Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 0252

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Б.О

Шүүгдэгч З.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 198 онд төрсөн эрэгтэй З.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч З.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ч.С зүүн гарыг мушгин түлхэсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гарнаас нь татаад түлхтэл хойшоогоо унасан юм. Би гарыг нь мушгиж татаагүй. Гэхдээ хохирогчийн гар тэр дороо хугарсан уу?, гэртээ хариад унасан уу? гэдэг нь эргэлзээтэй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Би хуульд зааснаар доод хэмжээгээр торгох ял шийтгүүлэх саналтай байна гэх мэдүүлэг,

-Хохирогч Ч.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2020 оны 04 дүгээр сарын 02-ны орой 23 цаг 20 минутын үед Яргуйт багийн Хангай дэлгүүрийн хажуу төв замаас гараа өргөж цагаан өнгийн Приус маркийн машинд суусан. Тэгээд 3000 төгрөгөөр Дэнж багийн 9а-12 тоотод хүргээд өгөөч гээд хэлсэн гэтэл Дэнж багийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төв зам дагуу зогсож та энд буу, би шороон замаар явахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би буух гээд 2000 төгрөг өгсөн. Гэтэл таксины жолооч хүүхэн 3000 төгрөг өг гэсэн тэгэхээр нь би дээрээс нь 1000 төгрөг нэмж өгсөн чинь чи мөнгөө өг гээд бууж ирээд миний хоолойг багалзуурдсан. Тэгээд миний халааснаас миний гар утсыг авсан. Тэгэхээр нь би гар утсаа авах гээд хөөцөлдсөн чинь намайг түлхээд би шороон дээр 2, 3 удаа унасан. Гэтэл машины урд сууж явсан залуу бууж ирээд миний зүүн гарыг дотогш эргүүлж дараад түлхэж унагаасан. Гэтэл миний гар эвгүй болоод өвдөөд байсан...Гомдол санал байхгүй эм авч уусан 49.000 төгрөг, гарны зураг авахуулсан 20.000 төгрөгийн баримт байна. Нийт 69.000 төгрөгийг Болдбаатар надад барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх 8-10-р хуудас/

        - Гэрч Х.Шинэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Манай нөхөр  нөгөө эгчийн гарнаас бариад арагш түлхсэн...” гэсэн мэдүүлэг /хх 12-р хуудас/

           -Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...С утсаа авах гээд машин руу дөхөж очтол эрэгтэй нь гарыг нь дотогш дарж мушгиж арагш түлхтэл С газарт унасан. Тэгээд ёо, ёо гэж орилж байтал эрэгтэй нь машиндаа суугаад хөдлөөд явсан. С гар хугарсан байхаар нь би сугадаад гэрт нь хүргэж өгөөд түргэн дуудсан” гэсэн мэдүүлэг /хх 13-р хуудас/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 344 дугаартай: “... 1. Ч.С биед зүүн шууны богтос ясны далд хугарал, нүүрэнд 1 тооны шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо.

           2.Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4.Ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, шалбархай нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн хэрэгт хамаарагдахгүй.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6.Гэмтэл нь 2020-04-02-ны өдөр үүссэн байж болно...” гэсэн дүгнэлт /хх 15-16-р хуудас/

-Шинжээч эмчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...”Ч.С-ийн биед учирсан зүүн шууны богтос ясны доод хэсгээр далд зөрөөтэй хугарал нь газарт унах үед ч үүсэх боломжтой, зүүн гарын бугуйгаар нугарах хэмжээнээс илүү гаргаж хүчтэй нугалах үед ч үүсч болно.” гэх мэдүүлэг /хх 19-р хуудас/

-Хохирогч Ч.С гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх 40-41-р хуудас/

-Шүүгдэгч З.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн: Би 2020 оны 04 дүгээр сарын 02-ны орой 22 цаг өнгөрч байхад эхнэрийн хамт Хапитатад явж байгаад “Гурван гал” дэлгүүрийн гаднаас төв зам дагуу гар өргөж байсан хоёр эгчийг авсан. Би хажууд нь сууж явсан манай эхнэр Ш машин барьж явсан. Тэгээд суусан хоёр эмэгтэй Дэнж багийн Сант гэсэн газар очино зам дээр бууна гээд 3000 төгрөг өгье гэж тохирч байсан. Тэгээд Дэнж багийн Шүүхийн шийдвэрийн гадна очоод энүүгээр эргэнэ гэж сууж явсан хоёр эгчийн нэг нь хэлсэн манай эхнэр Ш хүргэж өгөхгүй гэж хэлтэл 2000 төгрөг голын хайрцаган дээр тавиад буусан. Гэтэл араас нь Ш очиж нилээн удаан маргалдсан. Тэгээд нөгөө эгч манай эхнэртэй зууралдаад явуулахгүй байсан би машинаасаа буухад нөгөө эгч тухайн үедээ нэрийг нь мэдэхгүй байсан. С эгч араас гүйж ирээд машины хаалганаас зууралдаад хаалга саваад байхаар нь би очиж зүүн гарын мөрнөөс нь баруун гараараа хойш нь татсан гэтэл бөгсөөрөө газарт унасан. Тэгээд Ш бид хоёр хөдөлөөд явсан. Ш, С эгчийн гар утсыг нь таксины мөнгөө гүйцээж өгөөрэй гээд авсан байсан. Тэр хоёр эгч нилээн согтуу байсан. Гар нь хугарсан гээд байгаа эгч илүү согтуу байсан....” гэх мэдүүлэг /хх 11 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 29 хуудас/

-З.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 24-25 хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч З.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ч.С-ийн зүүн гарыг мушгин түлхэсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хохирол төлөгдсөн, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч З.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ч.С-ийн зүүн гарыг мушгин түлхэсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Гэтэл машины урд сууж явсан залуу бууж ирээд миний зүүн гарыг дотогш эргүүлж дараад түлхэж унагаасан. Миний гар эвгүй болоод өвдөөд байсан...Гомдол санал байхгүй эм авч уусан 49.000 төгрөг, гарны зураг авахуулсан 20.000 төгрөгийн баримт байна. Нийт 69.000 төгрөгийг Б надад барагдуулсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн шууны богтос ясны далд хугарал, нүүрэнд 1 тооны шалбархай бүхий хүндэвтэр гэмтэл үүссэнийг тогтоосон 344 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            прокуророос шүүгдэгч З.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Хохирогч Ч.С нь эмчилгээний зардал 69.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч бүрэн барагдуулсан, гомдол саналгүй гэж шүүхэд мэдэгджээ. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.       

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.