Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 113/ШШ2018/0014

 

                                   Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн

                                             зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                 хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганзориг би прокурорын дүгнэлттэй, Э.Ш-д холбогдох “Татварын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3204201807 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлт (гомдол)-ээр захиргааны хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Э.Ш 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...прокурорын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д “Захиргааны хэргийн шүүх ... прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу прокурорын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 113/ШЗ2018/0114 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.                

Прокурорын “Татварын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3204201807 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Э.Ш хүлээн зөвшөөрснөө 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд бичгээр гаргаж, илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Иймд прокурорын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн  1 дугаартай дүгнэлтийг хариуцагч Э.Ш хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан прокурорын “Татварын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3204201807 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Э.Ш хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.                                                                              

 

 

ШҮҮГЧ                                                   З.ГАНЗОРИГ