Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 0687

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран,  

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008016830887 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, дүү, дүүгийн хүүхдүүдийн хамт оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 674 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Х овогт Н.С /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Н.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 07 цагийн үед хамтран амьдарч байсан иргэн Н.Цыг гар утас авсан байна гэх шалтгаанаар өөрийн өмсөж байсан гутлаар толгой болон бие хэсэгт нь цохиж зодон дух, хөмсөгний няцарсан шарх, доод эрүү, ар нуруу, шилбэний цус хуралт бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас одоо мэдүүлэг өгөхгүй. Би Цтой хамт амьдарч байсан. Цаашдаа дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Ялыг багасгаж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2008016830887 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Н.Цын: “С бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа хүүхэдгүй, хамт нэг жил гаран амьдарч байгаад салаад 9 cap болж байна. Урьд өдөр нь С “ажлаасаа халагдлаа” гэж утсаар манай нөхөр Алтанхүү рүү ярьсан. Бид 2 “ядарч яваа юм яахав” гээд Сын гэрт ирээд 2 шил архи хувааж уусан. С согтоод манай нөхөр Алтанхүүг “гар яв” гээд хөөгөөд, нөхөр гэр лүүгээ явсан. Би үлдээд газар куртикээ дэвсээд унтсан. Үүрээр 04 цагийн орчим унтаж байгаад босч ирээд намайг “гар утас яасан, бас тал шил архи үлдсэн байсан яасан” гээд байхаар “би аваагүй, чи өөрөө хүнтэй утсаар яриад байсан биз дээ” гэсэн чинь намайг “утас олж ир” гээд хөөгөөд гаргасан. Би буугаад 3 дугаар орцны жижүүрийн өрөөнд куртикээ авах гээд ороход С “утас авч явсан, танай нөхөр та 2-оос өөр хэн авдаг юм” гээд миний шилбэ рүү хоёр удаа өшиглөж, гутлаа тайлаад нүүр лүү хоёр удаа цохиод, гутлаараа баруун талын хавирга руу нэг удаа цохиход би гараад хүний утсаар цагдаад дуудлага өгсөн. Өөр болсон зүйл байхгүй. С миний хоёр шилбэ рүү өшиглөөд, намайг газар унахад гутлаа тайлаад нүүр, нуруу, зүүн ташаа, хавирга руу гутлаараа 2-3 удаа цохисон. Н.С 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 17 дугаар байранд жижүүр хийж байхдаа зодож, шүүхээр орж 30 хоног баривчлагдаж байсан. Дараа нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байранд жижүүр хийж байхад бас зодож шүүхээр орж 30 хоног баривчлагдсан. Алтанхүү бид хоёр Сын гар утсыг нь аваагүй. С цагаан өнгөтэй Нокиа маркын гар утастай байсан. Манай нөхрийг 23:00 цагийн орчим гэр лүүгээ явсны дараа С өөрөө нэг хүнтэй гар утсаар яриад байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-40/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.04.05-ны өдрийн 4516 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Н.Ц-н биед дух, хөмсөгний няцарсан шарх, доод эрүү, ар нуруу, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-42-43/,

Шүүгдэгч Н.Сын яллагдагчаар өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 06-ны орой 16 цагийн орчим “Есөн-Эрдэнэ” СӨХ-ны дарга Тогтох “таны хариуцдаг орцны оршин суугчид гомдол гаргаад байна, таныг орцоо угаахгүй цэвэрлэгээ муу хийж байна гээд байна, таныг алийн болгон өмгөөлж хамгаалах юм бэ, маргааш цалингаа аваад ажлаасаа гараарай” гэсэн. Тэгээд би салсан эхнэр Ц луу залгаад “намайг ажлаас гаргачихлаа” гэсэн. 19 цагийн орчимд Ц нөхөр Алтанхүүгийн хамт ирсэн. Үлдсэн архийг Ц, Алтанхүү бид гурав хувааж уучихаад дэлгүүр орж 0,75 литрийн архи аваад бид гурав хувааж уугаад би согтоод унтчихсан. 23 цаг өнгөрсөн байхад үлдсэн тал шил архиа уух гэтэл байхгүй, жижүүрийн өрөөний хаалга онгорхой, Алтанхүү, Ц гараад явсан байсан. Би хаалгаа түгжчихээд цаг хэд болж байгааг харах гэтэл гар утас байхгүй байхаар нь эргээд унтаад өгсөн. Шөнө дунд Ц хаалга нүдэхээр нь онгойлгож өгсөн. Цоос “тал шил архи, миний гар утас хаана байна” гээд асуухад “мэдэхгүй” гэхээр нь “та хоёроос өөр хэн авдаг юм бэ” гээд унтсан. Өглөө босоод Цыг “гар утас аваад ир” гэсэн чинь “би аваагүй” гээд байхаар нь уурандаа хоёр хөлийн шилбэ рүү нь өшиглөөд, газар унахад гутлаа тайлаад нүүр, нуруу руу нь гутлаараа 2-3 удаа цохиход Ц гараад явсан. Удалгүй цагдаатай хамт ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-52-53/,

дуудлагын лавлагааны хуудас /хх-5/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-14-23/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хх-58/, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /хх-60/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-63-65/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-67/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.С согтуурсан үедээ 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 07 цагийн үед хамтран амьдарч байсан иргэн Н.Цыг “гар утас авсан байна” гэх шалтгаанаар өшиглөж, гутлаар толгой болон бие рүү нь цохиж, зодон дух, хөмсөгний няцарсан шарх, доод эрүү, ар нуруу, шилбэний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Н.Цын “...Сын гэрт 2 шил архи хувааж уусан. С “утас авч явсан, танай нөхөр та 2-оос өөр хэн авдаг юм” гээд миний шилбэ рүү хоёр удаа өшиглөж, гутлаа тайлаад нүүр лүү хоёр удаа цохиод, гутлаараа баруун талын хавирга руу нэг удаа цохиход би гарч яваад хүний утсаар цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-40/, шүүх эмнэлгийн 4516 дугаар “1. Н.Ц-н биед дух, хөмсөгний няцарсан шарх, доод эрүү, ар нуруу, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-42-43/, шүүгдэгч Н.Сын яллагдагчаар өгсөн “...Нэг шил архи хувааж уусан. Цыг “гар утас аваад ир” гэсэн чинь “би аваагүй” гээд байхаар нь уурандаа хоёр хөлийн шилбэ рүү нь өшиглөөд, газар унахад гутлаа тайлаад нүүр, нуруу руу нь гутлаараа 2-3 удаа цохиход...” гэх мэдүүлэг /хх-52-53/, дуудлагын лавлагааны хуудас /хх-5/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-14-23/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Сын хамтран амьдарч байсан Н.Цыг үл ялих зүйлээр шалтаглан өшиглөх, гутлаар цохих зэргээр зодож, дух, хөмсөгний няцарсан шарх, доод эрүү, ар нуруу, шилбэний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр шүүхэд “Эмчилгээ хийлгэсэн, баримтаа бүрдүүлээд дараа нь нэхэмжилнэ” гэж мэдэгдсэн байх тул түүний гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С согтуурсан үедээ хамтран амьдрагч Цыг зодож, хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хохирогчийн хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай...” гэж,

шүүгдэгч “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж өгнө үү” гэж гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үл ялих зүйлээр шалтаглан өшиглөх, цохих, гутлаар цохих зэргээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Хохирлоо баримтаа бүрдүүлэн нэхэмжилнэ” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, тэр дундаа хохирогчийн эрх, эрх чөлөөнд 2 удаа халдаж, Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сыг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.С цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Н.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сыг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.С цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Н.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР