| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0686/Э |
| Дугаар | 0698 |
| Огноо | 2020-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 0698
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908044180662 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 4, эхнэр, дүү нарын хамт оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Н.А /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Н.А нь 2019 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Халиун Марал” нэртэй караокед иргэн Г.Д, Ч.Бь нартай “хэрүүл маргаан үүсгэлээ, төлбөрөө төлсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Г.Дг цээж тус газар нь гараараа цохих, шатны уруу чирэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн мөр, бугалганы цус хуралт, баруун тохой, зүүн тохой, шуу болон баруун, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол, Ч.Бийн баруун гарын шуу хэсгээс чирж, эрүүл мэндэд нь баруун шууны зөөлөн эдийн няцрал, өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 8 дугаар сарын 17-нд 23 цагаас хойш 2 хохирогч нилээд согтуу орж ирсэн. 3 пиво уусан. Карт уншихгүй гэснээс болж хэрүүл маргаан үүссэн. Дг “гарчих, явчих” гэтэл өөдөөс чичлээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд гаргахаар түлхтэл хана мөргөөд унасан. Бийг гаргах гээд гараас нь чирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Эхлээд манай эхнэртэй маргалдсан. Д надад гэмтэл учруулахаар халдаагүй. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 1908044180662 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Г.Дгийн: “2019 оны 8 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед Бьтой таарсан. Бь намайг зээтэй болсонд баяр хүргээд “хамт караокед орж дуулж сууя” гэж тохироод Баянхошууны шинэ эцэс дээр байдаг нийтийн караокед 23 цагийн үед орсон. Бийн нөхөр удалгүй яваад өгсөн. Бь бид хоёр хүний 0,5 литрийн 2 шил пиво уугаад ойролцоогоор 40 минут суусан. Гарах болоод би тооцоо хийх гээд тек рүү очиход А гэж залуу зогсож байсан. Карт уншуулж хийх гэтэл “карт уншихгүй” гэсэн. Би “төлбөрөө мобайлдчихъя, дансаа өгчих” гээд утсаа бариад зогсож байхад Аы эхнэр нь Уранцэцэг гэж өндөр туранхай хүүхэн шууд ирээд миний гараас утас булааж аваад “чамд одоо тооцоо байхгүй, эндээс гар” гээд намайг түлхсэн. Би хариуд нь “10.000 төгрөгийн гар утас гэж юу байдаг юм бэ, тооцоогоо хийх гэж байхад чи яаж байгаа юм бэ” гэхэд Уранцэцэг миний үснээс нэг гараараа зулгаагаад намайг цохих гээд байсан. Би биеэ хамгаалаад гараа сарвайсан байх /би санахгүй байна/. Тэр үед нөхөр нь А гэж залуу голоор орж ирээд баруун гараас хүчтэй татахад би газар хөл алдаад дээшээ хараад унахад А гараа атгаж байгаад миний цээж рүү нэг удаа хүчтэй цохисон. Би амьсгалж чадахгүй байсан. Намайг босож ирэхэд Бь миний хажууд ирээд “та нар ээж шигээ хүнийг яаж байгаа юм бэ” гээд зогсож байхад А Бийн урдаас нь баруун гарын шууг нь нэг гараараа базаад зогсож байсан. Бь “цагдаа дуудлаа” гээд гараад гүйсний дараа А миний гараас нэг гараараа базаад татаж гаргах гэхээр нь би чаргууцалдаад хөл алдаад газар унахад А миний хоёр гарын шуунаас хоёр гараараа бариад, мөн нэг гараа тавиад нэг гараараа намайг чирээд хоёр давхрын шатнаас доош нэг давхрын шат руу чирээд дунд хавьд нь ирж байхад гаднаас Бь цагдаа дагуулаад орж ирсэн. Намайг нуруугаар шат руу чирж байхад нь би толгойгоо цохиж гэмтээхгүйн тулд толгойгоо хүзүүгээрээ нугалаад өргөж байсан. Цагдаа намайг гэрт хүргэж өгсөн. Өглөө нь Аы гараа атгаж байгаад цээж рүү цохисон газар дугуйраад хөхөрсөн байсан. Ханиалгаж болохгүй цээж хөндүүрлэж өвдөөд байсан. Хоёр гарын бугалга, хоёр хөлийг өвдөг хөхөрч арьс нь зулгарсан байсан. Би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсний маргааш нь цагдаа дээр очиход Бь мөн “өргөдөл өгнө, баруун гар гэмтсэн байна, би өргөдлөө бичиж чадахгүй байна” гээд зогсож байхаар нь өргөдлийг бичиж өгсөн. ...Миний цээж рүү А гараа атгаж байгаад цохисон. Миний биед учирсан бусад гэмтлийг А намайг зуурах, шат руу чирэх, газар унагаах үед үүссэн гэмтлүүд байна. ...Би цээжний зураг эмнэлэг дээр эрүүл мэндийн даатгалын дэвтрээрээ хөнгөлүүлж үнэгүй авахуулсан. Эм тариа, наалт, тосон түрхлэг 30 гаруй мянган төгрөгөөр худалдан авч хэрэглэсэн, баримт байхгүй. Гэмтлийн эмнэлэг рүү 15.000 төгрөгөөр такси барьж үзүүлсэн. 2018 оны 9 сард манай охин Түвшинтунгалаг 300.000 төгрөгөөр Самсунг ж-2 маркийн гар утас худалдаж авч өгсөн. Миний гар утсыг ашиглаж дотор нь байсан зураг, утасны дугаар бүх зүйлийг устгасан байсан. Би гар утасгүй байх хугацаандаа шинэ гар утас худалдаж авсан болохоор Уранцэцэг гэж хүнээс Самсунг ж-2 гар утсыг төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-24-25/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.08.25-ны өдрийн 10161 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Г.Дгийн биед цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн мөр, бугалганы цус хуралт, баруун тохой, зүүн тохой, шуу болон баруун, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь 4-5 хоногийн өмнө үүсэх боломжтой шинэвтэр гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-43/,
Шинжээч Б.Ундармаагийн: “Цээжний цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-46-47/,
Хохирогч Ч.Бийн: “2019 оны 8 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед Д эгчтэй таарсан. Д эгч надад “охин төрсөн, зээтэй болсон” гээд жоохон юм уусан байсан. Д эгч “хамт караоке оръё, эгч нь дуулмаар байна” гэхээр нь нөхөр бид хоёр нийтийн караокед 23 цагийн үед орсон. Бид гурав 0,5 литрийн савалгаатай хоёр шил пиво уусан. Манай нөхөр түрүүлээд явсан. Д эгч “тооцоогоо хийнэ, бэлэн мөнгө байхгүй, карт уншуулна” гээд тек рүү очсон. Ширээн дээр сууж байхад эмэгтэй хүн орилох чимээ гарсан. Гайхаад харахад текний хажууд Д эгчийн үснээс зулгаагаад нэг эмэгтэй зууралдаад зогсож байхаар нь би очоод “чи ээж шигээ настай хүнийг яаж байгаа юм бэ” гэхэд тэр эмэгтэй “чи дуугүй зайл” гээд миний үснээс хоёр гараараа зулгаагаад хөл рүү нэг удаа өшиглөсөн. Би “болиоч” гэхэд тэр хүүхний нөхөр А гэж залуу ирэхэд эхнэр нь “гаргаач” гэхэд А миний баруун гарын шуунаас гараараа базаад үүд рүү чирэх үед би хөл алдаад унасан. Унасан байхад баруун гараас чирэх үед миний баруун гар янгинаад аймаар өвдсөн. Би “ёо ёо” гээд чанга дуугаар орилоход А гар тавиад “зайл” гээд явсан. Намайг чирж байхад эхнэр нь Д эгчийг “босоод зайл” гэхэд Д эгч “миний цээж өвдөөд амьсгалж чадахгүй байна” гэж хэлж байхыг би сонссон. Цагдаа ирэхээр нь дагуулаад караоке дээр ирэхэд Д эгчийн толгой нь шатны уруу харсан шатан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Хажууд нь А эхнэрийн хамт зогсож байсан. Д эгч “намайг гаргах гээд шат руу чирсэн” гэж байсан. Д эгчийг би цагдаатай хамжиж босгосон. Д эгч миний цээж өвдөөд амьсгалахад зовиуртай байна гээд байсан. Хэрэг болсноос хойш хоёр өдрийн дараа Д эгч бид хоёр цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдөл гаргаж өгсөн. ...Би Д эгчийн гар утсыг хэн яаж авсныг хараагүй. Нэг харахад Аы эхнэр Д эгчийн утсыг бариад “таны гар утсыг барьцаанд авлаа, 10.000 төгрөгийн тооцоогоо хийгээд утсаа аваарай” гэж байсан. ...Би гомдолтой байна. Би тухайн үед “Алтай бар би кү” хоолны газар тогооч ажилтай байсан. Гар гэмтсэнээс хойш гурван сар ажлаа хийхгүй байж байгаад ажлаасаа халагдсан. Би сарын 700.000 төгрөгийн цалин авдаг байсан. Ядаж нэг сарын цалингийн мөнгө авмаар байна. Би өвчин намдаах эм, кальци 30.000 төгрөгөөр авсан. Таксинд 30.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /хх-29/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.08.29-ний өдрийн 10345 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ч.Бийн биед баруун шууны зөөлөн эдийн няцрал, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-45/,
Гэрч Н.Нацагдоржийн: “...Манай эхнэр Г.Д шөнө 01 цагийн үед хоёр цагдаагаар гэртээ хүргүүлж ирсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нүд болон нүүр нь хөхөрчихсөн орж ирсэн. Би юу болсон талаар асуусан чинь “бааранд зодуулчихлаа” гэсэн. Маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. Долгосүрэн гэрээсээ гарахдаа ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Хоолой нь зулгарчихсан, нуруу нь хөхөрчихсөн байсан. Д “хоолойг нь боогоод, шат руу чирж зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-31/,
Гэрч Г.Буянхишигийн: “...21 цагийн үед эхнэр Бийг Баянхошууны автобусны буудлаас тосож аваад гэр лүүгээ харих замдаа дэлгүүрийн гадаа Д гэж хүнтэй тааралдсан. Д гэж хүн “охин нь төрсөн, эмээ болсон” гээд баяртай байсан. Бид хоёрыг “хамт караокед оръё” гэж гуйхад бид хоёр зөвшөөрсөн. Д 0,5 литрийн савалгаатай 3 шил пиво захиалсан. Би нэг шил пиво уучихаад “би гэр лүүгээ явж байя” гээд караокеноос гарсан. Шөнө эхнэр Бь гэртээ ирж байсан. Бь “караокены эзэн гэх залуу Д эгчтэй төлбөр тооцооноос болоод хэрүүл маргаан хийж газар унагаагаад зодохоор нь би Д эгчийг өмөөрсөн чинь намайг гар гэж хөөгөөд миний баруун гарыг мушгаад гэмтээсэн” гэж хэлж байсан. “Гар гэмтсэн ажлаа хийж чадахгүй байна” гээд ажлаасаа чөлөө аваад эмнэлгээр явж үзүүлээд цагдаад өргөдөл өгсөн. “Баруун гар зөөлөн эдийн гэмтэл авсан” гээд шорвог хар цайгаар шавшаад гэрээрээ эмчилгээ хийсэн...” гэх мэдүүлэг /хх-40/,
Гэрч Б.Шинэбаатарын: “2019 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 02 цагийн үед “Ачит 10”-аас ““Халиун марал” караокед зодоон болоод байна гэсэн дуудлага ирлээ шалгаарай” гэсэн. Караоке руу ордог 1-2 дугаар давхрын зааг дээр хөл нь дээш харчихсан, толгой нь шатны уруу харчихсан, хэвтсэн, орилж чарласан байдалтай, нэг настайвтар эмэгтэй байхаар нь юу болсон талаар асуусан чинь хариулж хэлэхгүй өөдөөс орилж чарлаад “караокены залуу намайг зодоод, шатны уруу түлхсэн” гэж яриад байхаар нь би “босоод ирээч” гэсэн чинь босож ирэхгүй байхаар нь би цагдаагийн хамт босгож ирсэн. Караокены залуугаас юу болсон талаар асуусан чинь “энэ эгч шатны уруу өөрөө ингэж уначихаад орилоод босохгүй байна, бид нар цохиж зодсон зүйл байхгүй” гэсэн. Тэр настайвтар эгчийг гуйж байж босгоод хувцас хунарыг нь янзлаад хэлтэс дээр авчраад эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь “би үзүүлэхгүй” гээд байхаар нь “та одоо яах юм бэ” гэсэн чинь “намайг гэрт хүргээд өг” гэсэн. Тэгээд гэрт нь оруулж нөхөрт нь хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-38/,
