Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 62

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, ПЮ76121490 дугаарын регистртэй, Тольтон бургууд овогт Бөхчулууны Насанжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг, 27-19 тоотод оршин суух, ПЭ78101302 дугаарын регистртэй, Хүрээхайрхан овогт Сайнбилэгийн Баасанжаргалд холбогдох “Гэрлэлт цуцлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Насанжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Баасанжаргалтай 1998 онд гэрлэлтээ батлуулан гэр бүл болж хамт амьдарч байгаад 2005 оны 06 дугаар сарын 15-нд охин Н.Намуунаа мэндэлсэн. Бидний хоорондын үл ойлголцлоос болоод охиноо нэг настай байхад ээжинх нь асрамжид үлдээгээд 2005 оны өвлөөс тус тусдаа амьдрах болсон. Одоо бид тус тусдаа гэр бүлтэй, амьдралтай болсон учир бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний бие нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Баасанжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Сайнбилэг овогтой Баасанжаргал нь Бөхчулуун овогтой Насанжаргалаас гэр бүл цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид тус тусдаа амьдралтай болоод 12 жил болж байна. Бидний дунд хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин Намуунаа миний асрамжид өсч байгаа. Миний бие нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Насанжаргал нь хариуцагч С.Баасанжаргалаас “Гэрлэлт цуцлуулах”-ыг хүсчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр, хариуцагч шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир өмгөөлөгч оролцуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Б.Насанжаргал, хариуцагч С.Баасанжаргал нар нь 1998 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 3 дугаар хуудас/

Охин Н.Намуунаа нь 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болох нь зохигчдын тайлбар, 0086906 дугаартай төрсний гэрчилгээнийний нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 4 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч Б.Насанжаргал, хариуцагч С.Баасанжаргал нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамжийг харгалзан 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Н.Намуунааг эх Сайнбилэгийн Баасанжаргалын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Сайнбилэгийн Баасанжаргал нь хүүхдийн тэтгэлэг авахгүй, зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Б.Насанжаргал нь охин Н.Намуунааг эх С.Баасанжаргалын асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баасанжаргалаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Насанжаргалд олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,  116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Тольтон бургууд овогт Бөхчулууны Насанжаргал, Хүрээхайрхан овогт Сайнбилэгийн Баасанжаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Н.Намуунааг эх Сайнбилэгийн Баасанжаргалын асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Б.Насанжаргал нь охин Н.Намуунааг эх С.Баасанжаргалын асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баасанжаргалаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Насанжаргалд олгосугай.

 8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