Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 10

 

 

 

Б.Мутаны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаа сарын 08-ны өдрийн 153/ШШ2017/00085 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт оршин суух Уйгар овогт Баратын Мутаны нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багт оршин суух Харахас овогт Ескермесийн Серикбайд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Мутан, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 3.000.000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Е.Серикбай нь 2009-2015 он хүртэл миний 31 толгой малыг маллаж, Ховд сумын Цагаанбургас багийн нутаг Өртөө худаг гэдэг газар миний өвөлжөөнд өвөлжсөн. Би аман хэлэлцээрээр уг өвөлжөөг Е.Серикбайд худалдаж, гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгсөн.

Би ногоо тарьдаг ба бууц авах гэж 2012 онд Ховд сумын Цагаанбургас багийн нутаг Өртөө худаг гэдэг газарт байрлах өвөлжөөндөө Е.Серикбайг буулгасан. Тэгээд 2 жил бууц авсан. 2016 оны хавар бууц авах гэж Е.Серикбайгийнд очиход “өгөхгүй” гэсэн. Тэгээд би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Е.Серикбай нь миний малыг 4 жил хариулсан. Би хөлсийг нь тухайн үед гэрийг нь нүүлгэх, гурил будаа өгөх зэргээр өгч байсан. Би хүүхдийн хурим болох гээд Е.Серикбайгаас 6 толгой бог малыг мөнгийг нь өгөөд авч байсан. Түүнээс өөр зүйл аваагүй. Тэгээд 2012 онд би уг өвөлжөөгөө Е.Серикбайд 2 сая төгрөгөөр өгөхөөр тохиролцсон байсан. Энэ мөнгөө өгөхгүй болохоор би шүүхэд 3 сая төгрөг гэж нэхэмжилсэн.

 Одоо би өвөлжөөний үнэ 2,000,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Би 2012 онд Б.Мутанаас Ховд сумын Цагаанбургас багийн нутаг Өртөө худаг гэдэг газарт байрлах өвөлжөөний зориулалттай 0,4 га газрыг 2,000,000 төгрөгөөр үнэлэн худалдан авсан. Уг газрын гэрчилгээг миний нэр дээр гаргуулсан. Уг өвөлжөө нь мөн хаваржааны зориулалтаар ашиглаж болдог тул өвөлжөө, хаваржаа хамтдаа байдаг. Иймд гэрчилгээ дээр “хаваржаа” гэж бичигдсэн байгаа. Би Б.Мутаны малыг 6 жил малласан боловч хөлс мөнгө аваагүй. Б.Мутан 2016 оны хавар надтай ирж уулзаагүй. Би Б.Мутанд 8 толгой хонь, 15 тэвш бууц өгсөн. Иймд би Б.Мутанд өгөх өглөг байхгүй, 2012 онд өгсөн өвөлжөөний үнэ гэж нэхэмжлэхгүй байж байгаад яагаад 2016 онд 4 жилийн дараа нэхэмжлээд байна вэ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2017/00085 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.Мутаны нэхэмжлэлтэй, хариуцагч Е.Серикбайд холбогдох Ховд сумын Цагаанбургас багийн нутаг Өртөө худаг гэдэг газарт байршилтай өвөлжөөний үнэ 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: Миний бие Б.Мутан нь 2010 оны 10 дугаар сараас эхэлж миний өвөлжөөнд Е.Серикбай одоо хүртэл өвөлжиж хаваржиж байгаа.

Би тус өвөлжөөг тухайн үед 2.000.000 төгрөгөөр өгч мөнгөө одоо болтол аваагүй байна. Одоо болохоор 3.000.000 төгрөг нэхэмжилж байна.Надаас шүүх нэг ч удаа мэдүүлэг аваагүй мөртлөө шийдвэр гаргасанд гомдолтой байна. Е.Серикбай ямар ч үндэслэлгүйгээр надад 8 толгой хонь 15 тэвш бууц өгсөн гэж худлаа мэдүүлэг өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Б.Мутанд холбогдуулан  гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг   нэхэмжлэгч  эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.  

Хариуцагч Е.Серикбай нь Б.Мутанаас 2.000.000 төгрөгөөр өвөлжөө, хаваржааг нь худалдан аваад 8 хонь,15 тэвш бууц өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 Нэхэмжлэгч нь  хариуцагч  миний  Ховд сумын Цагаан бургас багийн нутаг “Өртөө худаг”-ийн өвөлжөө, хаваржааг 2.000.000 төгрөгөөр худалдан авах талаар өөрөө үнийн санал гаргахад би түүнийг хүлээн зөвшөөрсөн, тэр мөнгөө 2016 онд ноолуур гарахаар өгөхөөр тохиролцсон, 6 хонь, 7 тэвш бууц авсан нь үнэн  гэж   тайлбарлаж  байна.

Зохигчдын тайлбараар худалдагч нь Ховд сумын Цагаан бургас багийн нутаг “Өртөө худаг”-ийн өвөлжөө, хаваржааг худалдан авагчид худалдсан үйл баримт  тогтоогдсон байна. Худалдагчийн худалдсан дээрх өвөлжөө, хаваржааг худалдан авагч 2009 оноос эхлэн одоо хүртэл эзэмшиж байгаа талаар талууд маргахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг хуульчилжээ.

Шүүх нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, зохигчдод 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дээр хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж өгсөн байна./хх-ийн 6-10 дугаар тал/

 Нэхэмжлэгчийн  өвөлжөө, хаваржааны үнэ 2.000.000 төгрөгийг хариуцагч төлөөгүй тул  3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэх шаардлага нь нотлох баримтад  үндэслэгдээгүй, нотлогдоогүй байна.

Нэхэмжлэгч нь  худалдсан дээрх өвөлжөө, хаваржааны  үнийг  хариуцагч  төлөөгүй гэж  нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх  нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх талуудын дунд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан  худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй талаар зөв дүгнэлт хийж нэхэмжлэгчийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн байх ба анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байгаа этгээд шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлөхөөр заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу 62950 төгрөг төлөх бөгөөд уг мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 7250 төгрөгийг түүнд буцаан олговол зохино.

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2017/00085 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар   нэхэмжлэгч Б. Мутаны  давж заалдах журмаар гомдол гаргахдаа  төлсөн улсын тэмдэгтийн хураамж  62950  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь  үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 7250 төгрөгийг нэхэмжлэгч Б. Мутанд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР

 

                           ШҮҮГЧИД                                        Д.КӨБЕШ

                                  

                                                                                    Н.ТУЯА