Шүүгдэгч Н.Аы яллагдагчаар өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 17-ны орой ...22-23 цагийн үед хохирогч Д, Бь нар нэг залуугийн хамт орж ирээд пиво захиалаад ууцгаасан. Хохирогч хоёр эмэгтэйтэй хамт явсан залуу хажуу ширээний хоёр залуутай муудалцаад хэрүүл маргаан хийхэд Бь гэх эмэгтэй тэр залууг аваад гарсан. Удалгүй хохирогч Д текний хажууд ирээд “төлбөр тооцоогоо хийе” гээд карт гаргаж ирсэн. Би “манайх карт уншихгүй, та нэгнийгээ явуулаад нэг буудлын цаана байрлах Жанцангийн буудал дээр ATM байгаа” гэхэд Д уурлаад “танайх яахаараа картаар үйлчилдэггүй юм бэ, би мэргэжлийн хяналт дуудна, би энэ караокены эзнийг нь таньдаг” гээд сунадаг балыг гартаа аваад миний нүүр лүү чичээд нулимсан. Тэр үед эхнэр амралтын өрөөнөөс “юун хэрүүл шуугиан болоод байгаа юм бэ” гээд над дээр ирэхэд Д эхнэр лүү дайраад “чи зохион байгуулагч нь уу, танайх яахаараа карт уншдаггүй юм бэ” гэсэн. Би хүмүүст үйлчилж яваад буцаад ирэхэд эхнэр Дгийн утсыг гартаа бариад “таны гар утсыг барьцаанд авлаа, та маргааш ирээд 10.000 төгрөгөө төлөөд аваарай” гэхэд “чи миний картанд байгаа 300.000 төгрөгийг бүгдийг ав” гээд эхнэр лүү шидсэн. Би “Та одоо больчихооч” гэж хэлэхэд нүүр лүү нулимаад, нэг удаа зүүн хацар луу алгадсан. Би зүүн гарын шуунаас бариад өөрөөсөө холдуулаад хүчтэй түлхэх үед Д хажуу талын ханыг биеэрээ мөргөсөн. Би Дг “та одоо гар” гэхэд над руу дайраад нүүр ам маажих гээд байхаар цээж рүү нь хоёр гараараа түлхэх үед Д газар хөл алдаад өвдгөөрөө сөхөрч суусан. Би текний араар орж юм шалгаад буцаад ирэхэд хоёр давхрын шатан дээр толгой нь уруугаа харсан байрлалтай дээшээ харсан хэвтэж байсан. Тэр үед хоёр цагдаа ирээд Д гэж эмэгтэйг босгоод надтай хамт машинд суулгаад явж байхад Бь гэж эмэгтэй зам дээр ганцаараа зогсож байсан. Би цагдаад “энэ эмэгтэй хамт явж байсан” гэхэд цагдаа машинаа зогсоогоод Бь гэж эмэгтэйг машинд суулгаад цагдаагийн хэлтэс дээр авч очсон...” гэх мэдүүлэг /хх-60-61/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх- 9/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-66/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-68/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-69/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-79/, хохирогч Г.Дд гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-85/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А нь хохирогч Д, Бь нартай “төлбөр төлөхтэй” холбоотой маргаан үүсгэн цохиж, чирж хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүх эмнэлгийн 16.000 төгрөгийг гаргуулах, бусад хохирлын баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж гэм буруугийн дүгнэлтээ тус тус танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.А нь 2019 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, “Халиун Марал” нэртэй караокед иргэн Г.Д, Ч.Бь нартай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Г.Дг цээж тус газар нь гараараа цохиж, чирэн цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн мөр, бугалганы цус хуралт, баруун тохой, зүүн тохой, шуу болон баруун, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл, Ч.Бийн баруун гарын шуу хэсгээс чирж, эрүүл мэндэд нь баруун шууны зөөлөн эдийн няцрал, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Г.Дгийн “...А гэж залуу голоор орж ирээд баруун гараас хүчтэй татахад би газар хөл алдаад дээшээ хараад унахад А гараа атгаж байгаад цээж рүү нэг удаа хүчтэй цохисон. ...А Бийн урдаас нь баруун гарын шууг нь нэг гараараа базаад зогсож байсан. ...А миний гараас нэг гараараа базаад татаж гаргах гэхээр нь би чаргууцалдаад хөл алдаад газар унахад А миний хоёр гарын шуунаас хоёр гараараа бариад, мөн нэг гараа тавиад нэг гараараа намайг чирээд хоёр давхрын шатнаас доош нэг давхрын шат руу чирээд...” гэх мэдүүлэг /хх-24-25/, шүүх эмнэлгийн 10161 дүгээр “1.Г.Дгийн биед цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн мөр, бугалганы цус хуралт, баруун тохой, зүүн тохой, шуу болон баруун, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-43/, хохирогч Ч.Бийн “...А миний баруун гарын шуунаас гараараа базаад үүд рүү намайг чирэх үед би хөл алдаад газар унасан. Намайг унасан байхад баруун гараас чирэх үед миний баруун гар янгинаад аймаар өвдсөн..” гэх мэдүүлэг /хх-29/, шүүх эмнэлгийн 10345 дугаар “1. Ч.Бийн биед баруун шууны зөөлөн эдийн няцрал, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-45/, гэрч Г.Буянхишигийн “...Бь надад хэлэхдээ “караокены эзэн гэх залуу Д эгчтэй төлбөр тооцооноос болоод хэрүүл маргаан хийж газар унагаагаад зодохоор нь би Д эгчийг өмөөрсөн чинь намайг гар гэж хөөгөөд миний баруун гарыг мушгаад гэмтээсэн” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-40/, гэрч Б.Шинэбаатарын “...““Халиун марал” караокед зодоон болоод байна гэсэн дуудлага ирлээ шалгаарай” гэсэн. 1-2 дугаар давхрын зааг дээр хөл нь дээш харчихсан, толгой нь шатны уруу харчихсан, хэвтсэн, орилж чарласан байдалтай, нэг настайвтар эмэгтэй байсан. Өөдөөс орилж чарлаад “караокены залуу намайг зодоод, шатны уруу түлхсэн” гэж яриад...” гэх мэдүүлэг /хх-38/, шүүгдэгч Н.Аы яллагдагчаар өгсөн “...Би зүүн гарын шуунаас бариад өөрөөсөө холдуулаад цааш хүчтэй түлхэх үед Д хажуу талын ханыг биеэрээ мөргөсөн. Дг “та одоо гар” гэхэд над руу дайраад нүүр ам маажих гээд байхаар цээж рүү нь хоёр гараараа түлхэх үед Д газар хөл алдаад өвдгөөрөө сөхөрч суусан. Би Бь гэх эмэгтэйг “гар” гэж хэлээд гараас нь татаад үүд рүү чирсэн...” гэх мэдүүлэг /хх-60-61/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Аы хохирогч Г.Д, Ч.Бь нарыг “хэрүүл маргаан үүсгэлээ, төлбөрөө төлсөнгүй” гэх зүйлээр шалтаглан түлхэх, цээж рүү нь гараараа цохих, гараас нь чирэх зэргээр зодож, хохирогч Г.Дгийн эрүүл мэндэд цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн мөр, бугалганы цус хуралт, баруун тохой, зүүн тохой, шуу болон баруун, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, хохирогч Ч.Бийн эрүүл мэндэд баруун шууны зөөлөн эдийн няцрал, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Д, Ч.Бь нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд “гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн, ажилгүй байсан хугацааны хохирлоо нэхэмжилнэ” гэж мэдүүлцгээсэн боловч хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Хоёр эмэгтэй хүний биед хөнгөн гэмтэл учруулсан, хохирол нэхэмжилсэн ч баримт гаргаж өгөөгүй, төлөгдсөн зүйлгүй, хохирол хор уршиг арилаагүй, шүүгдэгч ажил эрхэлдэг гэх боловч баримт байхгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвшөөрч байна” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үл ялих зүйлээр шалтаглан хоёр эмэгтэй хүнд хүч хэрэглэн эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч нарын эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол учирсан, хохирол нэхэмжилж байна гэсэн хэдий ч хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Харин хэмжээний хувьд үл ялих зүйлээр шалтаглан 2 эмэгтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хохирол төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод төдийгүй шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг 460 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг 460 /дөрвөн зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Г.Д, Ч.Бь нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР