Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 0254

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,

Улсын яллагч С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Э

Шүүгдэгч Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн эрэгтэй Д.М

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.М нь 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн, өөрийн эзэмшлийн цагаан өнгийн давхар кабинтай Киа Бонго маркийн автомашин дээр 17 ширхэг урт, 12 ширхэг богино тайрч бэлдсэн хуурай мод тээвэрлэн гэрийнхээ гадаа буулгасан буюу зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 05 сарын 03-ны өдөр Урд булаг гэдэг газар очоод унаанга хуурай 17 ширхэг урт, 12 ширхэг богино модыг тайрч бэлтгээд Киа Бонго маркийн машиндаа ачаад гэрийнхээ гадаа буулгасан. Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн нь миний буруу. Хохирлоо төлсөн. Авто машин маань гэрээ нүүлгэх, өвсөө ачих гэх мэтээр миний амжиргаагаа залгуулдаг ганц өмч юм гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Урд булаг гэх газраас иргэн Д.М нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэж гэрийнхээ гадаа буулгасан байсан асуудалд би сумын ЗДТГ-ыг төлөөлөн хохирогчоор оролцож байна. Д.М нь цагаан өнгийн давхар кабинтай Киа Бонго маркийн автомашин дээр 17 ширхэг урт, 12 ширхэг богино тайрч бэлдсэн хуурай мод ачсан байсан. Уг модоо Урд булгийн модон дотроос бэлтгэсэн гэж байсан ...” гэх мэдүүлэг /хх 7-8 хуудас/,

-Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн хүүд өвөлжөөгөө засах хэрэгтэй байна гэж хэлсэн. Гэтэл хүү Д.М маань удахгүй засна аа гэж хэлсэн. Тэгээд хүү маань тэр өдөр уул руу явсан, ууланд очоод өвөлжөө засах мод хийсэн гэж байсан. Нөгөө өвөлжөө засахаар ууланд хийсэн модоо гэртээ авчрахаар цагаан өнгийн давхар кабинтай Киа Бонго маркийн автомашинаа унаад явсан. Хүү маань Урд булгийн ам руу явж бэлтгэсэн модоо авчирсан. Голоор нь хуваасан урт 17 ширхэг, богино 12 ширхэг нийт 29 ширхэг  мод авчирсан ...” гэсэн мэдүүлэг /хх 10 хуудас/,

- Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн, шинжээчийн гаргасан 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №5 дугаартай: нийт хохирол 474.227.1 төгрөг гэх  дүгнэлт /хх 14-15 хуудас/

- Цагдаагийн газрын мөрдөгчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 19-22 хуудас/

-Д.М-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 32, 33-36 хуудас/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 40-р хуудас/

-Ашид Билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээ тогтоосон Д.М-ийн эзэмшлийн 1992 онд үйлдвэрлэгдсэн 2004 онд Монгол Улсад орж ирсэн Bongo G2 маркийн авто машины үнэлгээ 2020 оны 06 сарын 04-ний өдрийн байдлаар 2.500.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 42-45 хуудас/

  -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 51 хуудас/

 - Шүүхийн шатанд ирүүлсэн хохирол 474.227.10  төгрөг төлсөн тухай баримт

 - Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: 2020 оны 05 сарын 03-ны өдөр бэлдээд 05 сарын 04-ний өдөр бэлтгэсэн модоо ачиж зөөсөн. Би өдөржингөө ганцаараа гар хөрөөгөөр хөрөөдөж бэлтгэсэн. Өөрийн эзэмшлийн Киа бонго машин дээр ачиж гэр рүүгээ зөөсөн гэх мэдүүлэг зэрэг  болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.        

  Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.М нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэм буруутай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.М-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй, Зөрчлийн хэрэг юм гэж мэтгэлцжээ.

        Шүүгдэгч Д.М нь зохих зөвшөөрөлгүйгээр 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Урд булаг гэх газраас мод бэлтгэн, өөрийн эзэмшлийн цагаан өнгийн давхар кабинтай Киа Бонго маркийн автомашин дээр 17 ширхэг урт, 12 ширхэг богино тайрч бэлдсэн хуурай модоо тээвэрлэн гэрийнхээ гадаа буулгасан буюу зохих зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй ойд мод бэлтгэсэн,  тээвэрлэсэн  энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, ойн санд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас ойн санд 474.227.1  төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч М.М нь хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлджээ.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Д.М нь Ойн санд учирсан хохирол болох 474.227.1 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.М учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн газрын хашаанд байх 17 ширхэг урт, 12 ширхэг богино тайрч бэлдсэн хуурай мод, 1 ширхэг төмөр хөрөө зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, цагаан өнгийн давхар кабинтай Киа Бонго маркийн автомашиныг эзэмшигч Д.М-д буцаан олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.