Би тэгээд удалгүй явсан. Миний хажууд Б эхнэрээ цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-36/,

Гэрч Б.Долгорсүрэнгийн: “...2019 оны 11 дүгээр сарын дунд үед байх, намайг гэртээ байхад коридорт орилоон, хашгираан болоод байхаар нь гараад хартал М “та гар утсаа өгөөч, цагдаа дуудаадахъя” гэхээр нь би өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд Быг аваад явсан. Миний харснаар ил үзэгдэх гэмтэл бол харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-40/,

Шинжээч Б.Ундармаагийн: “Э.Мы биед учирсан гэмтлүүдээс духны зулгаралт гэмтлээс бусад нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уруулын язрал гэмтэл нь цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх бүх гэмтлүүд нь хохирогчийн зааж байгаа хугацаатай тохирох шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх-23-24/,

Шүүгдэгч Э.Бын яллагдагчаар өгсөн: “Би хамтран амьдрагч Э.М, бид хоёрын дундаас хоёр хүүхэд болон дагавар хүүгийн хамтаар Мандах бүртгэл дээд сургуулийн оюутны дотуур байрны 210 тоотод амьдраад хоёр cap болж байсан. Тухайн үед би Төв аймгийн Баянцогт суманд барилгын ажил хийгээд ирэн очин байдаг байсан. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа хийж байтал М “айлд төрсөн өдөр тэмдэглэж байна” гээд залгаад байхаар нь “чи яагаад архи уугаад байгаа юм” гэж утсаар маргалдсан. Орой би ажлаа тараад гэртээ харих замдаа найз Баасансүрэнгийнд яваад ортол найз Пүүжээтэй хамт пиво уугаад сууж байсан. Найз Пүүжээ “танай эхнэр гоё юм байна лээ” гээд ярихаар нь би “юу нь гоё байна” гээд асуутал надад юм хэлээгүй. Би тэндээс гараад гэртээ ирэн Мд “чи найз Пүүжээтэй явалдаад байгаа юм уу, чамайг гоё юм байна гээд хэллээ” гээд хэлтэл “тэгээд яадаг юм пизда минь” гэж өөдөөс доромжилж байгаад өөрийнхөө дугаараас цагдаа дуудаж бариулахаар нь би хувцсаа орхиод зугтаасан, хоёр хоног гэртээ ирээгүй ажлаа хийж явсан. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн орой ажлаа тараад дүүгийндээ төрсөн өдөр тэмдэглэж бага зэрэг архи уучихаад гэртээ иртэл М манай хоёр найз Пүүжээ, Дэлгэртогтох хоёртой архи уугаад сууж байхаар нь би Пүүжээд “би чамд хэлээ биз дээ” гэтэл Пүүжээ босч ирээд надтай заамдалцсан чинь М намайг татаж “одоо чамайг цагдаад барьж өгнө” гэж байсан. Тэр үед М надаас зуурчихаад “цагдаа дуудна” гээд байхаар нь би нүүрэнд нь хоёр удаа гараараа алгадах үед найз Дэлгэртогтох салгасан. Дээрх гэмтлийг би гараараа цохиж байхдаа түүнд учруулсан гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх-50-51/,

гэрч А.Ариунгэрэлийн мэдүүлэг /хх-34/, аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-56-66/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-69/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-70/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-75-76/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-81/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-85/, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар хуулбар /хх-88-89, 90-92, 93-95/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

өмгөөлөх талаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Уран гантиг” ХХК-ийн “Э.Б мужаан ажилтай, сарын цалин 1.500.000 төгрөг” гэх тодорхойлолтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Б согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Мандах дээд сургуулийн оюутны дотуур байрны 210 тоот гэртээ хамтран амьдрагч Э.Мг хардалтын улмаас зодож, тархи доргилт, духны зулгаралт, дээд уруулын язрал, зөөлөн эдийн няцрал, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Бын хамтран амьдрагч Э.Мг хардалтын улмаас зодож, хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг хөнгөн шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-31-32/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б согтуурсан үедээ хамтран амьдрагчаа зодож, хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирол нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1.500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдчих гээд байгаа хувийн байдлыг харгалзсан...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч зүйл ангийг зөвшөөрч байгаа. Гэм буруугийн асуудлаар маргаагүй. Ял эдэлж дууссанаас хойш гэмшиж, засарсан гэж үзэж байгаа. Цалинтай, 2 нялх хүүхэдтэй, эхнэр нь хүүхдүүдээ хардаг зэргийг харгалзан үзэж торгох ялыг багасгаж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хардалтын улмаас алгадан, шал мөргүүлж зодон хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан, хохирогчийн бусадтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үйлдэл нөлөөлсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж, Зөрчлийн тухай хуулиар Э.Мг зодсон үйлдлээр 2 удаа шийтгэл хүлээж байсан, эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /“Уран гантиг” ХХК-д мужаан ажилтай, сарын 1.500.000 төгрөгийн цалинтай/-ийг үндэслэн шүүгдэгч Э.Быг 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР