| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0645/Э |
| Дугаар | 0686 |
| Огноо | 2020-06-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 0686
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2008012690849 дүгээр хэргийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1989 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, эмэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт С.Д /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч С.Д нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 28 дугаар гудамжны 7 тоотод О.Сыг архи уусан байх үедээ агсам тавьлаа гэх шалтгаанаар ноцолдож, нүүрэн тус газарт нь 2-3 удаа алгадаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, амны хажууд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргээ хүлээж байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Хохирол төлөөгүй, уучлалт гуйгаад эвлэрсэн. Сэргээх зорилгоор 2-3 удаа алгадсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 2008012690849 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч О.Сын: “Намайг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед хамт ажиллаж байсан Амартүвшин, нөхөр Эрдэнэхүүгийн хамт Дамдинбазарын гэр лүү явсан. Тухайн үед цагаан сарын шинийн гурван байсан болохоор бид нар хоол цай хийж идээд, хөзөр тоглож байх зуураа 0,75 литрийн архи нэг шилийг уугаад дуусаад дахин архи авахаар дэлгүүр явсан. Эрчүүд дэлгүүр явсан хойно Д надаас “Бат-Эрдэнэ та хоёр яагаад салж нийлээд байгаа юм” гэж асуухаар нь би “одоо найз нь хоёр хүүхдээ бодоод л хамт байна даа, архи уух болгондоо намайг айлгаад, ах, дүү нар нь амьдралд их орж ирдэг” гэж хэлсэн. Намайг яриагаа дөнгөж эхэлж байхад гаднаас нөгөө гурав архи авч ирээд хувааж уух зуур би их согтож байсан бөгөөд амьдралаа ярьсаар л байсан. Бид нар архи уух зуур би амьдралаа дахин ярьж Бат-Эрдэнээс салсан хоёр жил гаруй хугацаанд ийм ажил төрөл хийж явлаа гэх мэтээр ярьж байхад бүгд миний эсрэг болоод байсан. Тэгтэл Д “чи аргаа бараад буцаж Бат-Эрдэнэтэй нийлсэн юм байна, чи ахтайгаа явалддаг янхан” гэх мэтээр хэлэхээр нь би уурлаж бид хоёр маргалдаж эхлэсэн. Д “үгүй ээ Саа, чиний буруу, хоёр хүүхдээ хаяад явдаг чиний буруу, чи ухаантай байгаач” гээд хэд хэдэн удаа алгадсан. Намайг “унтаж амар янхан минь, хүүхэд айлгалаа” гээд миний үснээс зулгааж, ор луу чирээд байхаар нь би тавиулах гэж байгаад газар унасан чинь Д хоёр удаа алгадахаар нь “би согтуу байгаа ч хэн юугаар хэдэн удаа цохиж байгааг мэдэж байна шүү” гэсэн. Амартүвшин “Даа одоо болно, С согтоогүй гэж байна, одоо болно” гэж байсан. Тэгэхэд Д “хадам ахтайгаа явалддаг янхан минь манай гэрээс зайл” гэхээр нь би босоод гарах гэхэд миний гар утас байхгүй байхаар нь Дамдинбазарын гар утсаар өөрийн гар утас руу залгахад орны доороос авч өгөхөөр нь би шууд цагдаагийн 102 дугаарын утас руу залгаад дуудлага өгсөн. ...Надад эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн болон үйлчлүүлсэн төлбөрийн баримт байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид эвлэрсэн болохоор одоо бидний харилцаа хэвийн байгаа...” гэх мэдүүлэг /хх-23-25/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.03.03-ны өдрийн 3109 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. О.С-н биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, амны хажууд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүссэн боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх шинэ гэмтлүүд байна” гэжээ /хх-28-29/,
Гэрч Д.Бат-Эрдэнийн: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...Дамдинбазарын гэрт 0,75 литрийн архи уугаад дуусахад Эрдэнэхүү, Дамдинбазар бид 3 дэлгүүр явж дахин 0,75 литрийн архи аваад ирэхэд манай эхнэр С согтчихсон, Дамдинбазарын эхнэр Дд хамаг амьдралаа яриад уйлаад байсан. Бид нар орж ирээд архи ууж байхад би тасарчихсан байсан. Хэсэг унтаж байгаад сэргэхэд Д эхнэр Сыг унтуулах гэж байгаа бололтой ноцолдоод, эхнэр унтахгүй “чи намайг зодлоо” гээд орилоод “би явлаа” гээд байсан. Тэгэж байхад нь би “одоо боль, хүн аллаа” гэсэн чинь Д больсон. Удалгүй манай эхнэр дүүгээ дуудаад бид хоёрыг ирж авсан. ...Тухайн үед зүүн хацар нь бага зэрэг хөхөрсөн, уруул нь зулгарсан байсан. Даас өөр ойртсон хүн байхгүй болохоор Д гэмтлийг учруулсан. Гаднаас орж ирэхэд дээр доороо ороод ноцолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-35-36/,
Гэрч С.Дамдинбазарын: “...2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ...бид архиа хувааж уух зуур С “нөхөр, хүүхдийн хамт нийтийн байранд амьдарч байна” гэхээр нь зөвөлгөө өгөөд “нийтийн байранд амьдарч байхаар өөрийн гэр байхад түүнд амьдраад, түрээсийн мөнгөө өөртөө зарцуулаад амьдарвал зүгээр ш дээ” гэж ярьсан. Тэгэхэд “миний амьдрал та нарт хамаагүй ш дээ” гэж хэлээд уурлаад эхэлсэн. ...00 цаг өнгөрч байхад С “би явлаа, та нар миний амьдралыг заалаа” гээд гараад явсан. Тэгэхээр нь “шөнө согтуу эмэгтэй хүнийг явуулаад хэрэггүй, Бат-Эрдэнэ чи гараад эхнэрээ оруулаад ир” гэж хэлэх үед “миний үгэнд орохгүй, чи оруулаад ир” гэхээр нь би гараад Сыг дагуулж орж ирээд гэрийн хойморт суулгахад дахин гараад гүйсэн. Тэгэхээр нь би дахин гараад, Эрдэнэхүүг дуудаад хамт сугадаж оруулсан. Тэгээд С орилж, хашгираад байхаар нь би гарыг нь барьж хэсэг суухад гайгүй болохоор нь орхиод боссон чинь дахин босч ирээд “та нар намайг янхан, гичий гэж хэллээ” гээд орилоод байхаар нь би эхнэртээ хандан “та нар эмэгтэй хүмүүс байна, учраа ол” гээд Бат-Эрдэнэ, Эрдэнэхүү нартай юм яриад сууж байхад эхнэр Д “гаргахгүй” гээд гэрийн үүдэнд хэсэг хугацаанд юм ярьж, маргалдаж байсан. ...Д “гаргахгүй” гээд ноцолдож байхдаа гэрийн зуухны ард газар унагаасан дараад ноцолдож байсан. Тэгэхэд биед нь гэмтэл учирсан байх, би юугаар яаж гэмтэл учруулсан талаар хараагүй...” гэх мэдүүлэг /хх-39-40/,
Гэрч Г.Амартүвшингийн: “...С маш их согтоод байн байн тамхи татаад гарч гүйгээд байсан. Орж ирээд урьдын болсон зүйлийг яриад, уйлаад байхаар нь “чамайг хоёр хүүхдээ орхиод олон сар жил яваад ирэхэд чинь чамайг хүлээж аваад, уучлаад хамт амьдарч байгаа нөхөр чинь их сайн байна” гэж хэлсэн. С өөрийн ярьж байгаа амьдралдаа бухимдаад, орилоод, “би их алдсан” гээд байсан. Д “сэргээч, одоо тайвшраад сэргэ” гээд алгадахад С улам орилоод унтахгүй байсан тул Дамдинбазар Сыг өргөөд газар ор засаад хэвтүүлсэн чинь унтахгүй байсан. Бат-Эрдэнийг “очоод унтуул” гэхэд эхнэр лүүгээ ойртохгүй байсан. Дамдинбазар Сд “одоо унтаж амар” гэхэд “унтахгүй” орилоод байсан. Д унтуулах гэж тэр хоёр ноцолдоод байсан. Тэр үед С гараад гүйсэн, хэсэг хугацаанд орж ирээгүй. Тэгтэл С Дамдинбазарын утас руу залгаад “би даараад байна, намайг гарч ирээд аваач” гэж залгасан болохоор Бат-Эрдэнэ, Д бид гурав араас нь гараад хайж явсан чинь өөдөөс нэг хүүхэн залуу хоёртой хамт машинтай хүрч ирсэн бөгөөд тухайн машинтайгаа явчихсан. ...С өөрөө хашгираад орилоод байхад Д унтуулах гэж ноцолдож байсан. Тэгээд “хүүхэд айлгачихлаа” гээд уурлаад байсан. Харин Д унтаач, сэргээч гээд Сын хацар руу алгадаж байсан. Өөрөөр Сд гар хүрсэн хүн огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-47-48/,
Шүүгдэгч С.Дын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...найзууд болох Эрдэнэхүү, Амартүвшин, Бат-Эрдэнэ, С нар манай гэрт ирсэн. 0,75 литрийн архи хувааж уусан. С согтоод надад өөрийн амьдралаа ярьж эхэлсэн. ...С согтсон бололтой өмнө ярьж байсан амьдралын талаар үргэлжлүүлэн яриад “Бат-Эрдэнээс салаад 2 хүүхдээ орхиод 2 жил яаж амьдарч байсан талаараа” ярьсан. Тэгээд одоо нийтийн байранд түрээс төлөөд хэцүү амьдарч байгаа талаараа ярихаар нь нөхөр бид 2 “манай хашаанд хүрч ирээд амьдарч болохгүй юм уу” гэж асуугаад, ярьсан зүйлүүдийг нь бид сонсож байгаад зөвлөгөө өгөх гэж оролдсон чинь “миний амьдрал та нарт хамаагүй” гээд уурлаад эхэлсэн. Би Сд “эх хүн байж 2 хүүхдээ орхиод явдаг чиний буруу, харин Бат-Эрдэнэ чамайг байхгүй, хүүхдээ орхиод явсан байхад 2 хүүхдээ өсгөөд байж байдаг сайн байна” гэхэд “та нар дандаа Бат-Эрдэнийг өмөөрдөг” гээд дахин уурлаж, хашгираад эхэлсэн. “Явлаа” гээд гараад гүйхэд нөхөр оруулж ирсэн. Удалгүй “дахин явлаа” гээд гараад явахаар нь “эмэгтэй хүн ганцаараа ийм согтуу байж харанхуй шөнө явж болохгүй” гээд нөхрийг нь гаргахад сугадаад оруулж ирсэн. С согтоод “би явмаар байна, та нар намайг ойлгохгүй байна, миний амьдралыг та нар хэзээ ч мэдэхгүй” гээд агсам тавиад орилоод байхаар нь би Сыг сэргээх гээд хацар луу нь 2-3 удаа алгадсан. Тэгтэл “чи намайг зодлоо” гээд орилоод хашгираад байхаар нь би тайвшруулах гээд газар хэвтүүлэн дээрээс нь дарж байхад улам орилоод байхаар нь Сд хандан “чимээгүй болооч, шөнө орой болсон хойно айлд ирээд орилж хашгираад хүүхэд айлгаад байх юм” гэж хэлсэн. Дамдинбазар цаана сууж байгаад “хөөе чи одоо болиоч, хүүхэд айлгаад байна ” гэж Сд хэлсэн чинь огт тоохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-93-96/,
шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-53/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-57/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн “С.Д нь нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаггүй болно” гэх албан бичиг /хх-59/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-61-63/, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /хх-65/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд /хх-68-71/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-72/, банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-73-85/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-86/, хохирогчид хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-103/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-107/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Д согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 28 дугаар гудамжны 7 тоотод иргэн О.Сыг “агсам тавьлаа” гэх шалтгаанаар ноцолдож, нүүрэн тус газарт нь 2-3 удаа алгадаж, тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, амны хажууд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч О.Сын “...Бид нар архи уусан. Д “үгүй ээ Саа, чиний буруу, хоёр хүүхдээ хаяад явдаг чиний буруу, чи ухаантай байгаач” гээд хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд намайг “унтаж амар янхан минь, хүүхэд айлгалаа” гээд миний үснээс зулгааж, ор луу чирээд байхаар нь би тавиулах гэж байгаад газар унасан чинь Д хоёр удаа алгадахаар нь...” гэх мэдүүлэг /хх-23-25/, шүүх эмнэлгийн 3109 дүгээр “1. О.С-н биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, амны хажууд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүссэн боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-28-29/, гэрч Д.Бат-Эрдэнийн “...Бид нар архи уусан. Д эхнэр Сыг унтуулах гэж байгаа бололтой ноцолдоод, эхнэр унтахгүй “чи намайг зодлоо” гээд орилоод байсан. ...Тухайн үед зүүн хацар нь бага зэрэг хөхөрсөн, уруул нь зулгарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-35-36/, гэрч С.Дамдинбазарын “...Бид нар архи уусан. Д “гаргахгүй” гээд гэрийн үүдэнд хэсэг хугацанд юм ярьж, маргалдаж байсан. ...Д “гаргахгүй” гээд ноцолдож байхдаа гэрийн зуухны ард газар унагаасан дараад ноцолдож байсан. Тэгэхэд биед нь гэмтэл учирсан байх...” гэх мэдүүлэг /хх-39-40/, гэрч Г.Амартүвшингийн “...С өөрөө орилж хашгираад орилоод байхад Д унтуулах гэж ноцолдож байсан. Д унтаач, сэргээч гээд Сын хацар руу алгадаж байсан...” гэх мэдүүлэг /хх-47-48/, шүүгдэгч С.Дын яллагдагчаар өгсөн “...С согтоод “би явмаар байна, та нар намайг ойлгохгүй байна, миний амьдралыг та нар хэзээ ч мэдэхгүй” гээд агсам тавиад орилоод байхаар нь би Сыг сэргээх гээд хацар луу нь 2-3 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-93-96/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Дын хохирогч О.Стай таарамжгүй харилцааны улмаас маргалдан ноцолдож, 2-3 удаа алгадаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, амны хажууд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид эвлэрсэн болохоор одоо бидний харилцаа хэвийн байгаа” гэх мэдүүлэг /хх-24-25/, “Дтай эвлэрсэн. Гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-106/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д согтуурсан үедээ иргэн Сыг зодож, хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгч “Хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд архидан согтуурч, таарамжгүй харилцааны улмаас маргалдан үсдэх, чирэх, алгадах үйлдлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бага насны 4 хүүхэдтэй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /тодорхой орлого олдог нь дансны хуулгаар тогтоогдсон/-ийг үндэслэн шүүгдэгч Б.Дыг 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дыг 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР