Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 0255

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,

Улсын яллагч С.Б

  Шүүгдэгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1970 онд төрсөн Б.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр архи ууж согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэн, иргэн П.Б-н нүд рүү хуруугаа хийн гэмтээж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, миний буруу гэсэн мэдүүлэг,

-Хохирогч П.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 03 сарын 17-ны өдөр би архи уучихсан гадуур явж байгаад зүс таньдаг Б-той спорт ордны урд таарсан. Б, Б болон өөр нэг танихгүй залуугийн хамт байсан ба бид нар хамт архи уухаар болсон. Спорт ордны ар талд байх хөл бөмбөгийн талбай дээр очиж архи ууж байхад Буяа гэртээ харилаа гээд түрүүлээд явсан. Танихгүй залуу Б-ийн дараа хөдөө гэрлүүгээ явлаа гээд явсан. Б бид хоёр үлдэж архи ууж байхдаа хоорондоо маргалдсан. Б миний баруун нүд рүү хуруугаа хийгээд татаад байсан. Би Б-д хандаж наад нүд чинь гарлаа шүү дээ гэж хэлэхэд миний өгзөг хэсэг рүү нэг удаа өшиглөөд надаас холдсон. Би нүдээ дараад доошоо суухад баруун нүднээс цус гарсан. Б явчихсан. Яг хаашаа явсаныг хараагүй. Миний нүд юм харахгүй байсан. Миний гэмтсэн баруун нүд зүгээр болсон. Бид хоорондоо эвлэрсэн, Б миний нэхэмжилсэн эмчилгээний төлбөр болох 200.000 төгрөгийг надад өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй ..." гэсэн мэдүүлэг /хх 9-11, 12 хуудас/,

        -Гэрч Д.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 03 сарын 17-ны өглөө Болдбаатар гэрээс зүгээр гараад явсан. Тэр орой 17 цаг 40 минутанд гаднаас архи уучихсан, баруун нүднээс нь цус гарчихсан орж ирсэн. Би Б-аас яасан юм бэ? гэж асуухад чимээгүй сууж байгаад нэг утас руу залгаад байсан. Маргааш нь Б-ыг эрүүл болсоны дараа юу болсон юм бэ? гэхэд мэдэхгүй байна гээд байсан. Тэрнээс хойш 2 хоногийн дараа би нөгөө хүнээ олчихлоо гэж хэлсэн. Ямар хүн юм бэ? гэхэд миний нүдийг сохолсон хүнээ олчихлоо гээд байсан. 2020 оны 03 сарын 23-ны өдөр Мэлмий төвд байрлах нүдний эмчид үзүүлэхэд шүүх эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй, нүдний хараанд нөлөөлнө, та нар яаралтай БОЭТ-д үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Энэ өдрөөс эхлээд БОЭТ-ийн Отгонжаргал гэдэг нүдний эмчид үзүүлсэн. Б-ын нүдэнд гэмтэл учруулсан гэх хүн утсаа авахгүй байсан. Б гэж хүний нэрийг хэлсэн. Оёдол тавиулаад 5 хоногийн дараа авахуулсан одоо шарлага хийлгэж байгаа” гэсэн мэдүүлэг /хх 13 хуудас/

           -2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №346 тоот: 1. П.Б биед баруун нүдний алимны салстын урагдал үүсчээ.

          2. Уг гэмтэл нь мохоо, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна.

          3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

          4. Учирсан гэмтэл нь 2020 оны 03 сарын 17-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй.

          5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна ...” гэсэн дүгнэлт /хх 16-17 хуудас/.

-Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: ...Би Болдбаатарын баруун нүдийг араас нь  гараараа хатгаж гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж, өөрийн бурууг ойлгож хүлээн зөвшөөрч байгаа гэсэн мэдүүлэг /хх 41-42 хуудас/

-Б.Б-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 40, 41-42 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 28 хуудас/ зэрэг   болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.         

  Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Б нь хохирогч П.Б-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирогчид эмчилгээний зардал төлөгдсөн. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай гэв.

            Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр архи ууж согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэн, иргэн П.Б-ын нүд рүү хуруугаа хийн гэмтээж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө, миний буруу гэсэн” гэсэн мэдүүлэг, хохирогч П.Б-ын “Б бид хоёр үлдэж архи ууж байхдаа хоорондоо маргалдсан. Б миний баруун нүд рүү хуруугаа хийгээд татаад байсан. Би Ба хандаж наад нүд чинь гарлаа шүү дээ гэж хэлэхэд миний өгзөг хэсэг рүү нэг удаа өшиглөөд надаас холдсон. Би нүдээ дараад доошоо суухад баруун нүднээс цус гарсан. Б явчихсан. Яг хаашаа явсаныг хараагүй. Миний нүд юм харахгүй байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Л мэдүүлэг, хохирогч П.Б биед баруун нүдний алимны салстын урагдал бүхий хөнгөн гэмтэл үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

   Хохирогч П.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Б нь учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.